Мөнх төрийн Мөнгөн магнай
2019 оны 3 сарын 14
Мөнх төрийн Мөнгөн магнай
Төв аймгийн Баянжаргалан сумын Чимэддэлэг гэж сүүл цагаан хурдан харлаг азаргатай хүн байжээ. Харлаг азарганы төл нь Даваанэрэн начингийн ххүрэн халзан азарга, хүрэн халзан морь хоёр хурдалж нэрд гарчээ.
Хүрэн халзан азарга морин биетэй, ясархаг урт толгойтой, толгой дээртэй, хамрын нүх нь дээшээ сэтэрхий юм шиг том харагддаг, гурвалжин хөмсөгтэй том хурц нүдтэй, сормуус нь урт, нарийн чанга сайхан дуутай магнайгаараа яльгүй өргөн туушхан зурвас халзан, бүх бие нь элгэн хүрэнт зүстэй, бөгтрөг сайтай, хомбогор бөгстэй, шулуун боривтой, хоолой хэнхдэгтээ том том хонхортой азарга байжээ. 

Хүрэн халзан азарга улсын их баяр наадамд 1952 онд хязаалан түрүүлж 1953 онд соёолон дөрөвт 1955 онд долоон настай азарга түрүүлж 1959 онд дахин түрүүлж 1960 онд дөрөвт 1962 онд айрагдаж Улсын их баяр наадамд дөрөв түрүүлж гурав айрагдсан түүнд Баяр наадмын комиссоос "Мөнх төрийн мөнгөн магнай" нэр цол олгожээ.
Хүрэн халзан азарга сүвээний хавиргаа дагасан олом татсан мэт урт эргүүлэгтэй байлаа. Тэр эргүүлэг түүний үрийн үр Маарын хээр азарганд ч мөн адилхан байлаа.
Халзан азарганы үр төлөөс Хэнтий, Төв, Дорноговиор ихэд тархан хурдалж байна. Хэнтий аймгийн бауун талын сумд Дэлгэрхаан, Жаргалтхаан, Дархан сумд Дорнрговийн Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх сумд Төв аймгийн Баян, Баянжагалан, Баянцагаан, Сэргэлэн, хойд талаадаа Баянцогт сумдад олон хурдан адуу гарч одоо болтол хурдалсаар байна. 
Тухайлбал Баянцогт сумын Цэнддоржийн хүрэн азарга улсын наадамд онд гуравт 1969 онд түрүүлсэн гэх мэтээр төв аймгий эргэн тойронд бичвэл урт цуваа болно. Холхон гарсан адууны хурдан төлүүдийн тухай товч дурдая. Дорноговь аймгийн Иххэт сумын монгол улсын алдарт уяач хурдан морьт Лутмөнхийн Нарангэрэлийн гол азарганы нэг нь Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэнгийн Санжаагаас авсан хүрэн халзан азарга байжээ. 
Тэрбээр Улс, бүс, аймаг сумдын наадмаас хоёр зуун тавиад айраг түрүү авч Монгол улсын алдарт уяач цол хүртэхэд халзан азарганы үр төлүүд ихээхэн тулгуур болсон гэдэг. Мөн Алтанширээ сумын уяач Довдондорж Санжаагаас хүрэн хадзан даага авч азарга тавьжээ. 
Тэр азарга сумынхаа 20 жилийн ойд түрүүлж гурван удаа айрагдаж Доогийн халзан гэж нэрд гарчээ. Халзан азаганы үр төлүүд хурдан байж Дорноговьд “Доо адуу” гэж яригдсан бэсрэг угшил болон тархав. Энэ бүхний төлөөлөл болгон Даваанэрэнгийн хүрэн халзан азарганы үрийн үр Маарын хээр азарганы тухай өгүүлэе. 
Маарынх нэгдлийн хуц ухна хариулж айлуудаас зөдгийхөн ганц гэрээр голдуу байна. Паргиа Гомбосүрэнгийн хээр гэж Мишиг баргаас авсан том хээр азарга байлаа. Товир сайхан биетэй долгиотсон өтгөн дэл сүүлтэй бор хээр азарга жил бүр 5-р сарын нэгэнд болдог Майн нэгний баяраар их насны морьтой уралдуулахад түрүүлээд ирдэг байлаа. Мишиг тэр хээр азарганы төл гүүнүүдийг Галшараас гаралтай хээр азарганд хураалгаж товир биетэй, гэдэс хээл сайтай олон сайхан хээр гүүтэй болсон байв.
Тэр гүүнүүдийн нэг том бор хээр гүү Маарт байлаа. Хээр гүүг Даваанэрэнгийн халзан азарганы төл цавьдар халзан азарганд хураалгав. Тэр хоёрын дундаас яавч зүгээр адуу гарах учиргүй байлаа. Үнэхээр зүгээргүй адуу төрсөн байв. Оторт тэдний адууг авч явсан Баяраа нэг өдөр Маарынд ирээд ингэж ярьжээ. Хаврын нэг хуйсгануур өдөр шуурга тавимаар болоод цасан шамрага хуйрганаад байхаар нь адуугаа хумиж дээш нь шахаж Уртын ам өгсүүлээд тууж явтал танай хээр гүү унагалах гээд ус нь гарчихсан байв. 
Хээр гүү явдал дундаа унагалчихлаа. Унага эхээсээ унжиж эхлээд урд хоёр хөлөөрөө газар тултал төдхөн бөгс нь гарч дөрвөн хөл дээрээ тэнцэн зогсож босоо төрсөн шүү гэжээ.
Эр хээр унага тэр тусмаа босоо төрсөнд баяртай байлаа. 
Маар энэ тухай хүнд ярьсангүй. Монголчууд “Босоо” төрсөн адуу хэзээд сайн адуу болохыг мэднэ. Тийм болохоор хүнд хэлдэггүй. Өөрөө л ид шидийг нь үзэхийг эрхэмлэнэ. Ер нь унага босоо төрөх нь ховор бөгөөд хааяа босоо төрсөн унага эрхбиш сайн адуу болдог. Улс, аймгийн наадамд түрүүлж нэрд гарсан цөөн адууг би мэдэх юм. Ховор төрдөг энэ шөрмөстэй адууг билэгдэж хүмүүс “БОСОО” гэж нэр өгөх нь бий. Эсвэл олон түрүүлсэн онцгой хурдан моринд Жишээ нь Босоо хээр, Босоо улаан, Босоо хүрэн гэх мэт зүсээрээ хоршин алдаршсан байдаг. Босоо төрсөн хээр унага даага боллоо. 
Хойтон жил нь 1979 оны улсын наадамд хээр даагыг Маарын ах Чогдон уяж аман хүзүүдүүлэв. Түүнээс хойш төдийлөн олигтой уяж чадалгүй байсаар 1982 оны наадамд соёолон азарга Маар өөрөө уяв. Тэгэхэд тун хурдан байлаа. Нэг нутгийн Сэргэлэн сумын Одын хонгор, ээрүү Жамъянгийн хул, Хэнмэдэхийн саарал соёолонгууд нэгэн үед хурдалж байв. Гэвч Маарын хээр соёолон энэ гуравыг давхил бүхэндээ өнгөлсөөр байлаа. 
Улсын наадмын өмнөхөн нэлээд халамцсан Маар ердөө чөдардөж үзээгүй соёолон азаргаа чөдөрлөж орхисон байв. Маргааш нь чөдөрлөсөн гурван хөл нь пэнбийтэл хавдсан байсан учир тэр жилээ давхиулсангүй. Тэр наадамд нөгөө гурван соёолон бүгд айрагдсан байлаа. Морь уяж байгаа үедээ архи уухын хорыг ингэж биеэр амсав. Хээр азарга улсын наадамд 1986 онд аман хүзүү, 1987 онд гуравт, 1989 онд тавд давхиж 1990 онд түрүүлснээр “Маарын хээр” гэж цууд гарав. 
1992 онд мөн аман хүзүүлж 1994 онд айрагдав. Улсын их баяр наадамд нэг түрүүлж гурван удаа аман хүзүүлж гурван удаа àайрагдсан хээр азарга босоо төрсөн адуу ямар болохыг харуулж байлаа. Харин хээр азарганы өвөг эцэг З.Даваанэрэнгийн “Мөнх төрийн Мөнгөн магнай” хүрэн халзан азарга Улсын их баяр наадамд гурав түрүүлж хоёр айрагджээ. Удам угшил гэдэг ийм байдаг ажээ. Энэхүү яриаг нэхэн тунгаавал лавтай мэдэгдэж байгаагаар Маарын хээр азарганы хоёроос гурван удаа айраг түрүү хүртэх боломжийг үгүй болгожээ гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Маарынх ганц гэрээр голдуу байх учир хээр азаргандаа ганцаарнд нь давхил өгч сунгаанаар голдуу морьтой нийлүүлнэ. 1986 оны наадам дөхөж байлаа. Тэр жил Долоонууланд болсон Сунгаанаар Сэргэлэн сум наадмаа хийлээ. Дундговь аймгийн улсад явж байгаа морьд нийлсэн өргөн наадам болов. Наадмаар дэл нь шаширласан том улаан хээр азарга сунайсаар салхи шиг орж ирэв. Хүмүүс 
Хүмүүс явж байдаг адуу байх чинь вэ! Мөн ч тэнийж байна шүү гэлцэн байв. Төдхөн Маарын хээр байна гээд шуугиад явчихав. Хурдан адуу давхилдаа томорч харагдахыг тэгэхэд анх мэдэрч билээ. 
Тэр өглөө Маарынд нутгийн Цэдэв гээч эр буугаад мордохдоо, Чи азаргаа явуулаад нэмэргүй. Ийм тарган азарга няцарна гэлээ.Азарга мордуулахад хээр азарга ч мордож Цэдэв машинтай дагажээ. 
Азарга зурхай хүрээд эргэхэд хээр азарга сүүл хэрд гарч газрын дунд ороход дундаас дээш гарч байна гэнэ. Газрын цээжинд ороод иртэл цээжний хэлэн моринд хүрээд шут туулаад дэл нь шаширлаад гараад явчихжээ. Тэгээд хээр азаргыг түрүүлэн түрүүлтэл дагаад Маар дээр очжээ. Тэгээд 
ихэд бахдан "Чиний энэ ёстой бузар амьтан юм даа" гээд толгой сэгсрэн шагширан бахардаж байжээ. Маар хээр азарганыхаа хоолыг ер нь хасдаггүй тарган туранхай аль ч ирэн дээр нь онгойлгож уяна.
1993 онд хээр азаргаа арван найман настай Төв аймгийн 70 жилийн ойн наадамд хол түрүүлгэсэн боловч азарга будилсан гээд хасагджээ. Тэгэхэд улсын наадмын морь төв аймагт уралдсан юм. 1994 онд арван есөн настай азаргаа Улсын их баяр наадамд уяж очив. Тэр жилийн наадамчин олны үзэх гол уралдаан азарганы уралдаан байлаа. Учир нь Маарын хээр азарга 19 настай мордож байлаа. Наадамчид өөр хоорондоо, 

- Өнөөдөр Маарын хээр айрагдах болов уу? 

-Арай барахгүй байхаа. Олон залуу сайн азарга түрээд орж ирсэн шүү дээ!

-Ээ аварга буйраараа ороод ирэх байхаа, гэхчилэн ярилцан байвч дотроо Өвгөн хээр азарга минь айрагдчихаасай гэж байгаа нь илхэн байлаа. Азарга ирлээ. Наадмын дэнжид хурсан мянга мянган наадамчид түрхрэн шуугиад явчихлаа. Айргийн таван азарга арын морьдоосоо жаахан тасархай орж ирэхэд өвгөн хээр азарга айргийн тав дээр төвөггүйхэн наадамчин олны дэмжин түрхэрсэн түрлэгтэй хамт нижигнэсэн алга ташилтын дундуур орж ирлээ. 
Гэтэл яг зурхай дээр орж ирээд бүдрэв. Наадамчин олон нэгэн дуугаар уулга алдлаа. Тэнд зүгээр л бүдэрсэн байлаа. Зурхай алхангуут морь бариач жолооноос нь шүүрэн авч барианд давхин ороход наадамчин түмэн бүр их чимээгээр уухайлан алга нижигнүүлж байлаа. Морио үнэхээр мэддэг түмэн олон ингэж хурдан морио бие сэтгэлээрээ жарган үзэж цэнгэн нааддаг ажээ.
Ингэж л монголын нэгэн домогт хүлэг арван есөн насандаа улсын их баяр наадамд айрагдаж зодог тайллаа. Хээр азарга босоодуу ястай, чихний үзүүр нарийн болоод уртлаг, толгойны хэв гоёмсог, түүшүү өргөн, хоёр хаандаа нэвт төө илүү урт эргүүлэгтэй, сүвээний хавиргаа дагасан олом татсан юм шиг бүслүүрдсэни эргүүлэгтэй байлаа. 
Шийдэмгий хурц сайхан давхилтай, суултгүй, моринд ардаасаа гүйцэгдэх дургүй арын морины туурайн чимээгээр холдож байдаг, ер нь эцсээ хүртэл урагшаа тэмүүлэх нь бахтай ховорхон төрсөн хүлэг юм. 
Хээр азаргыг зодог тайлснаас хойш хойш хоёр жилийн дараа өвөл Маар гуайнд буухад хорин нэгэн настай хээр азаргаа гаднаа тэжээн онд оруулж байлаа. Хээр азарганд явсан арав гаруй гүү бүгд хээлтэй гэж байсан. Түүний үр төлөөс азарга тависан хүмүүс Төв аймагт цөөнгүй байдаг. Хэдэн жилийн өмнө Дорнрговь аймгийн Дэлгэрэх суманд явж байлаа. Хурдан будан азаргаараа аймагтаа нэрд гарсан Түмэн өвгөний гадаа хэдэн сайхан хүрэн халзан үрээ хөнгөлөхөөр хөөцөлдөж байлаа. 

-Та ямар сайхан үрээнүүд хөнгөлж байгаа юм бэ? Жаахан хүлээж болохгүй юм уу гэсэнд

- Гайгүй адуу мал сурсан хүн ирж магад гэж нэлээд харлаа. Айлын адуу үймүүлээд алга болчих гээд байх юм. Настай хүн чинь мордож бууж сууж чадахгүй, адуундаа дарлуулах янзтай болж байна. Өнөөдөр нутгийн хүүхдүүдийн зав чөлөө гарсан дээр хэдэн үрээндээ гар хүрч байгаа юм.

-Танай адуу чинь бас ийм хүрэн халзан азаргатай юм уу?

-Үгүй ээ. Будан азарганыхаа төл гүүнүүдийг Маарын хээрийн төл азарганд хураалгасанд ийм зүстэй адуу гарах юм.

-Тэгвэл адуу дээд талынхаа аль сайн удмыг татаж төрдөг гэдэг ийм учиртай байх нь байна шүү. Маарын хээр азарга чинь Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэн начингийн МӨНХ ТӨРИЙН МӨНГӨН МАГНАЙ хүрэн халзан азарганы төлийн төл юм шүү дээ гэлээ. 
Тэр үрээнүүдийн хэлбэр хийц, уртлаг хатингар толгой, хурц зоримог нүд, дошгин байгаа зэрэг нь халзан азарганы шинж байдал, зан аашын тухай хүмүүсийн ам дамжуулан ярьж ирсэн төлөвийг аргагүй сануулж байв.

"Уяачийн ном" номноос 
Эх сурвалж http://www.info.mn
Мөнх төрийн Мөнгөн магнай
Мөнх төрийн Мөнгөн магнай
Мөнх төрийн Мөнгөн магнай
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ