Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ
2018 оны 10 сарын 26
Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний үр дүнг танилцуулж байна. Энэхүү Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг Швед Улсын Байгаль орчны агентлаг, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ.

Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа өнгөрсөн 10 гаруй жил огцом нэмэгдэж, түүний улмаас байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй, ноцтой нөлөөллүүд үүсч буйг олон улсын болон үндэсний байгууллагууд, судлаачид баримтад үндэслэн анхааруулж ирсэн байна.Гэвч өмнөх судалгаанд анхааруулж байсан байгаль орчин, нийгэм, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх асуудал 2016 оноос улам даамжирч, ноцтой үр дагаварт үүсч буйд орон нутгийн удирдлага, иргэд санаа зовниж, зохих дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахыг холбогдох олон улсын ба үндэсний байгууллагуудад санал хүсэлтээ хүргүүлсээр иржээ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан ХЭҮК-оос санаачлан Швед Улсын Байгаль орчны агентлаг, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийх, энэ явцад орон нутгийн иргэд болон нүүрс тээврийн үйл ажиллагаанд оролцогч жолооч, бусад ажилтнуудын эрхийн асуудлыг үнэлэх ажлын даалгаврыг боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дагуу энэхүү үнэлгээний ажлыг гүйцэтгэв.

Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ (ХЭНБҮ) гэж юу вэ?

2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөл "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хамгаал, Хүндэл, Эрхийг Сэргээ хэмээх бодлогын хүрээг хэрэгжүүлэх Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-ыг баталсан юм.[1] "Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим” нь бизнесийн үйл ажиллагаанд "Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ” (цаашид ХЭНБҮ гэх) хийх суурь үзэл баримтлал болдог.

"Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим” нь үндсэн 3 тулгуур зарчмаас бүрддэг. Үүнд:

•Нэгдүгээр зарчим - Хамгаал. Төр нь зохистой бодлого, зохицуулалтаар дамжуулан хүний эрхийг гуравдагч талууд зөрчихөөс хамгаалах үүрэгтэй. Үүнд бизнесийн байгууллага хүний эрхийг зөрчихөөс хамгаалах үүрэг ч хамаарна.

•Хоёрдугаар зарчим - Хүндэл. Аж ахуйн нэгж байгууллага нь хүний эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ. Энэ нь "үл хохироох” гэдэг зарчимд тулгуурлана. Аж ахуйн нэгж байгууллага нь эрсдлийн судалгаа, нөлөөллийн үнэлгээ, хуулийг чанд мөрдөх зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан хүний эрхийг зөрчихөөс сэргийлэх ёстой. Аж ахуйн нэгж байгууллага шууд бус байдлаар хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаанд оролцох, хамааралтай байх нь энэ зарчимд харшилна.

•Гуравдугаар зарчим - Эрхийг сэргээ. Эрх нь зөрчигдсөн иргэд буюу хохирогчид эрхээ хамгаалах шүүхийн ба шүүхийн бус тогтолцоог бий болгох шаардлагатай. Төр нь хуулийн хүрээнд хохирсон иргэдийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэм буруутай этгээдэд шүүх болон захиргааны аргаар хариуцлага тооцох ажлыг хариуцах ёстой. Мөн төрийн зүгээс хохирсон иргэдэд мэдээллийн болон бусад шаардлагатай туслалцааг үзүүлэх тогтолцоог бий болгож, компаниудаас иргэдийн гомдлыг хэлэлцэх, хохирлыг барагдуулах үр дүнтэй механизмыг бий болгохыг шаардаж, хяналт тавих хэрэгтэй. Компаниуд иргэдийн гомдол, саналыг хүлээн авч, яриа хэлэлцээрийн зарчмаар шийдвэрлэх механизмтай байх шаардлагатай.

ХЭНБҮ нь тодорхой бодлого, хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох үйл явц юм. ХЭНБҮ-ний гол зорилго нь нөлөөллийг тодорхойлж, гарч болзошгүй сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга замуудыг илрүүлж, тодорхойлох байдлаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал юм.[2]

Тавантолгойн бүлэг ордын ХЭНБҮ-ний зорилго, ажлын цар хүрээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын боловсруулсан "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийх Ажлын даалгаварт дараах 4 чиглэлд үнэлгээг хийхийг тусгасан байна. Үүнд:

•Уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж, үнэлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээний санал зөвлөмж гаргах

•Нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны улмаас малчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхэд үзүүлж сөрөг нөлөөллийг үнэлэх

•Нүүрс тээвэрлэлтэд оролцож буй ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхийн хэрэгжилтийг үнэлэх

•Цогтцэций сумын жишээнд тулгуурлан хөдөлгөөнт хүн амын тоо огцом өссөнөөс үүдэлтэйгээр гарч буй болон болзошгүй хүний эрхийн болон нийгмийн эрсдлүүдийг үнэлэх зэрэг болно.

Эдгээр чиглэлийн дагуу энэ бүс нутагт өрнөж буй уул уурхай ба нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны байгаль орчин (агаарын бохирдол, тоосжилт, бэлчээр, хөрсний эвдрэл, усны нөөц, хангамж гэх мэт), нийгмийн (эрүүл мэнд, амьжиргаа, соёл, нийгмийн харилцаа, төрийн үйлчилгээ гэх мэт) нөлөөлөлтэй харилцан уялдаатайгаар хүний эрхэд үзүүлж буй шууд ба дам нөлөөллийг тодорхойлох зорилгыг гүйцэтгэгч байгууллагын зүгээс дэвшүүлж хэрэгжүүллээ.

Энэхүү үнэлгээ нь хүний эрхэд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах арга хэмжээг талуудын оролцоо, зөвлөлдөх уулзалтуудын үндсэн дээр тодорхойлж, хамтарсан шийдэлд хүрэхэд туслан оролцох зарчим баримталсан болно...

Цогтцэций сумын төв (Өгөөмөр баг) болон Цагаан-Овоо багийн иргэдээс авсан судалгаагаар 80 орчим хувь нь тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн ихээр тулгамдаж буй асуудал гэж үзсэн.

Тавантолгойн бүлэг уурхай нь Цогтцэций сумын төвөөс маш ойр зайд оршдог хийгээд говийн бүс нь салхи шуурга ихтэй байдаг учраас олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тоосжилтын гол эх үүсвэр болж байна. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас Гашуунсухайтын зам хүртэлх нүүрс тээвэрлэлтийн шороон замаас их хэмжээний тоосжилт үүсдэг. Хатуу хучилттай зам багатай, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөн их, олон машин хурдтай давхих зэрэг шалтгаанаар сумын төв орчмын тоосжилт сүүлийн жилүүдэд ихэссэн болохыг оролцогч талууд хүлээн зөвшөөрч байна.

Гэвч өнөөг хүртэл Тавантолгойн уурхайн бүсийн тоосжилтын эх үүсвэрүүд, тоосжилтын тархац, байгаль, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн талаар хээрийн цогц хяналт шинжилгээнд үндэслэсэн судалгаа хийгдээгүй байна. Тавантолгойн уурхайн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тоосжилттой холбоотой хэсэг нь бие даасан суурь судалгаанд тулгуурлаагүй, уурхайн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнүүд, бусад хоёрдогч эх сурвалжуудыг ашиглаж хийгдсэн нь учир дутагдалтай байна.

Нүүрсний ил уурхай нь асар их хэмжээний хатуу хаягдал болон тоос ялгаруулдаг. Олон улсын туршлагаас үзэхэд нүүрсний ил уурхайн тоосжилт үүсгэгч эх үүсвэр тус бүрээс ялгарах тоосжилтыг хэмжиж, түүнийг ихээс бага руу эрэмбэлж, хамгийн их тоосжилт үүсгэгч эх үүсвэрт авах арга хэмжээг технологийн ба санхүүгийн хамгийн оновчтой хувилбараар төлөвлөж хэрэгжүүлдэг. Тавантолгойн бүлэг уурхайн хувьд жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тоосжилтыг бууруулах талаар авах арга хэмжээг тусгахдаа ихэнхдээ замын усалгааг сайжруулах арга хэмжээг төлөвлөсөн боловч зам арчилгааны шинэ технологи нэвтрүүлэх, замын хучилтаа сайжруулах, тоосжилтын бусад эх үүсвэрүүд болох хөрсний овоолго, нүүрс овоолох, нүүрс ачих, тэсэлгээ хийхэд үүсэх тоосжилтыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ төлөвлөхгүй, хөрөнгө зарцуулахгүй байна. Компаниуд тус бүртээ ойн зурвас байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг хөтөлбөр хэрэгжүүлдэг боловч тоосжилтыг бууруулахад ямар үр нөлөө байгаа нь бүрхэг байна.

Тавантолгойн 3 уурхайн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөнийхээ дагуу уурхайн орчмын агаарын чанар, тоосжилтын хэмжилтийг хийж байна. Гэвч хэмжилтийн агуулга, хүрээ, аргачлал, үр дүнгийн ил тод байдал маш учир дутагдалтай байна. Эрдэнэс Тавантолгой ба Тавантолгой компанийн хувьд тоосжилтын хэмжилт хийх хугацаа нь стандартад зааснаас богино учраас стандартад заасан 24 цагийн болон жилийн дундаж ямар байгааг тодорхойлох боломжгүй, улмаар шинжлэх ухааны үндэстэй дүн шижилгээ хийх боломжгүй хэрэгцээгүй мэдээлэл бий болгож байна. Эрдэнэс Тавантолгой компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө нийт тоосонцорыг хэмжих унац цуглуулах хэмжилт хийнэ гэсэн боловч үр дүн нь ил тод биш, тогтмол хийдэг эсэх нь тодорхойгүй байна. 3 компаниас зөвхөн Энержи Ресурс компани иргэдийн оролцоотой тоосны хэмжилт хийдэг гэж мэдээлсэн боловч иргэд хэрхэн оролцож, хяналт тавьдаг нь бүрхэг байна. Энержи Ресурс компани зөвхөн нарийн ширхэгт тоосонцор хэмжиж байгаа нь ил аргаар нүүрс олборлох үед үүсэх тоосжилтын гол бүрэлдэхүүн болох том ширхэгт тоосонцорын хэмжээ, тархалтыг үл ойшоосон хачирхалтай хандлага юм.

Нэг бүлэг ордыг тал бүрээс нь олборлож буй хөрш 3 уурхайн хувьд тоосны хэмжилтийн арга зүй нь ялгаатай, мэдээлэл солилцдоггүй, мэдээлэл нь ил тод бус байгаа нь тоосжилтыг бодитой хэмжих, байгаль орчинд, нийгэмд, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах компанийн нийгмийн хариуцлага маш бага байна гэдгийг харуулж байна. Ойролцоогоор 20-30 сая төгрөгийн үнэтэй нэг л ширхэг Дасттрак багажаар жилдээ 20 орчим сая тонн нүүрс олборлож, хамгийн багадаа 1000 тонн тоос ялгаруулж буй эдгээр 3 уурхайн тоосжилтыг хэмжих, хяналт тавих ямар ч бололцоогүй юм. Говийн хуурай бүсэд 7000-10000 орчим хүн байнга амьдарч, ажиллаж буй суурингаас 2-10 км зайд нүүрсийг ил аргаар олборлож байгаа нөхцөлд хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг зөв тодорхойлж, эсрэг арга хэмжээ авах боломжийг хааж байна.

Тавантолгойн бүлэг уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн сүүлийн 10 орчим жилд Цогтцэций сумын иргэдийн зүгээс тоосжилт ихсэж, амьсгалын тогтолцооны өвчлөл нэмэгдэж, амьдрах орчин, эд хөрөнгөд хохирол учирч байгааг гомдол санал гаргаж ирсэн боловч агаарын чанар, тоосжилттой холбоотой хяналт шинжилгээ, байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээлэл маш хомс байна. Цогтцэций сум нь 10000 хүн амд эзлэх амьсгалын тогтолцооны өвчлөлөөр сумдаас хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Цогтцэций сумын хэмжээнд оношлогдсон өвчлөлийн 49.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл байгаа ба нийт өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчлөлийн эзлэх хэмжээ 2006 – 2014 онд жил бүр нэмэгдсэээр 32.7-оос 55.7 хувь хүртэл өссөн байна. Сумын төвийн орчимд тоосжилт ихсэж өвчлөл нэмэгдэхийн зэрэгцээ сэтгэл санаа, эд материалын хохирол үүсч байна.

Агаарын тухай хууль нь Улаанбаатар болон аймгийн төвүүдийн агаарын чанартай холбоотой асуудалд төвлөрч, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлага, орон нутгийн нөлөөллийн бүсүүдийн асуудлыг орхигдуулсан. Уг хууль болон байгаль орчны хуулиудад тоосжилтыг хянах, бууруулахад чиглэсэн аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг тодорхойлсон журам алга байна.

Тавантолгойн уурхайнууд Монгол улсын нийт агаарын бохирдлын төлбөрийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Зөвхөн Эрдэнэс Тавантолгой компанийн 2018 оны батлагдсан төсвийг үзэхэд энэ онд агаарын бохирдлын төлбөрт 10 тэрбум төгрөг төлнө. Гэтэл Агаарын тухай болон агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн үзэл баримтлал, мөн Агаарын бохирдлын эсрэг үндэсний хөтөлбөрт нүүрсний уурхай орчмын агаарын бохирдлын асуудал, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн эрсдлийн талаар орхигдсон нь шударга ёсонд нийцэхгүй байна. 2010 онд Агаарын бохирдлын төлбөрийг хурааж эхэлснээс хойш нүүрсний уурхайн шууд болон дам нөлөөнд автсан Цогтцэций суманд агаарын бохирдолтой тэмцэх, тус сумын бүртгэлтэй 7000 гаруй, мөн тооны бүртгэлгүй иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж нэг ч төгрөг зарцуулаагүй байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ