Хүүхдийн төв номын сан ”Монгол мэдлэгийн танхим”-тай боллоо
2019 оны 4 сарын 24
Хүүхдийн төв номын сан ”Монгол мэдлэгийн танхим”-тай боллоо
Хүүхдийн төв номын сан "Монгол мэдлэгийн танхим"-тай боллоо. Анхны зочид нь Думбарайгийн найзууд байлаа. Энэ өдөр зочдодоо "Хуучин байшингийн цэнхэр нүдэн" номоо уншиж өгч хараахан амжсангүй. Харин ёпоошиг, цөцгий, жимсний чанамлаар дайлж бол амжсан. Хүүхдүүд амтархан хүртээд "Их гоё юм идлээ" гэсэн. Ёпоошиг гэдэг сүүгээр зуурч, ширмэн хайруулын тавагт гал дээр болгодог талх байдаг гэдгийг тайлбарлаад, бүтэн байгааг нь харуулан өмнө нь харж байсан эсэхийг асуухад бүгд толгой сэгсрэв. Телевизийн сэтгүүлч залуучууд бас л сонирхолтой юмнууд харлаа гэж ярьж байв. 

Энэ бол уншлагын танхим бөгөөд бага насны хүүхдүүдэд зохиогчид өөрсдөө номоо, шүлгээ уншиж өгч, үйл явдал, зураглал, дүрслэлийн талаар ярилцаж байвал үр өгөөжтэй байх болов уу гэсэн үүднээс бүрдүүлсэн орчин юм. Тухайлбал адуу малын тухай хэсгийг уншиж байхдаа танхимд байгаа хазаар, чөдөр, хомоол зэрэг зүйлсийг зааж, харуулж, бариулж үзүүлбэл мартахгүй байх. Ерөөс зорилго нь энэ. 

Өнөөдрийн хувьд уншлагын танхим маань сэлфиний өрөө болсоон. 
Танхим байнгын нээлттэй байна. Үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Хүүхдэд зориулсан ном бүтээлтэй хэн боловч уншигчдаа урин залж, харилцан ярилцаж байх ийм чөлөөт орой зай олгож буй Хүүхдийн төв номын сан, түүний захирал Б.Оюунбилэгт хүүхдийн зохиолчдын өмнөөс талархал илэрхийлж байна. 
2019 оныг хүүхэд залуусын уншлагыг дэмжих жил болгосноо зарлаж, энэ чиглэлийн санаачилга, ажлуудыг хоёр гараа өргөн дэмжин ажиллаж буй БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнд мөн талархал илэрхийлж байна. 

Сэтгүүлч, зохиогч миний бие бямба гариг бүрт энэ танхимд уншигчидтайгаа уулзаж байх юм. Эхний уулзалт, ном уншлага 27-ны 10:30 цагт болно. Тэр өдөр 3-6 насны уншигчдыг урьж байна. 
Цаашид өдөрт хоёр удаа хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 3-5, 6-8 насны гэсэн ангиллаар хүлээж авна. Түүнээс дээш насны хүүхдүүдээ ирүүлэх сонирхолтой ээж, аав байвал урьдчилан холбогдож, харилцан ярилцаад шийдье. 
Бусад өдөр өөр зохиолчид, яруу найрагчид үйл ажиллагаа явуулах бол Хүүхдийн төв номын сангийн ажилтан Дариатай холбогдож, хуваарьт багтах юм. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол, хамтын ажиллагаа тогтоох бол 99776917 холбогдоно уу. Р.Оюунжаргал.

Өнөөдөр сонирхолтой санагдаад багадаа унтаж байсан цагаан толгойтой, пүрштэй орон дээрээ хэвтэж байхыг нөхөр хараад "Чи өөрөө үзмэр юм байна л даа" гэсэн. Бараг л тийм болох нь ээ хэхэ.

Бас нэг жич юм байна аа. Танхимын үзүүлэнгүүд дунд царай муутай нэг модон ор бий. Дайны үед хөдөөгийн сургуулийн дотуур байрны бага насны хүүхдүүдийг унтуулж байсан ор. Өнөөдөр Хүүхдийн төв номын санд зочилсон солонгосчууд түүнийг их л сонирхож байсан гэнэ, хэхэ. Авъя гэх вий дээ гэж бодоод инээд хүрээд байлаа. Мөн зураач Б.Хонгорзулын маань бүтээж бэлэглэсэн "Хуучин байшин" зураг хүн бүрийн хараа булаагаад "аймаар" байна шүү. Юу ч болсон байлгаж байх юм шүү, нөхөр Оюунжаргал аа. Өөртөө ийм хатуу даалгавар өгсөн.

Гэрэл зургуудыг Г.Аргуужин

Эх сурвалж http://www.info.mn
Хүүхдийн төв номын сан ”Монгол мэдлэгийн танхим”-тай боллоо
Хүүхдийн төв номын сан ”Монгол мэдлэгийн танхим”-тай боллоо
Хүүхдийн төв номын сан ”Монгол мэдлэгийн танхим”-тай боллоо
Хүүхдийн төв номын сан ”Монгол мэдлэгийн танхим”-тай боллоо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ