П.Төмөртогтох: Тэр дивизийн захирагч Ч.Шаарийбууг баатар болгодоггүй юм бол цагаатгах ёстой
2019 оны 4 сарын 8
П.Төмөртогтох: Тэр дивизийн захирагч Ч.Шаарийбууг баатар болгодоггүй юм бол цагаатгах ёстой
Иргэн П.Төмөртогтох редакцид хүсэлттэй ирэв. Тэрбээр “Л.Дандар гэж ганц хүнийг тахиулан шүтүүлэх гэхдээ эх орныхоо төлөө эрэлхгээр тулалдаж амь үрэгдсэн, шархадсан дайчдын гавьяаг үгүйсгэж, улмаар хэлмэгдүүлж, бүх насаар нь хохироосон нь буруу. Л.Дандар болбоос монголчуудад туслахаар ирсэн, Зөвлөлтийн цэргийн даргыг буудаж хөнөөсөн хүн. Шүүх хурлаар таслагдаж, ял эдэлж байсан баримт бий. Батлан хамгаалахын түүх, архивт материал, тэмдэглэл нь байдаг” гэж байлаа.  П.Төмөртогтох бол “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий инженерээр 20 гаруй жил ажилласан, тус үйлдвэрийн уран сайхны зөвлөлийн гишүүн байсан, Р.Доржпалам, С.Гэндэн нарын алдартнуудтай хамтран уран сайхны хэд хэдэн кино ч хийсэн ахмад уран бүтээлч аж. 
Тэрбээр дээр ярьснаа бичсэн ил захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий прокурор нарт илгээсэн бөгөөд чухам ямар учиртай болохыг олон нийтэд мэдээлэхийг зорьж яваа аж. Өдөр тутмын нэр хүндтэй сонин гэж “Өнөөдөр” сониныг сонгосноо ч хэлэв. Ил захидлынхаа нэг хувийг гардуулаад, тэнд юу бичсэн, яагаад төрийн өндөр албан тушаалтнуудад хандсан талаараа ярьсан юм. Ахмад инженер хоёр хүний хувь заяаны асуудал хөндөв. Нэг нь түүний аав, Халх голын ахмад дайчин Ш.Пүрэв. Нөгөөх нь түүний дарга 1939 оны тавдугаар сард болсон хүч тэнцвэргүй тулаанд эрэлхгээр байлдаж амиа алдсан ч, урвагч хэмээгдэн, нэр нь түүхийн хуудаснаас арчигдах шахаж буй, Матадын зургадугаар морьт дивизийн 17 дугаар хорооны захирагч Ч.Шаарийбуу ажээ. 
П.Төмөртогтох үндэслэлгүй зүйл ярьж, төрийн өндөр албан тушаалтнууд болон олон нийтийн толгойг эргүүлж яваа юм биш гэдгээ хэд хэдэн баримт, нотолгоог үндэслэн тайлбарлаж явна. Баримталж буй эх сурвалж, нотолгоо нь нэгдүгээрт Халх голын дайнд их бууч байсан аав Ш.Пүрэвийнх нь хааяа амнаасаа унагаж байсан яриа, хоёрдугаарт, тус дайны амьд гэрч, өдгөө 101 настай Монгол Улсын баатар Шагдарсүрэнгийн “Соёмбо” сонинд өгсөн ярилцлага, мөн түүний “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтүүлэгт өгсөн ярилцлага, гуравдугаарт “Зөвлөлтийн генералууд” ном юм. Эх сурвалжуудын мэдээллийг нягтлан дүгнэж, эх орныхоо төлөө эрэлхгээр байлдан амь эрсэдсэн дивизийн захирагч Ч.Шаарийбууг цагаатгаж, Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах, хороон захирагчийн удирдлагад үнэнчээр байлдаж байсан ч, До яамныхны сүрдүүлгээс болж, насаараа амаа хамхиж зовон, нярваас дээш ажил хийх эрхгүйгээр хэлмэгдэж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн төрсөн эцэг Ш.Пүрэвийг мөн цагаатгаж, дайчдад олгосон одон, медалиудыг нэхэн олгуулах, Дандар баатарын түүхийг нягтлан судалж, байгуулсан гавьяа гэх тодотголыг эргэн харж, цаашид үнэн мөнөөр нь авч явах гэх зэрэг шаардлагыг ил захидлаараа дамжуулан тавьж буй юм байна. Түүнтэй ярилцлаа.    

-Таны ил захидалд хариу өгөв үү?

-Улсын Ерөнхий прокурорын газраас хариу өгсөн. Тагнуулын ерөнхий газарт хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлсэн байна.

-Та аавынхаа тухай ярих уу. Халх голын дайнаас ирээд ямар ажил хийж, хэрхэн амьдарсан бэ?

-Миний аав Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, 1987 онд 72 настайдаа өөд болсон. 1939 онд Халх голын дайны үед Матадын зургадугаар морьт дивизийн 17 дугаар хорооны захирагч Ч.Шаарийбуугийн удирдлагад байлдаж явсан дайчин юм. Их бууч байсан. Оросоор наводчик гэдэг дээ. Бага байхад пулемёт их хүнд, 80 кг жинтэй,  дарга хаанаас бууд гэсэн тушаал өгнө, тийш нь шилжүүлж бууддаг гэх зэргээр ярьж өгдөг байсан юм. Батлан хамгаалахын төв архиваас авсан лавлагаад аавын тухай мэдээлэл бий. “Наводчик, Шийлэгийн Пүрэв, 23 настай, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн харьяат, 1938 оны 07.08-ны өдөр цэргийн албанд ирсэн. 1939 оны 07.24-ний өдрийн байлдаанд хүнд шархадсан” гэж бичсэн байдаг. Мөн VI морьт дивизийн 17 дугаар морьт хорооны гавьяа байгуулсан хүмүүсийн бүртгэлийн 158 дугаарт “Эвлэлийн гишүүн, дайсан дээр онц сайнтай галыг нээж, өөрийн анги ямар ч хохирол үзээгүй” гэж байдаг. Тус морьт дивизээс удаа дараагийн байлдаанд онц баатарлагаар байлдсан хүмүүсийг үнэ бүхий зүйлээр шагнуулахаар тодорхойлсон бүртгэлийн 119-д “Шийлэгийн Пүрэв. 17 дугаар морьт хорооны пулемёт суман, 7 сарын 24-ны өдрийн байлдаанд идэвхтэйгээр, эрэлхгээр байлдсан ба хувьсгалт цэргийн сахилга журмаар онц сайн, дарга нарын тушаалыг цаг тухайд нь биелүүлдэг учир үнэ бүхий зүйлээр шагнав” гэж байдаг. Өвөрхангай аймгаас Халхын голын дурсгалын тэмдэг олгуулахаар тодорхойлсон бүртгэлийн 25 дугаарт “1939 оны 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл VI дивизэд дарга Л.Дандарын удирдлагад байлдаж явсан, гартаа үлэмж шарх олсон, гавьяа шагнал аваагүй” гэж бичсэн нь бий. 

-Сайн байлдагч байсан санагдлаа. 

-Баримтаас харахад тийм атлаа аав минь хэлмэгдсэн юм. Аавыг армиас халахдаа “Чи тэр урвагчийн нэрийг март. Шархадсан гэж бүү чалч, шархаа хүнд бүү үзүүл. Хэнд ч хэрэггүй хэдэн зургийг чинь устгалаа. Нярваас дээш ажил хийж болохгүй. Чи мориноос унаж, мөрөө гэмтээсэн шүү” гэж хэлээд явуулсан юм билээ. Урвагч гэж Ч.Шаарийбуу захирагчийг нь хэлж байгаа юм. Аав шархаа их нуудаг байсан. Хааяа ил гарчихсан байхаар нь цамцаараа хурдхан дараад авдаг байсан. Монгол бичигт сайн, шинэ үсэг ч мэддэг хүн тухайлбал багшлах боломжтой ч, сумын хоршооны түүхий эд бэлтгэлийн ангид л ажилладаг байлаа. Нярваас дээш ажил хийж болохгүй гэж заасан болохоор зөрчихийг хүсдэггүй, гэр бүлдээ, хүүхдүүддээ гай болохгүй гэж боддог байж л дээ. 

-Даргыг нь яагаад урвагч гэсэн юм бол?

-1939 оны үед Монголд шударга ёс гэдэг зүйл байхгүй болсон, ямар ч гэм хийгээгүй жирийн иргэдээс эхлээд,  цэргийн алба хаагчдыг ч хэлмэгдүүлж, хорьж, заримд нь хилс хэрэг тулгаж, улмаар хороож байжээ. Бид энэ тухай түүхээс мэднэ. Үүний нэг бол Халх голын байлдаанд баатарлагаар амь үрэгдсэн Ч.Шаарийбуу гэдэг хүн юм. Тэр бол Матадын зургадугаар морьт дивизийн 17 дугаар хорооны захирагч. Миний аавыг командалж байсан дарга. Тэр хүн дивизийн захирагчийн зэрэгцээ байлдаанд ороход нүүрэнд явах ёстой, 150 хүний бүрэлдэхүүнтэй  сургуулийн сумангийн захирагчаар давхар  ажиллаж байжээ. Сумангийн захирагч нь Лхагважав гэж хүн байсныг тухайн оны тавдугаар сарын 24-ний өдөр барьж аваад, явсан гэдэг. Хороосон уу, ямар ч байсан эргэж ирээгүй. Тус суман даргагүй болоход дивизийн захирагч өөрөө давхар командлах болсон байна л даа. 

-Захирагч Ч.Шаарийбууг урвагч гэх болсон шалтгаан юу юм бол?

-Маршал Х.Чойбалсан өөрийгөө тахин шүтүүлдэг хүн байсныг бүгд мэднэ. Тэр сэтгэлгээгээрээ дайны талбараас хэн нэг хүнийг баатар болгож, өөр шигээ тахиулах зорилгоор Л.Дандарыг сонгосон юм болов уу. Хүч тэнцвэргүй тулаанд амь үрэгдсэн цэргүүдийн дунд дивизийн захирагч Ч.Шаарийбуугийн цогцос байхыг хувцсаар нь таньж олсоор байхад түүнийг нэмэлт хүч дуудахаар яваад ирээгүй, дайсанд бууж өгсөн, урвасан мэтээр яриа гаргаж, оронд нь томилсон Л.Дандарыг хэтрүүлэн магтаж, өргөмжилж, улмаар дайн дуустал тус дивизийг командалж байсан түүх зохиосон байх юм билээ. Үнэн хэрэгтээ Л.Дандарыг 1939 оны тавдугаар сарын 28-нд захирагчаар томилоод, долдугаар сарын 20-нд албан тушаалаас нь буулгасан байдаг. Түүний оронд маршал Цэргийн ерөнхий сургуулийн ажил ангийн дарга байсан С.Чойндонгавааг томилсон баримт бий. Тэгэхээр Л.Дандар тус дивизийг дөрвөн сар биш 40 гаруй хоног удирдаж байсан бөгөөд дайн дуустал хаана, юу хийж байсан нь тодорхойгүй. Ийм байсаар атал Л.Дандарыг ард түмний дунд ялагдашгүй баатар мэтээр ойлгуулж, тахин шүтүүлж байдаг. Түүний цаана Халх голын дайны салхийг хагалсан, тавдугаар сарын 10 болон 28-ны өдөр маш чухал байлдаанд гавьяа байгуулан, амь насаа алдсан Ч.Шаарийбуу захирагчтай дайчдын үйл хэргийг дурсахгүй баллуурдаж, түүхийн хуудаснаас арчихыг оролдож ирсэн байна шүү дээ. Үүнийг одоо судлах хэрэгтэй.    
Халх голын дайны тухай товч ярья. Хамгийн том байлдаан нь наймдугаар сард болсон. ЗХУ-аас Г.К.Жуков жанжин ирж, удирдсан байлдаан, наймдугаар сарын 20-31-нд болсон. Томоохон тактик боловсруулаад арав гаруйхан хоногт дайснаа ялсан. Квантуны армийг Халх гол, Монголын хил хоёрын дунд хавчуулж байгаад бут цохисон. Энэ тухай “Зөвлөлтийн алдарт генералууд” гэдэг номд тодорхой байна лээ. Орчуулсан бэлэн ном бий, хэн ч ойлголт авч болохоор. Түүнээс өмнө ямар байлдаан болдог байсан бэ гэхээр дайсны тал өдөөн хатгадаг, манайхан эсрэг байлддаг байж. Манай талын гол арга бол хориглох байлдаан байсан. Давших байлдааныг сүүлд, дээрх хугацаанд хийсэн гэсэн үг. Тавдугаар сард хэд хэдэн хориглох байлдаан болсны нэг нь түрүүнээ хойш дурдаад байгаа тавдугаар сарын 27, 28-ны байлдаан. Сүүлийн өдөр нь их ширүүн тулаан болсон юм билээ. Дайсны илт давуу хүчтэй манай хэдхэн цэрэг байлдсан бөгөөд үр дүнд нь дайсныг нутгийн гүн рүү оруулаагүй гавьяатай. Хэрвээ тэр өдлөр дайсныг алдчихсан бол манайхан давших байлдаан хийж чадахааргүй байдалд орох байсан гэдэг. Ийм чухал үүрэг гүйцэтгэсэн дайчид, даргыг нь дайсанд бууж өгсөн, урвагч хэмээн цоллож, удирдлагад байсан цэргүүдийг “урвагчийн цэргүүд” хэмээн ад шоо үзэж, хэлмэгдүүлсэн байдаг.  

-Та зөвхөн аавыгаа биш, даргыг нь бас цагаатгуулах, улмаар түүнийг Монгол Улсын баатар байх гавьяа байгуулсан хүн гэж үзэж, энэ бүхнийг гүйцэлдүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Бүтэх болов уу?    

-Бүтэх байх аа. Үнэн нотлогдох өдөр ирнэ. Болсон үйл явдлуудын тухай худал ярьж, бичиг баримтуудад худлаар нь бичиж, өөрөөр хэлбэл түүх гуйвуулсан нь олонтоо. Дайн 1939 оны таваас есдүгээр сар хүртэл дөрвөн сар хэртэй үргэлжлэхэд бүхий л хугацаанд морьт дивизийг Л.Дандар баатар командалж байсан гэж түүх гуйвуулсан нь ноцтой. Энэ нь П.Шагдарсүрэн баатрын яриагаар нотлогддог. Түүний өөрийн дурдатгал, “Соёмбо” сонин, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зэрэгт ярьсныг анхааралтай уншиж, сонсоорой. Л.Дандар болбоос монголчуудад туслахаар ирсэн, Зөвлөлтийн цэргийн даргыг буудаж хөнөөсөн шүү дээ. Шүүх хурлаар таслагдаж, ял эдэлж байсан баримт бий. Батлан хамгаалахын түүх, архивт материал, тэмдэглэл нь байдаг. Энэ бүхэн ил болж, зургадугаар морьт дивизийн 17 дугаар хорооны захирагч Ч.Шаарийбууг цагаатгаж, улмаар алдар гавьяаг нь тодруулж, Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнаж, миний аавыг болон бусад цэргүүдийг цагаатгах өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүх гуйвуулсан үе байхад, засаж залруулаад, зөвөөр үргэлжлүүлэн бичих сайхан ирээдүй угтах байх аа.   

Р.Оюунжаргал 
“Өнөөдөр” сонин   

Эх сурвалж http://www.info.mn
П.Төмөртогтох: Тэр дивизийн захирагч Ч.Шаарийбууг баатар болгодоггүй юм бол цагаатгах ёстой
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ