50 жил хадгалагдсан зохион бичлэгүүд
2019 оны 4 сарын 22
50 жил хадгалагдсан зохион бичлэгүүд
Давид Бланкет (David Blunkett 1947- ~) 
Их Британийн түүхэн дэх анхны хараагүй улс төрч, сайд

Английн нэгэн багш Броди байшингийнхаа дээврийн хөндийн хуучин эд юмсаа эмхэлж байхдаа дундаас нь “Хаврын улирлын зохион бичлэг” гэж нэрлэсэн 31 дасгалын дэвтэр олжээ. Тэдгээр дэвтэр дээрх зохион бичлэгийн гарчиг нь “Би ирээдүйд ..... болно”. Зохиогчид нь харин Питкиний цэцэрлэгийн багачууд байв. Броди багш уг нь энэ дэвтрүүд Германчуудын бөмбөгдөлтөд өртөөд аль хэдийнээ устчихсан гэж бодож байжээ. Гэтэл модон хайрцаг дотор бүхэл бүтэн 50 жилийн турш амар амгалан байж байх юм гэж хэн санах вэ дээ. Хэдэн дэвтэр эргүүлж уншсаны дараа Броди багшийн сонирхол нь хөдөлж, зугаатай санагджээ. Тэдгээрийн дотор Питер хэмээх хүү ирээдүйд усан цэргийн жанжин болно гэж боддог, учир нь тэрбээр нэгэн удаа далайн усанд сэлж байхдаа усны долгионд цохигдоод живэх шахсанаас болсон аж; Род хэмээх өөр нэгэн хүү ирээдүйд Франц Улсын ерөнхийлөгч болно гэж боддог. Яагаад гэвэл, ангийнх нь хүүхдүүд Францын долоохон хотыг цээжээр нэрлэж чаддаг бол тэр хүү бүр 25 хотыг цээжээр мэддэг тухайгаа бичжээ; Тэдний дундаас Броди багшийг гайхшруулсан нэгэн бяцхан нөхөр байсан нь Давид гэх хараагүй жаал байлаа. Тэрбээр өөрийгөө ирээдүйд Английн Танхимын тэргүүн сайд болно, учир нь өнөөг хүртэл нэг ч хараагүй хүн сайд хийж байгаагүй гэжээ... Мөн тэдний зарим нь амьтан сургагч, зарим нь нисгэгч, зарим нь гүнгийн хатан болно гэх мэтчилэн 31 хүүхэд бүгдээрээ өөр өөрсдийн хүсэл мөрөөдлөө зохион бичлэгтээ шингээсэн нь өнгө алагласан уран зураг мэт санагдав. Хүүхдүүдийн зохион бичлэгийг уншиж суухад Броди багшид нэгэн санаа орж ирсэн нь, эдгээр гэрийн даалгаврыг тэдгээр хүүхдүүдэд буцаан өгч, 50 жилийн дараа тухайн үеийн мөрөөдлөө биелүүлж чадсан эсэхийг нь мэдэх байлаа.

Ийнхүү Броди багш өөрийн санаагаа нутгийн нэгэн сонины газарт хэлж, сонины газар ч түүнд туслан зарлал нийтэлсэн байна. Хэдэн өдрийн дараа Броди багш зүг бүрээс ирсэн захидлууд хүлээж авчээ. Тэдгээрийн дотор худалдаачин, эрдэмтэн, түшмэл гэх мэтийн хүмүүс байв. Гэвч мэдээжийн хэрэг, ихэнх нь энгийн хүмүүс болсон байлаа. Тэд бүгдээр өөрсдийнхөө дасгалын дэвтрийг буцаан авч, хүүхэд насныхаа мөрөөдөл ямар байсныг дахин нэг харахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тиймд Броди багш дэвтрүүдийг нэг нэгээр нь илгээж өгчээ.

Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд зөвхөн Давид хүүгийн дэвтрээс бусад нь бүгд эзэндээ хүрсэн байлаа. Броди багш дотроо “Тэр цагаас хойш нэгэнтээ 50 жил өнгөрсөн шүү дээ. Магадгүй тэр Давид гэх хүү аль хэдийнээ энэ ертөнцөөс явчихсан ч юм билүү, ямар ч хэрэг явдал тохиолдож болохоор урт хугацаа шүү дээ” хэмээн бодож байв.

Ингээд эцэст нь Броди багш үлдсэн ганц зохион бичлэгийг хувийн цуглуулагчид өгөхөөр шийдээд байтал түүнд нэгэн захидал иржээ. Захидал илгээсэн хүн нь Танхимын тэргүүн сайд Бланкет гэсэн байв. Тэрбээр захидалдаа “Би тэр Давид гэдэг хүү байна. Бидний багын мөрөөдлийг өдий хүртэл хадгалж ирсэн танд маш их талархаж байна. Гэхдээ тэр дасгалын дэвтэр миний хувьд одоо ямар нэгэн үнэ цэнэгүй зүйл болсон. Яагаад гэвэл би тэдгээр үгнүүдийг бичсэн тэр цагаас хойш өөрийнхөө хүсэл мөрөөдлийг огтхон ч мартаж умартаагүй. 50 жил нүд ирмэх зуур өнгөрөхөд би ч өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан. Үүнээс гадна би бусад нөхдөдөө хандан, зөвхөн цаг хугацааг талаар өнгөрөөлгүй хамгийн анхны хүсэл мөрөөдлөөсөө чанга зуурч, хэзээ ч умартахгүй бол амжилт заавал ирнэ гэж хэлмээр байна” гэжээ.

Хятад хэлнээс орчуулсан: Г.Нармандах

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ