А.Авир: Омбудсмений тогтолцооны эрх зүйн орчныг бий болгоно
2018 оны 7 сарын 19
А.Авир: Омбудсмений тогтолцооны эрх зүйн орчныг бий болгоно
- Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хуулийн төслийг ирэх сард боловсруулна -

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч А.Авиртай ярилцлаа.
-Хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Хороо ямар ажил хийж байна вэ гэдгээс яриагаа эхлүүлье.

- Төрөөс хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалж буй үйл ажиллагааг шууд утгаар нь нэг талыг барьж хамгаална гэж ойлгохоос илүүтэйгээр тэдний хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нөлөөлөх санхүүгийн болоод санхүүгийн бус хүчин зүйлс, тухайлбал, тайлан, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хэн нэгэнд давуу байдал олгохгүй, мэдээллийн гажуудлыг үүсгэхгүй, зах зээлийг шударга, ёс зүйтэй байгахад хяналт тавих, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх цогц үйл ажиллагаа гэж ойлгож болно. Санхүүгийн зохицуулах хороонд хуулиар санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг олгосон байдаг. Энэ хүрээндээ Хороо санхүүгийн зах зээлд оролцогчид, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр 2016-2021”-ийг батлан хэрэгжүүлж байна. Энэхүү үндэсний хөтөлбөрийн дагуу дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага, өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн боловсролын түвшинг харгалзан залуу үе, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байгаа. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хангах, хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнг дээшлүүлэх, уялдуулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Монголын Ипотекийн Корпораци, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг зохион байгуулсан. Үүний хүрээнд “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” Хороо үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, банкны салбарын 150 гаруй төлөөлөгч, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын төлөөлөл оролцсон “Санхүүгийн хэрэглэгчийн хамгааллын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байгаа.

-Хэлэлцүүлгээр ямар асуудлууд хөндөгдсөн бэ?

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хангах тогтолцоотой холбоотой өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Тэр дундаа иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлж, зохицуулалтын бодлого, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, гэрээний харилцаа болон зохицуулалтын технологийг хөгжүүлэх шаардлагатай талаар хэлэлцүүлэгт ирсэн оролцогчид санал нэгдэж, зохих түвшинд хамтран ажиллахаар тогтсон.

-Хувьцаа эзэмшигч хохирсон тохиолдолд хуулиараа ямар арга хэмжээ авдаг вэ?

Иргэн хуулийн этгээд нэгэнт хөрөнгө оруулснаар аль нэгэн нээлттэй компанийн хувьцаа эзэмшигч болсон тохиолдолд тухайн компанийн үйл хэрэгт оролцох эрхийг нь эдлүүлэх, эцэст нь хэрэв мэргэжлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас эрх нь хөндөгдсөн тохиолдолд шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэр гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлээс болж хувьцаа эзэмшигч хохирсон бол хохирлыг дундын сангаас нөхөн олгодог.

Олон улсын түвшинтэй харьцуулбал манай улсад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн хамгааллын өнөөгийн байдал ямар байна вэ?

Манай орны хувьд санхүүгийн зах зээл дээр хувьцаа эзэмшигчийн эрхийн хамгаалал боломжийн түвшинд хөгжсөн гэж үзэхээр байна. Давуу талаас нь дурдвал, Хорооны эрх зүйн байдлын тухай хуулиар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг олгосон байгаа нь G20-ийн зарчимд нийцсэн бол зарим орнуудад шинээр хуульчлах шаардлага үүссэн байх жишээтэй. Санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Хороо бүтэцдээ Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ыг 2015 оноос шинээр бий болгож, тус газарт санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий нэгжийг байгуулаад ажиллаж байна.

2016-2021 онд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрө батлаад хэрэгжүүлж байгааг би дээр хэлсэн. Энэ бол бас нэг давуу тал юм. Түүнчлэн эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах үүднээс “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Хороо Сангийн яам, Монголбанктай хамтран боловсруулж, Засгийн газрын 2017 оны 299 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт, зохицуулалтын орчны үнэлгээг хийх, зохистой хяналт шалгалтыг зааглах, хамгааллын эрх зүйн тогтолцоо, мэдээллийн ил тод байдлыг хангах, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн хүртээмжийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг тусгасан зэрэг нь хэрэглэгчийн эрхийн хамгааллыг улам дээшлүүлэх суурь нөхцлийг бүрдүүлж байна.

-Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хангахад тулгардаг хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?

-Давуу талууд байхын зэрэгцээгээр бэрхшээл, хүндрэлүүд цөөнгүй байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах сангийн тогтолцоо бүрдээгүй, олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмагаас өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах тухай ойлголт иргэдийн дунд хангалтгүй байгаа нь бэрхшээл үүсгэдэг. Хорооны санхүү, төсвийн хязгаарлагдмал байдалтай холбоотойгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжлийн оролцогчид болон иргэдэд чиглэсэн сургалт, мэдээллийн хүртээмж хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна. Одоогийн байдлаар санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг нь ХШЗГ-ын бусад чиглэлүүдийн зохистой /prudential/ хяналт шалгалтын чиг үүрэгтэй давхацсан, хэрэглэгчийн эрхийг хамгаалах голлох үйл ажилбар өргөдөл, гомдол шийдвэрлэхэд хамаарч байгаа нь зохицуулалтыг шинэчлэн сайжруулах, зах зээлийн мэдээлэлд суурилсан судалгаа, шинжилгээ хийх болон мэдээллийн ил тод байдал, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, өргөдлийг хүлээн авах, барагдуулах ажлыг цахимжуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд нөөц хангалтгүй байгаа. Эцэст нь хэлэхэд санхүүгийн зах зээл дахь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шүүхийн өмнөх шатанд маань санхүүгийн зах зээлийн маргаан шийдвэрлэх механизм болон хөрөнгө оруулагч, даатгуулагчийг хамгаалах сангийн эрх зүйн тогтолцоо бүрдээгүй байна.

-Цаашид энэ талаар ямар чиглэлийг баримталж ажиллах вэ?

-Их 20, OECD, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудын зарчим, судалгаа, зөвлөмжид тулгуурлавал, өнөөгийн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа нь зохицуулалттай байгууллагын зохистой хяналт шалгалттай сонирхлын зөрчил үүсдэг, ажлын хийдэл, давхардал үүсгэдэг, нөөцийн үр ашгийг бууруулдаг тул “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт”-ын нэгжийг тусад нь бий болгох шаардлагатай. Хяналтын нэгжийн эрх хэмжээ, чиг үүрэг нь зохицуулалт, бодлого боловсруулах, зайны болон газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах зэрэг юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын үйл ажиллагааг зохицуулалттай байгууллагын зохистой хяналт шалгалтаас маш тодорхой журамлан зааглаж, бие даасан хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Хорооноос хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглах үүднээс хяналтын нэгж нь үйл ажиллагааны хамгийн үр нөлөө бүхий тэргүүлэх чиглэлийг сонгох нь чухал, иймээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх бус санхүүгийн зах зээлийн мэдээллийн ил тод, нээлттэй байдал /transparency/-д нэгжийн үйл ажиллагааг төвлөрүүлж, энэ тал дээр нэгжийн ажилтнуудыг чадавхжуулж, мэргэшүүлэхээр ажиллаж байна. Учир нь мэдлэг, мэдээлэлтэй хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөх магадлал бага юм.

Түүнчлэн Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хорооны төлөөлөл Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж, гадаад орнуудын дэвшилтэт туршлага, тухайн орнуудын ижил хуулиудыг судалж, хуулийн үзэл баримтлал, төслийг боловсруулахаар ажиллаж байна. Учир нь Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гарсан маргааныг хуулийн дагуу шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэдэг бөгөөд энэхүү хуулийн төсөлд шүүхийн өмнөх шатанд санхүүгийн маргаан шийдвэрлэх бие даасан хараат бус механизм буюу омбудсмений тогтолцооны эрх зүйн орчинг бий болгохоор төлөвлөж байна.

-Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах стратеги төлөвлөгөөг боловсруулсан гэж дуулсан. Энэ тухай тодруулж ярих уу?

Хорооноос санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтын эрх зүйн орчин боловсронгуй болгох, санхүүгийн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах нэгжийн үйл ажиллагааг чадавхжуулах зэрэг үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэх юм.  Энэ гурван зорилтын хүрээнд хяналт, зохицуулалтын эрх зүйн орчны үнэлгээг IOSCO, IAIS, OECD, AFI зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт тогтоогч байгууллагын зарчмын дагуу гүйцэтгэж, дунд хугацааны төлөвлөгөө болон санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналтын бие даасан журмыг хэрэгжүүлэх, санхүүгийн байгууллагуудад өргөдөл, гомдлын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, санал, хүсэлт өргөдөл, гомдлыг хүлээн авах, барагдуулах, шаардлагатай мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг цахимжуулах, санхүүгийн байгууллагуудаас олон нийтэд хүргэж буй тайлан, мэдээллийг шинэчилсэн стандартад оруулах, компанийн засаглалыг сайжруулж, хараат бус, хүчтэй  дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт, нууцлалыг сайжруулах зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж эхлээд байна.

-Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны хамрах хүрээ өргөн. Тэгэхээр хяналтын шатны мэргэжилтнүүдийн шалгуур, ур чадвар тэр хэрээр өндөр байх учиртай байх?

Тэгэлгүй яахав, Хорооны болон санхүүгийн байгууллага дахь санал, хүсэлт өргөдөл, гомдлыг хүлээн авах, барагдуулах ажилтнууд мэргэжлийн ур чадвар, тухайн салбарт ажилласан ажлын туршлагатай байх ёстой, цаашид ч үргэлжлүүлэн мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулах шаардлагатай байдаг. Учир нь төрийн ч бай, бизнесийн ч бай, байгууллагын үйл ажиллагааг дүгнэх явцад хэрэглэгч буюу иргэд, олон нийтээс өгсөн үнэлгээ чухал байр суурь эзэлж, голлох үзүүлэлт болдог. Иймд санхүүгийн зах зээлд оролцогчид үүнд онцгой анхаарч, дээрх ажилтнуудын томилгоонд ач холбогдол өгөх шаардлагатай. Хэрэв үүнийг эс тооцвол, дээр дурдсан зорилгоос эсрэг нөлөө, үр дүн гарах эрсдэлтэй юм.

-Энэ оны эхний байдлаар Хороонд ирүүлж буй өргөдөл гомдол хэр зэрэг байна?

-2018 оны нэгдүгээр улирлын байдлаар Хороонд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар нийт 98 өргөдөл, гомдлыг ирүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Ирүүлсэн өргөдөл, гомдлын тоон үзүүлэлтүүдийг авч үзвэл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой нь 58.6, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой нь 17.8 хувиар өссөн бол даатгалын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол 2.4 хувиар буурсан бана. Мөн нэгдүгээр улирлын байдлаар хувьцаа эзэмшигчдээс 26 өргөдөл ирүүлсний 43 хувийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хувьцаа арилжаалсан гомдлууд эзэлсэн байна. Энэ гомдлуудад дурдсан өмчлөгчийн зөвшөөрөлгүй хувьцааг арилжаалсан үйлдлүүд нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 17 брокер, дилерийн компаниар дамжуулан 2000 оноос өмнө үйлдэгдсэн байдаг. Эдгээр тохиолдлууд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 2.20 дахь хэсгийг зөрчсөн үйлдэлд хамаарах учир Хорооны хянан шалгагчид зөрчлийн хэрэг нээж, прокурорын байгууллагын хяналтан дор хянан шийдвэрлэж байна.
Эх сурвалж: "Хүртээмжтэй санхүү" сэтгүүл. 2018.07 сар
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ