Д.Хаянхярваа: Тэнгэрээс авч тавьсан тоогоор төсөв боловсруулдаггүй
2018 оны 10 сарын 15
Д.Хаянхярваа: Тэнгэрээс авч тавьсан тоогоор төсөв боловсруулдаггүй
2019 оны төсвийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх явцад Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихаа мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан төсөв тойрсон асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВААТАЙ ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж буй энэ үед Ерөнхийлөгч хориг тавихаа илэрхийллээ. Хэрвээ хүссэн өөрчлөлтийг нь хийхгүй бол улсын төсөвт хоёр дахиа хориг тавих нь. Түүний энэ үйлдлийг та эрх баригч намын бүлгийн даргын хувьд хэрхэн хүлээн авав?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ төсөвт хориг тавихаа илэрхийлсэн. Хориг тавих эсэх нь төрийн тэргүүний бүрэн эрхийн асуудал. Харин цаашдаа юу болох, төсвийг баталсны дараа яах вэ гэдэг асуудал л үлдэж байна. 

-Хэрвээ төсөвт хориг тавьчихвал ямар нөхцөл байдал үүсэх вэ. Нэгдүгээрт, төсөв батлах нь хуулийн хугацаатай, хоёрдугаарт, эхний хэлэлцүүлэг дууссан байгаа шүү дээ?

-Хориг тавилаа гэхэд чухам юунд, ямар үндэслэлээр вэ гэдэг нь чухал. Бид түүнийг нь судална, үүний дараагаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Хүлээж авна гэвэл төсөвт задаргаа хийж таарна. Авахгүй гэвэл УИХ мөн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж таарна.

-Ерөнхийлөгч төсвийн төслийн боловсруулалтыг эргэж харах тухайд тодорхой санал гаргасан. Энэ тухайд өөрчлөлт оруулах боломж бий юү?

-2019 оны төсвийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас гаргасан. Тэд Ерөнхийлөгчийн санал шүүмжлэлийн дагуу төсвийн төслийг эргэж харж, судалж үзэх байх. Шаардлагатай бол зарим өөрчлөлтийг хийгээд явахад болохгуй зүйлгүй гэж харж байна. Ер нь жил бурийн төсөв хэзээ ч сайн нэр зүүж байгаагүй. Төсөв батлах бурт өнөөдрийн гарч байгаа шиг хэл ам байсаар л ирсэн. Ялангуяа сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа асар их хэл амтай байдаг. "Сонгуулийн мөнгөө босгох гэж" байна гэх хэвшил болсон улстөржилт хэзээнээс л байсан. Эцсийн дүндээ ард түмний хяналт л сайн байх учиртай юм. Орон нутагт суулгасан төсвийн хөрөнгийг УИХ-ын гишүуд араас нь явж очоод хувьдаа авчихаад байна уу эсвэл тэнд ажил яваад байна уу гэдэгт тухайн орон нутгийн оршин суугч иргэд хяналтаа чангатгах хэрэгтэй. Төсөв хэлэлцэх явцад аль нэг аймагт төчнөөн хүүхдийн сургууль барина гэсэн бол тухайн орон нутгийн иргэд хяначих л даа. Үнэхээр өнөөх сургуулийг нь барьж байна уу эсвэл хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихов уу. Үүнд хяналт тавих нь тийм ч хэцүү ажил биш шүү дээ.

-Үг хэлэх нь төрийн тэргүүний бүрэн эрх ч гэпээ хэт улстөржсөн мэдэгдэл хийсэн нь хэн бүхэнд ил байлаа. Тухайлбал, Ерөнхийлөгч болсныхоо дараа хамгийн анх Ч.Хүрэлбаатар гишүүнийг сайдад нэр дэвшүүлэхэд хориг тавьж байсан. Гэтэл өнөөдөр энэ хүний талаар тухайлан дурдлаа, цаашлаад АТГ-ын удирдлагуудыг солих тухайгаа илэрхийлээд зогсохгүй энэ газрыг татан буулгах тухай хүртэл хөндлөө л дөө?

-Төрийн тэргүүн юу яриад, хэлээд байгааг, улс төрийн хүрээнд болж буй үйл явдлыг ард түмэн тунгаана биз дээ. Би энэ бүхэнд хувь хүнийхээ үүднээс шүүж тунгаагаад байх нь илүүц болов уу. Ер нь Монгол Улсын төрийн тэргүүн хүн бол энэ улс орны эв нэгдлийг илэрхийлэгч, сахин хамгаалагч байна гээд Үндсэн хуульд заагаад өгчихсөн байдаг шүү дээ. Тийм ч учраас аливаа асуудалд яриа хэлцлийн замаар, аль болохоор зөөлөн талаас нь ярьж шийдэх бодлого баримтлах нь зүйтэй болов уу гэж би хувьдаа боддог. Харин хувь хүн болон тодорхой байгууллагатай холбоотой асуудал дурдсан. Ингэж дурдсан нь тухайн байгууллага, хувь хүний л асуудал биз дээ. Үүнийг би шүүгээд байх шаардлагагүй.

-Ер нь ирэх жилийн төсвийн төслийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Хэр бодитой төсөв болсон бэ, таныхаар. Ерөнхийлөгчөөс авахуулаад сөрөг хүчний зүгээс ч өмнө нь байгаагүй данхар төсөв боллоо зэргээр шүүмжлээд байна?

-Би хувьдаа өөдрөг төсөв гэж харж байгаа. Анх удаа 10 их наяд давсан төсөв болсон. Гэхдээ Засгийн газар, Сангийн яамны зүгээс ирэх оны эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг ажиглаж, тооцоолж байж л төсвөө боловсруулсан байгаа шүү дээ. Энэ хүмүүс тэнгэрээс тоо аваад тавьчихаагүй байх. Улс орны эдийн засаг, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ханшийн өсөлт, бууралт зэрэг олон зүйлийг харгалзаж байж энэ төсвийг боловсруулсан гэдэгт эргэлзэхгүй байна.

-Орон нутагт их хэмжээний хөрөнгө Хуваариллаа гэж шүүмжлээд байна. Гэтэл нийслэлд амьдардаг хүмүүс орон нутгийн төсвийг шүүмжлээд байх нь хэр зохимжтой юм бэ?

-Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд би жишээлбэл, тийш төсөв хуваарилахыг дэмждэг. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд тус бүрт таван тэрбум төгрөг аймгуудад хуваарилсан байна. Гэтэл үүнийг эргэж татаад УИХ-ын гишүүд хааш нь хэнд хуваарилахаа шийдэх ёстой гэх мэтээр яриад байх юм. Би хувьдаа үүний эсрэг байдаг. Аймаг, орон нутгийн удирдлагуудад төсөв хөрөнгө өгөхөөр идэж уучихдаг гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл төвд ийм зүйл байдаггүй мэтээр ярьж болохгүй. Орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлж, төсөв хөрөнгө хуваарилж байж тэнд хийх ёстой ажлаа хийнэ. Бүтээн байгуулалт нь бий болно биз дээ. УИХ-аар төсөв хэлэлцэх бүрт л орон нутгийн удирдлагуудад хандаж шүүмжилсэн басамжилсан. Тэр бүү хэл, төсөв хөрөнгөө хэтрүүлж ашигладаг, идэж уудаг гэх нэр зүүдэг, зүүх гэж оролдоод байгаа хүмүүс байгаа нь нууц биш. Тэр хүмүүст хандаж хэлэхэд тухайн орчинд нь байгаад зовлон жаргалыг нь мэдэж байгаа хүн төсөв хөрөнгөө хуваарилж, асуудлаа шийдэж байвал хаана хаанаа хэрэгтэй юм.

-Уул уурхайгаас хэт хараат төсөв боловсруулчихлаа л гээд байгаа. Үеийн үед ийм л байж ирсэн. Энэ удаад тэгж их анхаарал татахаар хэмжээний төсөл боловсруулчихсан хэрэг үү?

-Одоохондоо манай эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай л байна шүү дээ. Яахав эдийн засгийг солонгоруулах тухайд аливаа ажил, арга хэмжээ авч л байна. Гэлээ гээд одоохондоо Оюутолгой, Тавантолгойдоо түшиглэхээс аргагүйг хаана хаанаа мэдэж л баймаар. Үүнийг шүүмжлэхээсээ бодитой төсөв гэж харах нь зөв байх. Харин цаашдаа эдийн засгийн өсөлт, орлого зарлагаа уул уурхайн өсөлтөд тулгуурлаж хийгээд байх уу үгүй юү гэдэгт анхаарах хандуулах ёстой гэдэгтэй санал нийлнэ.

-Төсвийн хуваарилалтад та хэр сэтгэл ханамжтай байгаа вэ. Сайд нарынх бусдаасаа хэт давуу болсон гэж гишүүд шүүмжлээд байна. Тухайлбал, танай тойрогт хэр хэмжээний төсөв хуваарилсан бэ?

-Энэ тухайд бусадтайгаа санал нийлэхгүй нэг зүйл байна. Тодруулбал, "гишүүний таван тэрбум" гэж ярьдаг. Гэтэл нийгэм болохоор улсын төсвөөс нэг гишүүн нь тэдэн төгрөг өөртөө авах гэж байгаа юм шиг ойлгох тохиолдол байна. Тэр мөнгийг би өөртөө авах гээд байгаа зүйл огт биш. Миний нэр дэвшин өрсөлдөж, гарч ирсэн тойрогт хуваарилсан мөнгийг л яриад байгаа юм шүү дээ. Мэдээж тойрог бүхэнд шийдэх ёстой асуудал бий. Тиймээс тойрог бүрт ойролцоогоор тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан гэсэн үг. Энэ төсөв хөрөнгөө чухам ямар ажил, арга хэмжээнд зарцуулахаа орон нутгийн удирдлагууд ИТХ-тайгаа зохицоод зарцуулах учиртай. Тэгэхээр үүнийг бид зөв ярьж сурах хэрэгтэй байгааг хэлье. Орон нутагт хуваарилж буй хөрөнгө мөнгө, ерөөсөө улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгөөр бүтдэг учраас УИХ-ын гишүүд зөв ярьж, зөв мэдээлэл түгээх нь чухал байгаа юм. Миний баримталдаг зарчим бол аймаг орон нутгийн удирдлагууд төсвөө юунд зарцуулахаар шийдсэн, би түүнийг нь л дэмжинэ. Жишээлбэл, миний хувьд аймгийн удирдлагуудаас саналыг нь сонсдог. "Дарханд тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгахаар байна. Юунд, хэрхэн зарцуулах саналаа ирүүл" гэдэг. Үүний дагуу ирүүлсэн саналыг нь л Сангийн яаманд хүргүүлчихдэг. Ер нь бид ингэж л явах ёстой юм.

-Төсөв батлах явцад УИХ-ын гишүүд тухайн тойргийг лоббиддог гэдэг утгаараа орон нутгийн төсвийн зарцуулалтад нөлөөлөх гээд байх шиг харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хөрөнгө оруулалтын бодлогод учир дутагдалтай нэг зүйл ажиглагдаад байна. Тухайлбал, энд төсөв батлах явцтай давхцаад УИХ-ын гишүүд хуваарилагдсан хөрөнгө оруулалтаа хэрхэн зарцуулах тухайд маргаан үүсгээд байдаг. Өөрөөр хэлбэл, аймгийн удирдлагууд "Ийм зүйлд зарцуулмаар байна" гэхээр эндээс тойргийн гишүүн нь "Үгүй, би ийм зүйлд зарцуулна" гэх мэтээр үзэл бодлын зөрүү үүсгэдэг. Энэ маш буруу. Улсаас олгосон төсвийг хэрхэн зарцуулах эрх нь аймгийн удирдлагууд болон ИТХ-д бүрэн хадгалагдаж байх ёстой. Яагаад гэвэл тухайн нутаг оронд ямар асуудал байна, түүнийг яаж шийдэх вэ гэдгийг тэд л хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ. Тиймээс энд санал зөрөөд байх шаардлагагүй. Харин эцсийн дүндээ аль аль талдаа гүйцэтгэл сайтай л байх ёстой. УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол төсвийн гүйцэтгэлд хяналт тавих асуудал. Өөрөөр хэлбэл, аймгийн удирдлагууд руугаа ярих, асуудал тавих хэрэгтэй. "Манай тойрогт төчнөөн төгрөгийн төсөв хуваарилсан, эдгээрийн ажил ямар шатандаа явна, ямар байдлаар хийж байна вэ" зэргээр хяналт тавиад явах хэрэгтэй.

М.Өнөржаргал
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ