Ихрүүд заавал ижилхэн байх ёстой гэж үү
2019 оны 3 сарын 1
Ихрүүд заавал ижилхэн байх ёстой гэж үү
Ихэр хүүхдүүд гадна төрх нь адилхан байх ч, дотор төрх нь өөр өөр, тус тусдаа нэгэн ертөнц гэдгийг ихэр хүүхэд өсгөж буй аав ээж, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн байнга санаж байгаарай. Тухайлан, тодруулж сануулах 4 зүйл байна.

1. Хүүхдүүд жоохон томроод ирэх үе буюу 3-4 наснаас тэдний сонирхдог тоглоом, сатаарах зүйлс тэс өөр болох нь анзаарагддаг. Энэ үед барьцах вий гэж эмээлгүй өөрсдийнх нь сонирхдог тоглоомыг тус тусад нь авч өгч болно.

2. Ихрүүдийн нэг нь юмыг амархан сурч, адтай байхад нөгөөх нь удаан, ноомой байх нь элбэг. Ийм үед ихрүүдийгээ хооронд нь харьцуулж жишиж ялгахын оронд өөр өөрсдийнх нь онцлог, ялгаа, давуу талыг нь сайн ажиглаж урам дэм өгч байгаарай.

3. Ихрүүд хоорондоо усны дусал шиг ижилхэн харагдах нь эгдүүтэй санагддагаас ч тэр үү, ээж аавууд ихрүүдийгээ ижил өнгөөр, ижил загвараар хувцаслаж гоёдог. Энэ нь хүүхдүүд заавал хоорондоо ижил байх ёстой мэт албадлага төрүүлдэг тул 4-5 нас хүрэх үед өөрсдийнх нь сонирхол сонголтыг хүндэтгэж хувцаслаж байгаарай.

4. Ихрүүдийг цэцэрлэг, сургуульд ороход нь аль болох өөр өөр ангид оруулахыг зориорой. Аав ээжүүдийн эндүүрч боддог том зүйл нь хамтдаа байвал дэм дэмэндээ, ханиндаа гэж боддог. Гэтэл ихрүүд нэг ангид байвал:
-Нэг нэгнийгээ даган дуурайж, өөрийн "би"-гээ олж чаддаггүй.
-Багш нар нь санамсаргүйгээр хооронд нь харьцуулан ярьж хэн нэг нь өөртөө итгэлгүй болох хандлагатай. (Нэг нь нөгөөгийнхөө давуу талд дарагдах)
-Зөвхөн хоорондоо л харилцаад бусад хүүхэдтэй ойлголцох, нийгэмших нь удаан байдаг гэх мэт цөөнгүй зөрчлүүд байдаг.

Иймээс ихрүүдтэй хамт байгаа та бүхэн аль болох хувь хүнийх нь сонголтын эрх чөлөөг хүндэтгэж хандаарай.

(БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ