Монгол эмчийн бүтээл Япон улсын өндөр шалгуурыг давж, хавдрын эсрэг судалгаанд сонгогджээ
2019 оны 4 сарын 22
Монгол эмчийн бүтээл Япон улсын өндөр шалгуурыг давж, хавдрын эсрэг судалгаанд сонгогджээ
АМЬД ШҮДЭЭ АВАРЧ ҮЛДЭХИЙН ГАЙХАМШИГ

Монголчуудын 90% орчим нь буйлны үрэвсэлтэй. Буйлны үрэвслийг эмчлүүлэхгүй, удааснаар нь цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30%, бөөрний хорт хавдар 49%, зүрхний шигдээсээр нас барах магадлал 29%, тархинд цус харвах магадлал 28%, элэгний /архины бус гаралтай/ циррозоор өвчлөх магагадлал 30% байх аюултай.Зөвхөн өнгөр, чулууг цэвэрлээд дуусдаг буйлны үрэвслийн уламжлалт аргыг миний хувьд өөрчилсөн. Нэгд оношлогоо орно. Хоёрт өнгөр, чулуу цэвэрлэх үед нян, бактерийг устгадаг маш үр дүнтэй “ноу хау”(шилдэг арга) байна. Гуравт үрэвсэл үүсгэгчийн эсрэг үйлчлэлтэй, ямар ч химийн орц найрлагагүй, нянгийн эсрэг шилдэг бэлдмэл хэрэглэх багтдаг. Эцсийн эцэст энэ бүхэн маань буйлыг эрүүлжүүлж бусад шүдийг аварч, амьд шүдтэй нь үлдээхэд чиглэж байна. Шүдний эмч, тулгуур эдийн эмч, амны хөндийн нян судлаач, АУ-ны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа.

-Манайхан шүд хорхойтож, буйл үрэвсчихлээ гээд ойр зуурын арга хэрэглээд л яваад байдаг. Өөрөөр хэлбэл, аминаас холуур өвчин гээд төдийлөн тоодоггүй. Гэтэл буйлны үрэвсэл үнэндээ асар их эрсдэл дагуулдгийг саяхан мэдлээ. 

-Шүд цоорол, буйлны үрэвсэл хоёр нь ондоо, өөр өөр төрлийн нянгаар  үүсгэгддэг өвчин. Дэлхийн анагаах ухаан шүд цоорлыг 1970-аад оноос хойш эрчимтэй судалсан. Үндсэндээ судлагдаад дууссан, шийдэгдсэн асуудал. Товчхондоо, цоорлыг аль хэдийнэ судалж дуусаад  дараа дараагийн далайцтай асуудал руу 2000-аад оноос хойш орчихсон явна. Тодруулбал, авахуулаад шүдгүй болсон газар шүдийг дахин ургуулах, мэдрэл нь үхжээд амьгүй болсон шүдийг амьдруулж ургуулдаг болллоо. Удахгүй амьдралд биеллээ олж эмнэлзүйд нэвтрэх нь цаг хугацааныасуудал. Гэтэл буйлны үрэвсэл бол шүд цооролтой харьцуулшгүй хорт үр дагавартай, халдварт өвчин. Халдварт өвчин гэхээр манайхан ханиад томуу, сүрьеэ, шар зэргийг л ойлгоод байдаг. Буйлны үрэвсэл үүсгэгч нь нян бактери. Шүлсээр халдана.Амны хөндийд гаднаас орж ирнэ. Хүмүүс буйлны үрэвслийгдавстай ус, содаар эмчилдэг гэвч энэ нь шинж тэмдгийгтүр зуур намдаадаг ч нян, бактерийн эсрэг ямар ч үйлчлэлгүй.

-Буйлны үрэвсэл юунаас болж үүсдэг юм бэ?

-Буйлны үрэвсэл үүсгэгч нь нян бактери, шүлсээр халддаг. Амны хөндийд гаднаас орж ирнэ. Буйлны үрэвслийн нянгаас ялгардаг хор нь шүдийг тойрон бэхэлж байдаг буйлыг эвдэж үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болгодог. Хүмүүс буйл суусан, шүд  зайтай болоод байна гэдэг дээ. Улмаар  холбох эдийг тасалж  шүдийг тулан тогтоож байдаг ясыг хайлуулах шатанд ордог учир шүдний тулгуур эдийн өвчин гэж нэрлэдэг юм. Шүдийг тулан тогтоож байдаг яс ууссаар улмаар ясгүй болсон шүд суларч унадаг. Энгийнээр хэлбэл, шүдний ясыг уусгаж буй дээрх процесс бусад эд эрхтэнд нэг адил явагдаж байдаг байх нь. Шүдний ясыг шимэгдүүлж, уусгаад байгаа процесс л бидний анхаарал хандуулж ойлгоод авчих гол зүйл. Үүгээрээ буйлны үрэвсэл, шүд цооролтой харьцуулшгүй хор хөнөөлтэй. Буйлны үрэвслийн нянгаар үүсгэгддэг олон өвчний нэг-хэрх өвчний үед,  том  бага үе, холбоос эд уусан хайлж деформацид орсон үе хуруу, гар мойнийдог. Эрүүл эд эмгэг эд болж хувирсан нь тэр.

-Буйлны үрэвсэл 200 гаруй өвчин, хорт хавдрын үүсвэр болдог гэсэн. Энэ талаар жаахан тодруулаач?

-Буйлны үрэвслийн нян амны хөндийд байрлан буйл, шүдийг өвчлүүлэх төдийгүй халдварлагдаж үрэвссэн буйлны хэсгээр тараагуур цусаар бүх эд  эрхтэнд хүрч  очдог. Нянгийн байнгын дайралтад байгаад байвал эрүүл эд,  эмгэг эд болно. Олон жил ийм байдалтай байвал хавдрын урьтал шатанд очиж эргэшгүй байдалд ордог. Буйлны үрэвсэл аминаас хол шалдар булдар зүйл биш. Халдварт өвчин  гэдгийг ойлгуулах гэж судалгааны ажлаасаа хойш сүүлийн жилүүдэд зөвхөн энэ тухай  би ярьж явна. Амны хөндийн нян судлаачид төдийгүй АНУ, Европын Зүрх судас, Нойр булчирхай, Эмэгтэйчүүдийн зэрэг мэргэжлийн салбар холбоод сүүлийн 30 гаруй жил судлаад нэг л зүйл дээр анхаарлаа хандуулахыг анхаарууланзөвлөж байгаа. Дахин хэлэхэд, олон аюулт өвчний эх үүсвэр, том шалтгаан нь амны хөндийд буйлны үрэвслийн нянгаар халдварлаад байна.Статистикаас харахад, манай улсад чихрийн шижин, нойр булчирхайн өвчлөлт өндөр. Эднийг үүсгэдэг нэг том шалтгаан нь өнөөх л  буйлны үрэвсэл. Онцын өвдөлт, зовиур бага тул хаа нэг цус гарахыг тоохгүй 4-6 жил орчим явсаар хүндрүүлдэг. 6-10 жилийн дараа таны аль нэг эрхтэн системд эргэшгүй өвчлөлийн эх суурь тавигдсан байх эрсдэлтэй. Нойр булчирхайн хавдрын 50 хувь нь чихрийн шижингээр өвчилсөн байдаг. Буйлны үрэвслээ эмчлүүлэхгүй удаан явах нь  цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30%, бөөрний хорт хавдар 49%, зүрхний шигдээсээр нас барах магадлал 29%, тархинд цус харвах магадлал 28%, элэгний /архины бус гаралтай/ циррозоор өвчлөх магагадлал 30% байдаг байна. Хамгийн сүүлд  улаан хоолойн хорт хавдар үүсгэгч нь  энэ нян гэдгийг тогтоосон. Тэр ч бүү хэл, залуужаад байна гэж шуугиад байгаад зөнөгрөх өвчний шалтгаан нь мөн л өнөөх буйлны үрэвсэл болохыг тогтоочихлоо.

-Нэгэнт буйл үрэвссэн тохиолдолд эмчлэгдэх боломж нь хэр байдаг юм бол?

-Буйлны үрэвсэл бол ганц монголдтөдийгүй дэлхийд шүдний эмчилгээний “толгойны өвчин” болсоор байна. Нэгэнт амны хөндийгөөс хальж эрхтэн системийн өвчлөлийн асуудал босох  үед тухайн өвчний шинж тэмдгийг дарах эмчилгээ хийх байдлаар дэлхий ертөнц явж байна шүү дээ. Би насаараа энэ чиглэлээр судалгаа хийж, ямартай ч эмчлэхийн төлөө арга технологи боловсруулж, бэлдмэл гаргалаа. Буйлыг эрүүлжүүлж, бусад шүдийг аварч, амьд шүдтэй нь үлдээхийн тулд тэр шүү дээ.

-Буйлны үрэвслийн анхны шинж тэмдэг нь шүдээ угаахад буйлнаас цус гардаг явдал гэж ойлгоход болох уу?

-Тиймээ, буйлнаас цус гарах бол эхний шинж тэмдэг. Тамхи татдаг хүмүүсийн хувьд никотин буйлыг хатангиршуулж, цус гарах шинж тэмдгийг барьж байдаг учраас хүндэрсэн үедээ эмч дээр ирэх нь нийтлэг. Буйл хавагнах, хөөх, томрох, өнгө өөрчлөгдөх, идээт шингэн үүсэх, амнаас эвгүй үнэр гарах нь  нэлээд хүндэрсний шинж.

-Буйлны үрэвслийн эсрэг маш олон шүдний оо байдаг. Гэвч яг нарийвчлан үр нөлөөг нь шалгаж хянахад хэцүү.

-Ганц оо ч биш шинжлэх ухаан, бизнес гэдэг хоёр өнцөг олон зүйл дээр эсрэг тэсрэг байр суурьтай байсаар ирсэн. Худалдаа, бизнесийн тал нь   давамгай байгааг  ойлгоход гэмгүй болов уу. Оог бага сага судалсан хүний хувьд түүнд цөөнгүй тооны химийн бодис ордог гэдгийг хэлнэ. Химийн бодис ихтэй оог байнга, тасралтгүй, урт удаан хугацаанд хэрэглэх нь  ашигтай бактериудыг устгах  эрсдэлтэй. Оо гэлтгүй аль ч химийн бодисыг хэтрүүлэн, зохистой бус хэрэглэх нь түүнд тэсвэртэй,илүү хүчтэй хэлбэрийг бий болгодог. Шүдний оо бидний ухаан орох үеэс мэддэг паста хэлбэртэй  байдаг гэсэн  ойлголт  ч  өөрчлөгдсөн. Үр дүнтэй  байх нь мэргэжлийнхний хувьд гол болохоос хэлбэр сонин биш. Хэлбэр, өнгө ямар байхыг мэргэжлийнхээс хамааралгүйгээр худалдаа, бизнесийнхэн  хийчихээд явж байгаа биз дээ. Тэр  паста болгож  буй хэлбэр, тэр өнгө, тэр хөөсрөлт нь химийн бодисын үйлчлэл. Сүүлийн үед ооны талаар харин ч овоо мэдээлэл гараад байдаг болсон байна билээ. Хяналттай, эрүүл мэндийн боловсрол, мэдэгдэхүүнтэй байж сонгож  хэрэглэх нь таны асуудал.

-Нийт хүн амын хэдэн хувь нь буйлны үрэвсэлтэй байгаа талаар нарийвчилсан судалгаа байна уу?

-АНУ-ын нийт хүн амын 70-75% нь буйлны үрэвсэлтэй. Буйлны үрэвслийн хүнд хэлбэртэй,  буйлны үрэвслийн шалтгаантайгаар эргэшгүйгээр өвчинтэй  болсон насанд хүрэгчдийн тоо 45% гэсэн судалгаа байдаг юм билээ. 2017 онд монголчуудын тухайд  90% орчим нь буйлны үрэвсэлтэй гэх тоог  НАСС-н мэргэжлийн сэтгүүлд тавьсныг харж байсан.Европт жил бүр эрүүл буйлны өдрийг тэмдэглэдэг. Та эрүүл буйлтай бол эрүүл биетэй байх бүрэн боломжтой гэдгийг зүгээр ч нэг хэлээгүй байх. Өндөр наслалт, эрүүл буйл хоёр шууд  хамааралтай  гэдгийг  бас л судлаад тогтоочихсон асуудал. Харамсалтай нь манайд анагаахын салбараас ганц  оношлогоогүй нь нүүр ам судлалын эмчилгээний салбар.Нэгэнт эхлүүлсэн юмаа илүү хүртээмжтэй болгохын тулд эмч нарыг бэлтгэхэд ажилд би анхаарлаа хандуулж байна. 2016 оноос хойш 30 гаруй удаа шүдний эмч нарт академик түвшний сургалт хийлээ. Үүнээс гадна хот, хөдөөний 90 гаруй эмч нарт сургалт өгсөн. Хамгийн сүүлийн, шинжлэх ухаанд тулгуурласан эмчилгээний мэдээлэл, баталгаа нотолгоо нь сургалтын маань цөм.

-Тэгвэл буйлны үрэвслээс  урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Урьдчилан сэргийлэх гол арга нь хувь хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх явдал. Халдварт өвчин гэдгийг мэдчихвэл шүлсээр, аяга, саваар тойруулж ууж хэрэглэхээ болих байх. Монгол хүн эртнээс аяга халбагатайгаа явдаг байсныг бид мэднэ. Энийг одоо хэрэгжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Тэгж заншвал ганц  буйлны үрэвсэл төдийгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой.

-Таныг нүүр ам судлалын салбараас Японд доктор хамгаалсан анхны шүдний эмч гэж сонслоо. Бидний ярилцах буйлны өвчлөлийн сэдэв докторын ажилтай тань холбоотой гэж ойлгосон.

-Тэгж ойлгож болно. Би Окаяамагийн Шүдний сургуульд амны хөндийн нян судлалаар докторын зэрэг хамгаалсан юм. Аль ерээд оноос, тодруулж хэлбэл 1993-1996 онд Японд шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн л дээ. 1997-1998 онд Окаяамагийн шүдний сургуулийн хүүхдийн шүдний тэнхимд эмч-судлаачаар ажиллаж байсан. Би анх шүдгүйдлийн үндсэн шалтгааныг таньж мэдэх гэж нян судлалаар ажил хийлгээч гэсэн хүсэлтийг профессортоо тавьж байсан юм. Гэтэл профессор маань их хүнд салбар, сайн бод, хугацаа байгаа гээд зөвшөөрч өгдөггүй. Микробиологийн лабораториос өөрийг бодохоо байсан учраас татгалзсан хариу сонсоод шантраагүй. “Багш аа надад заавал доктор болох нь гол биш. Би микробиологийн судалгаа л хиймээр байна” гэж гурван сарын турш гуйсны эцэст зөвшөөрөл авч микробиологийн лабораторид хөл тавьж байлаа. Эндээс л миний цоорол, буйлны үрэвслийн нян, бактериудыг таньж мэдэх ажил эхэлсэн дээ. Судлах тутам ахиад л цаашаа явмаар судалмаар санагдаад тайван суухаа больдог юм билээ (инээв).

-Манай улсад оношлогоо хэр байна вэ?

-Амны хөндийн микроскоп оношлогооны хувьд дэлхийд нүүр, ам судлалын салбарт нэвтрээд 20 гаруй жил болчихсон.Миний хувьд шүдний эмчилгээтэй холбоотой олон асуудлыг шийдсэний зөвхөн нэг нь л энэ микроскоп оношлогоо.Хэдий богино хугацаа өнгөрсөн ч олон хүн энэ оношлогоог хийлгэсэн. Оношлогоогоор нянгийн гаралтай буйлны үрэвслийг тодорхойлно. Ил шинж, зовиур бага, тэгсэн мөртлөө яаж ч угааж арчлаад салдаггүй амны эвгүй үнэрийн шалтгаан нь архагшиж далд хэлбэрт шилжсэн нянгийн гаралтай буйлны үрэвсэл эсэхийг тогтооно. Бид шүдний эмчилгээний шинэ, дэвшилтэт арга технологиос олон жилээр хоцорсон. Улс дэмжээд өгвөл энэ хоцрогдлоо алгасаад тэдэнтэй зэрэгцээд очих боломжтой. Манай салбар боловсон хүчин сайтай гэсэн давуу талтай. 

-Таныг буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл гаргасан, олон оронд хэрэглээ болчихсон гэж сонслоо. Юунаас гаргаж авсан бэлдмэл юм бол?

-Анагаахын шинжлэх ухаан хүний биед ээлтэй, байгалийн гаралтай арга технологийг тэргүүлэх чиг хандлагаа болгосон. Таны сонирхоод байгаа бэлдмэл энэ хандлагад бүрэн төгс нийцэж байгаа. Буйлны үрэвсэл үүсгэгч олон төрлийн нянгуудаас хоруу чанар хамгийн их, гол нян нь P.Gingivalis. Энэ гол нянгийн нэрээр буйлны үрэвслийг Gin¬givitis гэж нэрлэсэн байдаг. Тэр утгаар нь бэлдмэлээ “Жинжита” гэж нэрлэсэн. Буйлны үрэвслийн толгойлох нянгууд дээр судалгаа хийгдсэн, үр дүн нь шинжлэх ухааны туршилт, судалгаагаар тогтоогдсон бэлдмэл байгаа юм. Хүндрэлтэй шүдийг хэрхэн эмчилж амьдаар нь хадгалж авч үлдэж чаддаг болох тухай 25 жилийн тэртээ бодож явсан бодлын маань нэг шийдэл л дээ. Монголын хөрсөнд ургасан цэвэр ургамлаас орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан технологи ашиглаж гаргаж авсан. Монголоос гадна Солонгос, Бельги, Норвеги, Австри, Австралид хэрэглэж байгаа. Японд хэд хэдэн эмнэлэгт хэрэглэдэг. Сүүлийн үеийн сонин гэвэл бэлдмэл маань шинжлэх ухааны өлгий болсон Япон улсын өндөр шалгуурыг давж амны хөндийн хавдрын эсрэг судалгаанд орохоор сонгогдсон.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ