М.Батбаатар: Агаарын бохирдолд зарцуулсан 164 тэрбум төгрөгөөр 25000 айлыг орон сууцжуулж болох байсан
2018 оны 10 сарын 25
М.Батбаатар: Агаарын бохирдолд зарцуулсан 164 тэрбум төгрөгөөр 25000 айлыг орон сууцжуулж болох байсан
Өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлуудад иргэд “муу” дүн тавьж буй. Утааны эсрэг олон арга хэмжээг туршсаар байгаа ч амжилт олоогүй нь шүүмжлэл дагуулахын үндэслэл болж буй юм.
Агаарын бохирлыг бууруулах хамгийн шилдэг арга нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг бүгд мэддэг хэрнээ хэрэгжүүлж амжихгүй байгаа. Харин агаарын бохирдол гэсэн томъёоны ард мөнгө завших арга нуугдаж байж мэднэ гэсэн хардлага дагалддаг. Энэ талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж ярилцлаа.

-“Цэвэр агаар сан”-д аудитын шалгалт хийгээд олон зөрчлийг илрүүлсэн талаар саяхан тайлагналаа. Тайланд Засгийн газар 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад 164 тэрбум төгрөг, 153 сая ам.доллар зарцуулсан гэж мэдээлж байна. Гэвч утаа буураагүй. Энэ мөнгө юунд зарцуулагдсан гэж Та бодож байгаа вэ?

-Утааг багасгах янз бүрийн ажилд улс төрчид их оролцсон. Буруу зөрүү хийсэн ажлынхаа үр дүнд өнөөдөр тэд нэг зүйлийг ойлгосон байна. Тэр дундаас би нэг л үр дүн олж харлаа, бусдыг нь би сайн мэдэхгүй юм. Миний олж авсан ганц үнэн юу вэ гэхээр төр, засгийн болон ард иргэдийн хэмжээнд энэ утааг орон сууцжуулж байж эрс багасгана гэдэг нэг ойлголцолд хүрсэн явдал.

Түүнээс биш мөнгийг нь хуваагаад идчихсэн гэх нөхдийг би хараагүй, гэхдээ үр дүнд хүрээгүй гэдэг нь үнэн. Төр засгийн хувьд мэргэжлийн гэдэг утгаар биднээс санал авч байдаг. Гэвч тэрийг хүлээж аваад боловсруулдаг мэргэжилтнүүд нь мэргэжлийн бус хүмүүс байдаг нь ажил царцаахад хүргэдэг. Тэд тэрийг ойлготлоо бас өдий байна даа.

-Мэргэжлийн бус хүмүүс салбарын яаманд, төрийн байгууллагад мэргэжилтэн хийгээд явдаг. Тэдний салбарын тухай ямар ч ойлголт байдаггүй, мэдлэггүй толгой шийдвэр гаргадаг сайд дарга нарынхаа “нүдийг сохолчихдог” гэж хэлэх гээд байна аа даа?

-Нэг нам төрд гарахаараа хүмүүсээ сольдог. Бодлого алдагдаад байгаа шалтгаан бол энэ халаа сэлгээ. 2012 оноос хойш Засгийн газар 1.5 жил болоод огцорсон. Одоо зургаан дахь Засгийн газар нь ажиллаж байна. Тэгэхээр орон сууц хариуцсан мэргэжилтэн, орон сууц хариуцсан хэлтсийн дарга хоёр гэхэд мөн л зургаан  удаа солигдсон гэсэн үг. Бодлогын яаманд одоо бүр орон сууц, гэр хоёроо ч ялгадаг хүн байхгүй боллоо шүү дээ. Бодлого, шийдвэр хоёроо ялгадаг мэддэг мэргэжилтэн ч гэж байхгүй боллоо.

-Аудитын тайланд зөвхөн утааг багасгахын тулд 8 жилийн дотор 164 тэрбум төгрөг, 153 сая ам.долларыг зарцуулсан гэсэн тоо дурдагдсан байгаа. Энэ бол их хэмжээний мөнгө. Гадны зээл, тусламжаар орж ирсэн ам.долларыг мартъя. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн 164 тэрбум төгрөгөөр дунджаар хэчнээн айлын орон сууц  барьж болох вэ. Мэргэжлийн байгууллагын хүнд нэг багцаа байгаа биз дээ?

-Энэ  бол 25000 айлын орон сууц барих мөнгө. Өөрөөр хэлбэл 45-57 м.кв, 1-2 өрөө орон сууц барих хэмжээний хөрөнгө шүү. Ойролцоогоор агаарын бохирдол үүсгэж байгаа Сүхбаатар дүүргийн гэр хорооллын дийлэнхийг орон сууцжуулж болох байсан гэсэн үг.

-Гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн тодорхойлолт бий болоод мөн л цөөнгүй хугацааг үдэж байгаа. Гайхмаар үр дүн бас гарахгүй л байна. Агаарын бохирдолд үр дүнгүй зарцуулсан нэг дүүргийг орон сууцтай болгох мөнгө бол хайран сонсогдож байна. Ийм алдааг давтахгүйн тулд юу хийх ёстой вэ. Танд ямар санаа байна?

-Барилга хот байгуулалтын яаман дээр “Орон сууц-Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Энд Монголын барилгачдын холбоо, Монгол даатгал, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд оролцож байгаа. Мөн ипотекийн журмыг шинэчлэх асуудлыг ярьж байна.

Ирэх оны улсын төсөвт орон сууцны чиглэлийн ипотекийн зээлд 115 тэрбум төгрөг суулгаж байгаа нь өмнөх төсвүүдээс бага тоо юм. Тэгэхээр үүнийг ихэсгэх арга замыг бид эрэлхийлж байна. Төсөв хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа учраас бид өөр асуудлыг дэвшүүлж байгаа юм.

-Барилгын компаниуд эдийн засаг хүнд байна гэдгээ Танд дуулгаж байгаа биз дээ. Иргэдийн худалдан авах чадвар муу байна. Тэр дундаа үл хөдлөх хөрөнгө худалдан авна гэдэг хүнд асуудал болсон. Нөгөө талд барилгын компаниудад борлогдоогүй баахан байр, орон сууцууд байна. Их хэмжээний мөнгө царцчихаад байгаа. Эрэлт, нийлүүлэлт хоёрыг зохицуулах ямар арга зам байна вэ?

-Хүнд л байгаа. Ипотекийн систем нь буюу цаад худалдан авах иргэдийг дэмжсэн систем нь 115-хан тэрбум төгрөгийн хэмжээнд буугаад ороод ирэхээр орон сууцны чиглэлийн компаниудын ирээдүй нэлээд бүүдгэр болж байна. Гэхдээ бусад бүтээн байгуулалтад ордог барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн ирээдүйн дүр зураг гайгүй харагдаж байгаа.

Ер нь орон сууцыг хурдан зарах ганцхан арга бол үнийн бодлого. Үнээ л буулгах хэрэгтэй. Гэхдээ хувийн хөрөнгөөр баригдчихсан учраас үнийн асуудал тодорхой үр дүнд хүрэхгүй. 4000 гаруй айлын орон сууц савираад л, маш цөөн тоогоор борлогдож байгаа дүр зурагтай л байна.

Хувийн хөрөнгөөр хувийнхан өөрсдөө бариад өндөр үнээр зарж байгаа асуудалд төрийн оролцоо бага. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлага гаргаж, арилжааны банкууд өөрсдөө механизмаа өөр хэлбэрээр оруулахгүй бол бидний зүгээс хүчлэх чиг үүрэг байхгүй. Барилгын үнийн хөөсийг буулгах ганц арга бол үнээ буулгах, зах зээлээ мэдрэх.

Цааш нь яривал орон сууцжуулалт төрийн бодлого болох хэрэгтэй. Механизмуудыг шинэчлэх хэрэгтэй. Ипотекийн системийн санхүүжилтийн эх үүсвэрийг үнэт цаасжуулах хэрэгтэй. Энэ мэтээр эрс шийдвэрийг гаргах ёстой л доо.

Ярилцсан Я.ХУЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ