Монгол Ардын Намын түүх ба тусгаар тогтнол
2019 оны 3 сарын 1
Монгол Ардын Намын түүх ба тусгаар тогтнол
ТӨР ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ ТОГТСОН НЬ

Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны Ардчилсан хувьсгалын үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэн, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган байгууллага билээ.

Монгол Ардын нам нь монгол улсын тусгаар тогтнол-эрх чөлөө-шударга ёс-эв нэгдэл-үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн Нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий нам бөгөөд Монгол Ардын намын түүх бол эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм.

1919 оны намар Монгол оронд Хятад цэргийн харгис дэглэм тогтсон нь монголчуудын үндэсний ухамсарыг сэргээж, эх орноо харийн дарлалаас чөлөөлөх арга замыг хайх болж, Нийслэл хүрээнд 1918 оны эцэс, 1919 оны эхээр“Консулын”, “Хүрээний” гэсэн улс төрийн хоёр нууц бүлгэм байгуулагджээ.  Консулын бүлгэмийг Их шавийн харьяат, Орос консулын дэргэдэх орчуулагчийн сургуулийн монгол хэлний багш Д.Бодоо үндэслэн, Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Жамьяан, Жигмидорж, Намсрай, Алтангэрэл, Бавуу, Баяр нарын хүмүүс, Хүрээний бүлгэмийн суурийг С.Данзан, бичгийн түшмэл Д.Догсом, Цэргийн яамны зэвсгийн дарга Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нар тавьж Жамъян, Балсанов, Юмтаров, Галсан, Тогтох, Даш, Цэнд нарыг дараалан бүрэлдүүлжээ.

Эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг удирдан зохион байгуулахын тулд 1920 оны зургадугаар сарын 25-нд нууц бүлгэмүүд хамтран хуралдаж, “Монгол Ардын Нам” /МАН/ хэмээх улс төрийн байгууллагыг байгуулсан нь Монголд төдийгүй Төв Азид улс төрийн анхны хүчин үүссэн түүхэн үйл явдал болсон. Намын мөрийн хөтөлбөр, дүрмийн шинжтэй, есөн зүйл бүхий “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг”-ийг хэлэлцэн баталсан. Тангарагийн бичигтээ намын бодлого, зорилтыг тодорхойлохдоо: “... шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлж аваад, дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод энхийг өнө үүрд сахиж дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно” хэмээн заасан байна.

Тус хурлаас нэг чухал шийдвэр гаргасан нь Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэх асуудлыг албан ёсоор тавьж хэлэлцүүлэн, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Д.Догсом, Д.Лосол нарыг томилжээ. Үндэсний ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эдгээр хүмүүс түүхэнд анхны долоо хэмээн алдаршсан юм.

1921 оны гуравдугаар сарын 1-3-нд Хиагтад Монгол Ардын Нам анхдугаар Их хурлаа хийж, Намын Төв Хороог байгуулан цаашдын зорилт, бодлогоо тодорхойлж Ардын хувьсгалд бэлтгэх ажилдаа шуурхайлан оржээ. Тус хурлаас намын анхдугаар программ болох “Монгол Ардын Намаас Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг”, “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил” хэмээх хоёр үндсэн баримт бичгийг баталсан.

Анхдугаар их хурлын дараа Монгол Ардын Нам ардын хувьсгалд бэлтгэх ажилд шуурхайлан орж, Ардын Намын Цэргийг “Ардын журамт цэрэг” гэж нэрлэхээр тогтож, дөрвөн хороо болгон зохион байгуулснаар улс төр, байлдааны бэлтгэлийг ханган харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөхөд бэлэн болж, 1921 оны гуравдугаар сарын 6-нд Хиагтыг чөлөөлөх шийдвэрийг  гаргаж, улмаар гуравдугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлөн ялалт байгуулжээ. 

Мөн Ардын журамт цэрэг, Зөвлөлт Орос Улсын Улаан армийн цэрэгтэй хамтран эх орноо хятад, цагаантнаас чөлөөлөх тэмцлийг амжилттай өрнүүлж 1921 оны долдугаар сарын 6-нд Нийслэл Хүрээг чөлөөлөн, долдугаар сарын 11-нд VIII Богд Живзундамба хутагтыг хэмжээт эрхтэй хаанд өргөмжлөн, Ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулах болсныг олон түмэнд зарлан тунхагласнаар Монгол оронд Үндэсний ардын хувьсгал ялсан.

Үндэсний Ардын хувьсгал ялсны дараагаас Монгол Ардын Нам, Ардын засгийн газраас улсыг батлан хамгаалах хүчинг нэмэгдүүлэх, ард иргэдийн боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилго бүхий бодлого, үйл ажиллагааг эрчимтэй явуулж ирсэн.

1924 оны 6 сард Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар “Бүгд Найрамдах засаг тогтоох тухай” шийдвэр гаргаж, хэлэлцэн баталжээ. Ийнхүү 1924 оны11 сард анхдугаар Үндсэн хуулиа батлан, Бүгд найрамдах Улсаа тунхаглан зарласан юм. Анхдугаар Үндсэн хуулиндаа дэлхийн бусад улс орны үндсэн хуулийн ололттой талуудыг тусгасан, монгол хүний эрх, эрх чөлөөний асуудлыг баталгаажуулж, тэр дотроо эмэгтэйчүүдийн нийгмийн тэгш эрх, улс төрийн сонгох, сонгогдох эрх зэргийг хуульчлан баталж өгчээ. Ийнхүү Монгол улс нь хаант засгаас Бүгд Найрамдах байгуулалд дэвшин орсон Ази тивийн анхны орнуудын нэг болж түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж төр засгийн тусгаар тогтнолоо сэргээн баталсан эхний алхам байв.

ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ ТОГТСОН НЬ

Монгол улсын өмнөд хил нь 1695-1850 онд орон нутгийн хэмжээнд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдэн тогтоогдсон түүхтэй.

Монгол орны гадаад байдал 1930-аад оны эцсээр хүндэрч, Японы талаас улс орны Дорнод хилээр удаа дараа өдөөн хатгалга хийж байсан энэ үед гаднаас цэрэглэн халдсан дайсны өнгөлзлөгийг улсынхаа хил дээр тогтоон барьж, улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хийсэн Халх голын дайнд Монгол Ардын Нам хөдөлмөрчдийн эх оронч хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулан оролцсон.

Дэлхийн II дайнд Монгол улс Зөвлөлт Холбоот Улсын холбоотон болж фронтын ар талын хангамжийн хүч болон оролцож, “Бүхнийг фронтод” компанит ажлыг зохион байгуулан агт морь, цэргийн хувцас хэрэглэл бэлэглэхийн зэрэгцээ “Хувьсгалт Монгол Улс” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрил байгуулж өгсөн. “Бүхнийг фронтод” компанит ажлыг улс орон даяар шуурхай зохион байгуулах ажлыг Монгол Ардын Намын удирдлага, Улаанбаатар хот, аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, гишүүд гардан зохион байгуулж байв.

БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг 1945 оны 10-р сарын 20-ны өдөр зохион байгуулан, Монгол Улсын нийт иргэдийн 97% нь оролцож, 100% дэмжиж саналаа өгсөн. Бүх нийтийн санал хураах комиссын даргаар Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны гишүүн Г.Бумцэнд ажиллаж, гишүүд дэмжигчид амжилттай зохион байгуулсан юм.

1961 оны 10-р сарын 27-ны өдөр НҮБ-д гишүүнээр элссэн 101 дэх гишүүн улс болсон. Өнөөдөр Монгол Улс дэлхийн нийт 170 гаруй улс оронтой дипломат харилцаа тогтоон хамтран ажиллаж байна.

Монгол Улс, БНХАУ-тай 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ” байгуулж, 1964 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протокол”-ын дагуу 1962-1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2005 онд явуулж дуусгажээ.

1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10 дугаар сарын 09-нд бүртгэсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна.

Монгол, Оросын хил нь Монгол улс Манж чин улсад дагаар орсны дараа Хаант Орос улс, Манжийн хооронд байгуулсан 1689 оны Нерчүүгийн хилийн гэрээ, 1727 оны Буурийн гэрээ, Хиагтын гэрээ, 1864 оны Тарвагатайн протокол, 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр анх үүсгэн тогтоогдсон. Энэхүү тогтоосон хилийг баримтлан Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд байгуулсан 1958, 1976 оны хилийн гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох монгол-зөвлөлтийн улсын хилийн тухай 1958 оны Гэрээ ба 1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу 1977-1979 онд явагдаж, улсын хилийн анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд хийж дуусгасан байна. Ийнхүү Монгол улсын хил олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар ХХ зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон билээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ БИЙ БОЛСОН НЬ

Хувьсгалын эхэн жилүүдэд үндэсний аж ахуй угаасаа ядмаг, түүний зэрэгцээ хамтрал, комун, хил давсан нүүдэл, мичин жилийн зуд зэрэг олон талын хүнд сорилтуудтай тулгарч аж ахуйн чадвар доройтож хүмүүсийн сэтгэл санаа уймарсан он жилүүд байлаа.

Хэдэн зуун жилийн туршид гадаадын колони байх хугацаанд бие даасан байдлаа ул мөргүй алдсан үндэсний банк, санхүү, зээл, худалдаа аж үйлдвэрийн тогтолцоог сэргээн төвхнүүлэх, үндэсний эдийн засгийг шинээр буй болгох нэн төвөгтэй зорилт тулгараад байсан он жилүүд юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэмээх үндэсний эрх ашгийн суурь бодлогыг боловсруулах, үзэл баримтлалыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нэн хариуцлагатай, маш хүнд үүрэг МАХН-д ногдсон бөгөөд хамаг нөөц бололцоогоо дайчлан ажилласны үр дүнд дан нүүдлийн, байгалиас нэн хараат, маш эрсдэлтэй, худаг ус, хашаа хороо, тэжээл бэлтгэн нөөцөлж заншаагүй, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үйлдвэр угсааг сайжруулах үржил, селекцийн арга ухаанд нэвтрээгүй, нэвтрэх нөхцөл ч хараахан бүрдээгүй, тархай бутархай байсан хувийн аж ахуйтныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болгон хувиргасан юм. 1940 онд үйлдвэрлэж байсан аж үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүнийг 1980 онд есөн өдрийн дотор үйлдвэрлэдэг болсон байлаа.

Үүнээс гадна аж ахуйг төдийгүй монголчуудын сэтгэлгээ иргэншилд эргэлт гарсан.

Манай шинэ түүхийн үед МАХН-аас шинжлэх ухааны удирдлагын аргыг Монголын үндэсний аж ахуйн өвөрмөц нөхцөлд нэвтрүүлсэн юм. Түлш, эрчим хүчний бааз байгуулах, банк, санхүү, худалдаа, үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэр, холбоо, их барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамтад нь цогцолбор байдлаар хөгжүүлэх, өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн харилцан уялдааг хангах чиг хандлагыг ямагт баримталж байсан байна.

Үүнд : Монгол улс дотоод нөөцөө дээд зэргээр ашиглах үндсэн дээр үйлдвэрлэх хүч болон үндэсний аж ахуйгаа хөгжүүлэх зорилтыг бүтэн таван жилээр төлөвлөх, 10-15 жилээр прогнозчлох, уг төлөвлөгөөг ханган биелүүлэхэд шаардлагатай ШУТ-ийн арга хэмжээнүүдийг хамтад нь төлөвлөж хэрэгжүүлдэг байжээ. Жишээ нь: Мал аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай өвс хадлан, бэлчээр усжуулалт, малын халдварт өвчнийг оношлох, устгах, урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, таримлын ургацыг нэмэгдүүлэх агро технологийн болон механикжуулалт, цахилгаанжуулалтын зэрэг олон ажлыг улсын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж байжээ. Макро эдийн засгийн төлөвлөлт нь улам бүр байгалийн шинжлэх ухааны ололтод тулгуурлаж шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон шинжтэй болсон юм.

Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын хүрээлэн, мал аж ахуйн хүрээлэн, мал эмнэлгийн хүрээлэн, тэжээлийн хүрээлэн, хөрс судлалын хүрээлэн, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, түлш эрчим хүчний хүрээлэн, анагаах ухааны хүрээлэн, боловсрол судлалын хүрээлэн зэрэг Шинжлэх ухааны академийн болон салбарын эрдэм шинжилгээний газруудын судалгааны бүтээлүүдэд тулгуурласан төлөвлөлт, прогнозууд нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Чойбалсан хотын түлш эрчим хүч, химийн болон барилга, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор болон хэрэгжиж байлаа.

Аж үйлдвэрийн газар, сангийн аж ахуй бүрт сургууль, эмнэлэг, ясли, цэцэрлэг, клуб, номын сан, ахуйн болон нийтийн үйлчилгээ, шуудан, холбоо зэрэг нийгмийн дэд бүтцийг эдийн засгийн дэд бүтэцтэй хамтад нь шийдэж байлаа.
ЗХУ-тай эдийн засаг, соёлын хөгжлийн хүрээнд ойртон нягтарч улмаар Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлд гишүүнээр элсэж тэдгээр орнуудын (ЗХУ, Болгар, БНАГУ, Чехословаки, Унгар, Румын, Польш) хамтын ажиллагааны сүлжээнд нэгдсэнээр манай үндэсний аж үйлдвэр олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйнууд болон дэвжсэн юм.

Эдийн засгийн өсөлтийг дагаж хүн амын ерөнхий болон ахуйн соёл, нийтийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл түвшинг дээшлүүлэх тэмцэлд эрх баригч нам, төр, олон нийтийн байгууллагын хүчин чармайлтыг төвлөрүүлэн дайчилж, өргөн цар хүрээтэй ажил зохиосны үр дүнд Монголд урьд өмнө хэзээ ч байгаагүй зарчмын цоо шинэ соёл иргэншил бүрэлдэн төлөвшжээ.

Ийнхүү үйлдвэржсэн хөдөлмөрийн соёл, иргэншилтэй, техник, технологийн ажиллагааг бүрэн эзэмшсэн, шинийг сэдэж, эрэл хайгуул хийх сэтгэлгээтэй, ажлын цагийн хором бүрийг тооцож, өндөр бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэдэг, орчин цагийн Монгол хүн төлөвшсөн юм.

Эдийн засаг, нийгмийн ээлжит зорилтыг хэрэгжүүлэхэд МАН-ын гишүүд манлайлж, хоршоо, ҮЭ, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэг авч хамтран ажилладаг, тэдний оролцоог тухай бүр нь үнэлж, урамшуулдаг тогтолцоог бүрдүүлсэн нь амжилтанд хүрэх нэг гол нөхцөл болж байжээ.

Тухайн үед МАН төрийг удирдаж байхдаа Монгол улсын эдийн засгийн нөөцийг дараах 3 чиглэлээр хөгжүүлсэн байдаг.

Манай орны байгалийн нөөцийг нээж, тодорхойлж.үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын төлөвийг зураглаж үлдээсэн.
2. Монгол хүний хөдөлмөрийн чадамжийг мэдэгдэхүйц хөгжүүлсэн.
3. Монголчуудын оролцож бүтээсэн үндэсний шинэ аж ахуйг (эдийн засгийн суурийг) бий болгосон.
1940-1960 онд Монгол Ардын Нам / МАХН /улс эх орныхоо энхийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө аж ахуйг хоршоолох, эдийн засгийн бусад салбарт төлөвлөгөөтэй олон чухал зорилтыг хэрэгжүүлснээр цаашид үе шаттай хөгжих нөхцөл бүрэлдсэн.

1960-1990 онуудад эх орныхоо нийгэм эдийн засгийн бүх салбарыг хөгжүүлэхэд анхаарч хөдөө аж ахуйг хагас механикжуулж, хөнгөн аж үйлдвэрийн бүхэл бүтэн сүлжээг бүрдүүлж, уул уурхай, хүнд аж үйлдвэрийн суурийг тавьжээ. Ингээд МАН дангаараа төр барьсан 70 шахам жилд Монгол орны дүр төрх үндсээрээ өөрчлөгдөж, эдийн засаг нь бараг бүхэлдээ мал аж ахуйгаас бүрэлдэж байсан Монгол Улс хөдөө аж ахуйн болон эрдэс түүхий эдэд тулгуурласан аж үйлдвэртэй, тээвэр, холбоо, барилга, газар тариалан бүхий олон салбарт эдийн засагтай болов. Дархан, Эрдэнэт зэрэг үйлдвэрлэлийн томоохон төвүүд сүндэрлэн босч орчин үеийн хот бий болов. Боловсрол, эрүүл мэнд, соёл шинжлэх ухааны талаар үсрэнгүй амжилт олов. 

ОЮУН САНААНЫ ТУСГААР ТОГТНОЛ

1920, 30, 40-өөд онд хүн амын дунд бичиг үсэг мэддэг нь цөөн бараг нийтээрээ харанхуй бүдүүлэг байжээ. Боловсролтой хүмүүсийн зарим хэсэг нь 37 онд хэлмэгдсэн, тэгээд ч хэтээсээ бичиг үсгийн бүх нийтийн боловсролтой ард түмэн биш байлаа. Тухайн үед намаас юуны өмнө бүх нийтээр нь бичиг үсэгтэн болгох зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн байна.
Ард түмнийг бичиг үсэгт сургах ажил саад багатай шулуухан байсангүй, тэр үеийн монгол бол эдийн засаг нэн буурай, уудам нутаг дэвсгэртэй ч зам тээвэр, харилцаа холбоо хөгжөөгүй, хүн ам суурьшилгүй, цаг агаар бэлчээрийн аясаар нүүдэллэдэг, шашны бурангүй үзэлд автсан өвөрмөц нөхцөлтэй орон байжээ. Соёл боловсролыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө хүчний нөөц хомс, сурах бичиг, гарын авлага гараагүй, бэлтгэгдсэн багш ч байхгүй зэрэг олон бэрхшээл байлаа.

1941 оноос хойших эхний 10 гаруй жилд кирилл үсэг дээр үндэслэгдсэн монгол үсэгт сургах ажлыг орон даяар эрчимтэй зохион, аймаг, хотын төвд кирилл монгол үсгийн багш нарыг бэлтгэх тусгай курс байгуулж анхны 268 багш бэлтгэн гаргажээ.

Төв хөдөөгийн бичиг үсгийн бүлгэм дугуйлангаар хөдөлмөрчдийг кирилл монголд сургах ажлыг зохион байгуулж, бас малчдын нүүдлийн амьдрал ахуйд нийцүүлэн бичиг үсгийг хэсэг, бүлэг, нэг бүрчлэн сургах аргыг хэрэглэжээ. Төр захиргаа, олон нийтийн байгууллагууд ажилтан ажилчдаа ажлын бус цагаар бичиг үсэгт сургаж, бичиг үсгийн багш нарт бичиг үсэг тайлагчдын тоогоор урамшил шагнал олгож байжээ.

1943 оноос сум бүрийг бичиг үсгийн орон тооны багштай болгож жил бүр тавин мянгаас доошгүй хүмүүсийг сургах хяналтын тоо тогтоожээ. Тухайн үедээ орон тооны 339, орон тооны бус 3000 гаруй багш нарыг ажиллуулж, 16-40 хүртэлх насны нийт хүмүүсийг кирилл монгол үсэгт заавал сургах журмыг бий болгожээ. 1947 оны хүн амын тооллогын мэдээгээр 7-гоос дээш насны бүх хүн амын 42.2 хувь нь бичиг мэддэг болсон байна. Ийм учраас 1947-1953 онд буюу анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд 8-12 насны бүх хүүхдийг сургуульд хамран сургах, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах зорилтыг дэвшүүлэн тавьжээ.

Ийнхүү бүх нийтийг хамарсан олон талын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 1956 онд 9 ба түүнээс дээш насны хүмүүсийн бичиг үсэг мэдэгчид 72.8 хувь болсны дотор 13-45 насны хүмүүсийн 90.5 хувь нь бичиг үсгийн анхан шатны мэдлэгтэй болж чадсан байна.

Орон даяар бичигт сургах зохистой ажил, болзолт уралдаан өрнүүлэх, соёлын довтолгоон зохиох, бичигт сурах шаардах хуудас хүргүүлэх, нийт хөдөлмөрчдөд зориулж уриалга гаргах, уг ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулах, бичигт сургахад үлэмж амжилт гаргагсдыг урамшуулах, бичиг үсэгт сургах ба боловсролоо ахиулахад зориулан хэл бичиг, тоо бодлогын хялбарчилсан программ, сурах бичгийг нийтэлж олны хүртээл болгох зэрэг ажлыг зохион байгуулжээ.

1969 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээгээр нийт хүн амын 82.4 хувь нь бичгийн боловсролтой болсны дотор эрэгтэйчүүдийн 88.7 хувь, эмэгтэйчүүдийн 76.6 хувь нь бичигтэн болсон байлаа. Манай хүн амын гэгээрлийн энэ амжилтыг ЮНЕСКО өндөр үнэлж 1970 онд Н.К.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагналыг олгосон байна.

-1940 онд 10000 хүн тутмаас 350 нь суралцаж, тэдгээрийн 2 нь их дээд сургуульд суралцаж байсан байна.
-1980 он гэхэд 10000 хүн тутмаас 2758 хүн суралцаж, тэдгээрийн 140 нь их дээд сургуульд суралцдаг болжээ.

ОРШИХУЙН ТУСГААР ТОГТНОЛ

Манай улсын нийт хүн ам:

-1935 оны 6 дугаар сарын 01-ний тооллогоор 738.1 мянга байж.
-1944 оны 6 дугаар сарын 05-ны тооллогоор 738.6 мянга болж 9 жилд 500 хүнээр өссөн байна.
-1950 онд 758.7 мянга1 болж 15 жилийн хугацаанд 20.6 мянган хүнээр нэмэгдсэн байгаа юм.
-1940 онд 10000 хүнд 1.5 их эмч, 14 эмнэлгийн ор ногдож байсан бол
-1980 онд 10000 хүнд 22 их Эмч, 107 ор ногддог болжээ.

19-р зууны эхэн үед хүн амын дунд нийгмийн халдварт өвчин болох арьс өнгөний өвчин болох яр, тэмбүү, сүрьеэ, цэцэг, гэдэсний хижиг, тарваган тахал, хамуу гээд хүн ам нь цөөн ч олон халдварт өвчин бараг нийтлэг тархалттай, тиймээс ч хүн амын цэвэр өсөлт зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтэрсэн, төрсөн ч гарсан хүүхэд нь хүн болдоггүй айл олон, ер нь олонх судлаачдынхаар мөхөж буй үндэстэн байлаа.

Халдварт өвчин тархааж үндсээр нь мөхөөх аюулыг МАХН, төр таслан зогсоож хүн амаа эрүүлжүүлэх бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүнийг цөөн үгээр хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхийн тулд манай улсын бүх айл өрх бараг хүн бүрийг шинжилгээнд хамруулан оношилж өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэхэд ямар их чармайлт, хэчнээн их зүтгэл гаргаж байсныг төсөөлөхөд сэтгэлд багтахгүй юм.

Зохион байгуулалтын, оношлогоо, эмчилгээ, зүү тариур, эм тарилга, урвалж, шинжилгээний бодисын, тээврийн, аж ахуй санхүүгийн, хамруулалт, эмчилгээ, бүртгэл хяналтын, ёс зүй, хүмүүжлийн зэрэг олон төвөгтэй ажлыг маш эрч хүчтэй зохион байгуулж байж улс үндэстнээ мөхлөөс аварсныг мартах эрх бидэнд байхгүй. Монголын бүх нутгийн айл өрх бүрийн 16-гаас дээш насны бүх хүнийг үзлэгт хамруулан, цусны шинжилгээ хийж, өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэх экспедиц ажиллуулсан байна. Авто хөсөг үл хүрэх Алтайн өндөр уулын айлуудыг нь орхилгүй эм, тариагаа төмөр хайрцагт хийж тэмээнд ачаалсан арьс өнгөний шинжилгээний орос, монгол эмч нар зорин ирээд хүн бүртэй нь “тамхилж” байжээ. 1960 онд эрүүлийг хамгаалах яамны сайд Туваан Монгол-зөвлөлтийн мэргэжилтэн, техник, санхүүгийн хүч хамтарсан отрядын 2 жилийн ажлын талаар Намын Төв Хороонд бичсэн нэгэн тайланд “… 849.142 хүнийг толгой дараалан үзэж тус бүр нь яр өвчний илрүүлэх илдэсний сорилт тавьж илэрсэн нийт өвчтөнийг 1960 оныг дуустал хугацаанд бүрэн эмчлэх их ажлыг хийлээ… яр тэмбүү өвчтөний 90 хувийг 1960 оны эцсээр эдгэрүүлж эмнэлгийн хяналтаас хассан байна″ хэмээн илтгээд, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг чандлахгүй бол хүрсэн үр дүн алдагдаж болзошгүйг тэмдэглэсэн байна. Ийнхүү гэр бүлтэй айл өрх бүр голомт залгах үр хүүхэдтэй болж, цус нь эрүүл, нүүр нь бүтэн монгол хүн хорвоод аж төрөх болсон юм. 

Монгол хүн үндсэндээ эрүүлжиж, хүн ам 4.1 дахин өсөж, дундаж наслалт 2 дахин нэмэгдсэн байна. Үүнээс харахад бид өнгөрсөн цаг хугацааны турш хөгжил дэвшилийг бий болгож, төлөвлөгөөт эдийн засаг, хүн амын хөгжлийн бодлогыг 5, 10 жилээр төлөвлөж, Монгол хүний хөгжлийн индексийг дэлхийн түвшинд гаргахад Монгол Ардын Намын зорилго биелэлээ олсон хэдий ч 1990 оноос хойш Ардчилсан нийгэмд шилжихдээ олсон амжилтаа бататгаж чадаагүй нь харамсалтай.

            Та бүхэнд ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭЖ, ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛС МӨНХ ОРШИГ.

Аюулгүйн байдлын судлаач Т.Төрболд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ