Манжийн төрд хүүгээ цаазлуулсан Чин Ван Ханддоржийн харуусал хоногших Юүнхэ гүн сүм
2018 оны 6 сарын 13
Манжийн төрд хүүгээ цаазлуулсан Чин Ван Ханддоржийн харуусал хоногших Юүнхэ гүн сүм



1905 оны өвөл Чин ван Ханддоржийн өргөөнөө хүү Данзанжамцынх нь бие тааруу байгаа тул Бээжинд яаралтай ир гэсэн түгшүүрт мэдээг Манжийн тусгай элч хүргэв. Төвдөөс Монголд ирээд хагас жилийг өргөөнд нь өнгөрүүлсэн 13 дугаар Далай ламд хүүгээ шавь оруулж Бээжинд илгээсэн тэрээр ийм мэдээ сонсоод ихэд яаравчилж хоёр хиагийн хамтаар Бат хаалгаар дамжиж галт тэргээр Бээжинд ирлээ.

Бээжинд ирээд шууд байрласан газар бол миний өнөөдрийн ирээд байгаа Юүнхэ Гүн сүм буюу Найралт найрамдуу ордон юм. Тухайн үед Бээжин дэх Монголын шашны төв болоод байсан эл газар нийт Монголын аймаг хошуунаас 500 ламыг татан байрлуулж байв. Тиймээс Ханд ван уг сумд өөрийн нутгийн нэгэн Монгол лам айлд буудалласан хэрэг. Хүүд нь тохиолдсон хэрэг явдлыг Бээжин хотын цуу ярианаас хэдий нь сонссон гэрийн эзэн Ханд ванг байцаан шийтгэх газар очилгүй өнөөдөртөө эндээ үлдэхийг ятгана. Гэвч үрээ гэсэн эцгийн сэтгэл алдуул морь шиг гэгэлзэн, олныг бодож түгшинэ.

Энэ үеэр Юүнхэ Гүн сүмд Ханд ванг ирснийг дуулсан Манжийн түшмэл залран ирлээ. Горьдлого дүүрэн түшмэлийг угтах Ханд Ванд тэрээр хандан : Өнөөдөр таныг хүүтэй чинь уулзуулахгүй. Эндээ хоноод маргааш цаазын яаманд ир хэмээн хэлэв. Ирээд шууд хүүтэйгээ уулзана гэж бодсон эцэг сэтгэлийн горьдлого л тээсээр дахин нэг хонохоор болов. Хэрэв ярьдаг бол тэр шөнө Ханд ван юу эсийг ургуулан бодож сэтгэлийн шаналалд автан байсныг энэ сүмийн хана нэг бүр өгүүлэх байсан биз.

Өглөө эртлэн боссон Чин Ван Ханддорж сүмээс морь зээлж хоёр хиагийн хамт Бээжингийн монгол журганд яаран очив.

Гэтэл хэрэг шийтгэх газар түүнийг байцааж зандарсангүй, яллаж хорисонгүй. Харин ч идээ дүүрэн зоогийн ширээнд урин заллаа. Тэгээд Манж түшмэл алга хавсран зарлигдахад үйлчлэгчид царан дээр хадгаар бүтээсэн тусгай зоогийг ширээ дүүрэн идээ будаан дунд тавив. Ханд ван түүнийг сөхөн үзвэл зочилж угтах зоогийн оронд хэд хоногийн өмнө цаазлуулсан бяцхан хүүгийнх нь хатсан цустай толгой байлаа.

Үүнийг харсан Ханд ван сандарч орилсонгүй, уйлж цурхирсангүй эргүүлээд зөөлөн түлхээд : Энэ миний идэх идээ биш байнаа гэж хэлэв.

Энэ үед Манж түшмэл түүнд аягатай зүйл өгөв. Зориг тэвчээрээ хүчлэн барих Ханд ван : Энэ юу вэ зүрх зогсоодог эм үү гэж асуулаа. Хариуд нь Манж түшмэл : Үгүй ээ энэ тайвшруулах эм гэж өгүүлэв. Дотроос давчуурах харуусал зовлонд дүрэлзэн шатах Ханд ван: Өөрт чинь зүрх зогсоодог эм байна уу гэж асуулаа. Харин Манж түшмэл : Байхгүй ээ. Гэхдээ та дахиад нэг хүүтэй байхаа гэж асуух, ёжлон хослуулан сүрдүүлээд, одоо цаг орой боллоо та одоо Юүнхэ Гүн сүмрүү буц гээд явуулав.

Бяцхан хүүгийнхээ толгойг хоёр гартаа тэврээд гарч ирэх Ханд Ванг хоёр хиа нь тосон авахдаа цаазлуулсан толгойг хараад цочирдон орилж уйлахад Ханд вангийн хоёр хацрыг даган өөрийн эрхгүй харууслын нулимс урслаа. Гэвч дахин сэтгэлээ хатамжилж хоёр хиадаа хандаж эл харуусалт явдлыг чандлан нууцлахыг, тэр тусмаа хүүгийн ээж өөрийн хатандаа огт мэдэгдэж болохгүйг сануулав.

Ханд ванг Юүнхэ Гүн сүмд ирэхэд учир явдлыг мэдсэн лам нар бүгд харуусан гуниглаж хүүгийн хойдын буянд ном уншлаа. Ингээд чийг даах сүмийн хүйтэн ханан дунд, учир мэдэхгүй бяцхан үрийнхээ хэлмэгдэж цаазлуулсан толгойтой сэтгэлд хурах гаслан дунд дахин нэгэн шөнийг энэ сүмд өнгөрөөсөн ажээ.

Маргааш өглөө Чин Ван Ханддорж нутаг буцахдаа Цавчаал боомтоор дайрч Жанчхүүгийн даваагаар гарлаа. Хэдэн мянганаар нүүдэлчин Монголчуудаас тариачин иргэдийг тусгаарлах Цагаан хэрэм ард үлдэхэд эх нутагруугаа дөхөх мэдрэмж улам тодорсон Ханд ван Жанчхүүгийн давааны оройд тэсгэл алдан харуусан уйллаа. Өвлийн хүйтэн агаар гунигт эцгийн зовлонгоос дулаахан аж.

Ингээд Чин Ван Ханддорж Жанчхүүгийн даваанаас цааш хөдлөхдөө :

Манж Хятадын майланган улыг 
Марал илжгийн туурайг энэ даваанаас цааш алхуулахгүй 
Жанчхүүгийн даваанаас хойш 
Хятад шаахайн мөр бүү гарга гэж тангараг өргөөд тал нутгийн зүг нүднээс мэлмэрэх нулимс, сэтгэлээс урсах харууслаа тангараг, шазуур, зорилго болгоод хөдөллөө.

Ингээд хэсэг хугацааны дараа эх нутагтаа ирлээ. Гэрийн хаяа ойртох тусам Ханд ван хатантайгаа уулзахаас ихэд сэтгэл түгшихийн сацуу хүүгийнх нь цаазлуулсан харуусалт мэдээг эхэд нь хэлэхгүй гэж шийдсэн чигтээ байлаа.

Эр нөхрөө Бээжингээс ирэхийг, хүүгийнхээ тухай үг сонсохыг ихэд горьдон санасан эх эр нөхрөө угтан авч хүүгийнхээ тухай асуулаа. Тэгэхэд Ханд Ван эхнэртээ : Хүү маань сайн байгаа. Бие нь илааршаад эрдэм сурахаар Лхас мордсон гэж товч хэлээд Бээжингээс авчирсан чихэр жимсийг гаргаж хүү ээждээ явуулсан хэмээн өглөө. Энэ мэдээнд ихэд баярласан хатан баярын нулимс унаган хэсэгтээ дуугүй тайтгарав.

Гэвч оройн наран хэлбийж унтахаар хэвтэхэд эх хүний санааширлаар эр нөхөртөө хандаж : Хүү маань яг ямар байна, яаж амьдарч байна, гэрээ санаж байна уу, ээжийгээ асуугаад л байна уу, юу идэж ууж байна, том болж байна уу гээд олон нарийн асуултыг ар араас нь тэсгэлгүй тавилаа.

Эхийн сэтгэлийг бодож хэрэг явдлыг нууцалсан тэрээр хариулах бүрдээ сэтгэл өвдөж, ярих бүрдээ зүрх зүсэгдэнэ. Асуулт бүр ял, хариулт бүр шийтгэл болох ажээ. Ингээд гаргаж чадахгүй битүү шаналал, багтарч ядах гомдол, хорсолдоо дүрэлзэх Ханд вангийн сэтгэл үрээ өгүүлэн Ай Нан аа хө хэмээх дууг тэр шөнөдөө зохиолоо.

Зүүн уулын маань энгэрт зэрэглээ байна даа хө, Ай Нан аа 
Зүглээд очиход үгүй байна хө
Зүүд нойрондоо хоёулаа байлаа хө, Ай Нан аа 
Зүүдлээд сэрэхэд минь ганцаараа байна хө...

Харуусал дүүрэн энэ дуу бол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, 1901 оноос хэрэгжих Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцэгч Чин Ван Ханддоржийн хэлмэгдсэн үрээ санагалзан зохиосон дуу юм.

Миний дээр өгүүлсэн Чин Ван Хандоржийн хэрэг явдлыг уншигч та улам гүнзгийрүүлэн сонирхож чухам яагаад 13 дугаар далай лам Оростой холбоо барих гэж Ханддорж Вантай дотноссон, анх Ханд Вангийн өргөөнд Далай лам очоод Түшээт ханы Дандар аграмбатай ном хаялцан бүгдээр ялагдаж шавь орсон түүх, нэг талаас Далай лам Ханддорж ван болон түүний хүүд санаа зовж Бээжин дэх Оросын элчинд хандаж байхад нөгөө талаар төвдийн лам нар Данзанжамц хүүг цаазлуулах гэж хэрхэн хор хутгасан зэрэг үйл явдлыг тодруулан уншвал машид сонирхолтой. Хэрэв та үнэхээр сонирхвол энэхүү нийтлэлээ бэлдэхдээ миний нарийвчлан уншин хичээсэн академич Ж.Болдбаатар багшийн Чин Ван Хандорж, А.Дашням гуайн Өлзийнарангийн өчил, Б.Ширэндэв гуайн Сэрэл романуудыг голлон уншвал зохилтой. Унших бүр ухаарал өгсөн, ихийг бодогдуулсан зохиол, бүтээлүүд байгаа.

Өнөөдрийн Монголын маань тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, Ардчилсан эрх чөлөө олон арван өвгөдийн маань хичээл зүтгэл, хагацал гуниг, эрдэм мэдлэг, чин зориг дээр бидэнд ирснийг үеийн үед мартах учиргүй.

Цаашилбал, нэгэнт Чин Ван Ханддоржийн мөрөөр Юүнхэ Гүн сүм буюу Найралт найрамдуу сүмийг зорин ирсэн тул уг сүмийн талаар товч мэдээлэл өгүүлэх нь зөв байх. Уг сүм нь 1694 онд Энх Амгалан хаан өөрийн дөрөвдүгээр хүү Инжинд ордонг бэлэг болгон босгож өгчээ. Хэдий хан хүү Инжин эцэг Энх Амгалан хаанаас түрүүлж өөд болсон ч тэрээр 2 удаа хаан сууринд суух угсаа залгамжлагчаар тодорч байсан эзэн хааны хамгийн хайртай хүү юм. Тиймээс уг ордон бүх Чин гүрний түүхэн дэх хамгийн төгс вангийн ордон болон баригджээ. Гэвч Манж чинь гүрэн 1700-аад оны үеээс эхлэн нийт Монголчуудын шашны асуудлыг өөрийн төрдөө ойрхон байлгах бодлого барьсан тул 1725 онд Юүнхэ Гүн буюу Найралт найрамдуу сүм болгож 1744 онд Монгол ламын сүм болгожээ.

Тэр үеэс Өвөр, Ар, Ойрад Монголын аймаг хошуу бүрээс лам нарыг татаж шавилан суулгадаг болсон бөгөөд Монголын бүх хутагтуудын шинэ дүр тодрох Алтан саваа татах ёслолыг үйлдэх албан ёсны газар болжээ. Энэ уламжлал өнөө хэр хадгалагдсаар Найралт найрамдуу сүмд өнөөдөр 100 гаруй Өвөр Монгол лам сууж байна. Миний бие сүм дэх лам нарын ахлагч Бөхзориг багш ламтай өдөржин хөөрөлдөж сүмтэй танилцахад Монголын маш олон түүхэн үйл явдал эл газар өрнөжээ.

Буянаагийн Ган-Очир 2018.05.25
Эх сурвалж http://www.info.mn
Манжийн төрд хүүгээ цаазлуулсан Чин Ван Ханддоржийн харуусал хоногших Юүнхэ гүн сүм
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ