Миний найз - Миний аав
2018 оны 11 сарын 7
Миний найз - Миний аав
Хот болон орон нутгийн 7~14 насны 227 хүүхдээс НАЙЗ ГЭЖ ХЭН БЭ? гэсэн асуулгыг явуулахад тэдний 52% нь "НАМАЙГ СОНСДОГ, ОЙЛГОДОГ" хүнийг хэлнэ гэсэн хариултыг өгчээ.

Тэгвэл танд хүүхдийнхээ хамгийн сайн найз нь болох алхамуудаас танилцуулъя.

1. Хүүхэдтэйгээ ярилцах боломжийг эрж хайж байгаарай. Ямар нэг ажлыг хүүхэдтэйгээ хамтдаа хийх нь чөлөөтэй илэн далангүй ярилцах боломжийг олгодог.

2. Юу хийхийг нь заан өгөх биш өөрөө санаачлан хийх боломжийг өгөөрэй. Өөрөөр хэлбэл хийх ажлыг нь сонголуулах. Жишээ нь: Гэрээ цэвэрлэ! гэж тушаахын оронд, хувцас хатаах, аяга угаах, хог шүүрдэх ажлуудад аавдаа туслаж болох уу, алийг нь хиймээр байна? г.м ингэснээр хүүхэд бие даан шийдвэр гаргах, өөртөө итгэх итгэл бий болдог.

3. Хүүхдэдээ захиа бичиж үзээрэй. Томоос том зүрх зураад дэрэн доор нь үлдээсэн ч болно. Бяцхан цааснаас аавынхаа хайрыг маш ихээр мэдэрч чадахаас гадна бусдад сэтгэлийн халуун дэм өгдөг сэтгэлтэй, ил захидлын хэрэглээний соёлтой болно хүн шүү дээ. Хайраа илэрхийллээ гээд та болон хүүхэд тань сул дорой нэгэн мэт биш харин ч бусдад сэтгэлээ зөв илэрхийлэх дадал хэвшлийг олж авдаг.

4. Хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ удаан хамт байхдаа гол нь биш үр дүнтэй хамт байх нь чухал. Амралтын өдрөөрөө хэдий гэртээ байгаа ч компьютерийн ард суун, телевизор үзэн эсвэл унтаж үгүй бол утсаа маажиж өнгөрүүлдэг аавын хүүхэд өөртөө итгэлгүй, сул дуутай, үг ярианы баялаггүй, бусадтай тохиромж муутай хүн болж өсдөг гэсэн статистик байдаг. Аав та хүүхэдтэйгээ хамт тоглон, хүүхдийнхээ яриаг идэвхтэй сонсож, эв хавгүй байсан ч хамтдаа тоглож байвал хүүхэд аз жаргалтай байж өөртөө итгэлтэй болдог.

5. Хүүхэдтэйгээ хамт олон мартагдашгүй дурсамжийг үлдээгээрэй. Хожим хүүхэд насаа дурсан санахад тэр үе түүний амьдралд нь үргэлж хүч нэмж байдаг юм шүү. Шинэ жилээр хүүтэйгээ хамт Санта өвөө болох юм уу, охиноо цасан охин болгон ангийнх нь нөхдийг баярлуулсан ч болно шүү дээ.

6. Хүүхдээ олон нийтийн үйл ажиллагаанд дэмжин оролцуулж, нийгэмд хийж болох бага ч болов зүйлийг хамтдаа хийж байгаарай. Цэцэрлэг, сургуулийнх нь хашаанд хамтдаа мод тарих ч юм уу, цэвэрлэгээнийх нь ажилд оролцож ч бас болно.

7. Та зориуд зав гаргаж сардаа нэг удаа хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулиар очиж анги даасан багштай нь уулзан сэтгэгдлээ солилцон, сургууль цэцэрлэгийнх нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаарай. Магадгүй таны санаанд ороогүй зүйлийг ч сануулж болно.

8. Хүүхдийнхээ эерэг үйлдлийг хөхиүлэн дэмжиж урамшуулж байгаарай. Хүүхэд дүүтэйгээ болон найзуудтайгаа эвтэй тоглох, ээждээ туслах, хувцасаа эвхээд тавих, шүдээ угаах гэх мэт тохиолдолд бага боловч тэднийг урамшуулж байгаарай. Эд материал болон мөнгөн хэлбэрээр хүүхдээ урамшуулахаас татгалзах хэрэгтэй. Энэ нь цаашдаа хүүхдийг ямар нэг болзолтойгоор аливааг хийдэг болгох муу талтай. Мөн ёстой МУНДАГ, СУПЕР, ХАМГИЙН УХААНТАЙ гэх мэт хэт хөөрөгдүүлсэн хоосон урамшуулал хүүхдийг биеэ хэт тоох гэх мэт сөрөг нөлөө үзүүлэх нь их байдаг тул хүүхдээ урамшуулахдаа тухайн хийсэн үйлдлийг нь урамшуулж ЧИ ЧАДЧИХЛАА, БОЛЖ БАЙНА, ООК, ЧАДНА ГЭДГИЙГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙСАН ЮМ АА гээд гарыг нь цохих мэтээр бодитоор урамшуулж байгаарай.

9. Хааяа ярилцах шаардлагатай бол хүүхэдтэйгээ хоёулхнаа болзоод үзээрэй. Оройн хоол идэх ч юмуу, явган алхах ч юмуу, тоглоомын газар хамтдаа очих, эсвэл гэртээ хоёулхнаа үлдэж гэр бүлийнхэндээ амтат хоол бэлдэнгээ яриа өрнүүлэх ч бас сайхан л санаа шүү.

10. Хүүхдээ ирээдүйд аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлтэй байгаасай гэ хүсдэг л бол ээжийг нь халамжил, хамгийн дээдээрээ хайрла. Хүүхэд хажуугаасаа л үлгэрлэдэг.

Г.Төмөрзаяа /БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр/
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ