Б.Эрдэнэтуяа: Үрсдээ өргөх ерөөл
2018 оны 6 сарын 13
Б.Эрдэнэтуяа: Үрсдээ өргөх ерөөл


Эргэх орчлонг эгшигтэй болгодог 
Эхийн сэтгэлийг хөгтэй болгодог 
Эцгийн голомтыг эзэнтэй болгодог 
Эх орны ирээдүйг гэрэлтэй болгодог 
Энхрий бяцхан үрс бүхэн минь 
Энх мөнхөд инээж байг ээ
Эжий хайрын гэгээн тэнгэр 
Эгнэгт дандаа амгалан байг ээ!
Хөх Монголын үрс бүхэн
Хүж дэлхийд цойлж байг ээ
Хүмүн заяандаа тод гэрэлтэж 
Хөх гал шиг бамадлаж яваг ээ!
Хүний сайхан үрс бүхэн 
Хүрэн зүрхэндээ галтай байг ээ
Хүрэх ирээдүй нь гэгээн байж 
Хүн ухаан нь далай байг ээ!
Эдлэх жаргалын минь утга болсон
Энэ насны минь эрдэнэс болсон 
Элбэрэлт сайхан охид минь 
Эрэлхэг цогтой хүүд минь 
Эцэг эхээ энэрэх сэтгэлтэй 
Эхэс дээдсээ шүтэх ухаантай 
Эрдэм оюуныг өвлөх тэмүүлэлтэй 
Эх дэлхийгээ хайрлах ухамсартай 
Энэ биеэ ихэд хичээсэн 
Эзэн сүнсээ ихэд дээдэлсэн 
Эв эеийг мөнхөд эрхэмлэсэн 
Энэрэл хайрыг ямагт чухалчилсан 
Эрдэм гэгээрэл төгс төгөлдөр 
Эрэлхэг суутнууд болох болтугай 
Эрхэт тэнгэртээ ивээгдсэн 
Эх дэлхийн эзэд байх болтугай!

Б.Эрдэнэтуяа
2018.6.1

Эх сурвалж http://www.info.mn
Б.Эрдэнэтуяа: Үрсдээ өргөх ерөөл
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ