Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
2019 оны 2 сарын 22
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Золзаяатай ярилцлаа. Түүний хувьд анхны гол дүрээ авч, Л.Өлзийтөгсийн зохиол, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулж буй “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрд тоглож байгаа юм. 

-Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлд анх хөл тавьж байсан талаар нь ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Баярлаа. Юуны өмнө танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2016 онд СУИС-ийг төгсөөд төгссөн жилдээ театрт орж ирж байлаа. Манай театр 2-4 жилд шинэ элсэлт авдаг. Тухайн үед буюу намайг их сургуулиа төгсөж байхад театр шинэ элсэлт авах мэдээлэл гарчихсан байсан болохоор би театрт орохыг маш их хүссэн. Ингээд зургаан номероор шалгалтдаа бэлдээд чадах чинээгээрээ бэлдээд шалгалт өгсөн. Надад мэдээж дутагдал их байсан болохоор “Тэнцэх болов уу. Тэнцчихвэл дээдийн хувь заяа” гэж бодоод явж байлаа. Тэгтэл дүн гарахад эхний шатанд тэнцчихсэн. 

Дараагийн шатанд үлдсэн хүмүүсийг зарлахаар 17 дугаар хурал хийсэн. Тэр үед “25 онооноос дээш хүүхдүүд тэнцсэн шүү” гэхэд нь би дотроо залбираад л сууж байгаа юм. Ер нь бол хамгийн сүүл хавьцаа миний нэр байсан л даа. Улмаар эхнээс нь тэнцсэн хүмүүсийн нэрийг нь дуудаж байгаад 25.6 гээд намайг хэлчихдэг юм. Тэгэхэд маш их баярлаж байлаа. Тэр үед бид үндсэн биш дагалдан жүжигчин буюу театрын студийн жүжигчин гэж явдаг байсан. Тухайн үед бид анх 10-уулаа дагалдан жүжигчнээр орж байлаа. Ингээд өөрсдийнхөө талаар юу чаддаг, хэр авьяастай, ямар хүн бэ гэдгээ аль болох зөв талаас нь таниулахаар хоёр жил хичээж, хөдөлмөрлөсний дараа буюу өнгөрсөн зургаадугаар сард бид студиэрээ бүгдээрээ жинхлэгдсэн. Өөрөөр хэлбэл, анх удаа студиэрээ бүгдээрээ жинхэлэгдсэн анхны тохиолдол болсон юм.
Манай студийнхэн үнэхээр мундаг. Энэ завшааныг ашиглаад студийнхэндээ уран бүтээлийн амжилт хүсээд, хайртай шүү гэдгээ хэлмээр байна. 

-Залуу уран бүтээлчид төсвийн цалин зэрэг шалтгаанаас болоод театрыг сонгохгүй байх талтай. Харин өөрийн чинь хувьд яагаад УДЭТ-ын жүжигчин болох шийдвэр гаргасан юм бол?

-Би ерөөсөө хотод ирж үзээгүй Ховдын хүүхэд байхдаа драмын театрыг мэддэг байсан. Театрын уран бүтээлчид орон нутагт аялан тоглолтоор ирэхэд нь нэг жүжгийг нь үзчихээд “Ямар гоё юм бэ. Би ингэж тайзан дээр жүжиглэж үзэх юмсан” гэж бодож байлаа. Ингээд  дөрвөн жил СУИС-д сурч байхдаа би драмын театрын тайзан дээр гарах юмсан гэсэн хүслээр л хөглөгддөг байсан. Ядаж масст нь гараад, шатан дээр нь гишгээд үзчих юмсан гээд л. Пара багшийн ангийнхан драмын театрын масст явахаар “Ямар гоё юм бэ, би ингээд яваад үзэх юмсан” гэж боддог байлаа. Харин өнөөдөр энэ тайзан дээр энэ гоё хүмүүстэйгээ хамт гол дүрд тоглоод байж байгаадаа итгэхгүй л байна. 

-Анх ямар уран бүтээлд тоглож, тайзнаа гарч байснаа хуваалцаач?

-Миний хувьд хамгийн анх Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулагчийн “Жаргаагүй нар” жүжигт Борчулуун гэдэг гоё дүрд тоглож өөрийгөө харуулах боломж гарч байлаа. Мөн хүүхдийн жүжигт тоглосон. Тодруулбал, Б.Хишигзаяа найруулагчийн “Царцаа Намжил” жүжигт тоглож,  “Гэгээн Муза”-д “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид нэр дэвшсэн. Улмаар энэ дүрээрээ Муза авсандаа баяртай байдаг.

-Жүжигчин хүн бүрийн хүсэл мэдээж гол дүрд тоглох. Тэгвэл жүжигчин Б.Золзаяа анхны гол дүрээ аваад байгаа сэтгэгдэл хэр байна вэ?

-Үе үеийн жүжигчид анхныхаа гол дүрийг авахдаа бүгд л маш их баярладаг. Миний хувьд тэр бүгдээс илүү баярлаад байх шиг санагддаг. Хамгийн анхны гол дүр маань Н.Наранбаатар найруулагчийн “Бүсгүйн зурвас” хэмээх жүжгийн Итгэл гэдэг сэтгүүлч эмэгтэйн дүр дээр ажиллаж байна. Өөртөө чинь адилхан сурвалжилга хийдэг, яг л диктофоноо асаагаад ажлаа хийдэг бүсгүйн дүр. Би багадаа сэтгүүлч болох юмсан гэж их боддог байлаа. Ер нь жүжигчин болж чадахгүй бол сэтгүүлч болно гэж боддог байсан. Гэтэл өнөөдөр нэг том мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг яг энэ тайзан дээр биелүүлэх боломж гарсанд мэдээж баяртай байна. 

Юуны өмнө намайг энэ дүрд олж харсан Н.Наранбаатар найруулагчдаа маш их баярлаж байна. Хамгийн гол нь гол дүр гэдэг утгаар надаас олон зүйл шалтгаална. Тиймдээ ч тухайн дүр, жүжгийг авч явна гэдэг талаасаа “Би жүжгээ баллачихвий дээ” гэсэн айдас болон маш том үүрэг хариуцлага надад ногдсон. Тийм учраас ямар ч байсан хамаг байдгаараа, чин зүрх сэтгэлээ зориулаад ажиллана гэж хичээгээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Жүжигчний мэргэжил гэдэг ямар сайхан зүйл бас амьдралаас мэдэрч чадахгүй зүйлийг мэдрүүлж чаддаг юм байна. 

-УДЭТ-ын жүжигчид “Театрт шинэ уран бүтээл тавихаар дүр хуваарилах үргэлж хүлээлт дагуулдаг” гэж ярьдаг. Өөрийн чинь хувьд гол дүр авна гэсэн хүлээлт байв уу? 

-Их сонин үйл явдал болсон шүү. Анх “Бүсгүйн зурвас” жүжгийг тайзнаа тавихаар болоод 17 дугаар өрөөнд уншлага, хурал болсон. Тухайн үед “Манай урын санд ийм жүжиг орлоо. Анхны зохиолыг бусдадаа уншиж танилцуулах хүн хэн байна” гэхэд нь би “Би уншаад танилцуулчихъя” гээд уншиж байлаа. Яг жүжгийн зохиол уншиж байхад Итгэл гэдэг дүр их гоё санагдсан. Ямар ч жүжигчин дүрийг хэзээ ч “Би авахгүй” гэж бодохгүй. Мэдээж ямар нэгэн байдлаар дотроо хүсч байдаг. Тийм ч учраас би “Итгэлийн дүр гоё дүр байна. Энэ дүрд тогловол гоё байх даа” гэж дотроо бодож, мөрөөдөж байсан. 

Ингээд уншлага дуусаад дүр танилцуулахад дотроо маш их хүлээлттэй сууж байлаа. Ер нь ямар ч цаг үед дүр танилцуулах мөч хамгийн эгзэгтэй үе байдаг. Дотроо энэ дүрийг авчих юмсан гээд бодож байтал “Архайд МУГЖ Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ” гэсний дараа “Итгэлд” гэхэд нь зүрх түг түг гээд л маш их түгшиж байтал “Залуу уран бүтээлч Золзаяа” гэсэн. Яг тэр үедээ итгэж чадахгүй, хэдхэн секундэд бараг мянган бодол бодогдсон. Хэсэгхэн зуурт маш их догдлол, маш их хариуцлага, маш их хүсэл мөрөөдөл бүгд давхацсан гэх үү дээ. Хамгийн гайхалтай мөч бол тэр өдөр байсан. Манай жүжгийн хувьд УИХ-ын гишүүн, сайд хүнтэй нэгэн сэтгүүлч ярилцлага хийж байгаа талаар өгүүлэх юм. Үндсэндээ би болон Б.Жаргалсайхан ах бид хоёр гол дүр учраас тайзан дээр нэлээд хугацаанд хамтран тоглоно гэж ойлгож болно. Тиймээс үзэгчдийг манай театрын шинэ уран бүтээлийг ирж үзээрэй гэж энэ дашрамд хэлмээр байна. 

-“Бүсгүйн зурвас” жүжигт МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа гээд театрын нэгэн үеийн төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа юм билээ. Энэ талаар?

-Тийм шүү. Би үнэхээр азтай. МУГЖ Б.Жаргалсайхан ах, МУГЖ Г.Урнаа эгч болон бусад уран бүтээлчидтэйгээ нэг тайзан дээр хамт анхны гол дүрдээ тоглож байна. Г.Урнаа гавьяат бол театр миний хадаг барьж авсан багш маань юм. Багштайгаа, багшийнхаа нөхөртэй нэг тайзан дээр гарч байна гэдэг бол үнэхээр гайхалтай хэрэг. Яг үнэндээ үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж. Түүний хажуугаар маш их сандралын зэрэгцээ жүжигтээ маш сайн тоглох хэрэгтэй гэсэн сэтгэл зүйтэй байна. Түүнчлэн нээлтээ хүлээгээд догдолж байна. Нээлтийн дараа тоглолтоо хийчихээд л уужим амьсгаа авах байх даа. /Инээв/

-Хувь хүнийхээ хувьд Б.Золзаяа ямар хүн бэ. Итгэлийн дүр өөртэй чинь хэр төстэй санагдаж байна?

-Би Ховд аймагт төрж өссөн хөдөөний хүн. Өвөө, эмээтэйгээ хамт байдаг байсан болохоор багаасаа биеэ даасан, нэлээд хээгүй гэх юм уу даа. Ер нь бол шулуун шударга зантай ч гэх юм уу тийм хүн л дээ. Өөрөөр хэлбэл нөгөө “Би чинь борцтой сүүтэй, банштай цайнд дуртай хүн” гэдэг шиг л хүүхэд байсан. /Инээв/ Яг хувь хүнийхээ хувьд дүртэйгээ харьцуулахад шулуун шударга зан маань төстэй юм шиг санагдаж байгаа. Сэтгүүлч хүн юмыг нэг юман дээр нь дөрөөлж асуугаад, цааш нь яриаг хөтөлж, мэдэхийг хүссэн зүйлээ ярилцагчаараа хэлүүлж чаддаг гэж боддог. Тэр зан чанар нь надад жаахан байгаа юм болов уу, тэр талаараа төстэй гэж хэлж болох байх. 

-Найруулагчдаа хэр загнуулж байна. Итгэлийн дүрд дублёроор ажиллаж байгаа жүжигчин М.Тогтохжаргалтай хэрхэн хамтарч, нэгнийхээ тоглолтод хэр зөвлөж байгаа вэ?   

-Загнуулах үедээ загнуулна, болж байгаа үедээ болгоно. Ер нь загнуулахгүй юм гэж байхгүй. Тэндээсээ харин суралцаж, “Аан энэ нь болохгүй байгаа юм байна. Энэ болж байна” гэдгээ харах нь чухал. Тоогий эгч манай театрын хамгийн үзэсгэлэнтэй, сайхан хүн гэж би боддог. Эгчийгээ харахаар яахаараа эмэгтэй хүн ийм сайхан байдаг байна аа л гэж хардаг. Яг ийм хүнтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Би нэгдүгээр баг болохоор эгч маань хажуугаас харж өгөөд “Энэ дээрээ ингэж ажилла, энэ хэсэгт ингээрэй” гээд л яг уран бүтээлч хүнд байх ёстой бүх л сайхан зүйлийг гаргадаг. Жинхэнэ гоё цагаан өрсөлдөөн, өрсөлдөөнөөс илүү нэг нэгэндээ тусалж, бүх зүйлд дэмжиж өгч байгаа. Ийм гоё дублёр эгчтэй байх их гоё шүү. /Инээв/

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
Б.Золзаяа: “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр дамжуулан сэтгүүлч болох хүслийнхээ нэг хэсгийг биелүүлж байна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ