Хөөргөө тас атгадаг гараараа хүүхдээ тэврээч, аавууд аа
2019 оны 3 сарын 22
Хөөргөө тас атгадаг гараараа хүүхдээ тэврээч, аавууд аа
Дэлхий хэмээх цэнхэр гараг дээр 7 тэрбум хүн амьдардаг юм гэнэ лээ. Орон орны хүмүүс байтугай орцон дахь хажуу айлаа ч таньдаггүй, тухтайхан хоёр үг солихыг хойш тавьдаг хачин хөгийн цаг үед бид амьдарч байна. 

Монголчууд 20 гаруй жилийн өмнө нийгмийн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжихдээ эд хөрөнгийн гарз огтхон ч гаргаагүй. Харин бусдыг хүндэтгэх, энэрч хайрлах, байгаадаа сэтгэл ханаж цээж тэнэгэр амьдрах, шуналын тэчъяалыг дарах гээд олон сайхан чанаруудаа гээж орхисон бололтой. Гудамж талбай, албан байгууллага, өргөн чөлөө, өндөр байшингуудад хүмүүсийн биеийн урсгал зүү орох зайгүй битүү байх авч дотоод мөн чанарын хувьд хоосрон эзгүйрчээ.
Монголчууд юугаар баян юм бэ. Өнөөдрийн байдлаар бол хийрхэл, хэлбэрдэлт, аргацаасан арчаагүй зан, зусардалт, хууран мэхлэлт, муу нь муугаа дээрэлхдэг явдал, урвалт шарвалт, хоноцын сэтгэлээр л баян болчихож. Энэ бүхний оройд нь зарим эрчүүд тоос манаргаж явах нь юутай гутамшиг. Амьдардаг байшин, ажлын өрөө, унадаг машин, өмсдөг дээл, өвөртөлдөг хөөрөг, зүүдэг цаг, барьдаг цүнх, ярьдаг утас бүгд том болсон. Ялангуяа монгол эрчүүдийнх жил ирэх тусам томорсоор л байгаа. Харин хүн чанар, жудаг ёс, хайрлаж энэрэх сэтгэл, холч ухаан томорсонгүй, тэлсэнгүй. Өөрөө юу ч бүтээхгүй хэрнээ бусдын босгосон бүхэнд хорсч, бачуурч амьдрагсад яасан олон болоо вэ. 
Хорвоо дэлхий хэдий уужим ч хүнд эх орон нь ганц, хүн төрөл нэг л олддог. Охинтой, хүүтэй хүн орчлонд жаргадаг байтал нялх нялзрай үрээ араатнаас ч дор тамлаж суудаг эрчүүд бидний дунд амьдарч байна. Бусдын дунд байхдаа гөлөг шиг харц дальдрах ийм муу эрчүүд гэрийнхээ хаалганы цаана арслан барс шиг авирлаж, үр хүүхдийнхээ амийг тасалж, яргалж байгаа нь юутай эмгэнэл вэ. Зүрх зүсэгдэж, яс шархирч байна. Аав болно гэдэг чинь аз жаргалын дээд биш болчихсон юм гэж үү. Хүүхдээс чинь том хөөрөг гэж байдаггүй юм. Үнэтэй хөөргөө хөлөртөл атгадаг гараараа үрээ энхрийлэн тэврээч, аавууд аа. 
Чин сэтгэлээсээ гуйя...

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ