ХЗХ-ны үйл ажиллагаа доголдсон тохиолдолд ээлжит бус Бүх гишүүдийн хурлыг хуралдуулна
2019 оны 2 сарын 1
ХЗХ-ны үйл ажиллагаа доголдсон тохиолдолд ээлжит бус Бүх гишүүдийн хурлыг хуралдуулна
Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн хурлаар хоршоог үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэлх бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг тухай бид өмнө мэдээлсэн. Үүний дотор санхүүгийн жил тутмын үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг батлах, хадгаламжаа татах, зээл олгох, тэдгээрийн хүү төлбөрийг тооцох бодлогыг тодорхойлох зэрэг чухал асуудлууд багтдаг. Товчхондоо ХЗХ-ны хувьд Бүх гишүүдийн хурал бол эрх мэдэл болон үүрэг хариуцлагын цогц тогтолцоо бөгөөд хамтын удирдлагын нэгдмэл систем юм.

Хэрэв ХЗХ-ны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон тохиолдолд ээлжит бус Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахаар хуульчилсан байдаг. Тухайн 100 хүртэл гишүүдтэй бол бүх гишүүдийн хурал нь нийт гишүүдийн 50-аас доошгүй хувь, 101-ээс дээш бол нийт гишүүдийн 20-иос доошгүй хувь нь оролцсноор хүчин төгөлдөр болно. Гишүүдийн ирц хүрээгүй Бүх гишүүдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор дахин зарлан хуралдуулах ба хурал хуралдахаас ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд хүргэнэ.

Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах бөгөөд оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамааран гишүүн бүр саналын нэг эрхтэй оролцоно. Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ба шийдвэрт тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үзэг зурж баталгаажуулна. Харин хурлын тэмдэглэлд уг протоколыг хөтөлсөн гишүүн болон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж, хурлаас гарсан шийдвэрүүдийн хамт хуулийн хугацаанд Хороонд ирүүлэх юм.

2018 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон хадгаламж, зээлийн тусгай зөвшөөрлийн эрхтэй 279 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршоод дөрөвдүгээр сарын 1-ны дотор Бүх гишүүдийн ээлжит хурлаа хийх тул холбогдох мэдээллийг бид цувралаар хүргэж байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ