“Ард санхүүгийн нэгдэл”-ийн бүрэлдэхүүн компаниуд ногдол ашиг тараана
2018 оны 4 сарын 5
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн бүрэлдэхүүн компаниуд ногдол ашиг тараана
Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн анхны компанийн хүсэлтийг энэ сард эцэслэн шийдвэрлэх товтой байна. Мөн компаниуд хувьцаат эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах хугацаа энэ сараар дуусгавар болж байгаа. Тэрчлэн нэгж хувьцаанд хэчнээн төгрөгийн ногдол ашиг тараахаа компаниуд олон нийтэд мэдэгдэж, 2017 оны санхүүгийн санхүүгийн жил отголж байна.  Хөрөнгийн зах зээлд энэ он гарсаар шинэ бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, нааштай эерэг өөрчлөлт цөөнгүй гарч буй. Тухайлбал, хэд хэдэн компани хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажилдаа орж, хөрөнгө  оруулагчдад санал болгох сураг тодорлоо.  
Тухайлбал, “Ард санхүүгийн нэгдэл” болон түүний бүрэлдэхүүн компани болох “Ард даатгал”, “Ард Кредит” хувьцаагаа хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх буюу IPO хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар тус компаниас тодруулахад эл мэдээллийг үгүйсгэсэнгүй. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцааны үнэ өнгөрсөн онд 2900 төгрөгт хүрч, үнэлгээ нь эрс нэмэгдсэн. Энэ он гарсаар ч өсөлттэй хэвээр байна.  Компанийн үнэлгээ өсөх хэрээр хувьцаа эзэмшигчид хожиж байдаг. Энэ утгаараа богино хугацаанд хувьцааны өгөөж нэмэгдэж байна. Хөрөнгийн зах зээлд хүч сорьж буй “Ард санхүүгийн нэгдэл”-тэй холбоотой өөр нэг мэдээлэл түгэх болсон юм. Энэ нь ногдол ашиг хуваарилах тухай асуудал. Үүнийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ойрын хугацаанд хэлэлцэх аж.  
Санхүүгийн зах зээлийн талбарт үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй тус компани ногдол ашгийн талаарх мэдээллээ ажилчиддаа илгээсэн захидалд илүү тодорхой дурджээ. Монголын хөрөнгийн бирж дээр оны өмнө “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани хувьцаагаа нээлттэй гаргасан. Арилжааны цан цохих тэр мөчөөс эхлэн “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэсэн шинэ бүтээгдэхүүн биржийн “лангуу”-г эзэлж, хөрөнгө оруулагчдын хараанд илүү өртөж эхэлсэн. Тэгвэл “Ард санхүүгийн нэгдэл” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” нэгдэх байдлаар хувьцаа гаргах төлөвлөгөө зах зухаасаа сонсогдож байна.  
Хэрэв “Ард даатгал” компани энэ онд хувьцаа гаргаж, IPO хийвэл даатгалын компани хөрөнгийн зах зээлд гарсан анхны тохиолдол болох юм. Тус компани нь даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хамгийн баялаг түүхтэй компанийн нэг бөгөөд салбар дотроо тэргүүлэгчийн байр суурь эзэлсэн хэвээр байна. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалтын багцад “Ард даатгал” нь  томоохон жин дардаг. Тэрчлэн даатгалын бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. “Ард даатгал” компанийн ТУЗ өнгөрсөн сард хуралдаж, 2017 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчидэдээ ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн. Тус компани өнгөрсөн онд 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс 50 хувийг нь буюу 536 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилах аж. Ингэснээр нэгж хувьцаанд 367.5 төгрөгийн өгөөж ногдож байна. Тус компанийн хувьд хоёр дахь жилдээ ногдол ашиг хуваарилж байгаа нь энэ. 
“Ард даатгал”-ын гүйцэтгэх захирал Г.Цогбадрах “Манай хураамжийн орлого 10 тэрбум, өөрийн хөрөнгө 11 тэрбум төгрөгийг тус тус давсан. Цэвэр ашиг 2016 онтой харьцуулахад 161 хувиар нэмэгдсэн” гэв. Даатгалын зах зээл Монголд цар хүрээгээ улам тэлж, энэ салбарт эргэлдэх мөнгөн хөрөнгийн хэмжээ ч эрс нэмэгдэж буй. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2017 оны тайлангаас харахад, даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ 23.8 хувиар өсөж, 43.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг эзэлж байгаа аж. 
Монголын анхны нээлттэй хувьцаат хэлбэртэй банк бус санхүүгийн компани болохоор “Ард Кредит” зорьж байна. Арилжааны банкны бүхий л үйлчилгээг үзүүлэх хэмжээнд хүргэхээр “Ард санхүүгийн нэгдэл” төлөвлөж байгааг дуулгая. “Ард Кредит” энэ онд багтаж хөрөнгийн зах зээлд IPO хийхээр төлөвлөж байгааг эхэнд дурдсан. Тус ББСБ-ын Төлөөлөн удирдах зөвлөл хувь нийлүүлэгчдэдээ 2017 оны цэвэр ашгийнхаа 50 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах шийдвэр гаргаад удаагүй байна. Бичил зээлийн чиглэлээр нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Ард Кердит” 2017 онд нийт хөрөнгөө 80 хувиар өсгөж, 10 тэрбум төгрөгт хүргэсэн бол цэвэр ашиг 640 сая төгрөг болжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. 
Өнгөрсөн жил “Ард Кредит” зээлийн эрхтэй картын шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлснээс гадна бизнесийн зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон бууруулжээ. Ингэснээр хамгийн бага хүүтэй ББСБ болсон байна. Мөн хаалттай хүрээнд бонд гаргаж, 1.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн дээрх байдлаар нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын сонголт төрөлжих нөхцөл бүрдэх нь. Сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн байдаг. Тэгвэл энэ онд нэлээд хэдэн компани хувьцаагаа олон нийтэд арилжаалах бололтой. Үүнийг түүчээнд "Ард"-аар овоглосон бүтээгдэхүүнүүд эрэмбэлэгдэж байна. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд буюу 26 жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Харин энэ онд биржийн арилжааны дүн нэг их наяд төгрөгт ойртох магадлал өндөр байна. Үүний хөшүүрэг нь шинэ тоглогчид байх нь. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ