Б.Лхагвасүрэн: Хөрөнгийн зах зээл дээр “хөөс” бий болох магадлалтай. Тиймээс компаниуд хөрвөх чадвартай байх ёстой
2018 оны 3 сарын 13
Б.Лхагвасүрэн: Хөрөнгийн зах зээл дээр “хөөс” бий болох магадлалтай. Тиймээс компаниуд хөрвөх чадвартай байх ёстой
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнтэй хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд ярилцлаа.

-Засгийн газар болоод УИХ-ын зүгээс “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, хөдөлгөөнд оруулах талаар мэдэгдэл гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ. Бүртгэлжүүлэх ажил явагдаж байгаа юу?

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны талаарх асуудал буюу бидний хэлж заншсанаар 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлыг иргэд олон жилийн турш ярьж байна. Үе, үеийн Засгийн газар, УИХ-аас тус компанийн хувьцаатай холбоотой тогтоол шийдвэрүүдийг гаргасан байдаг. Сүүлийн үед тус компанийн хувьцааг эргэлтэд оруулах талаарх яриа нэлээд эрчимтэй яригдаж байна. Хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг хувьцаа гаргаж байгаа компани өөрөө шийдвэрлэх учиртай. 

Өөрөөр хэлбэл, 1072 хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжихын тулд “Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хурлаас гарсан шийдвэрээ хороонд ирүүлнэ. Улмаар манайх хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх болон бусад шаардлагатай материалыг хууль журмын хүрээнд бүрэн ирүүлсэн эсэхийг судалж үзээд бүртгэх, эс бүртгэх тухай асуудлыг ярина.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад холбогдох журмын хүрээнд аливаа компани нээлттэй болоход тавигддаг тодорхой шаардлагууд бий. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд эдгээр шаардлагуудыг хангах ёстой. Жишээ нь, хамгийн эхний шаардлага болох санхүүгийн тайлан баланстаа хувьцаагаа зохих ёсны дагуу бүртгэх асуудлыг тус компани одоо хүртэл хийгээгүй байна. Тиймээс эхлээд хувьцаагаа тайландаа бүртгэж, үнэлгээ, аудит хийлгэх ёстой. Үүний дараа холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.

-Гол асуудал нь “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ асуудал дээр идэвх гаргахгүй байна гэж ойлголоо. Ийм байхад Засгийн газар 1072 хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулна гэж мэдэгдээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ер нь “Эрдэнэс-Тавантолгой” компанитай холбоотой олон асуудалд улс төр нөлөөлсөн гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой" компанийн удирдлагууд энэ талаар хэлэлцэж ирсэн. Гэвч 1072 хувьцааг бүртгэлжүүлж, тайлан баланстаа бүртгэх ажил ч хийгдэхгүй яваад байна шүү дээ. Энэ нь өөрөө асуудал.

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүмүүс олноор очиж, хувьцаагаа шалгуулдаг юм билээ. 1072 хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байдаг уу?

-Байдаг. Засгийн газрын шийдвэрээр олон нийт 1072 ширхэг хувьцааг сургалтын төлбөрт, тэтгэвэрт болон бэлнээр авсан байдаг. Хувьцаагаа бүгдийг нь авчихсан хүмүүс ч бий, бүрэн хадгалж байгаа хүмүүс ч бий, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв тус компанийн хувьцаатай холбоотой бүхий л бүртгэлийг хөтөлж ажилладаг учраас тэдэнд бүх тоо баримт дэлгэрэнгүй бий.

Бидэнд хамгийн сүүлийн байдлаар ирүүлсэн мэдээллээр, Монгол Улсын 2.5 сая иргэн тус компанийн 2.2 тэрбум ширхэг хувьцааг эзэмшиж байна. Энэ нь тус компанийн нийт хувьцааны 14.8 хувь болж байгаа юм.

-Өнгөрсөн жил эдийн засаг макро төвшиндөө өссөн нь хөрөнгийн зах зээлд эерэг дохиог авчирсан. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ байгаагүйгээр өссөн. Үүнд юу голлон нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

-Ер нь үндсэн дөрвөн салбарт аль, алинд нь өсөлт гаргалаа. Тэр дундаа хөрөнгийн зах зээл дээр тооны хувьд 27 жилд байгаагүй өсөлт гарсан. Энэ зах зээл үүнээс илүү өсөх боломжтой юм байна гэдгийг бидэнд харууллаа. Өндөр өсөлт нь зах зээл дээр байгаа компаниудын нэгж хувьцааны үнийн өсөлт, хэмжээ нь нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Гэхдээ бидэнд тооны өсөлтөөс чанар чухал байна.

Яагаад вэ гэхээр чанарын үзүүлэлтийг нь харуулдаг хөрвөх чадварын үзүүлэлт гэж байдаг.Гэтэл энэ үзүүлэлт нь өсөөгүй. Үүнийг зарим шинжээчид хөөс гэж яриад байгаа юм. Харин миний хувьд “хөөс” гэж ярихаасаа илүү эерэг дохио гэж харж байгаа. Иргэд хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулах сонирхолтой байна. Хөрөнгийн зах зээлийн 2.4 их наяд гэх үнэлгээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг , эзэлж байгаа юм.

Бас нэг чанарын үзүүлэлт бол хувьцааны төвлөрөл. Хувьчлалын үед бий болсон томоохон хувьцаат компанийн төвлөрөл маш өндөр байгаа. Зарим хувьцаат компанийн тав хүрэхгүй хувь нь хөрөнгийн зах зээл дээр олон нийтийн гар дээр эргэлдэж байхад цаана нь үлдсэн 95 хувь нь хэдхэн хүний гарт байна шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн чанарын үзүүлэлтийг нь өндөр байлгахын тулд хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ёстой.

Үүнийг урагшлуулахын тулд хороо өнгөрсөн жил шинээр гарсан хувьцаан дээр “Нийт хувьцааныхаа 30 болон түүнээс дээш хувийг олон нийтэд санал болго. Тэр тохиолдолд компанийн засаглал, ил тод байдал, жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдүүлнэ" гэдэг шаардлагыг тавьсан. 30-аас дээш хувийг гаргах нь тухайн компани олон нийтийн компани болох эх үүсвэрийг бүрдүүлж байгаа юм. 2017 онд гарсан “Анд энерт”, “Айтүүлс” компанийн хувьцаа 30-аас дээш хувь гарсан.

-“Анд энерги”, “Айтүүлс” компанийн хувьд олон нийтээс нэлээд хэмжээний хөрөнгө босгож чадсан шүү дээ. “Айтүүлс” компани гэхэд л хөрөнгийн зах зээл дээр төлөвлөж байснаасаа ч илүү хөрөнгө босгож, 40 сая ширхэг үнэт цаасны захиалга өгсөн нь захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давсан гэх мэдээлэл байна. Ийнхүү өсөх нь сайн муу хоёр талтай л байдаг байх?

-Үнэт цаасны зах зээлд өнгөрсөн онд онцлох үйл явдлын нэг бол яах аргагүй хоёр биржид гарч арилжаалагдсан “Анд энерги", “Ай түүлс” компаниудын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа юм. 2016 онд хороонд бүртгүүлэн олон нийтэд санал болгон гаргасан компанийн анхдагч зах зээлийн арилжаа амжилтгүй болж, хөрөнгө оруулагчдын хувьцаанд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулсан.

Хороо дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй компани, түүнд зуучлалын үйлчилгээг үзүүлж буй андеррайтерийн компаниудын хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, зах зээлд хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах чиглэлд анхаарал хандуулан ажилласны үр дүнд дээрх хоёр компанийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж, захиалгын хэмжээ 2-3 дахин давсан гэж үзэж байна.

Мөн анхны хувийн бирж болох “Монголын үнэт цаасны бирж” компанийн анхны арилжаа “Анд энерги” компанийн арилжаагаар эхэлж амжилттай болсон нь цаашид үнэт цаасны зах зээлд арилжаа эрхлэх байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, харилцагч хөрөнгө оруулагчид дан ганц нэг дэлгүүрээс санхүүгийн үйлчилгээ авахаас илүүтэйгээр өөр биржээс сонголт бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэх боломжийг нэмэгдүүлж өгснөөрөө давуу талыг бий болгосон.

Дээрх хоёр компанийн хувьд анхдагч зах зээлийн захиалга 2-3 дахин давсан нь эргээд хоёрдогч зах зээлд үнэ ханш өсөх хандлагыг бий болгосон хэдий ч 2018 он гарснаас хойших хугацаанд “Ай түүлс”, “Анд энерги" компанийн хувьцааны үнэ ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар тогтох, тэнцвэртэй төлөв рүү шилжих хандлагатай байгааг сөрөг талтай гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны бүртгэлийн журам, холбогдох журам, дүрмийн дагуу олон нийтээс хөрөнгө татаж, хувьцаат компани хэлбэрт шилжсэн компаниудын үйл ажиллагаанд байнгын тасралтгүй хяналтыг хийх замаар олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэн ажиллаж байна. Үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргасан дээрх хоёр компани 2018 оны хоёрдугаар сард багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулж, үйл ажиллагаагаа хөрөнгө оруулагчдаа тайлагнан, мэдээллээ хороонд ирүүлээд байгааг бид хянаж байна.

-Хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн бизнес моделийг нэвтрүүлсэн “ЛендМН” компани оны эхэнд компанийнхаа 25 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн. Бас л амжилттай байх шиг байна?

-Олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны хувь хэмжээ 12.5 хувь байсан. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиар Хороо нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллага болохынхоо хувьд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх шаардлага тулгардаг.

Хэрэв нийт хувьцааныхаа хяналтыг багцыг хадгалж үлдэх замаар олон нийтэд бага хувийг олон нийтэд санал болгон гаргаж тухайн хувьцааг хөрөнгө оруулагчид эзэмшсэн тохиолдолд бидний ярих дуртай компанийн сайн засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдал гэдгийг яриад хэрэггүй. Иймээс хорооны зүгээс үнэт цаасны танилцуулгад тусгагдсан тооцоолол, судалгаа, хөндлөнгийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн аудит, хөрөнгийн үнэлгээ, хууль зүйн зөвлөх компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, мэргэжлийн дүгнэлттэй нэг бүрчлэн судалж, холбогдох тайлбар лавлагааг авсан.

Улмаар үнэт цаас гаргагч, андеррайтерийн компанийн төлөөлөлтэй уулзалт хийж олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, үнэт цаасны танилцуулгад өөрчлөлт оруулахыг мэдэгдсэн.

Үүний дагуу “ЛендМН ББСБ" ХХК-аас олон нийтэд санал болгож буй хувь хэмжээ, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн үнэт цаасны танилцуулга, холбогдох баримтыг дахин шинэчилж ирүүлснийг хянаад хороо хуралдаанаар нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн. Тухайн үнэт цаасны хувьд санхүүгийн зах зээлийн орчин үеийн хандлага болох шинэ технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж бизнесийн шинэлэг загварыг ашиглаж буй компани гэдгийг онцлох зүйтэй юм.

-Хөрөнгийн зах зээлийн чанарын үзүүлэлтийг өндөр байлгахын тулд хувьцааны хөврөх чадварыг нэмэгдүүлэх ёстой гэж та хэлсэн. Хөрвөх чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Тооны өсөлтөөс илүү чанарт анхаарахын тулд хувьцааны төвлөрлийг сааруулах арга хэмжээг авах ёстой. Дээрээс нь хувьчлалын үр дүнд бий болсон олон хувьцаат компани байна. Тэднийг нэг талд нь багтаах хэрэгтэй байна. Ямар ч хөрөнгө мөнгөгүй хэр нь хувьцаат нэртэй компани олон байна. Жижиг хувьцаа эзэмшигчид нэг төгрөгийн, мянган төгрөгийн хувьцаатай байгаад байдаг. Тэрийг нь буцаагаад өгчихье гэхээр арилжааны банкны шилжүүлэг нь хувьцааных нь үнээс илүү гараад явчихсан хэдэн мянган хүний мөнгө байна.

Нийлүүлээд үзэхээр долоон тэрбум гаруй төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байгаа. Хувьцаа эзэмшигчид нь хурлаа хийж чаддаггүй, тайлангаа гаргадаггүй. Зарим нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Ийм л байдалтай байна. Хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд жижиг хөрөнгө оруулагчдыг татахаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй юм. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гол тоглолтын талбар нь биржийн бус зах зээл байдаг.

Биржийн бус зах зээлээр дамжуулаад компаниуд ч мөн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ харьцангуй хялбархан босгох боломжтой. Бид зохицуулалтын орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн “үүсмэл санхүүгийн хэрэгсэл”-ийн журмыг боловсруулж байна.

-Монголын хөрөнгийн зах зээл дээр байгаа компаниуд гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломжтой болсон. Давхар бүртгэлийн талаарх хууль журам нь ч гарсан. Одоогоор давхар бүртгүүлсэн компани байгаа юу?
   
-Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 26 биржийн жагсаалтыг гаргаж, баталсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу энэ жагсаалт батлагдсанаар давхар бүртгэлийн зохицуулалтын орчинг бүрдүүлэх боломж бүрдсэн юм. Улмаар 2017 оны арваннэгдүгээр сард хорооноос холбогдох журмыг боловсруулж баталснаар үндсэндээ Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх боломж нь нээлттэй болсон.

-Бүртгүүлсэн компани бий юу?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн “Эрдэнэ ресурс” гэдэг компани сонирхоод явж байна. Бүх уулзалтуудыг тодорхой хэмжээгээр хийж байгаа.

-Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн байгууллагууд “Хороо өнгөрсөн оны санхүүгийн тайландаа өөрийн үйл ажиллагаанаас 822 сая төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн байдаг. Гэвч нэг тэрбум 900 сая төгрөгийн орлого олсон. Энэ бол биднээс авсан шимтгэл, хураамжийн үр дүн. Угтаа дээрх мөнгө зах зээлдээ эргэлдэх ёстой” гэж гомдоллож байсан. Үүн дээр та тайлбар хэлээч?

Хороонд 2017 оны эцсийн байдлаар дөрвөн салбарт 2,300 орчим зохицуулалттай этгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр салбаруудаас тодорхой хэмжээгээр журмаар, хуулиар тогтоосон зохицуулалт үйлчилгээний хөлсийг авах ёстой. Тэр мөнгө нь шууд улсын төсөв рүү ордог. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо 2017 онд хэр хэмжээний зохицуулалт, үйлчилгээний төлбөр төлөх боломжтой вэ гэдгээ тооцоолж үзэхэд 800 гаруй сая төгрөг байсан юм.

2017 онд Санхүүгийн зохицуулах хороо өмнөх 2015, 2016 онд төлөгдөөгүй байсан зохицуулалт үйлчилгээний хөлсүүдийг төлүүлэх арга хэмжээг авсан. Тэр нь нэмэгдэхээр 2017 онд төлөвлөснөөс илүү гүйцэтгэлтэйгээр гарсан юм. Дээрээс нь хорооны зохицуулалттай этгээдүүдийн тоо урд өмнөхөөс илүү нэмэгдсэн. Энэ нь төлөвлөснөөсөө илүү ашигтай ажилласан гэдэг яриаг гаргаад байгаа юм.

-Дээрээс нь санхүүгийн сургалт явуулдаг үнэт цаасны компаниудын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо булааж аваад, ашиг орлогыг нь хааж байгаа гэх яриа ч бас байна лээ. Дээрээс нь хорооны удирдлагууд гишүүн компаниудаа хүлээж авч уулздаггүй. Зайны шалгалт хийдэг гэдгийг Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр ярьж байсан. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

 - 2016 болон 2017 онуудад олон нийтийн дундах хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл, ойлголтыг тандах судалгааг хараат бус судалгааны байгууллагаар гүйцэтгүүлсэн. Судалгааны үр дүнд иргэд, олон нийт хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой байдаг хэдий ч тодорхой мэдлэг мэдээлэл хомс байдгаас оролцдоггүй болох нь харагдсан. Иймд бидний зүгээс шууд иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулж, зах зээлд татан оролцуулахаас илүүтэй мэргэжлийн байгууллагуудаа чадавхжуулж, идэвхжүүлэх замаар үйлчилгээний чанарыг өсгөхийг зорьж байна.

Үүний тулд нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг чадваржуулах нь үр дүнтэй гэж үзэж, мэргэжилтэнд эрх олгох сургалтанд мониторинг хийсэн. Энэ сургалтыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зохион байгуулдаг. Миний хувьд сургалтын үйл ажиллагаатай хоёр удаа танилцсан.

Сургалтын үйл ажиллагаа уламжлалт хэлбэрээр, багш төвтэй, онолд суурилсан арга барилаар зохион байгуулагдаж байсан нь амьдрал, практикаас хол хөндий оролцогчдод үр өгөөж багатай үйл ажиллагаа болж байгаа нь харагдсан. Бидний зүгээс зах зээлийг хэрхэн хөгжүүлж, санхүүгийн зах зээлийг бага ч гэсэн төрөлжүүлэхээр ажиллаж байна. Ямарваа нэгэн хувь хүнтэй, хувийн ашиг сонирхлоор харьцаж, хандаж ажилладаггүй гэдгээ хэлмээр байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин. 2018.03.13 №050 (3004)
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ