Өдрөөр биш үдшээр л
2018 оны 9 сарын 11
Өдрөөр биш үдшээр л
Өдрөөр биш үдшээр л
Өдөж та эхлүүлсэн шүү
Үнэнээр биш худлаар л 
Хүслээ та далдласан шүү 

Ийм л шөнөөр та бидэн 
Итгэлийн тухай бичиж сууна
Инээдтэй ч юмдаа хүүхэд шиг л
Эргэж буцаад төөрөлдөж байна

Сээтэн хаясан үгэнд тань 
Сэтгэл гэдэг хөнгөрсөөр 
Сэлгээ чөлөөгүй захидалд тань 
Унтаж чадалгүй уягдсаар …

Баяр баясал зүрхнээс атал 
Багтааж шингээхгүй магтаалаар яанам 
Үнэн сэтгэл тань хоосон атал 
Үнэмштэл намайгаа хуураад яанам

Эр ганцаар даарч яваа
Сэтгэлийг та хайхарсангүй
Эс чадах бүхнийхээ 
Төгсгөлийг та ч тооцсонгүй

Санаа давсан бодлыг минь 
Саванд нь буцааж юүлээрэй
Салж чадахгүй янагших
Шавхруу битгий үлдээгээрэй

Хальж асгарсан төсөөллийг минь 
Хаттал нь галдаж ширгээгээрэй
Эцсийг нь үзэхгүй тоглоомоо
Эхлүүлж битгий оромдоорой

Дурлаж өөрөө аальгүйтэх атлаа
Дундаас нь орхих муухай шүү
Дуучин шувуу шиг жиргэх атлаа
Дульмагхан үгтэй бол онцгүй шүү

Зориод ирсэн мөртөө
Зориг чинь хүрэхгүй эргэлзвэл
Зоргондоо нээсэн хаалга чинь
Эдгэж хаагдахад хэцүү шүү

Ил шулуухан шүлгийг минь 
Энд нь тайван оршуулаарай
Алхаж орохгүй үүдээ
Ахиад битгий тогшоорой

Чамин үгээр төөрүүлэх
Бодлын уранд хууртахгүй 
Час улаан уруулыг тань
Ганц л шөнөөр үнсэхгүй

Гоёчилж хэлсэн бүхэнд тань 
Хөөрч дээшээ нисэхгүй
Гонсойлгож орхисон аашинд тань
Нурнайж доошоо суухгүй ээ

Өнгөн дээрээ ухаан зараад 
Өөрийгөө та хуурч үлдэв 
Өвөр дотроо хүслээ хүлээд 
Үүрийн гэгээг тосон золгов

Б.МӨНХ-ОРГИЛ
2018.09.08-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ