С.Дөлгөөн: Гуаша бол зөвхөн иллэг биш, бүхэл бүтэн философи
2018 оны 10 сарын 22
С.Дөлгөөн: Гуаша бол зөвхөн иллэг биш, бүхэл бүтэн философи
Идэж буй хоол хүнс, амьдран буй орчин, өөр бас олон нөхцөл байдлаас шалтгаалан өдөр ирэх тусам бид хөгширч, бие махбодийн үйл ажиллагаа  муудаж байдаг. Үүнийг зогсоох, эрүүл, хүч чадалтай, гоо үзэсгэлэнтэй хэвээр урт удаан наслах боломжтой юу? Анагаах ухаан, технологийн дэвшил бидэнд үй олон боломж өгсөн ч энэ асуудлын төгс шийдлийг бид эрсээр л яваа. Дорнын ард түмний ахуй соёл, өөрсдийгөө эм хэрэглэлгүйгээр анагаах ухаанд харин гоо үзэсгэлэн, эрүүл мэндээ удаан хадгалах, өөрсдийгөө илүү залуу, чийрэг байлгах аргуудыг хэрэглэсээр иржээ. 2000 гаруй жилийн түүхтэй, Хятад төдийгүй Япон, Вьетнам, Сингапур зэрэг Азийн олон оронд өнөөг хүртэл өргөн хэрэглэгддэг эмчилгээ, гоо сайхны нэгэн арга бол гуаша иллэг билээ. 
Өдгөө Хятадад гуаша иллэгийн техник, аргаар мэргэшиж нэрд гарсан, гуаша эмчилгээний No1 мэргэжилтэн, холограф гуаша болон холограф судлалын гуашагаар гоо сайхан, эрүүлжих аргыг үндэслэгч Жан Шиүчин профессорын гарын шавь, мэргэжлийн ахлах зэрэгтэй багш С. Дөлгөөнтэй бид ярилцлаа. 

- Гуаша иллэг гэж чухам юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү? 
- Энэхүү эмчилгээний массаж нь БНХАУ-ын уламжлалт анагаах ухааны нэг цогц  хэсэг бөгөөд дотор өвчнийг гаднаас нь хусаж арилгадгаараа онцлог юм. Түүнээс гадна өөрөө өөрийгөө болон өрөөлийг эмчилж үр дүнг нь хурдан үздэг, эм тариа, цаашлаад  мэс заслын зардал хэмнэсэн, эрүүл мэнд болон гоо сайханых нь салшгүй хэсэг. Нөгөө талаар, сурахад хялбар, хэрэглэхэд амар, харахад ойлгомжтой, үр дүн нь илтэд мэдэгддэг эмчилгээний арга. Энгийнээр тайлбарлавал, эмчилгээний цэгүүд дээр даралт хийж,  эрдэс бүхий чулуугаар байгалийн аргаар арьсаа хусаж индүүдэх уламжлалт арга юм. 
Өөрөөр хэлбэл, арьсыг гуашадсаны дараа арьсны нүх сүв онгойж, хөлсний булчирхай идэвхжиж, хөлс бохирдлыг гадагшлуулж, нарийн болон хялгасан судсуудыг тэлж, цусны эргэлтийг сайжруулж, эсийг сэргээж, цусны жижиг эргэлтийг дэмжиж,  арьсны доор хуримтлагдсан бөглөрсөн судасны урсгалыг эрс сайжруулаад ирэхээр нүүрэн дээрх элдэв асуудлууд аажмаар цэгцэрч, тунгалгийн тогтолцоог гайхалтай дэмждэг гэсэн үг. 

- Гуаша иллэгийг хаана, ямар сургуульд сурч, арга техникийг нь эзэмшсэн бэ? 
- Гуаша эмчилгээ нь өөрөөхүний эрүүл мэнд, гоо сайханд шууд хамаатай, өөрийн гэсэн дэг, арга барилтай, өөртөө болоод хүнд иллэг хийх техник нь хүртэл өөр өөр байдаг учир мэргэжлийн сургалтад сурч, мэргэжлийн багшаар заалгах нь зайлшгүй чухал. Миний хувьд Хятадын эмчилгээны гоо сайхны Олон улсын зөвлөгөөний Эрүүл мэндийн мэргэжлийн дэд комиссын тэргүүлэх мэргэжилтэн, БНХАУ-ын ЭМЯ-ны эрүүлжих гуаша мэргэжлийн мастерын үнэлгээний норматив эксперт,  БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд, гоо сайхны салбарын хөгжлийн холбооны мэргэжилтнүүдийн комиссын ахлах, энэ салбарын тэргүүний мэргэжилтэн Жан Шиүчин багшийн тусгай сургалтад хамрагдаж, олон улсад гуаша иллэгийн хичээл заах ахлах зэрэгтэй мэргэжлийн багшийн  тусгай зөвшөөрлийг авах аз тохиосон. 

- Та Монголд явуулж байгаа сургалтын тань онцлог юу вэ? 
- Монголд одоогоор суурин амьдардаггүй учир Саран нүүрний йогтой  хамтраад нүүр, толгой, биеийн гуаша иллэг хийх сургалт зохион байгуулж байна. 
Түүний зэрэгцээ, гадаадад амьдардаг хүмүүст онлайнаар хичээл заадаг. Тухайлбал, саяхан Колумбид ажиллаж, амьдардаг йогийн багш  хүнд сургалт орлоо. Монголд ирж сургалтад суух боломжгүй, гэхдээ өөрийн гоо сайхан, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс, мөн харийн нутагт хүнд хөдөлмөр эрхлэх бус харин  өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, тэнд гуаша иллэгний үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүст ч энэ сургалтаар дамжуулаад шинэ боломж нээж өгч байгаадаа  баяртай байдаг.Мөн гуаша иллэгийг мэргэжлийн түвшинд хийх гоо сайханчдад сургалт зохион байгуулдагаас тэд минь энэ чиглэлийн үйлчилгээгээ нэврүүлсэн нь цөөнгүй байна.Бариа засалчид, тэр дундаа Өвөрмонголын уламжлалт эмчилгээний эмч хүртэл өөрийн үйл ажиллагаагаа тэлэхдээ надаас сургалт авсан багагүй тоо бий. Гуаша иллэгийнхээ сургалтын зар, цаашлаад хүнд хэрэгтэй гэж бодсон мэдээллүүдээ би “Dulguun guasha” гэсэн фэйсбүүк хуудсан дээрээ хуваалцаад явдаг.

- Ер нь гуаша иллэгийн сургалтад суухдаа юуг анхаарах вэ? 
- Гуаша нь зөвхөн иллэг төдий биш гоо сайхан, эрүүл мэндтэй шууд хамаатай эмчилгээ, цаашлаад өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт учир багшаа, сургалтаа зөв сонгох нь нэн тэргүүнд чухал. Хүн бүрийн бие махбодь өөрийн онцлогтой, бидний арьс ч хоорондоо адилгүй, тулгарсан асуудал нь өөр тул олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэг хараад сурна гэсэн ойлголт байхгүй, зөвхөн мэргэжлийн зөвшөөрөлтэй, хүнд заах дадлага туршлагатай, цаашлаад энэ талын онол болоод практикийн мэдлэгтэй багшаар заалгах хэрэгтэй. 
Нөгөө талаар онлайнаар зарж буй тос, гуаша ялтас худалдаж авах нь ч эрсдэлтэй алхам. Жишээлбэл, гуаша хийсний дараа арьсны бүх нүх сүв онгойсон байдаг тул хүчтэй, химийн орц ихтэй, цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх нь аюултай. Мөн эмчилгээ гэдэг утгаараа орчны халуун, хүйтний хэм ч чухал. Ийм нарийн дэг, өөрийн гэсэн арга барилыг интернэтэд байгаа мэдээллүүд тусгахгүй, тэр бүү хэл ном сурах бичигт нь ч  заагаагүй байдаг. Жан Шиүчин багш маань гуаша эмчилгээний тухай олон ном, товхимол гаргасан ч арга техник, иллэг хийх цэгүүд, бүтээгдэхүүнийхээ талаар зөвхөн өөрийнхөө зохион байгуулдаг тусгай сургалт дээрээ л заадаг. Мөн гуаша иллэг хийхдээ хэрэглэх тосоо худалдах нэрийн дэлгүүр ч гэж байдаггүй, гарын шавь нартаа зөвхөн захиалгаар нийлүүлдэг. 

- Орчин үед гоо сайхны асар олон үйлчилгээ гарч байна. Гуаша иллэг юугаараа тэднээс ялгарч байна вэ? 
- Нэг сонирхолтой судалгаа саяхан уншлаа л даа. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүндээ химийн 100 гаруй нэгдэл агуулсан зүйл хэрэглэдэг болсон гэж байна. Нөгөө талаар, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг агуулсан асар олон бүтээгдэхүүн, үйлчилгээ гарсаар буй. Таван минутын дотор үрчлээ тэнийлгэх тарилга, эсвэл долоо хоногийн хугацаанд нөсөө арилгах бүтээгдэхүүний орц найрлага хэр хүчтэй вэ,  дээр нь эргээд үйлчилгээгээ удаан барих, эсэх, цаашлаад арьсанд хор нөлөө үзүүлэх үү гэдэг том асуудал. Хурдан үр дүнгээ өгөх, хүчтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ минь арьс болоод эрүүл мэндийн асуудлыг түр хугацаанд л дарах, гал унтраах зориулалттай зүйл. Гэтэл эрүүл мэнд, гоо сайханд тулгарсан нөгөө асуудал минь шийдэгдээгүй, эмчлэгдээгүй хэвээр үлдэж байгаа юм. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд үрчлээтнэ, эргээд нөсөө гарч болно. 
Гуаша иллэг нь үндсэн асуудлыг нь шийдэж эмчлэхийн зэрэгцээ  эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах, илүү сайхан, илүү өв тэгш болгож чаддаг. Энэ иллэгийг амьдралын хэвшлийнхээ нэг хэсэг болгосноор өөрт байгалиас заяасан эрүүл мэнд, гоо сайхнаа авч үлдэж чадна гэсэн үг. 
Бид гоо сайхан, эрүүл мэндээ алдсаны дараа үнэтэй, хүчтэй үйлчилгээ, эмчилгээ хийлгэснээс илүүтэй үгүй болохоос нь сэргийлэх нь  чухал гэж санаа  Дорнын философид бий. Баруунд ч гэсэн одоо энэ хандлага хүчээ авч, иог, эрүүл хооллолт, цаашлаад уламжлалт эмчилгээ, гоо сайхны аргууд дэлгэрч байна шүү дээ. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо ч орц найрлагыг нь харж судалдаг боллоо. Нөгөө талаар, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг бүгдийг нь бичих, хүчтэй химийн нэгдэл агуулаагүй, байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн бол үүнийгээ танилцуулах хандлага үйлдвэрлэгч, брэндүүдийн хувьд маш чухалд тооцогддог үе ирчихлээ шүү дээ. Ийм хандлага, өөртөө буй эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах, бие махбод болоод арьсныхаа өөрийгөө анагаах чадварыг дэмжих дадал, зуршлыг эрхэмлэх чиг хандлагыг  дагах нь зөв болов уу гэж бодож байна. 

- Тэгэхээр гуаша гэдэг нь зөвхөн иллэг төдий бус, эмчилгээ, цаашлаад хүний амьдралын хэвшил хэмнэлд ч чухал нөлөө үзүүлж чадах зүйл байх нь гэж ойлгож болох уу? 
- Тийм. Өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, одоо байгаа зүйлээ арчлан тордох, хэвээр нь хадгалах гэдэг нь өөртөө, энэ бие махбодидоо үзүүлж байгаа хүндлэл гэж ойлгож болох юм. Арьс, биеийнхээ онцлогийг олж мэдэх, цаашлаад өөртөө тохирсон, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, биедээ шим, тэжээл өгөх хүнсээ сонгох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг бидний амьдралыг олон талаар, сайн сайхнаар өөрчлөх цогц хэмнэл, бүхэл бүтэн философи юм шүү дээ. 
Өөр нэг зүйл гэх юм бол, гуаша иллэгийг хийж сураад, арга техникийг нь эзэмшсэнээр өөр өөртөө ажлын байр бий болох боломжтой. Саяхан би Өвөрхангай аймагт амьдардаг, өрх толгойлсон нэгэн эмэгтэйд гуашаны сургалтыг үнэ төлбөргүй заалаа. Энэ сургалтад сууснаар тэр хүн минь өөрөө өөртөө иллэг хийхээс гадна бусдад ч гуаша хийгээд ажлын байраа бий болгочих боломжтой болж байгаа юм. 
Цаашид ч гэсэн нийгэмд тустай ийм ажил хийхээр төлөвлөж байна. 
Энэ дашрамд өгүүлэхэд, гуаша иллэгний тухай гарын авлагаа бас гаргалаа. 

-Таны цаашдын ажилд амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа. 

Эх сурвалж http://www.info.mn
С.Дөлгөөн: Гуаша бол зөвхөн иллэг биш, бүхэл бүтэн философи
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ