Танд хэрэгтэй зөвлөгөө: Зөв, зохистой хооллолт гэж юу вэ
2018 оны 5 сарын 16
Танд хэрэгтэй зөвлөгөө: Зөв, зохистой хооллолт гэж юу вэ

Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн жингээ хэвийн түвшинд барьж, архи, тамхины хэрэглээг бууруулж чадсанаар зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижинг 90 хувь, хорт хавдрын тохиолдлыг 30 хувиар тус тус бууруулах боломжтой.

Илүүдэл жин, таргалалт нь дээрх өвчнүүдийн хоёрдогч эрсдэлт хүчин зүйл болдог. 

 Илүүдэл жин, таргалалт нь дээрх өвчнүүдийн хоёрдогч эрсдэлт хүчин зүйл болдог.

Манай улсын 15-64 насны хүн амын 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 61.9 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэлттэй, 27.5 хувь нь цусны даралт ихэсдэг, 6.3 хувь (Халдварт бус өвчин, Осол гэмтэл-2013 он) нь чихрийн шижин өвчтэй байгаа нь эрүүл бус хооллолтын үр дагавар юм. 

Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай илчлэг, шимт бодисыг агуулсан хоол хүнснийг нас, хүйс, ажил хөдөлмөр, улирал, эрүүл мэндийн байдалдаа тохируулан сонгон хэрэглэхийг хэлнэ.

1.  ИЛЧЛЭГИЙН ТЭНЦВЭР
Явган явах, гүйх харайх зэрэг ямар нэгэн хөдөлгөөн хийхэд таны биед энерги зайлшгүй хэрэгтэй. Мөн биеийн эд эсийн нөхөн төлжих, судсаар цус гүйх, хоол боловсруулах, шингэх, бие тогтмол дулаанаа барих зэрэг олон урвалд илч хэрэгтэй.

Хэрэв хоол хүнсээр хангалттай хэмжээний илч авахгүй бол бие махбодын хэвийн үйл ажиллагаа алдагдаж олон төрлийн өвчин эмгэг үүсэх суурь шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог.

Харин насанд хүрэгчдийн хувьд илчийн илүүдэл буюу илүүдэл жин таргалалт байдлаар илэрч байна. Өөрөөр хэлбэл өөрт шаардлагатай хэмжээнээс илүүдэл хэмжээгээр хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний хомсдлоос шалтгаалж таргалалт үүсдэг.

2.  ШИМТ БОДИСЫН ХЭМЖЭЭ, ХАРЬЦАА
Хүнсний бүтээгдэхүүнээс бид уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодис, ус гэсэн шимт бодисуудыг авч байдаг. Дээрх шимт бодисуудыг өөртөө бүгдийг нь агуулсан төгс хүнс гэж байхгүй. Тийм учраас олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээ, харьцаатайгаар хэрэглэхийг зөвлөдөг.

Эдгээр тэжээлийн бодисуудын илүүдэл болон дутлаас болж хүний биемахбодид өвчин эмгэг үүсдэг.

Жишээ нь уураг дутагдсанаас болж эд эсийн нөхөн төлжилт алдагдах, дархлаа суларч, бие бялдар оюун ухааны хөгжилд нөлөөлдөг бол төмөр дутлаас болж төмөр дутлын цус багадалт үүсэх гэх мэт.
Хоол тэжээлийн дуталд ихэвчлэн бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг бодисын солилцоо эрчимтэй явагдаж буй насныхан илүү өртөмтгий байдаг.

3.  ОЛОН НЭР ТӨРЛЙН ХҮНС ХЭРЭГЛЭ
Үр, тариа

Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь илчлэгийн эх үүсвэр болдог. Ийм учраас өдөрт хэрэглэх хэмжээ нь нийт хүнсний 40%-ийг эзэлдэг. Хэрэв та жингээ хянах болон хасахаар төлөвлөж байгаа бол энэ бүлгийн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай.

Энэ бүлгийн хүнсийг сонгохдоо үйлдвэрийн боловсруулалтанд их орсон бүтээгдэхүүн болох дээд гурил түүгээр хийсэн бүтээгдэхүүн, гоймон цагаан будаа, каша гм бүтээгдэхүүнийг бага хэрэглэ. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд аминдэм, эрдэс бодисоор туйлын хомс, өндөр илч агуулсан хүнс юм.

Харин бүтэн үрийн буюу 2-р гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, гурвалжин будаа, хөц будаа, арвайн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй.

Мах махан бүтээгдэхүүн - УУРАГ

Таны биед шаардлагатай уургийн хэрэгцээг энэ бүлгийн хүнс хангах болно. Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 180-200 гр мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай. Энэ бүлэгт бүх төрлийн амьтны мах, түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд, өндөг зэрэг ордог.  

Малын мах, өндөгний шар нь бага насны хүүхэд, өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай төмрөөр баялаг. Махан хоолыг С аминдэмээр баялаг ундаатай (ж.нь жүржийн шүүс) хамт хэрэглэхэд төмрийн шингэц нэмэгддэг бол цайтай хамт хэрэглэхэд шингэц нь багасдаг. 

Сүү цагаан идээ

Сүү, бяслаг, тараг нь яс шүд гм тулгуур эрхтэнд шаардлагатай кальцаар баялаг. Кальцаар баялаг бүтээгдэхүүнүүд нь өсвөр насны хүүхдийн өсөлт хөгжилд  төдийгүй насанд хүрсэн хүнд маш их ач холбогдолтой.

Хүн өдөрт 400 гр хүртэл жимс, ногоо хэрэглэснээр олон төрлийн өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалж чадна.

 
Насанд хүрсэн хүнд тослог багатай сүү ач холбогдолтой байдаг бол  5-с доош насны хүүхдэд хэвийн тослогтой сүү илүү ач тустай.  Хоногт 2 аяга сүү, тараг хэрэглэхэд хангалттай.

Хүнсний ногоо, жимс

Жимс, ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэх. Эдгээр бүтээгдэхүүн нь бага хэмжээний илчлэг агуулдаг ба аминдэм, эрдэс, эслэгээр баялаг. Хүн өдөрт 400 гр хүртэл жимс, ногоо хэрэглэснээр олон төрлийн өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалж чадна. Судалгаагаар Монголчуудын 96.4 хувь нь жимс, ногоог хангалттай түвшинд хэрэглэж чадахгүй байгаа нь тогтоогдсон.

Өөх тос-Хязгаартай хэрэглэ

Өөх тос нь бие махбодын зарцуулах илчлэгийн хэрэгцээг хангах үүрэгтэй үндсэн шимт бодис юм. Өөх тос нь хүний биеийн эсийн бүрхүүлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Ялангуяа хүүхдийн тархи, мэдрэлийн эсийн өсөлт хөгжилтөнд шийдвэрлэх үүрэгтэй.

Транс өөх тос – МАРГАРИН Энэ нь ургамлын гаралтай тосыг үйлдвэрийн боловсруулалтад оруулж гаргаж авсан тос бөгөөд хүний биед маш хортой бүтээгдэхүүн юм. Иймд ургамлын гэж тэмдэглэгдсэн масло, маригарин, олон дахин ашигласан ургамлын тосыг БҮҮ ХЭРЭГЛЭ!!!! 

Давсны хэрэглээ 

Насандхүрсэн хүн хоногт 5 граммаас бага, хүүхэд түүнээс ч бага хэмжээгээр давс хэрэглэвэл зохино.

Давсны сөрөг нөлөө

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны  даралтыг ихэсгэнэ. Та хоногт хэрэглэх давсны  хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдлийг 4 дахин бууруулж чадна.

Ясны сийрэгжилт. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу  яс сийрэгжих,хэврэгшихэд хүргэнэ.

Ходоодны хавдар  

Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол их байдаг болохыг тогтоосон байдаг.

Иймд давсны хэрэглээгээ багасгахын тулд хамгийн түрүүнд цайгаа давсгүй ууж хэвшицгээе.

ЧИХЭР
Сахар нь зайлшгүй шаардлагатай хүнс биш..

Сахар нь тэжээллэг чанар буюу амин дэм, эрдсийн агууламж байхгүй, зөвхөн хоосон илчлэг өгдөг ашиггүй хүнс юм. Түүнчлэн сахар нь шүд цоорох, зүрх судасны өвчин, чихрийн шижин, батга гэхмэт арьсны өвчнөөр өвчлөхөд хүргэдэг.

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ УС -Хоногт 8-10 аяга ус уух шаардлагатай.

Бодисын солилцоог эрчимжүүлж, хэвийн байлгах гол үүрэгтэй. Биеийн жингээ бууруулахын тулд дасгал хөдөлгөөн хийж, зохистой хооллосон ч хангалттай ус уухгүй бол үр дүнгүй. Өдөрт хэрэглэх усны хэмжээг тооцохдоо биеийн жингийн кг тутамд 35-45 мл байхаар тооцдог байна.

Ус бага хэрэглэснээр: Цус өтгөрөх, таргалах, тархи усаар гачигдах, харшил, дархлаа сулрах, арьс хуурайших, өтгөн хатах,  ядрах, бөөрний чулуу үүсэх, шулуун гэдэс, бөөрний хорт хавдар г.м олон эрсдэл дагуулдаг.

Эслэг хүний биед ямар хэрэгтэй вэ?

Эслэг нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг, хүний биед үл боловсрох нүүрс ус бөгөөд үндсэн шимт бодисын бүрэлдэхүүнд ордоггүй боловч олон тооны эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эслэг нь зүрх судасны өвчин, чихрийн шижинба зарим хорт хавдраас сэргийлэхэд тустай. Насанд хүрсэн хүн бүр хоногт 25 гр эслэг хэрэглэж байвал зохино.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ