Б.Лхагвасүрэн: Гадаад валютын нөөц сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд хүрсэн
2018 оны 12 сарын 20
Б.Лхагвасүрэн: Гадаад валютын нөөц сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд хүрсэн
“Bloomberg finance forum” хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, валютын ханшийн тогтвортой байдал болон түүний зохицуулалт, мөнгөний бодлогын орон зай, төлбөрийн тэнцэл, төсвийн зарлага, хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн ба Төв банк болон олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөл, эдийн засагч, бие даасан шинжээч нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцогчдын асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

- Арилжааны банкуудын актив өнөөдөр ямар хэмжээнд байна вэ. Түүний дотор иргэдийн хадгаламжийн хувь хэмжээ өсч байгаа юу?

- Банкны салбарын актив өсөхөд хадгаламж хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлж байна. Энэ нь санхүүгийн салбарт итгэх иргэдийн итгэл хэвээр гэдгийг харуулж байгаа юм. Мөн банкуудын тайлангаас үзэхэд пассивын 30 гаруй хувь нь ам.доллар байгаа нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалт талдаа идэвхтэй байна гэж харагдана. Гэвч миний бодлоор ам.долларын зээлийн хүү төгрөгийнхөөс арай бага байдаг учраас компани, аж ахуйн нэгж энэ төрлийг илүү сонирхдог зүй тогтол байдаг. Хоёрдугаарт, эдийн засаг сэргээхээр аж үйлдвэрийн түүхий эд, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх нь нэмэгдэж байна.  Үүнтэй уялдаж импорт өсч байгааг ганцхан тооноос харахад, энэ оны III улирлын байдлыг өнгөрсөн онтой харьцуулахад нэг тэрбум ам.доллараар өссөн. Үүний 70 гаруй хувь нь тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө байгаа бол 30 хувь нь хэрэглээний зүйл байгаа бөгөөд нийт 350 сая ам.долларын импорт хийжээ. Ерөнхийдөө макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байхад ам.долларын ханш огцом хөдлөх суурь шалтгаан байхгүй гэж Монголбанк үзэж байна.

- Өнгөрсөн сард валютын ханш хурдтай өссөн шүү дээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

- Арван нэгдүгээр сард валютын ханш хөдөлсөн нь экспортын 80 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, түүний дотор 50-аас дээш хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортод тодорхой хэмжээний саатал гарч, нэвтрэлт багассанаас гадаад худалдаанд хүндрэл учирлаа гэж олон нийт харж байна. Гадаад талдаа АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмж, худалдааны бодлогод огцом өөрчлөлт гарсан. Ам.долларын бодлогын хүү сүүлийн арваад жил 0.5 хувьтай байсныг хоёр жилийн дотор ойр ойрхон нэмж, одоо 2.25 хувьтай болгосон нь ам.долларын эрэлтийг зөвхөн Монголд биш дэлхий даяар нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Гэхдээ Монголбанкны зүгээс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу богино хугацаанд ханшийг тогтвортой байлгах үүднээс нийлүүлэлт хийж ирсэн. Оны эхнээс 1.2 тэрбум ам.долларын нийлүүлэлт хийгээд байна. Одоо Монголбанкны гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар байгаа нь сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд очсон учраас валютын ханшийн огцом савлагаа үүсэх нөхцөл байхгүй гэж үзэж байгаа юм.

- ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үргэлжлэх эсэх талаар эргэлзээтэй мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?

- 2016 оны улсын төсөв ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байсан бол өнгөрсөн оных бараг 10 хувийн алдагдалтай болж буурсан. Ирэх оных хоёр их наядын алдагдалтай байхаар баталсан ч энэ нь ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэхээр байгаа юм. Үүнийг ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” -ийн хүрээнд байж болох хэмжээ гэж зөвшөөрч байна. Бид ч төсвийн алдагдал тогтворжиж байна гэж харж байгаа. Гэхдээ ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж буй улсын секторт гарах мөнгө нь их болчихоод 80 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшилд очих мөнгө багасчихаад байна. Энэ нь төсөв, мөнгөний бодлогын хослолыг зөв байлгая гэхээр мөнгөний бодлогод орон зай хомс байгааг харуулдаг.

ОУВС-гийн “Өргөтгөсөн сан­хүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд 850 сая ам.доллар орж ирэх ёстой ч одоогоор 300 сая ам.долларын санхүүжилтийг хийсэн. Он гараад ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай улсад олгох санхүүжилтийн хуваарийг гаргахаар ярилцаж байна. Дэлхийн банк санхүүжилтийг олговол, Японы Засгийн газрын зээл олон улсын байгууллага Жайкагаар дамжин орж ирэх байх. ОУВС-гийн ажлын хэсэг манайд ажиллаж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээг гаргаж, санхүүжилтийг хийснээр Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хийх ёстой ажлаа гүйцэтгэж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд барьж байгаа гэх эерэг дүгнэлт хийсэн болохоор хөрөнгө оруулалтад эргэлзээтэй зүйл байхгүй болов уу гэсэн хүлээлттэй байна.

- 2019-2021 онд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй гэж судлаачид таамаглаж байна. Үүнд бид хэр бэлтгэлтэй байгаа вэ?

- ОУВС-гийн уулзалтын үеэр эдийн засгийн огцом өөрчлөлт болох магадлал өндөр байгааг мэдээлж байгаа. 2008 оноос хойш 10-аад жил өнгөрч, цаг хугацааны хувьд дараагийн хямралын мөчлөг ойртож байгааг эдийн засагч, судлаач, шинжээчид хэлж байна. Дэлхий дахинд ийм хямрал болж, доргио үүсвэл улс орноо хэрхэн хохирол багатай авч гарах талаар Монголбанкнаас бодож төлөвлөж, бэлтгэл хангахад анхаарч байгаа. АНУ-аас эхэлж, Европоор дамжин Азид нөлөөлсөн 2008 оны хямралын үед дэлхий нийт маш том сургамж авсан. Үүнийг зөөлрүүлэх арга зам, туршлага бидэнд бий гэж олон улсын эдийн засагчид хэлж байгаа. Манай улсын хувьд ч ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудын активын үнэлгээг хийсэн. 10 сард чанаргүй зээлийн хэмжээ нийт активын 12 хувьд хүрсэн нь хамгийн дээд хэмжээ болсон. Энэхүү өсөлтийн шалтгааны тодруулбал, 2016 он болон өнгөрсөн оны хагас жилийн тайланд тулгуурласан зээлийн чанарын үнэлгээ буюу эдийн засаг хүндэрсэн үед банкуудын баланс хамгийн муу байх үеийн үнэлгээг харуулж байгаа юм. Оны эцэс хүртэл арилжааны банкууд активын чанарын үнэлгээнд гарсан үзүүлэлтийн дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахуйц хэмжээтэй болчихвол дараагийн хямралыг даван туулах боломжтой гэж тооцож байна.

- Алтны олборлолтод 2.5 хувийн татвар ногдуулж байгаа. Хуулийн энэ заалт цааш үргэлжлэх үү. Энэ өөрчлөлт хэр үр дүнтэй байсан бэ?

- Алтны рояалтитай холбоотой заалтыг 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, одоо хэрэгжээд явж байна. Уг нь өмнөх хуульд, алт олборлогч нь алтаа тушаахдаа рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тооцож, дээр нь өсөн нэмэгдэх татварыг төлдөг байхаар заасан байсан. Алтны ханш 1200-1300 ам.доллар, түүнээс дээш байвал дөрвөн (4.0) хувийг өсөн нэмэгдэх татвараар төлөх ёстой юм. Гэтэл тухайн үед алт тушаалт эрс буурч, хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого нэмэгдсэнтэй холбогдуулан 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аас шийдвэр гаргаж, алт тушаахдаа 2.5 хувийн татвар төлдөг байхаар хуульчилсан. Энэ хуулийн заалт багагүй үр дүн өгч, Монголбанкинд жилдээ хоёр гаруй тонн алт тушаадаг байсан бол хуулийн өөрчлөлтийн дараа өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авсан. Энэ жилийн арван хоёрдугаар сарын эхээр алт тушаалт дээрх хэмжээнд хүрч, үлдсэн хугацаанд дахин нэг тонноор нэмэгдэж, 21 тоннд хүрэхээр байна.

Хуулийн энэ өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Энэ заалтыг хүчингүй болговол ямар эрсдэл үүсч болохыг хэлж мэдэхгүй байна. Монголбанкны хувьд сүүлийн хэдэн жил тогтсон энэ жишгийг хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. 2.5 хувийн рояалтигаар улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. УИХ-аар ярьж байгаа шиг рояалтиг хоёр дахин нэмэгдүүлэхэд 100 тэрбум л болох юм. Ингэж нэмбэл алт олборлогч компани, аж ахуйн нэгж, иргэд маань хуучин арга барилдаа шилжиж, татвараас зайлсхийх, алт тушаалт багасах, хууль бусаар гадагш гаргахыг завдах гээд сөрөг үр дагавар үүсч магадгүй гэж болгоомжилж байна. Тиймээс одоо мөрдөж байгаа хуулийн заалтыг дунд хугацаандаа гурван жилээр ч юмуу сунгах хэрэгтэй байх гэж Төв банк үзэж байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ