Монгол төр хэдхэн хүний ТОГЛООМЫН ӨРӨГ болчихов уу
2018 оны 11 сарын 20
Монгол төр хэдхэн хүний ТОГЛООМЫН ӨРӨГ болчихов уу
Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд зээл авсан дуулианд дөрөөлөн Ерөнхий сайдыг унагаах ажиллагаа тал талд өрнөж, өнөөдөр бүр хүчээ авлаа. Нөгөө жигүүрт УИХ-ын даргын суудлыг ганхуулах тухай ид ноцож байна. УИХ дахь сөрөг хүчний хувьд бол ойлгомжтой, МАН-ын алдааг хэдэн талаас нь боорлохоо тэсэн ядан хүлээж суугаа. 

Гэтэл УИХ-д 64 суудалтай “Бүдүүн” бүлгийнхэн өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдөө унагаахаар гарын үсэг цуглуулж, бөөн бөөнөөрөө хэвлэлийн хурал зарлан мунхаглаж байгаа нь олны нүдийг орой дээр нь гаргах шахаж байна. Тухайлбал, Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулахаа мэдэгдэж, үүнтэй дөрөө харшуулсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ыг тараах тухай мэдээлэл хийж, гарын үсэг цуглуулна хэмээн бантав. 

Өнөөдөр олны өмнө Засгийнхаа эсрэг хөтлөлцөн гарч ирсэн 27 гишүүнийг хараад ард түмэн элэг доог болгох нь болгож, эх орон, төрөө дээдэлдэг олон нийт тэдний увайгүйг ам уралдан ярьж байна. Жиргэж байна, шуугиж байна, бухимдаж, бүр хашхирч байна!

Уг нь өнгөрөгч 2016 оны үнэмлэхүй ялалт бол зөвхөн Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордонд суугаа хэдэн “мануухай”-нуудын гавьяа биш, сонголтгүй болсон иргэд арга ядахдаа “дээлийн шинэ хүний хуучин” гэж МАН-д үнэмлэхүй ялалт өгсөн болохоос биш хэн нэгэн М.Энхболд, Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваад санал өгөөгүй юм. Гэтэл өөрсдийн гавьяа мэтээр аашилж, иргэдийн энэ итгэл үнэмшил дээр тоглож байгааг харахад тийм ч таатай бус байж таарна. Төр гэдэг хэдхэн хүний тоглоомын өрөг шиг болчихож байгааг ч хаа хаанаа ярьж байна. 

Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийнхөө суудлыг “Гурван хөлтэй” болсныг мэдсэн УИХ-ын дарга М.Энхболд Д.Хаянхярваагийн Бүлгийн даргын суудлыг золигт гаргаж, улмаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэрийг ч гаргаж ирсэн. Үүний дараа Д.Хаянхярваагаар Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулуулсан нь бүгд М.Энхболдын У.Хүрэлсүхийг буланд шахаж, улмаар тохиролцооны ширээнд дуудсан “урилга” төдий зүйл байв. Өөрөөр хэлбэл, улс төрийн нэгэн энгийн ажиллагаа юм. Гэтэл М.Энхболд У.Хүрэлсүхийг тохиролцоонд дуудсан гал дундуур сайдын сэнтий, тендер зүүдэлсэн 20 гаруй нөхөр засгийг огцруулах гарын үсэг зурчихаад олны өмнө ил гарч ирлээ. Тэр дунд нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт байсан Ж.Бат-Эрдэнэ, өдгөө ажиллаж байгаа Ц.Цогзолмаа нар байгаад олон нийт бүр ч гайхширч байна.  Ж.Бат-Эрдэнийн өмнөөс бүр олон нийт ичээд, нүүр хийх газраа олж ядаж байгаа бололтой. "Засгийн байранд төрийн албан хаагч амиа алдсан нь ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ үндэслэл болно" гэсэн бичигт гарын үсгээ зурсан Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайд байхад нь тус яамны ажилтан амиа алдсаныг тэр мартдаг юм бол ард түмэн мартаагүй. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрынхаа эсрэг гарын үсэг зурах болсон нь бас л гайхал төрүүлж байна. Түүнийг дарамт, шахалтад оруулж, айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан гэх ч мэдээлэл байна.

Нэг намын тогооноос олон жил хооллосон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрт наанадаж МАН-ын, цаанадаж улс эх орны эрх ашгийг өчүүхэн төдий ч бодолцох ухаан дутахгүй байх. Бүр больё, өөрсдийнх нь эрх ашиг гэж бүхнээс илүү, уул овоо шиг зүйл байгааг мартаж болохгүй.

Хамгийн харамсалтай нь, том дарга нарынхаа энгийн ажиллагаа, “урилга”-ыг ойлгоогүй гарын үсэг зурсан нөхөд хамгийн ихээр бантахдаа “ичсэн хүн хүн ална” гэдэг шиг “Засгийн газар нь ч огцоръё. УИХ нь ч таръя. Ард түмэн дүнгээ тавих ёстой” хэмээн хэзээ ч бүтэшгүй зүйл ярьж гарын үсэг цуглуулах тухай ярьж, хэвлэл мэдээллийнхэнд хандаж эхэллээ. 

Хоёр том дарга нэгэнт хэлэлцээрийн ширээний ард суусан нь үнэн бол хэн ч жиргээд Засаг огцрохгүй. УИХ тарна гэдэг өөрөө хэзээ ч бүтэшгүй хууль эрх зүйн орчинтой гэдгийг ч тэд мэдэж байгаа ч бантсандаа юу ч хамаагүй бурж, арьсаа хамгаалж байгаа нь энэ байх. Ёстой өнөөх “Хогийн шороо хийсэв ч хөх тэнгэр будахгүй” гэдэг шиг одоо бүх зүйл өнгөрсөн. Хэн ч юу ч гэж хэлээд УИХ-ын дарга хэвээрээ, парламент хэвээрээ, Засгийн газар ч хэвээрээ 2020 оны нүүрийг үзэх нь тодорхой болж байх шиг. Өнөөдөр гомдогсдын армиас мэдээлснээс харвал 27 гишүүн сайдын сэнтий зүүдлэн, гарын үсэг зурчихаж. Гэтэл АН-ын яахаас буцахгүй нөхдийг оруулаад ч 39 хүрэхгүй учраас ийнхүү бухимдалдаа багтарч яваа бололтой.

Өөрийн эрх ашгийн төлөө Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж байгаа нөхдөд хэцүү нь хэцүү л байгаа хөөрхий. Хамгийн наад зах нь “Бүдүүн” бүлгийн дунд эвгүй байдалд орж, сонгогч олныхоо өмнө ч нүүр хийх газаргүй болж байгаа хэрэг шүү дээ. Айсуй 2020 оны сонгуулиар яваад очихдоо хүн харах нүүр үлдээх гэсэндээ ийнхүү хаа хамаагүй бантаж яваа хэрэг шүү дээ.

С.Баяр
Эх сурвалж: www.zindaa.mn
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ