“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны тэргүүн байрын захидал
2019 оны 3 сарын 12
“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны тэргүүн байрын захидал
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаанд түрүүлсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Б.Аюушжавдаа бичсэн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу? Ээжээ. Сайхан хаваржиж байна уу? Таны минь бие сайн биз дээ. Миний муу ээж юу л хийж сууна даа. Ээжээ охин нь хэн нэгэнд захиа бичиж байсангүй ээ. Амьдралдаа анх удаа тандаа зориулан энэхүү захиаг бичиж сууна. Охиныхоо бичсэнийг сэтгэлээрээ сонсож ойлгоорой ээжээ.

Анх мэдээ орсон цагаасаа л эхлэн тантайгаа зөндөө зүйлийн талаар ярилцах юмсан гэж хүсдэг байлаа. Таныгаа хэлгүй дүлий гэдгийг мэдчихээд шидтэн болохыг хүсдэг байсансан, тэгвэл ээжийгээ ярьдаг бүр дуулдаг болгоно доо гэж боддог байлаа. Хэзээ ч биелэхгүй боломжгүй гэдгийг өвөө минь хэлэхэд /үгүй ээ, би том болоод ээжийгээ заавал хэлд оруулна/ гэж хэлдэг байж билээ. Ээжээ охин нь тандаа зөндөө хайртай шүү.

Ээжээ та минь санаж байна уу? Та минь намайг зам хөндлөн гарч чадахгүй гээд сургуулийн хашааны гадна хүлээдэг сэн. Сургуулиас намайг гараад  ирэхэд дуудаж даллана, харин ангийн хөвгүүд “хөөе хэлгүй ээж чинь ирлээ” гэж шоолно. Би тэр үед танд уурлаж “гэртээ байж байхгүй юу хийж яваа юм бэ” гэж дохиход та хүүхдүүдийн ярихыг сонсоогүй болохоор инээгээд л пичень өгдөгсөн. Дараа өдөр нь дахиад ирэхэд, би хүүхдүүдээс ичээд сургуулийн арын хашаагаар гараад явчхаж билээ. Харин та тэндээ намайг зөндөө хүлээсэнсэн. Одоо бодоход ангийн маань хүүхдүүд, бас би өөрөө хүүхэд болохоор тэнэг байж дээ. Ээжийгээ гомдоосон байх даа. Уучлаарай охиныгоо, тэнэг охиныгоо уучлаарай. Бас хамтдаа цирк үзэж байгаад алиалагч гарч тоглоход та минь үнэхээр чанга инээхэд хүмүүс тань руу эргэж харахад би ичсэндээ таныг чимээгүй гэж дохьсон. Харин та минь дахиж инээгээгүй. Бас автобусанд  суудал олж суугаад намайг суулгах гэж дуудахад би ичээд хүний араар орчихсон. Таныгаа бас л гомдоосон байх даа.

Арай томхон болж 8, 9 дүгээр ангид ороод л таныгаа илүү ойлгож эхлэсэн дээ. Та цэвэрлэгч хийж, би тань дээрээ хичээлээ тарж очихдоо талх чихэртэй хавсарч аваачиж өгдөгсөн. Харин тэр үед би ичихээ больчихсон харин ч бахархаж байсан.

Ээжээ охин нь 6 хүүхдийн ээж болсон, танаасаа салбарлаад өнөр олуулаа болж байна даа. Бага хүү маань нэг удаа ээжээ та эмээг хэлгүй, хэлгүй гээд л байсан чинь эмээгийн аман дотор аймаар том хэл байна лээ шүү дээ гэж хэлж инээлгэж билээ. Одоо би хүүхдүүддээ хүнийг дутуу юмаар нь гоочилж, дуурайж, шоолж болдоггүй шүү гэж захиж хэлдэг.

Одоо удахгүй охин нь эмээ болно, харин та минь буурай эмээ болно.

Хоёулаа хамтдаа өтөлж, хамтдаа жаргана аа. Хэрвээ хойд нас гэж байдаг бол хоёулаа дахин ээж охин болж төрөөд зөндөө ихийг ярилцана шүү. Шөнө, өдөр хоёр ч багадах байхдаа та бид хоёрт. Тэр үед би таныг ээжээ гэж дуудахад та над руу харж миний охин нааш ир гэж хэлээрэй. Би тань дээрээ гүйгээд л очно шүү ээжээ. Тиймээ би хорвоогийн хамгийн сайхан ээж дээрээ гүйгээд л, гүйгээд л очно оо.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ