Монголын нийгэм-эдийн засгийн сорилтыг давахад Баялгийн сан гарц болно
2019 оны 3 сарын 5
Монголын нийгэм-эдийн засгийн сорилтыг давахад Баялгийн сан гарц болно
Канадын Торонто хотноо болж буй дэлхийн эрдэс баялгийн салбарын хамгийн том цугларалт болох “PDAC-2019” олон улсын чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.

Чуулга уулзалтын үеэр “Mongolia@PDAC-2019” арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монголын баялаг, сорилт ба боломжууд” сэдвээр илтгэж, хэлэлцүүлэв. Тэрбээр Монгол Улсын макро эдийн засаг, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар илтгэлдээ онцолж, стратегийн ордууд болон хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Түүнчлэн байгалийн баялгийн нөөц ихтэй улс орнуудын хөгжлийн туршлага, шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэхээр судалж байгаа бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК онцлох үүрэг, оролцоотой байхын хувьд юуны түрүүнд уул уурхайн нөөцийг үр ашигтай удирдах Баялгийн сангийн хууль батлахаар ажиллаж буйгаа илтгэлд тодотгожээ. Тухайлбал, “Канад улсын хувьд нийт экспортын 1/5 буюу улсын төсвийн орлогынх нь зөвхөн 2.4 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байхад Монгол Улсын хувьд экспортын 4/5 хувь буюу улсын төсвийн орлогын 22 хувь нь уул уурхайн салбараас шууд хамаарч байна. Уул уурхайн салбараас хэт хамаарсан эдийн засгийн төрөлжилтийн саармаг байдал нь дунд хугацаанд тулгарч буй макро эдийн засгийн сорилт юм. Мөн газрын баялгаас олох орлогоо хэрхэн шударга, хүртээмжтэй хуваарилах вэ гэдэг нь бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болж байна. Эдгээр сорилтыг шийдэх арга нь шинээр байгуулах Баялгийн сан байх бөгөөд “Эрдэнэс Монгол” компани энэхүү сангийн суурь болох юм” гээд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхайн салбарын үзүүлэлттэй холбон мэдээлэл өгөв. 

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг 87 дахь удаагийн “PDAC-2019” олон улсын зөвлөлдөх чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөгчид оролцож байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ