Ш.Дашням: Дарга нарын машин томрохоос биш иргэдийн амьдрал дээшлэхгүй байна
2019 оны 4 сарын 22
Ш.Дашням: Дарга нарын машин томрохоос биш иргэдийн амьдрал дээшлэхгүй байна
Сүхбаатар  аймгийн  иргэн, цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Дашнямтай ярилцлаа. Тэрээр тус аймагт болсон хурал, цуглаанд нутгийн иргэдээ төлөөлж үг хэлдэг цөөхөн сэхээтний нэг. Түүний  илэрхийлсэн байр суурь, аливаа  шүүмжлэл нь шударга, зарчимч байдагт  нутгийн зон  талархаж, дэмжиж байдаг юм байна.

-Сүхбаатар аймагт саяхан болсон  уул уурхайн асуудлаарх хэлэлцүүлэг дээр таны хэлсэн шүүмжлэл анхаарал татлаа. Тухайлбал, манай нутагт дарга нарын  уудаг архи сайжирч, унадаг машин  томрохоос  биш иргэдийн амьдрал дээшлэхгүй байна” гэсэн шүүмжлэлээ дэлгэрүүлж ярина уу?

-Манай аймагт сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжүүлж байна гэж дээгүүрээ дарга нар нь хөл алдах боллоо. Хараад байхад эрх мэдэл, албан тушаал бүхий хэдэн хүн, тэр дотроо тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга  нарын байдал их сайжирч байгаа.  Харин сумдын хөгжил, дэвшил, иргэдийн амьдралд наалдсан юм байна уу гээд харахаар хөгжсөн дээшилсэн юм алга. Ард түмний амьдраолд нэмэр, нөлөө болсон юм харагдахгүй байна. Миний сум, манай нутаг гээд ажлаа хийж байгаа Засаг дарга байдаг юм уу. Өөрийнхөө л амьдралыг дээшлүүлж байна. Жишээ нь, сумын Засаг даргаар томилогдоод  дан цамцтай очсон нь давхар цамцтай болсон. Дан өмдтэй очсон нь хэдэн давхар өмдтэй болсон. Наадам, ойн баяр, тэмдэглэлт арга хэмжээнд 4-5 дээл сольж өмсч гангарч байна шүү дээ. Манай Сүхбаатар сумын дарга нар л гэхэд өдөрт таван дээл, гурван малгай сольж өмсдөг. Гэтэл ард түмэн яажшуу амьдарч байна вэ. Жирийн иргэд яаж амьдарч байна вэ. Ингээд харахад үндсэндээ байгаль орчин их хэмжээгээр сүйрч сүйдэж байгаа. Түүнтэй хамт  бидний амьдрал, уух ус, идэх хоол, хүнс, өмсөх хувцас, гэр орон алга болохдоо туллаа. Байгаль орчин сүйдэж цөлжсөн. Газрын хөрс  хамрын тамхи шиг нунтаг шороо болж, улаан шуурга тавьж байна. Бэлчээр доройтож,малчид амьдрах нөхцөлгүй болсон. Ийм байхад айл өрхүүд, нутгийн иргэд яах  юм бэ, идээшиж дассан нутгаасаа  хаачих юм бэ. Үүнийг л ах нь тэр хурал дээр хэлсэн. Манай нутгийн байдал үндсэндээ ийм л байгаа.

-Уул уурхайн тээврийн замыг сайжруулах, стандарт хангасан зам тавих шаардлага тавьсан гэсэн. Энэ шаардлага юу болж байгаа бол?

-Тээврийн замын тухай дээр, дооргүй ярьж байна. Хамгийн гол нь улсын төсвөөр ямар ажил хийх вэ, аймаг орон нутаг юуг нь хийх вэ, уул уурхайн компаниуд ямар хөрөнгө гаргаж бүтээн байгуулалтад хэрхэн оролцох вэ гэдгээ харилцан ярьж төлөвлөгөөг маш нарийн гаргах ёстой байх. Ингээд асуудал тавихад холбогдох салбарын яам, тамгын газрын ажилтнууд хариуцлагатай хандаж, ажил хэрэг болгомоор байна. Бүхэл бүтэн аймаг хүн, байгаль, мал амьтантайгаа сүйрэх гэж байгаад анхаарч ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Гэтэл манай аймагт болж байгаа хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт ирж байгаа яам, тамгын газрын ажилтнууд ажлаа мэддэггүй юм уу, эсвэл уул уурхайн компаниудын нөлөөнд орчихсон юм уу бөөрөнхий юм ярьж, зарим нь комданийн хуулийн хэлстийн дарга, өмгөөлөгч  нь аятай  юм ярьж байгаад явчихдаг. Иргэд, ард түмний хэлж ярьж байгааг сонсдог, дээш нь уламжилдаг нэг ч төрийн байгууллагын  хүн алга. Би их гайхаж байгаа. Миний төрсөн нутаг Сүхбаатар сум, ажил, амьдралынхаа 10 гаруй жилийг өнгөрүүлсэн Эрдэнэцагаан суманд маань уул уурхай идэвхижиж, улаан шороо шуураад байхаас биш хөгжсөн дээшилсэн зүйл үгүй байгаад нутгийн иргэд бухимдаж, доошоо хэлэх газар хатуу, дээш хэлэх тэнгэр хол гэгч болж самгардаж, сандарч, үр хүүхдүүдийнх нь ирээдүй  улам бүр бүрхэг болж  байгааг хараад дуугүй сууж чадахгүй байна. Хилээр өчнөөн байгалийн баялаг гарч, тэр нь мөнгө болж байхад миний нутаг золиос болж  улаан шороо л үлдэж байгаад би бухимддаг ийм л өвгөний нэг дээ.

-Уул уурхайг олон жилийн өмнөөс  хөгжүүлсэн Сүхбаатар сумд байдал ямар байна?

-Манай аймагт хамгийн анх Тал булгийн нүүрсний уурхай байгуулагдсанаар уул уурхайн эхний шанг  татсан. Энэ үеэс би  уурхайн асуудлыг  анхаарч ирсэн. Дараа нь “Цайрт минераль” гэж том уурхай бий болсон.Энэ компани аймгийн төвөөс уурхай хүртэлх засмал засмаа гүйцээж тавихгүй ард түмнийг басамжилж, тоглож ирсэн. Уурхай гээчийг эд зүйл талаас нь харахад, манай аймгийн удирдлагуудын унадаг машин томорч, уудаг архи нь сайжирч байгаа. Ялангуяа “Цайрт минерал” компани үйл ажиллагаа эхлүүлснээс хойш Сүхбаатар сумын Засаг даргаар ажиллаж ирсэн хүмүүсийн амьдрал дээшилж, бэл бэнчинтэй болсон. Бэлтгэлийн өмд цамцтай хүн очоод наадмаар 3-5 дээл сольдог болж хөрөнгө чинээ дээшилсэн. Унадаг машин, мал хөрөнгө, Улаанбаатар хотод авсан олон өрөө байр сууц нь маш тодорхой. Нутгийн ард иргэд ч мэддэг, хардаг ярьдаг.

Тусгай чиг үүргийн байгууллагууд, тэр дотроо Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын салбар гэх мэт байгууллагуудын ярьж, хэлж байгааг  заавар, журам  талаас нь авч үзвэл, мөн  төвийн яам, агентлагийн мэргэжилтнүүдийн байр сууриас харахад уул уурхай гэдэг өөр  байдаг бололтой. Манай орон нутагт болж байгаа байдлыг харахаар тэр хүмүүсийн хэлж ярьж байгаа шиг хариуцлагатай уул уурхай, уурхайгаас олсон ашгаа иргэдэд нээлттэй байлгах тухай асуудал манайд хоцрогдсон байдалтай байна.

-Жанжны нутгийн иргэд өнөөдөр  яаж амьдарч байна?

-Сүхбаатарчууд хоосон хонохгүй, хоёр идэхгүй, дундуур дулимаг амьдарч байна. Уурхай бий болсноор гийгүүлсэн юм алга. “Цайрт минерал” компани өнгөрсөн жил би андуураагүй бол 235 сая төгрөгийн төсөв гаргаж, тохижилт үйлчилгээний ажил хийж, нэг урсгалтай, хоёр машин зөрөхгүй зам тавьж, тоглоомын талбай заслаа гэсэн нь хүүхэд тоож тоглохгүй зүйлүүд авчирч тавьсанд бид сэтгэл дундуур байгаа. Тоглоод байгаа юм уу, доог тохуу хийгээд байгаа юм уу, хаашаа юм. Ер нь бол би аймаг, орон нутгийнхаа тухай гэрэл гэгээгүй талаас нь ярьж, бүгдийг бүрхэг болгож байгаа юм биш.  Гол нь амьдралд ойрхон юм хийгээсэй, нутаг усаа тордоосой гэж ярьж байгаа юм. Хийгээгүй биш хийж байна. Тэр нь өртөг өндөртэй, тэгсэн атлаа  хүний амьдралд наалдахгүй зүйл болчихоод байна шүү дээ. 235 сая төгрөгөөр таван байшингийн дунд хөгшчүүл суух сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай гэж ямар ч сайхан зүйл хийж болмоор доо, уг нь. Сүхбаатар сумыг хамарсан түймэр гарахад “Цайрт минерал” дэмждэг, туслалцаа үзүүлнэ гээд очсон. Тэгсэн чинь өмнө нь  хандив болгож өгчихсөн байсан “Фургон” автомашинаа буцааж аваад  “Түймрийн хандив”  гэсэн хаяг наалт хийгээд хоёр дахь удаагаа өгч байгаа юм. Ингэж нутгийн иргэдийн нүдийг хуурч, юмны наад цаад учрыг мэдэхгүй хөдөөгийнхнийг төөрөлдүүлж, тохуурхаж, доромжлоод байдаг юм. Бас нэг доромжлол нь аравдугаар сарын 1 болохоор ахмадуудын баяраар болдог юм. Нутгийнх нь олз омгийг авчихаад эргэж иргэдээр нь тоглож байгаа нь ахмадуудын дургүйг хүргэж байна.

-Эрдэнэцагаан сумын тухайд та юу хэлэх вэ?

–Би тэнд 14 жил ажиллаж, амьдарсан. Эрдэнэцагаан сум бол манай аймгийн хувьд Швейцар юм. Ус унд элбэг, өвс бэлчээр сайн, тал хээр хангай хосолсон,  ан амьтан элбэг, монголчуудын тусгаар тогтнолын билэгдэл хилийн бүс, Халхын тамгатай хутагт Егүзэр ламхайн төрсөн  нутаг. Өнөөдөр тэр нутгийг хоёр өвөрмонгол хүн эзэмшчихсэн юм билээ. Нутгийн баруун тал нь Цахиурт овооны баяжмал зөөдөг тээврийн замд сүйдсэн. Тэр сайхан байгалийн баялаг, ан амьтад нь дайжиж дөлж байна. Намайг залуу байхад ховор ан амьтад тэнд л байсан. Ховор ургамал мөн л тэнд ургадаг байсан. Чонын голын бонго гэдэг алдартай өвс ургамал тээврийн тэрэгний замд сүйдэж дууслаа. Баян хайлс гэж сайхан газрыг өвөрмонгол эзэмшиж, зочид буудал, амралтын газар байгуулчихаад сууж байна. Тэнд Мойлтын ам гэж мойл ургадаг, зүүн талынх нь нутаг бэлчээр нутгийн сор  байсан, одоо дууссан. Бэлчээр усаа дагаж зүүн тиал руугаа оторлодог байсан нь Тамсагийн газрын тосны тээврийн замд тээрэмдүүлж дуусч байна. АДАЭ гэж жоншны компани тус сумын нутгийг маш их  сүйтгэж  байна.Хайгуулаа хийж байхдаа түймэр тавьж, олон хүн, малын аминд хүрсэн. Мордохын хазгай гэгч болсон. Тэр компанийн одоо ашиглах гэж байгаа газар Эрдэнэцагааны ундны эх үүсвэр болсон хэдэн сайхан булаг бий. Гэтэл тэр булгуудын эхэн дээр хайгуул олборлолт явуулж ухаж төхнөж байна. Нутгийн иргэд энэ талаар хэлдэг, тэмцдэг. Хэлж ярьж, шүүмжилж байгаа хүмүүсээ доог тохуу болгож, хэрүүл хэлэлцээ болгоод өнгөрдөг. Эвээ нэгтгэж чадахгүй байгаагаас болж Эрдэнэцагаан сумынхан нутаг усаа тээрэмдүүлчихэж байгаа юм билээ. Сонссон, дуулсан, ажигласанаа нэгтгэж үзэхэд Сүхбаатарт  уул уурхай хөгжөөд нутаг оронд маань юу ч наалдсангүй. Ухсан газар, овоолсон шороо л үлдэж байна даа.

-Сүхбаатар аймагт яагаад уул уурхай түлхүү орж ирсэн юм бол?

-Ардаа маш том нөлөөлөлтэй юм шиг байна лээ. Ам дамжсан яриа ч бий. Аймаг, сумын удирдлагууд шийдэхэд эрх мэдэл нь дутдаг. Явсаар нэг цэгт очоод нэгддэг юм уу гэсэн ойлголт бидэнд төрдөг.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ