Төрд шургасан гадна дотны луйварчид өмнийн говиос савраа тат!!!
2019 оны 4 сарын 23
Төрд шургасан гадна дотны луйварчид өмнийн говиос савраа тат!!!
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон Бумбын нуруу орчим газарт  уул уурхайн хайгуул, ашиглалтын 20 гаруй тусгай зөвшөөрлүүд олгосноос өнгөрсөн хугацаанд  нутгийн иргэд, ТББ-ууд, орон нутгийн засаг захиргаанд удаа дараа хүсэлт илгээж таван тусгай зөвшөөрөл цуцлуулж байжээ. Одоо үлдсэн 13 хайгуул, гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг аж.

Эдгээрээс Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компани ашиглалтын 43153.96 га талбайг эзэмшдэг.  Нутгийн уугуул иргэд тэмцэл өрнүүлсээр 2017 онд хориглож зогсоосон ч өдгөө “Сауд гоби коэл транс” компани аль хэдийнээ Тост, Тосон бумбын нурууг ухаад эхэлсэн гэх мэдээлэл  байна.

Тост, Тосон Бумбын нурууны тусгай хамгаалалттай  бүсийн гадна үлдсэн гэх алт, нүүрсний лицензтэй компаниудын нэг нь ”Саут гоби коэл транс” компани аж. Тусгай хамгаалалттай  бүсийн гадна хэмээн хамгаалалтын бүсэд хамааралгүй болж,  Тост, Тосон Бумбын нуруунд үлдсэн цөөн хэдэн ирвэс хоол тэжээлээ олж иддэг хэсгээс нэлээд зайтай гэдгээр шалтаглан үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэх.

Б.Чойжилсүрэнгийн  компанийн ашигт малтмал ухах эрхийг хэвээр үлдээх лобби, хуйвалдаанууд дээгүүрээ их хүчтэй өрнөж, тийнхүү хамгаалалтын хилийн заагт  оролгүй үлдсэн байна. Нутгийн иргэд хэдэн жилийн өмнөөс “Сауд гоби коэл транс” компанитай гурван шатны шүүхээр маргаан дэгдээсэн ч ямар нэгэн шалтгаанаар Б.Чойжилсүрэнгийн талд шийдвэр гарсаар байгаа аж.  Ингээд  “Саут гоби коэл транс компани” одоо тэнд алт, нүүрс ухахаар уухайлан дайрч, хөрс хуулалтын ажлаа үндсэнд нь эхэлчихээд байгаа ажээ.

Одоогоос 12 жилийн тэртээ буюу 2003 онд Б.Чойжилсүрэнгийн компани 2014 он хүртэл хайгуул хийх зөв­шөөрлийг мөн авч байсан аж. Үүнийгээ 2015 онд дахин сунгаад, ашиглалтын ли­ценз болгочихжээ.
Тэгэхээр Тост, Тосонбумбын нуруун д нүүрс олборлох хоёр ч эрхтэй цорын ганц компани буй нь Б.Чойжилсүрэнгийн “Саусгоби коул транс” гэсэн үг.

“Хурд” группийнхээ дор 30 орчим компанийг 100 хувь эзэмшдэг эрхэм түшээ Б.Чойжилсүрэн хотоор дүүрэн барилга сүндэрлүүлчихээд түүндээ ханаж цадсангүй ийн өмнийн говийн баялагт шунаж эхэлжээ. Өөрөөр хэлвэл Тост, Тосон бумбын нуруунд амьдарч буй цөөн хэдэн ирвэсийн хувь заяа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гарт оржээ.

Дашрамд дурдахад, тус үзэсгэлэнт газрыг хамгаалан тэмцэж байсан Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Т.Лхавгасүмбэрэл хэмээх залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг нийгмийн анхаарлаас өдгөө ч гараагүй байна.   Түүний үхлийн шалтгааныг өдгөө олон хүн Тост, Тосон Бумбын нуруунд лиценз эзэмшсэн компаниуд болон цагдаагийн ажилтнууд, ялангуяа УИХ-ын гишүүүн Б.Чойжилсүрэн нарын хүмүүстэй холбон үзэж, шударгаар шалгуулахыг хүссээр байгаа.

Цэл залуухан шударга залуугийн амиараа хамгаалсан газар шороо,  Тост, Тосонбумбын нуруу нь монгол оронд төдийгүй дэлхийд ховордож буй, Улаан номонд орсон цоохор ирвэс нутаг­ладаг цөөн хэдэн газар нутгийн нэг. Гэтэл төрд шургалсан гадна дотны луйварчид, өмнийн говийг хүн ардтай нь золиосолоход холгүй болжээ.

Энэ сайхан нутгаа уугуул иргэд нь хамгаалахаар тэмцэсээр ирсэн ч эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөсдсөөр байгаа нь харамсалтай. Гэхдээ тэд гудайхгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Харин Аймгийн удирдлагууд, ИТХ-ын 33-н  төлөөлөгчид нь юу хийж сууна вэ. Ийм үед нам намчирхал гэлгүй, эх болсон нутаг усаа ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхэд хатуу анхаарах ёстой бус уу.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN, У.МАНДАХ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ