Ж.Мөнхбат: Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй
2018 оны 11 сарын 7
Ж.Мөнхбат: Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат олон нийтийн цахим сүлжээгээр гурван тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан гэсэн мэдээлэл гарсан. Тэрбээр өнөөдөр уг асуудалд албан ёсны тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гудамжны 16 дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байгаа. Гэхдээ тэр гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Уг байрыг худалдан авсан бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг авдаг.

Уг ХОМ-тээ би өөрт байгаа өмчөө тодорхой бичсэн. Тухайн үед манай гэр Зайсангийн "Сөүл рояль каунти" хотхонд 250 м.кв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан. Түгжрэлээс болоод хотын төв рүү буюу бидний хэлж заншсанаар Натурын зам дагуу байр авсан. Ингэхдээ “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдаалсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн. Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-тээ ч тусгасан. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган амьдардаг ч айл биш.

Нөгөө талаар би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-тээ бичсэн. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март” зэрэг уран сайхны кино хийсэн. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивласан. Энэ нь багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил биш. Хэрвээ би үүнийг хийхгүй бол 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс уг ажлыг зохион байгуулсан. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж хууль бусаар намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа” гэв.

Х.Заяа
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ