Та ҮДБЭЧ-ын “Өлзийхүүгийн” хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа
2019 оны 4 сарын 24
Та ҮДБЭЧ-ын “Өлзийхүүгийн” хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа
Урлаг судлаач, шүүмжлэгч, доктор Ж.Энэбиш гуай Ерөнхий сайдад захидал илгээснийг хуваалцаж байна. 

Талархлын захидал. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа. ҮДБЭТ-ын манаач “Өлзийхүүгээс”

Улсын дуу танцны Ансамблиас “Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга” хүртэлх сүүлийн 35 жил тус чуулгын уран бүтээлийн чанарын манаанд “Өлзийхүүгийн” үүрэг гүйцэтгэлээ. 
Халуунд нь халж ч үзлээ, хүйтэнд нь хөрч ч үзлээ. Энэ бие минь сэмэрч дууслаа, үг хэл минь цуцаж гүйцлээ. Харин 80 насны минь босгон дээр нар гийж Монгол Улсын Засгийн Газар өвгөн “Өлзийхүүгийн” ажлыг хөнгөвчилж тус чуулгад шинэ ордон барьж өгөх шийдвэрийг 4 сарын 10-ны өдрийн хуралдаанаар гаргав. Энэ шийдвэр нь “Уран сайхны шүүмжийг хэрхэн үнэлэх, хөгжүүлэх тухай асуудалд”сэдвээр Монгол Улсын Консерваторын концертийн их танхимд мөн сарын 10-ны өдөр уншсан миний лекцийн агуулга үзэл санаатай давхцсан нь юутай сайхан учрал ерөөл вэ? Би тэрхүү лекцдээ ҮДБЭЧ бол зөвхөн бүтээл туурвидаг, түгээн сурталчилдаг байгууллага бишээ! Өөрийн бүтцэд ардын урлагийг биедээ тээгч онцгой авъяастнуудын ур чадварыг язгуур байдлаар нь бичиж хадгалдаг тухайлбал бүжигчин бүрийн нүдний харц, нүүрний цог залийг, хөгжимчин бүрийн гар хурууны хөдөлгөөн донж маягийг, дуучин бүрийн сэтгэлийн хөдөлгөөн торгон агшин тэргүүтнийг алдалгүй оновчтой олж, бичиж, буулгаж чаддаг сургалт-судалгааны зориулалт бүхий дуу дүрс бичлэгийн студи архивтай, бичлэг сургууль хийх тусгай зориулалттай хэд хэдэн заал танхимтай, угсаатан бүрийн хувцас зүүсгэлтэй, үндэсний хөгжмийн зэмсгийн бүрэн үзэсгэлэн лаборатортой язгуур урлагийн өв их соёлтой мэргэжлийн урлагийн төв байгууллага байх ёстой юм. Гэтэл ҮДБЭЧ өнөөдөр ямар байранд байрлаж уран бүтээлээ ямар орчинд туурвиж байгаа билээ.
Тарваганы нүх шиг салаалсан олон өрөөнүүдтэй, гурван байгууллагын харьяалалд ганцхан тайзтай долоо хоногт нэг л удаа тоглох хуваарь ноогддог УДЭТ байранд ҮДБЭЧ-н 200-д уран бүтээлчид толгой хорогдож байна. “Үндэсний Урлагийн Их ордныг шинээр барьж өгч чаддаггүй юмаа гэхэд ядаж соёлын төв өргөөнд ҮДБЭЧ-г шилжүүлэн байршуулах шийдвэр гаргачих эрхтэй зүрхтэй эрхтэн дархтан Монгол улсад байхгүй гэжүү” гэж бичсэн нэгэн шүүмжээ эргэн сануулж билээ.
Эрхэм хүндэт У.Хүрэлсүх сайдаа! 
Та ҮДБЭЧ-ын “Өлзийхүүгийн” хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа. Таньд болон таны удирдсан Монгол улсын засгийн газарт хэдэн зуун мянган уран бүтээлчдийнхээ өмнөөс талархлын захидлыг илгээв. 

Ахмад эрдэмтэн судлаач шүүмжлэгч
Жөвдхөн Жамбалын Энэбиш

2019.04.11

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ