Нандинхан цохилох зүрх чинь
2019 оны 1 сарын 11
Нандинхан цохилох зүрх чинь

Б.Мөнх-Оргил хуудаснаас 


Нандинхан цохилох зүрх чинь
Насных гэж шивнэсэн бол
Тормолзон эргэлдэх нүд чинь
Тогтож түүн дээр л тусдаг бол
Энэ хайр мөн
Эргэж буцахгүй сэтгэл мөн

Төөнөн шатах уруул чинь
Түүнд тачаадан чимчигнэдэг бол
Төсөөлөл мөрөөдөл бүхэн чинь
Түүнтэй хамт үргэлжилдэг бол
Энэ хайр мөн
Эцэж цуцахгүй сэтгэл мөн

Үгүйлэн санах өдрүүд чинь
Үүрдийнх гэж гагнасан бол
Үлэмж тансаг инээмсгэлэл чинь
Бодох төдийд л тодордог бол
Энэ хайр мөн
Эцэстээ хувирахгүй сэтгэл мөн

Мэлтийх тунгалаг харц чинь
Минийх гэж цоргидог бол
Яраглах шөнийн зүүд чинь
Янагийн биеийг тэврүүлдэг бол
Ай энэ дурлал мөн
Амархан хөрөхгүй хүсэл мөн

Гэгээн тунгалаг төрх чинь
Гэрлэе гэж туяардаг бол
Өгсүүр замын саадыг тоолгүй
Өөрийгөө зориулж итгэдэг бол
Энэ хайр мөн 
Элэгдэж хуучрахгүй сэтгэл мөн

Шүр улаан мэдрэмж чинь
Чинийх гэж хэлсэн бол
Шүүслэг дотно хүсэл чинь
Түүнд уусан жаргадаг бол
Энэ дурлал мөн
Исгэлэн амттай цэнгэл мөн

Хаан хатан шиг ураг барилдаж
Ханьлая гэж шийдсэн бол
Аав ээжийнхээ голомтыг залгаж
Амьдрая гэж зорьсон бол
Ай энэ хайр мөн
Амьнаас үнэтэй сэтгэл мөн

Б.МӨНХ-ОРГИЛ
2019.01.10-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ