Ч.Ганжавхлан: Утаанд сарнисан урагшгүй улс төр
2019 оны 1 сарын 11
Ч.Ганжавхлан: Утаанд сарнисан урагшгүй улс төр
Өнөөдөр болсон жагсаалд би очлоо. Миний хувьд улс төрийн ямар нэгэн дэмжсэн болоод эсэргүүцсэн байр суурь байсангүй. Очиж тэмцсэн болж харагдах гэсэнгүй, ийм зүйлээс хол хүн гэж тодрох гэсэнгүй, яалт ч үгүй улс оронд болж буй чухал үзэгдэл мөн тул хэдэн зураг буулгаж авахыг зорив. Хэн ялах нь тийм ч чухал биш Монголчууд гэрээсээ гарч ирээд тэмцэж байгаа нь онцлууштай зүйл мөнөөсөө мөн билээ.

Хүн аливаа мэдэхгүй бас ойлгохгүй зүйлдээ хэт бусдыг даган шуурах нь тун аюултай юм. Би үнэхээр юу болоод байгааг нь мэдэхээ больж, хэний буруу хэний зөвийг ялгахаа больсон, магадгүй ийм болгох нь тэдний зорилго байсан биз. Миний гайгүй гэж бодож байсан хүмүүс бүгд муу хүмүүс болцгоож, муу гэж бодож байсан нь сайн ч юм шиг болж, хэвлэл мэдээлэл тархи угаасан нэвтрүүлгүүдийн нөлөөнд өөрийн мэдэлгүй автаад байгаа мэт санагддаг болсон. Их зоригтой, эх оронч ярьдаг хүмүүст ч огшихоо больсон. Сүүлдээ надад хэн нь ч ялгаагүй болсон. Хорт сэлмээ хугалж хаях биш харин хэн нь тэр сэлмийг булааж авах вэ гэдэг тэмцэл мэт ! Гэтэл хэн нь ч авсан ард түмнээсээ хулгайлж, хорт сэлмээрээ "Цавчих" нь тодорхой. Энэ бол гарцгүй гацаа, нэг нэгэндээ барьцаалагдсан хүмүүсийн ялагчгүй тэмцэл юм. Нэг урсгалтай өмхий голд сайн загас сэлээд ч нэмэргүй, муу загас тодроод ч ахицгүй, тэнд бүр лусын дагина морилоод ч ялгаагүй өмхийрнө. Асуудал ерөөсөө Хүрэлсүхдээ, Баттулгадаа, Энхболддоо байгаа юм биш. Хэдийгээр шийдэл болоод асуудал Энхболддоо байгаа зүйл биш гэлээ ч энэ тэмцэлд "Ард түмэн" ялаад Энхболд огцорчихвол тун сайн, учир нь тэдэнд жаахан итгэл урам зориг ирнэ, үргэлж доромжлуулаад "Гөлөөөөг" гэж тавлуулдаггүй юм шүү гэдгийг харуулж байгаа, нэг ч гэсэн ёс зүйн хариуцлагыг үүрүүлж байгаа "Агуулгаараа" зөв үзэгдэл юм. Гэхдээ улс төрийн хүчний хувьд хэн нь ч ялсан адилхан дараагийн нэг Энхболд л байхгүй юу даа. Энэ төлвөөрөө юу ч сайжрахгүй утаа 10 жилдээ арилахгүй, хүмүүс 2020 онд тэнэг тэнэг сонголтоо хийж ходоодоороо залуурдагдах л болно. Бид нэг хүнийг шүтэх эсвэл шатаах биш, нийт хүмүүсээ соён гэгээрүүлэх ажлыг тууштай хийх ёстой шүү дээ. Тэгэхээс залхуурч төвөгшөөж ямар нэг бурхан, Чингис хааныг хүлээж, сүүлдээ бүр "Үнэн ба зөв" намын даргад сүүлчийн найдварыг өгөх хүртлээ манлайлагчын дутагдалд унаж, мунхарцгааж байна. Тэмцэл эхлээд өөрөөсөө, дараа нь хөрш айлаасаа, дараа нь орцноосоо, тэгээд хорооноосоо гэсэн дарааллаар явах ёстой. Бид Энхболдоос биш өөрөөсөө "Би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ ? Би хулгай хийхгүй авилга өгөхгүй шудрага амьдарч чадах уу ?" гэж асуух ёстой. Тэгэхэд бид энэ бүх шатыг алгасаад дээрээ л нэг бурхан залчихвал чи гэгээрээд, улс гэгээрээд, чиний хөрш гэгээрчих юм шиг эндүүрч байна.

Ийм үед сэхээтний үүрэг гэж бий. Утаа улс төр хоёроос өөр зүйлгүй мэт болгосон энэ өдрүүдэд дэлхий яаж эргэж байгааг харуулан, бид хаана гацчихаад байгааг ойлгуулах ёстой. Энэ бол мөхөл биш даваад гарах ёстой маш сорилт билээ.

Ч.Ганжавхлан
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ