“Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно
2018 оны 12 сарын 6
“Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургууль, Монголын Эмнести Интернэшнл хамтран "Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиумыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү симпозиумд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсролын салбарын ажилтан, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, бизнес эрхлэгч, хуульч, хууль сахиулагч, хөдөө орон нутгийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, механизмыг хэрхэн сайжруулах, хэрхэн хүртээмжтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ эрхээ мэддэг иргэнийг төлөвшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр санал санаачлага, шийдлийг эрэлхийлэх юм.

Боловсролоор дамжуулан Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд энэхүү симпозиум тодорхой хувь нэмэр оруулах бөгөөд хүний эрхийг хангах нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх арга зам болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Хүний эрхийн боловсрол нь аливаа хамт олон төдийгүй нийгэмд хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамтын үүрэг хариуцлагаа ойлгон ухамсарлах явдлыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог. Ингэснээр хүний эрхийн зөрчил болон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, тэгш эрх ба тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих, ардчилсан тогтолцоон дахь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулдаг. Хүний эрхийн боловсролын талаар зохион байгуулж буй энэ удаагийн симпозиумаар одоогийн хүний эрхийн боловсрол олгож буй тогтолцоо, бодлогын хэрэгжилтэд судалгаа үнэлгээ хийж, дэмжлэг үзүүлэх, амжилттай хэрэгжиж буйг нь онцлох, тэдгээрийг үргэлжлүүлэх буюу өргөжүүлэх, шинэ хөтөлбөр боловсруулах явдлыг дэмжих юм.

Дэлхийн бусад улс орнуудад хүний эрхийн зарчмуудын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн ололт, амжилтад хүрсэн байдаг. Харин манай оронд албан болон албан бус боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг тодорхой хэмжээгээр олгож байгаа ч өдөр тутмын үйл хэрэг болж иргэд, хүүхэд залуус хүний эрхийн соёл, хандлагатай болж төлөвшиж чадахгүй байна.

Симпозиум дараах сэдвүүдийн хүрээнд явагдана. Үүнд:
• Орчин үеийн хүний эрхийн хөгжил, чиг хандлага, асуудал, үзэл баримтлал болон хүний эрхийн боловсролын асуудал; 
• Хүний эрхийн боловсрол, соёлыг үнэлэх, бэхжүүлэх нь;
•Хүний эрхийн боловсролын заах арга зүй, сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сайн туршлага;
• Хүний эрхийн боловсрол нийгмийн хөгжил дэвшилд, хүний эрхийн уулзварт тогтвортой, бизнес эрхлэх нь;
• Аппликэйшн, цахим сургалтын бааз, онлайн хөтөлбөр зэрэг мэдээллийн технологийг Хүний эрхийн боловсролд ашиглаж буй сайн туршлага, ололт амжилт.
Уг арга хэмжээний үеэр нийт 9 салбар хуралдааны хүрээнд манай улс дахь хүний эрхийн боловсролын асуудлыг хэлэлцүүлж, хамтын байр суурийн баримт бичиг, Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний зураглал, зөвлөмжийг гаргах явдал юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ