Танин мэдэхүй: Зөрүүд хүүхэд
2018 оны 12 сарын 5
Танин мэдэхүй: Зөрүүд хүүхэд
Хүн бүр, хүүхэд бүрт зөрүүд зан байдаг. Түүнийгээ хэдийд, ямар үед их илэрхийлээд байгааг зөв таних нь л энэ занг даамжруулахгүй барих гол түлхүүр юм.

Магадгүй таны хүүхэд бусдаас өөр сонголт хийдэг, нийтлэг биш сонирхолтой байхад та түүнийг нь зөрүүдтэй андуураад өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэвэл хүүхдийн онцлог арилж хэн ч биш болох магадлалтай. Энд хүүхдийн бүтээлч, хийсвэрлэх сэтгэлгээ нуугдаж байж ч магадгүйг анхаараарай. Тиймээс та хүүхдийнхээ сонголтыг 1-рт тавьж сайн анзаарах хэрэгтэй.

Хүүхэд олон шалтгаанаар зөрүүд авир гаргадаг.
- Бусдын анхаарлыг татахын тулд (Хайрлуулах, аргадуулах, магтуулах)
- Гомдсон үедээ
- Хэт эрхлүүлсэн хүүхэд
- Ойрхон дүүтэй хүүхэд
- Айлын ганц хүүхэд
- Хэт дэг журамтай байлгах гэвэл

Хүүхдийг зөрүүд зан гаргасан үед нь боль, зүгээр бол, битгий гэх мэт захирч тушаасан өнгөөр харьцах нь үр дүнд хүрэхгүй. Таны "Болохгүй" ихэдвэл хүүхдийн зөрүүд салахгүй. Тиймээс та дараах арга хэмжээг авч болно.

✳ Хэсэг ганцааранг нь үлдээ. Энэ үед хүүхэд өөрөө тайвширч хийсэн үйлдлээ ч эргэцүүлээд амждаг. Ингээд тайвширсан үед нь болсон явдлын талаар юу буруу болохыг яагаад хориглоод байсан тухайгаа тайлбарлаж ярилцах хэрэгтэй.

✳ Зөрүүдлээд байгааг нь анзаараагүй дүр эсгэх.

✳ Зөрүүдлээд нэхээд байгаа зүйлээс нь санамсаргүй байдлаар анхаарлыг нь сарниулж өөр зүйлд анхаарлыг нь татах гээд үз.

✳ Хүүхдэд зөрүүдлэх нас гэж байдаг. Дийлэнхдээ 3-4 насныхан зөрүүдэлдэг. Энэ насанд нь буюу зөрүүд зан анзаарагдаад эхэлбэл хөгжим сонсгох, насанд нь тохирсон зурагт номыг тогтмол уншиж өгөх (тогтмол гэдэг нь 7 хоног бүрийн Мягмар, Бямба гарагийн оройн хоолны дараа гэх мэт ном унших яг тогтмол хуваарь чухал), аав ээж хамтдаа хүүхдийн аянд бүжиглэх нь их үр дүнгээ өгдөг.

✳ Мөн "дийлдэхгүй" зөрүүд болсон хүүхэд нь дэлгүүрт тоглоом авна гээд тэрийгээд уйлахад ээж нь ч мөн яг тийм үйлдлийг хийж туршиж байсан сэтгэлзүйн үр дүнтэй арга байдаг. Бүүр дийлдэхгүй үед л энэ арга үр дүнтэй.

�� Дийлэнхдээ эмээ өвөөгийн халамжинд байсан, эмнэлэгт удаан хэвтсэн хүүхдүүдэд дээрх зөрүүд, зоргоороо зан илэрдэг.

�� Гол нь, зөрүүд зантай хүүхэдтэй ажиллаж буй аав ээж асран хамгаалагч та өөрөө маш хүлээцтэй, тэвчээртэй, ТУУШТАЙ байх хэрэгтэй.

�� Удмын зөрүүд гэж барагтай байхгүй шүү. Таны хандлагыг хуулбарлагч, танаас үлгэрлэгч л бий!

Г.Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ