Зэсийн луйврын ”зэс” цухуйлаа
2019 оны 5 сарын 1
Зэсийн луйврын ”зэс” цухуйлаа
Нийтлэлч: Р.Даваадорж / ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР /

Өмнөд Африкийн Стандарт банкнаас Жаст групп ХХК-ийн авсан зээлд Эрдэнэт үйлдвэр ХХК батлан даалт гаргасан бөгөөд тус зээл төлөгдөх найдваргүй болсноор өр төлөх хариуцагчаар улсын үйлдвэрийн газар татагджээ. Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Стандарт банкны талд гарсан тул Эрдэнэт үйлдвэр ХХК өр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

Арбитрын шийдвэрийн дагуу 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой. Гэвч “Ocean Partners” /Океан партнерс/ компанийн зуучлалын тусламжтай 40 сая ам.долларыг Засгийн газар төлж барагдуулахаар шийдвэрлэсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны баасан гарагт олон нийтэд мэдэгдэл хийсэн билээ. Гэвч энэхүү маргаантай холбоотой гарсан зардал 40 сая ам.доллароор тогтохгүй юм. Үүнд:

Стандарт банканд өр төлөх явцад гарсан бусад зардлууд:

- Taylor wessing LLP өмгөөллийн компанид 10.8 сая фунт стерлинг /2018.12.31 ханшаар 36.3 тэрбум төгрөг/,

- Орчуулгын зардалд 75.6 сая төгрөг,

-Эрдэнэт үйлдвэр ХХК-иас тус Арбитрын шүүхийн хуралтай холбоотой томилолтын зардалд 1.37 тэрбум төгрөг,

- Pinsent Masons компанид төлсөн шинжилгээний хөлс 33.3 мянган ам.доллар /2018.12.31 ханшаар 111.5 сая төгрөг/ болжээ.

Ийнхүү “Ocean Partners” компанид шилжүүлсэн 40 сая ам.доллараас гадна 37 тэрбум 871 сая төгрөг нэмэгдэж, нийт дүнгээрээ 143 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Хачирхалтай зуучлал

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Стандарт банкны төлбөрийг хийхэд “Ocean Partners” /Океан партнерс/ компани зуучилсан гэж мэдэгдсэн нь анхаарал татна. Яагаад гэдгийг тайлбарлая.

Стандарт банкны нэхэмжлэлтэй Арбитрын шүүх хуралдаан зургаан удаа болжээ. 2016 оны тавдугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд хамаарах 51 сая ам.доллар, 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр шүүхийн ажиллагаанд зарцуулсан гэх 14.44 сая ам.долларын зардал, үндсэн зээлд хамаарах 26.78 сая ам.долларын хүү, нийтдээ 41.22 сая ам .долларыг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулах арбитрын шийдвэр гарчээ. Ийнхүү Стандарт банк бүтэн гурван жил шаргуу хөөцөлдсөн нь үр дүнгээ өгсөн хэрэг. Нэгэнт олон улсын шүүхийн шийдвэр гарсан тул зэсийн баяжмал олборлогч дэлхийн хэмжээний томоохон компани болох Эрдэнэтээс мөнгө гаргуулах шиг амархан асуудал байхгүй. Хэрэв үйл ажиллагаа нь дампуурах магадлалтай компани байсан бол Стандарт банк эрсдэлээ тооцон зуучлалын мэргэшсэн компани хөлслөн тодорхой хувиа олж авахыг хичээх байсан байх. Харин Эрдэнэтийн хувьд ийм эрсдэл байхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэх бичгүүд трейдэр компаниудад ирж, борлуулалтын орлогоос шууд суутгах нь тодорхой болчихсон байв. Гэтэл Стандарт банк, зуучлагч компаниар дамжуулан хагас хугас төлбөрөө авч гэнэ дээ. Зуучилсан гэх “Ocean Partners” бол санхүүгийн зах зээл дээр өр зуучилдаг мэргэшсэн компани огт биш. Харин Эрдэнэтийн зэсийн баяжмалыг олон жил борлуулсан трейдэр компани. Тиймээс “зуучлал” гэдэг үгний цаана маш их “булхай” нуугдаж байна гэж хардах бүрэн үндэслэл байна.

Монголчууд бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 29 жил өнгөрчээ. Зах зээлийн нийгэм бизнес дээр оршин тогтдог. Компани, ашиг орлого олохын тулд бизнес хийнэ. Харин банк бол санхүүгийн зуучлагч. Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж аваад хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд олгож, тэдний хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хүлээдэг байгууллага. Компани ч, банк ч ашиг орлоготой байж оршин тогтноно. Хоёулаа ашгийн төлөө байгууллага. Хэрэв бизнес ашиггүй бол дампуурна. Ашигтай ажиллахын тулд орлоготой байх ёстой гэх энгийн ойлголтыг тайлбарлах шаардлагагүй биз.

Хэрэв “Ocean Partners” компани өөрийн үйл ажиллагаатай нь огт холбоогүй хэн нэгэн зальт этгээдийн өрийг төлдөг, Стандарт банк хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг шүүхээр гаргуулж авах нь тодорхой болчихсон байхад татгалзаад тал хагасыг нь аваад эхэлбэл энэ хуулийн этгээдүүд хоёулаа дампуурсан байх учиртай. Гэвч “тохиролцсон” гэх ганц үгний цаана тэдэнд илүү их ашигтай, харин баялгийн эзэн бидэнд дэндүү хохиролтой хэлцэл байж таарах нь.

Асуудлыг нарийвчлан судалж үзвэл Жаст групп ХХК бизнест гэнэт хүч түрэн орж, балагтайгаар төгссөн түүх нь 2006-2013 он болж байна. 2006 онд Эрдэнэт үйлдвэр ХХК Өмнөд Африкийн Стандарт банкнаас 30 сая ам.долларын зээл авахын тулд түр данс нээж, зэсийн баяжмалын орлогоо тус дансанд байршуулж зээлийнхээ баталгаа болгож байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ХХК төрийн өмчийг барьцаанд тавьж, өөрөө зээлээ ашиглалгүй, хувийн компанид өгч эхэлж. Энэхүү зээлийн төлбөрөө трейдэр компаниудын борлуулалтын орлогоос төлсөн байх юм. Ийнхүү Монгол Улсад дэлхийн хаана ч байхгүй, супер давамгай эрх мэдэлтэй “нэгэн компани” мэндэлсэн ажээ. Нөгөө талаар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний зэсийн баяжмалын орлогыг зээл хэлбэрээр угааж “хууль ёсны мөнгө” болгох гол үүргийг энэхүү компани гүйцэтгэж гэх хардлага шууд төрж байна. Ийм “супер давуу эрх” зөвхөн төрийн маш өндөр албан тушаалтны ивээл дор үүсэж бий болно.

Трейдэр компаниудаас авч байгаа зэсийн баяжмалын төлбөрийн хэдэн хувь Монгол руу орж ирсэн, хэдэн хувь нь оффшор данс руу шилжиж, хэд нь гадаадад үл хөдлөх хөрөнгө болсныг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл энэ бүх гүйлгээнүүд “нэхэмтгий мөртөө авдаггүй” этгээд авиртай гадны банкаар хийгджээ. Хэрэв Стандарт банкны трейдэр компаниудын орлого, шилжүүлэгтэй холбогдох бүх гүйлгээнүүдийг шалгаж чадвал, хэн гэгч даргын ивээлд цэцэглэсэн “хулгай, дээрэм” гэдгийг тогтоох шиг амархан зүйл алга.

Төрийн өмчит компани Эрлэнэт үйлдвэр нь “онцгой эрх” бүхий Жаст групп ХХК, эрхэлдэг үйл ажиллагаа нь туйлын эргэлзээтэй гадаадын хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллаж байсан нь өдгөө тодорхой болжээ. Энэ нь хууль бус үйлдлээ нуун дарагдуулах сонгодог схем л дээ. Олон жилийн турш үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар Эрдэнэтээс хувь хүртдэг гэх ам дамжсан яриа байдаг ч өнөө хүртэл нотолсон нь үгүй. Тэгвэл энэ удаагийн “өрийн маргаан” улс төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнууд, улсын үйлдвэрийн газраас хувь хүртэж байсан, энэ нь олон жил үргэлжилж байгааг батлах сайхан боломж юм. Тиймээс дараах асуудлуудыг хууль хүчний байгууллагууд шалгаж тогтоох шаардлагатай байгаа юм. Үүнд:

1. Улсын үйлдвэрийн газар, хувийн компанид зээл авч өгөх эсвэл зээлийн батлан даалт гаргасан нь хууль зөрчсөн эсэхийг тогтоож, хариуцлага тооцох,

2. Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Стандарт банкинд нээсэн хоёр түр дансыг хувийн компани олон жилийн турш ашиглан асар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байхад Эрдэнэтийн удирдлага мэдээгүй байх үндэслэлийг тодруулах,

3. Трейдэр компаниудын зэсийн баяжмалын борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгө, Стандарт банкнаас өөр ямар улсын ... тоот дансууд руу шилжсэн гүйлгээг тогтоох,

4. 1998 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа гэх “Ocean Partners” гэх компанийн зээл, борлуулалтын санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулж дүгнэлт гаргуулах,

5. Цаашид луйврын санхүүгийн схем байх өндөр магадлалтай ийм үйлдлүүдийг таслан зогсоож, зэсийн баяжмалын борлуулалтыг ил тод нээлттэй болгох,

6. Монгол Улсад хохирол учруулсан төрийн өндөр албан тушаатнуудад зохих хариуцлага тооцох,

7. Нийт хохирол болох 143 тэрбум төгрөгийг буруутай хүмүүсээр яаралтай төлүүлж, улсыг нэн даруй хохиролгүй болгох шаардлага зүй ёсоор У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт ногдож байна.

Дээр дурдсан асуудлуудыг шалгахын тулд гадаадын хууль хүчний байгууллагуудтай нягт хамтарч ажиллах, манай АТГ-т санхүүгийн өндөр мэдлэгтэй хүнийг удирдах албан тушаалд томилох зэрэг өөрчлөлтийг хийх нь зүйтэй болов уу.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.6-д, “Гадаад, дотоод томоохон төлбөр, тооцоо, зээл, аккредитивийн хөдөлгөөнд хяналт тавих, эдийн засаг, санхүүгийн салбарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгаж шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцсон байх өндөр магадлалтай, “мөнгө угаах”, “улсын эрдэс баялгийг хувьдаа ашигласан” байж болох асуудлыг хяналтдаа авч таслан зогсоох үүрэгтэй. Түүхий эдийн экспорт голлосон Монгол Улсын эдийн засагт байгалийн баялаг, нөөцөд тавих хяналт алдагдсан, төрийн өндөр албан тушаалтнууд бохир схемд оролцсон байх магадлал байгаа нь ноцтой гэмт хэрэг билээ.

Эх сурвалж http://www.info.mn
Зэсийн луйврын ”зэс” цухуйлаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ