Л.Ану-Үжин: Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга
2019 оны 2 сарын 10
Л.Ану-Үжин: Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга
Л.Ану-Үжин гэх бүсгүй "Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга" нэртэй нийтлэл бичжээ.

Бидэнд нэг тэвийн тэнэг зан байгаад байна аа. Тэр нь мөнгө үрэх тэнэг арга. Уг нь "манайхаас өөр оронд" санхүүгийн боловсролыг сургуульд орсон цагаас нь нас насанд нь тааруулаад заагаад явчихдаг, санхүүгийн соёл гэж чухал юм бий. Улсын эдийн засаг хувь хүний эдийн засгаас хамаардаг болохоор тэр л дээ. Гэтэл Бид өнөөдөр мөнгөгүйдээ биш, мөнгө олж чадахгүй байгаадаа биш, мөнгөө хэрэглэж үрж чаддаггүйдээ улсаараа эдийн засгийн асуудалтай байна.

1. Онц шаардлагагүй зүйлд үрдэг: Төвд байртай, төвд ажилтай 30 минут дотор алхчих газар, Эсвэл автобусны шугам дагуу 5 буудал зайд машин авах гэж зээл тавин, замын түгжрэлд нэмэрлэж, бухимдаж суудаг. Хүүхэд зөөдөггүй, хотоос байнга орж гардаггүй бол машин авах шаардлага байхгүй. Тэгээд ч машины үнэ худалдан авсан мөчөөс унаж эхэлдэг. Ганц бие хүмүүст бүр хэрэггүй хөрөнгө оруулалт.

2. Цалингийн зээл маш их авдаг: Миний найзууд дотор цалингийн зээл авснаа пүүз авчихсан хүн байна. Цалингийн зээлийг хамгийн хэрэггүй зүйлсэд эсвэл ахуйн хэрэглээнд зээлдэг. Зарим нь талх шарагч авах, ханын обойгоо солих жишээний. Гэтэл ирээдүйгээсээ одоо авч хэрэглэснээр өрөө төлөх гэж, маш бага цалингаар ажиллах нь хүнийг ажиллах сонирхолгүй, аз жаргалгүй болгож, авсан эд хогшил, гутал хувцас улам элэгдэн харамсал төрүүлдэг. Хэрэгцээний зээл бүү ав.

3. Мөнгийг үржүүлэх гэж бус устгах гэж үрдэг: 250 мянгаар сургалтад сууж чаддаггүй хэрнээ 500 мянгын цүнх төрөл төрлөөр нь цуглуулдаг. Баярхах гэж эсвэл баян харагдах гэж мөнгөө үрдэг. Зарим нь түрээсийн байранд амьдардаг байж брэндийн хувцсаар гангарч, үнэтэй машин унаж, бусдад яаж харагдахдаа ач холбогдол өгдөг. Гэтэл жинхэнэ баян хүмүүс маш энгийн амьдарч, цэвэрхэн хувцаслаж, зөв зүйлд хандив өргөн, ашиг олох, хэрэг болох зүйлд хөрөнгө оруулдаг.

10000 төгрөгөөр ч хөрөнгө оруулж болно, өөртөө илтгэх урлагийн ном авахад эргээд 100 нугарна, хамаатны сурлага сайтай хүүхэд гадагшаа явахад 100 доллар аваад өгөхөд тэр хүүхэд шууд өөрт тань биш юмаа гэхэд эргээд эх орондоо хэрэгтэй юм хийнэ, таны хөрөнгө оруулалт. Гэтэл сарын дараа дахиад гарах шинэ пүүз авлаа гээд ямар ашигтай вэ? Нэг МК цүнхний оронд төсөл хэрэгжүүлэх сургалтад суусан бол арай илүү цалинтай гоё албан тушаалд ажиллах ч юм билүү?

Сошиалоор ч, гадуур ч нийгэмд бухимдалтай байгаа хүмүүсийн стресстэх гол шалтгаан нь олсон мөнгө нь хаанаа ч хүрдэггүй болохоор төр засаг юу ч хийхгүй байна, хангалуун амьдарч чадахгүй байна гэсэн гомдол. Гэхдээ бид нарт бас зөндөө асуудал байна. Ядаж сарын цалингаа юу юунд зарцуулдаг? Юм авахаасаа өмнө зайлшгүй шаардлагатай юу? (өвлийн гутал огт байхгүй бол шаардлагатай, бүтэн гутал байгаа бол шаардлагагүй г.м) гэж анализ хийж сурах хэрэгтэй байна. Мөн зээл авахаасаа өмнө зээлэхгүй яаж болгохов гэдгээ бодох хэрэгтэй.

Шинээр мөнгө олох зөв эх үүсвэр яаж бий болгох вэ? Эргээд яаж төлөх вэ? Ямар ямар гэнэтийн зардал гарч болох вэ? Зээлээ төлж чадахгүйд хүрвэл яах вэ гээд сайн тооцоолох хэрэгтэй.

Өчигдөрхөн 10%-ын зээл аваад өрөнд орчихсон нэг эгч мөнгө зээлээч гээд уйлан ярив. Мөнгө хүүлэгч нар нь дарамтлаад. Уг нь насаараа хийсэн худалдаагаа нэмэгдүүлэх гэж зээл авсан чинь орлого нь санаснаар нэмэгдээгүй юм байх. Хар ухаанаар бодоход л 5 жил хийхэд таныг баяжуулаагүй нэг хэвийн бизнес угаасаа зээл аваад бүүм хийнэ гэж байхгүй. Хүний өдөр тутмын хэрэглээг худалддаг бол тогтмол орлоготой байх нь тодорхой. Дэлгүүрт их талх ирлээ гээд би 1 талх иддэг бол 1-ийг л авна.

Тэгэхээр илүү дутуу хөнгөн хүсэл, шунал, хийсвэрлэлээ давж зөвлөгөө авдаг, тооцоолол хийдэг, хэмнэдэг, зөв зарцуулдаг болох хэрэгтэй байна аа. Ядаж хүний нүдэнд 10 хувцастай харагдлаа, 5 хувцастай харагдлаа ямар ч ялгаагүй гэдгийг л ойлгочих.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ