Бүсгүйн тавилан иймээс л хойш...
2019 оны 1 сарын 25
Бүсгүйн тавилан иймээс л хойш...


Б.Мөнх-Оргил хуудаснаас 

Өдөр бүр хоол цайг нь бэлдэж
Өвдсөн үед нь холдохгүй асарч
Өмссөн хувцас тэргүүтнийг нь угааж 
Үлдээсэн ор, бохирыг нь цэвэрлэнэ

Ядраад ирэхэд нь дулаахан үгтэй
Ямбалаад хэвтэхэд нь дотнохон тэвэртээ
Ялимгүй уцаарлахад нь чимээгүй орхиж
Яльгүй гомдоход нь зөндөө эрхлүүлнэ

Шалтаг хэлээд гарахад нь хүлээж
Шартсан царайтай ирэхэд нь уучилж
Дотор засах шөлийг нь зэхэж
Дотроо буцлавч өөрийгөө тэвчиж

Хартай үгэнд нь янзага шиг дальдчиж
Хамт олныхоо түрүүнд гэр рүүгээ яарч
Баярлах нөхөдгүй болтлоо л хичээхдээ
Барьцаж хонуутаар, өнжин шилэрдэггүй

Бүх биеэ шархиртал өвтгөж үрээ тээнэ
Бүсгүйн тавилан иймээс л хойш
Нойргүй хонож нойтонг нь хуурайлна
Ноолоход чинь бас биеэ өгнө …

Ангирхан үр мэнд торниход
Аавын хүү юу гэж оньсого таана
Яс хавталзам үзүүрт үгийг
Яриан дундаас сэртхийж дуулна

Үнэнч эсэхэд эргэлзэн сонжиж
Үнэлэмжээ хэтэрхий доогуур татна
Өр өмрөм хүйтэн төрхтнүүдийг
Өдөр нь үзэвч үдэш нь мартагнана …

Зааж сургах аав ээжийгээ хүндэлж
Зангаа мэдэлцэх гэж тонголзож л …
Өө андахгүй ах эгчийгээ сонсож
Өөриймсөх хүртэл нь хичээж л яваа
Цэмцгэрхэн гэргийгээ тэвэр, эр нөхөр минь
Цэцэг шиг ялдамаараа өтлөхгүй шүү дээ
Дулаахан цээжээрээ нөмөрлө, эр нөхөр минь
Дур татам хэвээрээ хөгшрөхгүй шүү дээ

Урьсан зочдыг нь инээмсгэлээр дайлж
Унд зоогийг өмнүүр нь барьж
Ханийхаа нүүрийг улалзуулах вий гэж 
Хамаг чадлаараа үйлчилж л яваа
Ажилсаг гэргийдээ таларх, эр нөхөр минь
Амьдралтын өдрүүдийг түүндээ зориул
Гоёхон бүхнээр бэлэг барь, эр нөхөр минь
Гоо үзэсгэлэн нь үүрд бишийг сана

Хоорондоо муудвал дуугаа хурааж
Хошуугаа дэвсвэл хүүхэд шиг нялхарч
Холдвол санаж, эзгүйд нь уйтгарлаж
Хосын амьдралд дасаж л яваа
Залуухан гэргийгээ хайрла, эр нөхөр минь
Залуу нас нь мөнх биш шүү 
Сайхан үгээр урам хайрла, эр нөхөр минь
Сар жилүүд дэндүү хурдан шүү

Б.МӨНХ-ОРГИЛ
2019.01.24-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ