Ч.Найдандорж: ”Тамгагүй төр” жүжиг нийгмийн ухамсрын түвшинд өөрийн үүргийг гүйцэтгэж яваа бүтээл гэж би нүүр бардам хэлнэ
2019 оны 1 сарын 17
Ч.Найдандорж: ”Тамгагүй төр” жүжиг нийгмийн ухамсрын түвшинд өөрийн үүргийг гүйцэтгэж яваа бүтээл гэж би нүүр бардам хэлнэ

“Тамгагүй төр” жүжиг УДЭТ-ын тайзнаа 21 дэх жилдээ тоглогдох гэж байгаа билээ. Тэгвэл 21 жилийн турш үзэгчдийн хүлээлт, хүсэлтийг дагуулсан энэхүү жүжгийн талаар найруулагч Ч.Найдандоржтой ярилцлаа. 

-УДЭТ-ын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьт “Тамгагүй төр” жүжиг багтсан. Ингэснээр энэ жүжиг 21 дэх жилдээ тоглогдох гэж байна. Энэ олон жилийн хугацаанд тайзан дээр оршиж байгаа шалтгаан нь юу гэж та бодож байна?

-20 дугаар зууны төгсгөл буюу 1998 онд энэ жүжгийг анх тайзнаа тавьж байлаа. Нээрээ л 21 жил өнгөрчихөж, хурдан юм аа. Энэ жүжигт анх Л.Жамсранжав гуай тоглож байлаа. Арчуг хааны дүр бол Л.Жамсранжав гуайн театрын урлагт бүтээсэн дүрүүдийнх нь оргил дүрүүдийн нэг болж чадсан. Бавуугийн Лхагвасүрэн гуай “Энэ жүжгийг Л.Жамсранжавд зориулсан” гэж зохиол дээрээ бичиж байлаа шүү дээ. Жүжиг яг нээгдсэнийхээ дараа ихээхэн сенсаци тарьж байв. Өөрөөр хэлбэл, нэлээд дуулиан тарьж, үзэгчид өргөнөөр зорьж үзэж байлаа. 14 удаа энэ жүжгийг үзсэн хүнтэй ч таарч байлаа. Жүжгийн үгийг цээжээр мэддэг болчихсон байсан. Түүнчлэн байгууллагынхаа арга хэмжээнд энэ жүжгийн хэсгээс тоглож үзүүлж ч байв. Жүжиг тоглоод дуусч байхад үзэгчдээс уран бүтээлчидтэй уулзъя гэсэн хүсэл, санал ирж олон удаа уулзалт зохион байгуулж байлаа. 

Ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуай энэ жүжгийг үзсэнийхээ маргааш нь 11 цагт Бавуугийн Лхагвасүрэн гуайг Төрийн ордонд дуудаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож байсан. Энэ жүжиг зарим хүнд таалагдаж байсан бол зарим хүнд огт таалагдахгүй ч байсан. Ялангуяа улс төрийн том лидерүүдийн заримд нь огт таалагдаагүй. Жишээлбэл, Ц.Элбэгдоржид ерөөсөө таалагддаггүй. Үүний илрэл нь “Тамгагүй төр” тавингуут л Найдандоржийг “Энэ хувьсгалт намын хүн байна” гэж яригдаж байсантай холбоотой. Нэг жишээ хэлэхэд, намайг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол авахад Ерөнхийлөгч өөрөө гардуулж өгөхөөсөө эмзэглэж, Тамгын газрын даргаараа надад цолыг гардуулж байсан. Тэр эмзэглэл их гүнзгий байсан юм шиг байна лээ. Би тэгж л ойлгосон. Тэр хүн төрийн магадгүй төрийн чухал ажилтай байсныг үгүйсгэхгүй ч надад ойлгогдож байгаа ойлголт нь л энэ. Гэх мэтчилэн энэ жүжиг бол өөрийн түүхтэй. “Тамгүй төр” жүжиг өнөөдрийг хүртэл ихэвчлэн үзэгчдийн хүсэлтээр тоглогдож байгаа юм. Албан байгууллага, хамт олны захиалгаар их тоглодог. Театр өөрийнхөө хөтөлбөртөө оруулаад тоглох болоход ч үзэгч дүүрэн байдаг. Үзсэн хүмүүс дахиж дандаа үздэг, ийм л жүжиг. Би театрын түүхийг муу мэдэж байж болох ч 21 жил тайзнаас буугаагүй, ийм эрэлт хэрэгцээтэй байгаа жүжиг одоогоор “Тамгагүй төр”-өөс өөр байхгүй. Тэгэхээр энэ жүжиг Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүний театрт үлдээсэн гайхамшигтай өв юм.
 
-Л.Жамсранжав гуайгаас хойш олон жүжигчин энэ жүжигт тоглож, өөр өөрийн өнгө аясаар дүрээ бүтээж байгаа. Найруулагчийн хувьд та энэ жүжигт үеийн үед тоглож байгаа жүжигчдийн талаар юу хэлэх вэ?

-Л.Жамсранжав гуайгаас хойш МУАЖ уран үгийн мастер Гомбын Равдан тоглож байлаа. Одоо МУГЖ Б.Жаргалсайхан тоглож байна. Мөн удахгүй Ц.Төмөрбаатар энэ дүрд тоглохоор бэлтгэл ажил хийгдээд явж байна. Мэдээж, “Тамгүй төр” жүжиг өнөөдрийг хүртэл ихэвчлэн үзэгчдийн хүсэлтээр тоглогдож байгаа юм. Үе үеийн жүжигчид, үе үеийн найруулагчдын авьяас, чадварыг сорьсон бүтээл байж, театрын урын санд үеийн үед байх болно гэж би боддог. Би найруулагч нь өөрөө байж байна. Шинээр гарч ирж байгаа жүжигчдийг би өөрөө байнга ажиглаж байна. Тэгэхээр энэ жүжгийг жүжигчид тоглохдоо юуг илүүг тодорхойлж тоглох уу, ямар мөн чанартай байх вэ, юуны төлөө тоглох уу гэх мэтчилэн тэр онолын үндэслэлийг нь би өөрөө жүжигчдэд ойлгуулж, мэдрүүлж, тэднээс нэхэж, тэднээр хийлгэж яваа юм. Мэдээж өөр өөр хүмүүс, өөр түвшний ур чадвартай, өөр өөрийн онцлогтой жүжигчид тоглож байгаа учраас энэ дүр үзэгчдэд очихдоо янз бүрээр л очиж байгаа. Хүн бол хэзээ ч давтагддаггүй. 

Өнөөдөр ертөнц дээр байгаа долоон тэрбум хүн хэзээ ч нэг нэгнээ давтахгүй. Тэр утгаараа нэг дүр дээр тоглож байгаа жүжигчид хоорондоо давтагдана гэж байдаггүй. Тэгэхдээ бид уран сайхны түвшнээ алдахгүй өнөөдрийг хүртэл тоглож байгаа гэж итгэж болно. Нөгөө талаар манай театрын тухайн цаг үедээ нуруун дээрээ ачааг үүрч яваа, тэнхээтэй, туршлагатай, итгэл даах чадвартай, хамгийн сор болсон жүжигчид энэ дүрүүдийг тоглож, ажиллаж байна. Тийм байгаа биз дээ. Л.Жамсранжав гуай тоглож байсан бол Гомбын Равдан гэж уран үгийн их мастер байна. Түүний араас манай театрын эрэгтэй жүжигчдийн толгой болсон П.Цэрэндагва гуай байна. П.Цэрэндагва гуай гэснээс  тэр хүн энэ жүжигт 21 жил тасралтгүй тоглож байгаа цорын ганц жүжигчин. Би П.Цэрэндагва гуайг солих бодол одоог хүртэл ердөө байхгүй. Яагаад гэвэл, ПЦэрэндагва гуай энэ дүрийг өөрийнхөөрөө тамгалж чадсан. Л.Жамсранжав гуай энэ дүрийг өөрийнхөөрөө тамгалсан. Дараа нь Г.Равдан өөрийнхөөрөө тамгалсан. Одоо Б.Жаргалсайхан энэ дүрийг өөрийнхөөрөө тамгалж байна. 

-Дараа дараагийн жүжигчид ч бас өөрсдийн тамгаа дарах байх?

-Тийм ээ. Дараагийн жүжигчин бас гарч ирээд л өөрийнхөө тамгыг дарна. Ер нь ямарваа нэгэн дүрд жүжигчин хүн өөрийнхөө тамгыг дарна гэдэг нь дүр бүхэнд, жүжигчин бүрт олдоод байдаг хувь завшаан биш. Дуртай бүхэн нь энэ дүрийг тоглох хэцүү. Маш хэцүү дүр. Жүжигчдээс олон элементийн өндөр чадварыг шаарддаг. Жишээ нь, хэл ярианы өндөр техник, сэтгэлгээний өндөр түвшин, биеийн үйлдлийн өндөр түвшнийг энэ дүр шаардана. Сонгодог стил хэлбэрт тоглох тэр нь өөрөө Монгол байх, Монгол сонгодог стилийг жүжигчнээс нэхдэг. Дээр нь жүжигчин дотоод сэтгэлийн асар их тэнхээтэй байж энэ дүрд тоглох тэр нөхцөлийг өөрөө бүрдүүлдэг. Гэх мэтчилэн энэ утгаараа баргийн жүжигчин барьж аваад тоглочих дүр биш. Ер нь бол амархан барж идэх хоол биш. Тийм учраас жүжигчин бүр тоглоё гээд байдаггүй. Үүнийг ойлгодог, мэдэрдэг учраас бэргэдэг. Тиймдээ ч нэлээд туршлага суусан, ачаа үүрэх чадварт хүрсэн тэр жүжигчид л энэ жүжигт тоглодог. 

Нөгөө талаараа “Тамгагүй төр” жүжиг маш их эрэл хайгуул хийгддэг. Жүжигчдийн тоглох хэв маяг, донж бусад жүжгээс эрс ялгаатай. Монгол хэлний гайхамшгийг өөртөө агуулсан учраас энэ жүжгийн уран яруу хэллэг, дэгээрээ бусад жүжгээс өөр. Уран яруу хэллэгийн дэг жаяг бий. Жишээ нь, “Цогт тайж” киноны хэллэг ямар уран яруу байдгийг бид мэднэ. “Цогт тайж” кино л ганцаараа тийм тансаг хэллэгтэй кино болж үлдэж чадсан байдаг.  

-Одоо хүртэл яригддаг шүү дээ?

-Тийм ээ. Одоо хүртэл сонсоход чихэнд сонсголонтой. “Монгол хэл ямар гоё юм бэ” гэж уулга алдмаар мэдрэмжийг үзэгчдэд өгдөг. Түүн лугаа адил “Тамгагүй төр” жүжиг мөн л уран яруу хэллэгтэй. Ерөнхий тоглолтын тавилт, шинж төрх нь дорно дахиных. Тэгсэн хэрнээ сонгодог дэг жаягийг үзэгчдэд баримтлуулсан бас орчин үелэг шийдэлтэй, амьдралын бодит тайзны үнэн харьцаанаас нэлээд зугтааж, хийсвэр харьцаануудад орж гарсан сонин шийдэлтэй. Бас Хангалын Болдын бичсэн хөгжим их сайн болсон. Ялангуяа Орост очиж тоглож байхад оросууд манай жүжгийн хөгжмийг өндрөөр үнэлсэн. Гэх мэтчилэн энэ жүжигт агуулагдаж байдаг онцлог шинжүүд олон. 

Нөгөө талаар энэ бол Монгол төрийн тухай жүжиг. Уран бүтээлчид бид энэ жүжгийг анх драмын театрт тавих гол зорилго юу байсныг тодруулж ярья. Манай жүжигт ажиллаж байсан бүх уран бүтээлч “Төрийн хүнд хувийн эрх ашиг байдаггүй юм. Тийм учраас төрийн хүн төрийнхөө төлөө шаардлагатай үед өөрийнхөө амьдралыг золиослох тэнхээ, ухаан, оюуны бядтай, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой” гэдэг энэ санааг 1998 онд, ардчилал үүсээд удаагүй байхад ард түмэнд ч, төрийнхөнд ч хүргэх гэж зорьж ажилласан. Үүний төлөө энэ жүжиг бүтнээрээ тоглогдож өдий хүрч ирсэн.

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Тамгагүй төр” жүжгийг бичсэн шалтгаан нь юу юм бол оо. Бас та ямар хувь зохиолоор энэ жүжгийн найруулагчаар ажиллах болов?

-Бавуугийн Лхагвасүрэн гуай Их хуралд сууж байсныг та бүхэн мэднэ. Түүний дараахан бичигдсэн жүжиг. Их хуралд сууж байсныхаа дараахан бичсэн учраас тухайн үеийн Монгол төрийн тухай, Монгол төрийн эмзэглэл, Монгол төрийн ирээдүйн тухай сэтгэлийн зовинол энэ жүжигт тусгалаа олсон гэж бодож, ойлгодог. 1998 онд би театрт найруулагчаар ирээд гурван жил болчихсон “Ромъёо Жульетта” жүжиг амжилттай тавьчихсан, Найдандорж гэдэг найруулагч танигдаж эхэлж байсан үе. Тэр үед театрын гадна Бавуугийн Лхагвасүрэн гуайтай тааралдаж байлаа.  Бид хоёрын амьдралдаа анх удаа уулзаж байгаа уулзалт нь тэр байсан бөгөөд театрын гадна хоромхон зуур болж өнгөрсөн. Тухайн үед би мэндэлтэл Б.Лхагвасүрэн гуай зогсоод театрын тухай товчхон юм асуусныхаа дараа “Би чамд нэг жүжиг өгнө” гэж хэлчихээд Хүүхэлдэйн театр руугаа яваад орчихсон. Тэр үед Хүүхэлдэйн театрын дарга байсан. Түүний хэлсэн үг надад их горьдлого төрүүлсэн. 

Би чинь оюутан байхаасаа л Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол бүтээлийг уншиж, тайзны ярианы хичээлд тоглож, ном нь ширээний ном болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, Бавуугийн Лхагвасүрэн гуайгаар угжиж өссөн гэж хэлж болно. Тиймдээ ч хүлээлт маш их байсан. Төд удалгүй би Хүүхэлдэйн театр руу ороод “Та нэг зохиол амласан” гэтэл “Өгнө өө” л гэж байна. Бас удалгүй би дахиад шаардсан. Тэгсэн чинь “За гурав дахь өдөр би уншина. Хэдэн цагт унших уу” гэж байна. Тэгэхээр нь “Би жүжигчдээ 11 цагт дуудна” гэсэн. Тэгээд л Б.Лхагвасүрэн гуай 11 цагт орж ирээд энэ зохиолыг уншаад дууссан. Бид чив чимээгүй хэсэг алмайрсныхаа дараа бүгдээрээ алга ташсан. Тэгсэн чинь П.Цэрэндагва гуай босоод “Лхагвасүрэнд баяр хүргэе. Чи Найдандорж найруулагч, энэ залуу хүүхдийн загатнасан газар нь маажих шиг болж байна. Би энийг мэдэрч байна” гэсэн. Тэгтэл Бавуугийн Лхагвасүрэн гуай “За Найдандорж оо, чи миний жүжгийг тоож авах уу” гэсэн. “Тоолгүй яах вэ, ах аа. Өнөөдрөөс эхлээд ажилдаа орлоо” гэтэл дахиад уран бүтээлчид алга ташсан. Ингээд л бид ажилдаа орсон.

-Таны хүлээлтийг хэдэн зуун хувь давуулсан уу?

-/Инээв/ Хэдэн зуун хувь давуулаад зогсохгүй гайхшируулсан. Ингэж эхэлж байсан түүхтэй. Түрүүн би энэ жүжгийг өдий болтол тоглож байгаа шалтгаанууд нь өөрт нь байгаа энэ шинж чанар гэж хэлсэн. Дээр нь, энэ жүжгийг тоглож байхад дундуур нь үзэгчид алга ташдаг хэд хэдэн хэсэг бий. 

“Гар чинь цустай
Тархи чинь устай
Төр барьдаггүй юм” гэх зэрэг ийм үгнүүд үзэгчдэд хүчтэй очдог. 
“Энэ төрийн тамгыг би 
Эхийн сүүнд ороогоод булчихсан
Сүнс нь саамшрахын тэр цагт
Сүү үнэртсэн энэ газар дээр
Хүннү гүрний хаан тамгаа атгаж төрнө”
“Чи олохгүй ээ
Чамд олдохгүй, тэр тамга
Гэхдээ чи амархаан тамгатай болж болно
Ядуу боолын чөмөгний ясаар тамга сийлээд
Цусанд нь дүрж тамгална биз” гэх зэргээр маш олон хэсэг бий. 

1998 онд Монголын төр монголчууд бидний, ард түмний хүсэн хүлээж байсан яг тэр шинж, утгаараа биш нялх байгааг Бавуугийн Лхагвасүрэн гуай мэдэрч энэ зохиолыг бичсэн гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Бавуугийн Лхагвасүрэн гуайн тэгж мэдэрч бичсэн, оюун ухаанаар нь урлагдсан энэ сувд шиг үгнүүд өнөөдрийн үзэгчдэд хүчтэй хүрч, нөлөөлж,  ард түмэн төрийнхөө тухай ойлголтыг цэгцтэй болгоход, тэр хүсэн хүлээж байгаа төрөө өнөөдрийг хүртэл нэхэж шаардаж, эрж хайхад хөглөж байгаа, хуучраагүй жүжиг юм. Энэ утгаараа монголчуудын өмнө, Монголын ард түмний өмнө энэ зохиол маш том оюуны хөрөнгө оруулалт болж, сэтгэлгээний уриалан дуудагч болж, сэхээрэл, ухаарлыг 21 жилийн турш өгч байна. 

Үзэгчид төр ямар байх ёстой юм, төрийн хүн ямар байх ёстой юм, төр рүү дурласан хүмүүс ямар байдаг юм, төрийн төлөө өөрийнхөө юуг золиосолж чадах тэр чадвар, тэнхээ, төрийн хүний нуруу, мөн чанар ямар байдаг юм гэдгийг энэ жүжгийг үзэх тоолондоо тэр мэдрэмж, тэр ухаарал, тэр итгэл үнэмшлийг байнга авч байдаг. Тийм учраас энэ жүжиг зүгээр нэг хүмүүсийн гоо сайхны таашаал тайлахын тулд тоглогдох биш нийгмийн ухамсрын түвшинд өөрийнхөө үүрэг ролийг хийж гүйцэтгэж, биелүүлж яваа бүтээл гэж би нүүр бардам хэлнэ. Үүгээрээ уран бүтээлийн өөрийнх нь мөн чанар, шинж, хэрэгцээ байгаа юм. Урлаг гэдэг ямар хүчтэй, ямар хэрэгцээтэй юм гэдэг нь энэ жүжгээс ойлгогдох байх. Тийм ч учраас зарим хүн дуртай хүлээж авдаг, зарим хүн дургүйцэж хүлээж авдаг. Энэ нь илт мэдрэгдээд, сонсогдоод, яригдаад байдаг юм.

-Та сүүлийн үед энэ жүжгээс гадна ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? 

-Сүүлийн үед уран бүтээл жаахан завсарласан. Уран бүтээлээ жаахан завсарлаад сургалт, судалгаа тал руу түлхүү ажиллаж байна. Сургуульд багшилж, оюутнуудтай ажиллаж байна. Театрынхаа уран чадварын асуудалд нэлээд анхаарч, янз бүрийн л ажил бодож хийж байна. Манайх театр студидээ ээлжит шинэ хүүхдүүдээ авсан. Соёл урлагийн их сургуулийг төгссөн төгсөгчдөөс шалгаруулалт явуулаад зургаан жүжигчин шинээр орж ирээд бэлтгэгдэж байна. Нэг жилийн хугацаатай бэлтгэгдэнэ. Миний хувьд тэр хүүхдүүдийг бэлдэх, сургалтыг нь үргэлжлүүлэх, гүнзгийрүүлэх эрэл хайгуул хийх ажлыг удирдаад явж байна. 

Дээр нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд театрын боловсрол олгоход ажиллаж байна. Гэх мэтчилэн ажлууд хийж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг театр урлагийн гоо зүйн мэдлэг, анхан шатны ойлголттой болгох. Мөн тэр дотор авьяастай хүүхдүүд байх юм бол өөрсдөө эрт мэдэж зөв хөгжүүлэх цаашид гүнзгийрүүлэн суралцах суурь боловсрол олгох "Алтан тайзны хүүхдүүд" сургалтын төв нээхээр ажиллаж байна. Одоогоор бэлтгэл ажил, бүртгэлийн шатанд явагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ