”Авьяасын суварга” тайлан тоглолт “Уурхайчин” соёлын ордонд ирэх сарын 6-нд болно
2018 оны 4 сарын 27
”Авьяасын суварга” тайлан тоглолт “Уурхайчин” соёлын ордонд ирэх сарын 6-нд болно
Манай сургууль нь 2010 онд байгуулагдсан улсын ууган урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль бөгөөд Хөвсгөл аймгийн олон ястны биет бус өв соёлыг хүүхэд багачуудад өвлүүлэн эзэмшүүлж, урлагийн чиглэлээр сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан төрийн өмчийн боловсролын байгууллага юм.

Энэ хичээлийн жилд 549 суралцагчид, 43 багш, 17 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж ерөнхий эрдмийн хичээлээс гадна урлагийн 14 чиглэлийн төрөлжсөн сургалтыг мэргэжлийн чадварлаг багш нараар удирдуулан сурагчдын дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, язгуур урлагийн авьяас ур чадварыг хөгжүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна ерөнхий эрдмийн хичээлүүдэд жил бүр ахиц гарган ажилласаар ирсэн билээ.

Манай сургууль нь жил бүр Авьяасын суварга тайлан тоглолтоо Хөвсгөл аймагтаа толилуулахаас гадна 4 жил тутамд улсын хэмжээнд тайлагнадаг билээ.

2014 онд Улаанбаатар хотод  Монголын хүүхдийн ордонд тоглож байсан бол энэ удаагийн уран бүтээлийн тайлан “Авьяасын суварга” тоглолтыг Эрдэнэт хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Эрдмийн сан” сургууль хамтран “Уурхайчин” соёлын ордонд 2018 оны 5-р сарын 6-ны өдрийн 1500, 1700 цагуудад тоглоно.

Манай тоглолтын агуулга нь эв нэгдэл, цэнхэр дэлхийгээ хайрлан хамгаалах, эх нутгийнхаа язгуур соёлыг түгээн сурталчилсан буюу хотгойд, дархад, уйгар, буриад, цаатан, халх, урианхай ястнуудын дуу, бүжиг, хөгжмийн урын сангаас дээжилсэн өвөрмөц найруулга бүхий 90 гаруй хүүхэд, багш нарын уран бүтээл юм. Тухайлбал багш П.Сүглэгмаагийн дэглэлт “Алунгоо эхийн сургаал” бүжиг, багш СТАжилтан С.Үүртуяагийн дэглэлт 6 ястны “Эвсэг” бүжиг, багш О.Гэрэлтуяагийн дэглэлт “Уулын сондор” бүжиг, багш Б.Ганзоригийн найруулга “Хөөмэй, лимбэ, хоолойн лимбэний язгуур урлаг”, хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайханы “Хангал цааны хатираа”, н.Энхтайваны “Хүлгийн айзам” хөгжмийн цөөхүүл, ятга, шанз, ёочин хөгжмийн чуулгуудын тоглолт зэрэг багш, сурагчдын уран бүтээлүүдээс Хөвсгөл аймгийн өвөрмөц өв соёл, хүүхдийн ур чадварыг харж болно.

Тоглолтууд нь Хөвсгөл аймгийн ХДТеатрт V/4-ний 12, 18 цагуудаас, Булганд V/5-ний 15.00 цагаас Анхдагчдын соёлын ордонд, Эрдэнэтэд V/6-ны 15, 17 цагуудаас Уурхайчин соёлын ордонд, V/7-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд тус тус тоглоно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ