Танд хэрэгтэй зөвлөгөө: Зөв амьсгалахын ашиг тус
2018 оны 12 сарын 5
Танд хэрэгтэй зөвлөгөө: Зөв амьсгалахын ашиг тус


Гүйлт, гэдэсний таталт, булчингийн дасгалуудыг түр хойш нь тавья. Бидний өдөр тутам, зөв хийх ёстой хамгийн чухал дасгал бол “амьсгалах” юм. Хүн болгон л амьсгалж чадна ш дээ гэж үү? Үгүй дээ, цааш нь уншаад үз.
Гүнзгий амьсгаа авлаа, гаргалаа...
Гүнзгий, зөв амьсгалах гэдэг уг нь бидний хором тутамд хэрэгжүүлдэг хэвшил байх ёстой. Энэ нь биднийг урт наслуулж, илүү эрч хүчтэй, аз жаргалтай болгодог. Ганц удаа гүнзгий амьсгалахад л хүний бие хүчилтөрөгчөөр хангагдан стресс мэдэгдэхүц багасдаг. “Дэндүү давчуу” нийгэмд амьдарч байгаа бид даанч ойрхон ойрхон, хурдан хэмнэлтэй амьсгалсаар байгаад үүндээ дасчихсан байдаг. Гэхдээ жаахан л хичээл зүтгэл гаргахад гүнзгий амьсгалах нь бидний амьдралын салшгүй бас марташгүй нэг зуршил болох боломжтой.

Яг одоо яаж амьсгалж байгаагаа ажигла даа. Биеийн чинь аль нэг хэсэг амьсгалын чинь дагуу хөдөлж байна уу? Хэрэв үгүй бол хэтэрхий богинохон хэмнэлтэйгээр амьсгалж буйн шинж юм.

Хэрхэн зөв амьсгалах вэ?
Өдөр бүр ядаж хэдхэн секундыг ухамсартайгаар, удаанаар, нэгэн хэмнэлээр, уушигныхаа гүнд хүртэл агаарыг сорон амьсгалахад зориул. Уушгаа агаараар тэлэгдэн томорч байна гэж бод. Угаасаа л тэгдэг юм. Богинохон, түргэн, гүнзгий биш амьсгал нь уушигны багахан хэсгийг л дүүргэдэг. Өөрөөр хэлвэл бид өөрт байгаа эрүүл мэндийн боломжийнхоо тун бага хувийг ашиглаж байна гэсэн үг. Зөвхөн цээж рүүгээ бус, хэвлий рүүгээ оруулж амьсгал. Гүн амьсгалснаар өрцний булчин уушгийг доош нь татаж, багтаамжийг нь сунган, хүчилтөрөгчийг бүхэл уушгаар дүүргэх боломжтой болгож буй нь тэр. Амьсгалыг авахад 3-4 секунд, гаргахад мөн адил хугацаа орох нь хамгийн зохистой хэмжээд тооцогддог . 
Одоо амьсгалаа авахдаа ингэж төсөөлөөрэй. “Уушиг чинь агаараар тэлэгдэж, цээж чинь бага зэрэг төвийж, өрц чинь уушгийг чинь доош нь сунгаснаар хэвлий чинь урагш түрж байна. Уушгаа тултал нь дүүргэчихээд удаахнаар буцаан гаргаж, хэвлий буцан байрандаа очиж, уушиг агаараа гаргаж байна. Амьсгал авахад чинь цав цагаан гэрэл эсвэл алтан шаргал нарны туяа биеийг чинь цэнэглэж, амьсгалаа гаргахад дотор чинь хуримтлагдсан бүхий л сөрөг зүйлс, хортой бодис гадагшилж байна.” Нүдэнд харагддаггүй л болохоос яг ийм үйл ажиллагаа бидний биед явагддаг.

Зөв амьсгалахыг яаж хэвшил болгох вэ? 
Өглөө болгон дор хаяж 10 гүнзгий амьсгал авчихаад босч байхыг өөртөө сануул. Энэ тоог аажим аажмаар нэмсээр өдөржингөө амьсгалдаг болно. Хоёр гурав хоног идэвхтэй хийж байснаа мартах бус харин өдөр бүр жаахан жаахнаар хийж байж л хэвшил болдог юм шүү.
Мөн ажлын компьютер, гэрийнхээ хөргөгчин дээр гүнзгий амьсгалахыг сануулсан пост наа. Ялангуяа компьютер дээр удаан ажилладаг хүмүүс урдахдаа төвлөрөөд, ухамсартайгаар амьсгалахаа бүр мартчихдаг. Хүчилтөрөгчийн дутагдал бүхий л биед, ялангуяа тархинд сөргөөр нөлөөлнө. Гэтэл компьютер дээр ажиллах үед бид оюуны өндөр ачаалал авдаг бөгөөд тэр их эрч хүчийг зарцуулахад шаардагдах хүчилтөрөгчөөр биеэ хангаагүйгээс болоод стресстэж, толгой өвддөг юм.

Гүнзгий амьсгалахын ач тусууд: 
1. Илүү тайван болно
Гүнзгий амьсгалах нь чиний оюун санаа бие махбодийг амрааж, төвийг сахихад тусална. Богино, түргэн амьсгалах үед хүчилтөрөгчйн дутагдлаас үүдэн бидний биеийн булчингууд зангирдаг. Уур хүрэх үед бүх бие чангарчихдаг даа? Тэгэхээр хурдан хурдан амьсгалах үед амархан ядарч бухимдан, эсрэгээрээ ядарч бухимдсан үед амьсгал илүү богиносдог юм.

2. Биеэс хорыг гадагшлуулахад тусална
Бидний бие бүх цугларч буй хорынхоо 70 хувийг амьсгалаараа дамжуулан гадагшлуулахаар бүтээгдсэн байдаг. Жишээ нь, нүүрстөрөгчийн хий нь биеэс тогтмол гадагшлах ёстой хорт бодис юм. Энэ нь цуснаас уушиг руу шилжиж амьсгалаар гадагшилдаг. Харин бидний уушги богинохон хэмнэлтэйгээр амьсгалах үед биеэс хорыг гадагшлуулах бусад системүүд “илүү цагаар” ажиллаж байж л үүнийг ялгаруулах хэрэгтэй болдог. Энэ их ачаалал нь бидний биеийг сульдааж, өвчлөлд өртөмтгий болгодог юм.

3. Өвчнийг илааршуулна
Гүнзгий амьсгал авах нь эндорфин гормоны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг. Харин эндорфин бол натурал өвчин намдаагч.

4. Илүү аз жаргалтай болгоно
Хүчилтөрөгчийн хангамж нь тархинаас сэтгэл хөдлөлийг удирдаж, баяр баясгаланг нэмэгдүүлэх бодисын ялгаралтыг дэмждэг.

5. Бөгтөрийг засна
Бөгтийх хэвшил нь буруу амьсгалахтай шууд холбоотой байдаг. Гүнзгий, зөв амьсгалах үед бие чинь цаанаасаа тэнийж ирэхийг чи мэдэрч болно. Уушгийг дүүргэх нь цээжээ шулуутгаж, илүү цэх зогсоход дэмжлэг болж өгдөг.

6. Тунгалгийн системийг сайжруулна
Бид цусны эргэлтийн талаар мэдээлэл сайтай хэрнээ, цуснаасаа бараг хоёр дахин их хэмжээгээр биед агуулагддаг тунгалгийн системийг анхаардаггүй. Зүрхний цохилтоор цусны эргэлт хөдөлгөөнд ордог бол, тунгалгийн систем нь амьсгалаар ажилладаг. Цусны эргэлт маань хүчилтөрөгч болон хэрэгцээтэй шимт бодисуудыг эсүүдэд түгээдэг. Эсүүд ашигтай зүйлсээр хангагдахаараа хог хаягдлаа “тунгалгийн далай” руу цутгадаг юм. Тунгалгийн систем нь үхэжсэн эсүүд болон эсүүдийн гаргасан хаягдлыг зайлуулах үүрэгтэй. Харин үүнийг хөдөлгөгч хүч нь хүчилтөрөгчийн эргэлт учраас гүнзгий амьсгалж гэмээнэ бие маань цэвэрлэх үйл ажиллагаагаа зохистой хэмжээнд сайн хийнэ гэсэн үг.

7. Зүрх судасны багтаамжийг сайжруулна
Яг л дасгал шиг. Аеробикийн дасгал нь өөх тосыг шатаадаг бол, анаеробик буюу булчингийн дасгал нь глюкозыг энерги болгон хувиргадаг. Тиймээс зүрх судасны багтаамжаа сайжруулан, хөдлөх тутамдаа дээрх хоёрыг шатааснаар бид нэмэлт өөх хуримтлуулахгүй байх боломжтой.

8. Чамайг эрч хүчтэй болгоно
Уушгийг дүүргэх нь цусны эргэлтийг эрчимжүүлснээр дархлааг сайжруулдаг. Цусанд хүчилтөрөгчийн агууламж хэдий чинээ их байна, түүний ачаар бие хорт бодисоо гадагшлуулж, сайн амарч, стрессээс салж, цогцоороо л энергээр хангагдана. 
Гүнзгий амьсгал авах нь бидний биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулан өвчинд өртөмхий байдлыг бууруулдаг гэдэг нь дээрхээс харагдаж байна. Гэтэл үүнийг бид ямар ч дарамт хүндрэлгүйгээр, маш амархан хийж болно. Яг одоо хэвлийгээ төвийтөл гүнзгий амьсгаа аваад...хэвлий далд ортол татаж гаргаад...
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ