Зүүн гарын хаант улсын сэргэлт, доройтол хийгээд сүүлчийн хаан Даваачийн хоригдож байсан ордон
2018 оны 7 сарын 7
Зүүн гарын хаант улсын сэргэлт, доройтол хийгээд сүүлчийн хаан Даваачийн хоригдож байсан ордон

Бахархал бадрал, алдаа оноо, тэмцэл цөхрөл, баяр гуниг сүлэлдсэн өвгөдийн жимээр дагах энэ удаагийн аялал дөрвөн зууны тэртээ тасрах мах, үсрэх цус нэгтэй баруун Монгол ахан дүүсийн байгуулж байсан Европ Азийг тэгнэн байрласан Зүүн гарын хаант улсын сүүлчийн хаан Даваачийн 19 жил хоригдож 1774 онд насан эцэслэсэн Манжийн хааны зуны ордонд ирлээ. Мөхөх төрийн сүүлчийн хаанаас илүү гаслант амьдрал хорвоод үгүй гэдэг билээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Бээжин хот дахь суурин амьдрал, Манжийн хааны чийгтэй ордон, эрх чөлөөгүй, сэтгэлд идээшиж дасахгүй Даваач хаан эл цэцэрлэгт ордны нууранд өдөржин сэлж, нугас, галуу тэжээж өдрийг өнгөрөөдөг байж. Түүний тэжээсэн нугасны өндөг онцгой том байсан тул Манжийн хааны ордонд тусгайлан хүргэгддэг байсан нь Даваач хааны тархинд бодогдох эх нутаг, эрх чөлөөгөө санагалзах гуниг өөрийгөө завгүй байлгаждээ гэж санагдана.

Миний бие Даваач хааны баригдаж ирээд хоригдож байсан газар, хожим амьдарч байсан өрөө тасалгааг үзье гэсэн болов ч тодорхой байршил зааж чадах хөтөч үгүй, нөгөө талаар нийтэд ил үзүүлдэг хэсэгт нь хамаардаггүй гэсэн тайлбартайгаар чадсангүй. Ингээд бүтэн өдрийн турш уг цэцэрлэгтэй танилцсан бөгөөд бүх Хятадын нэгтгэсэн эзэн хааны цэцэрлэг ямбалаг хийгээд тансаг аж. Хятад загварын чамин хийцийг гол нуур, хөшөө цогцолбор, ордон сүм гээд гайхалтай хослуулж урласаны сацуу Монгол нутгаас шороо авчирч ар Монголд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх уул нуруудыг Манж хаан өөртөө зориулж босгосон нь сонирхолтой санагдлаа.

Гэхдээ аялан явах хоромд хааны тансаг цэцэрлэгээс илүү санаа эзэмдсэн зүйл бол Монголчуудын доройтол хийгээд ямар суурь нөхцөлөөс Зүүн гар улсын хүчирхэгжиж мөн мөхөж Даваач хаан энд ирсэн болоо гэдэг бодол юм.

Түүхэнд мөртэй, олонд домогтой Зүүн гарын хаант улсын тухай энд хүүрнэхдээ эрэмгий дайчин Галдан Бошигт, эрдэм билэгт Өндөр гэгээн Занабазар нарын элэг эмтрэм түүхэн зөрчлийг хагас шүүж, дутуу мэтгэхгүйгээр тойрч, Зүүн гарын хаант улсын хүчирхэг байсан хийгээд, уналт доройтлын шалтгааныг өгүүлье. Угаас их хүмүүний алдаа оноог иргэн би шүүхэд хэцүү юм. Гэхдээ Зүүн гар улсын түүх бол дэлхийд тэргүүлэх хүчирхэг Манж чин гүрний эсрэг 150-д жилийн турш халуун амь, бүлээн цусаа урсган тэмцсэн, Манж хаадын зүрхний шигдээс, сэтгэлийн зовиур болж байсан эр зоригт бахархалт түүх гэдгийг залуус бид ухамсарлаж тээж явах учиртай.

Зүүн гарын хаант улсын хүчирхэг байсан шалгаан нь 1675 онд Өөлдийн Галдан Ойрадын Очирт ханыг даран, тарж бутарсан Дөрвөн Ойрадуудыг нэгтгэж гурван жилийн дараа Зүүн гарын хаант улс байгуулахдаа Ази Европын эдийн засаг соёлын харилцааны гол зангилаа ТОРГОНЫ ЗАМЫГ эзлэн суусанд оршино. Ер нь улс орны хүчирхэг байдал нь хуучнаар торгоны зам, одоогоор төмөр зам, цахилгаан, интернет гээд эдийн засаг, соёлын гол эргэлтийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг эзлэх болон байгуулахад байсаар ирсэн. Цаашид ч мөн адил. Гэхдээ эдийн засгийн өгөөж нь өөрөө төрийн нэгдмэл оюун санаа, түшмэдийн нийлж хувааж идэх биш нэгдэж бүтээх алсын хараанаас урган гардаг билээ.

Гэтэл Юан гүрний мөхлөөс хойш Монголын нэгдмэл оюун санаа улам суларсаар байлаа. Алтан ургийн ихэс дээдсийн дотоод зөрчил, бага хаадын хаан ширээний төлөөх тэмцэлд үе улиран цөхөрсөн Монголчууд нэгдмэл оюуны хүчийг хайх нь жам. Ингээд хааныг орлох цор ганц хүч бурханд байдаг тул Монголын төрийн зүтгэлтэнүүд Бурханы шашинг төрийн бодлогоор илүү хүчтэй оруулж ирсэн болохоос зүгээр л шүтэх шүтээн дутсандаа Занабазар, Галдан нарын олон залуусыг Төвдрүү илгээсэнгүй.

Гэтэл Зүүн гарын хаант улсын нэгдмэл оюун санаа дангаар бүрэн дархлаатай байх боломжгүй байв. Зүүн гарын хаант улсын хаад ноёд, ихэс дээдсийн зүрх сэтгэл, оюун дүгнэлт, бодит нөхцөл гурав хэзээ ч Халх Монголоос тусдаа орших боломжгүй байлаа.

Зүрх сэтгэлийн хувьд Ойрад Монголчууд бүх л цаг үед Монгол гэдэг нэг л цул үндэстэн гэдэгтэй санал нэг байсны баталгаа хүчээр ч хамаагүй халх Монголтой нэгдэх, оюун дүгнэлтийн хувьд нийт Монгол үндэстэн зөвхөн Алтан ургаас л хаан ширээг залгамжлах ёстой гэдэг дархлаатай тул Ойрадын ихэс дээдэс заавал Халхын ихэс дээдэстэй ураглаж угсаа залгамжлагчаа тодруулах, бодит нөхцөл байдлын хувьд Зүүн гарын газар нутаг унаган Монгол нутгийн хөрс шороон дээр бус одоогийн “Стан”-уудын нутгийг эрхшээж байсан тул багахан хазайхад доороос босох өөр үндэстэнүүд дээр бүрдсэн тул язгуур суурь нь хэврэг байв. Тиймээс Халх Ойрдын хуваагдмал байдлаар Монголын хүчирхэгжилтийг төсөөлөх аргагүй юм.

Яг л 
Үе дутуу үгс утгаа эс гүйцээх шиг 
Үндэс дутуу мод ургаж эс чадах шиг 
Халх, Ойрад үгүй аваас Монгол минь хагасарна 
Хаан хүн нэргүй бол төр минь хагасарна гэх шүлгийн мөрүүд шиг

Гэтэл засаглал, газар нутаг, ар талын бат суурь гээд олон зүйлээр эх суурь эш үндэс бүрэн төлжөөгүй Галдан бошигт Халхыг дайлаар мордоход хүний нутагт гадны нүүдэлчин овог аймгуудыг захирах ноёд нь тэр дороо шинээр хаан тодруулж төрийн эргэлт гарсан байна. Үүнээс хойш Зүүн гарын улсын нөлөө бүхий ноёдын түнжин хагаралт, хаан ширээний тэмцэл тасралтгүй явагдах болсон билээ.

Ингэж Зүүн гарт дотроос хүчин сулрах нөхцөл үүсэхэд аль хэдийн 1636 онд Өвөр, 1691 онд Халх Монголыг эрхшээлд оруулсан Манжийн төрд Монголчуудыг бүрэн эзлэх, стратегийн гол бүс нутгуудыг өөртөө нэгтгэх зорилго биелүүлэх дохиол өгсөн байна.

Дүгнэж хэлэхэд ийм нөхцөлд орохгүй байх хамгийн суурь нөхцөл бол эв эе, харилцан ойлголцол юм. Ингээд нүүдэлчин угсааны Монголчуудын хүчирхэг байсан үеэс эхлэлтэй, 500 гаран жилийн түүхтэй Тэнгэр уулын өмнө хойгуурх нутгаар нутаглаж байсан хүчирхэг Зүүн гарын хаант улс мөхсөн байна. Монгол угсааны нүүдэлчид байгуулсан төр, хант улсууд хүчирхэг байсан түүх цөөнгүй ч сулран доройтох болсон хамгийн гол шалтгаан нь эв нэгдэлгүй, тархай бутархай, нэгтмэл хүчгүй байж ихэс дээдэс эмс охид, эд хөрөнгө, эрх ямбанд умбаж эхэлсэнтэй холбоотой юм. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул.

Цаашлаад Зүүн гарын сүүлчийн хаан Даваач хэрхэн ямар зам туулж Хятадад хоригдсон, Амарсанаа энэ хоёрын хооронд юу болсон, Манжийн төрийн баримталж байсан бодлого, Монголын ард түмний тэмцлийн талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл түүхч Өлзийбаатар ахын сонсдог ном маш дэлгэрэнгүй сайхан тайлбарласан байгаа.

Буянаагийн Ган-Очир 2018.05.22
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ