Д.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм
2019 оны 5 сарын 22
Д.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм
Соробан сампингаар хичээллэдэг монгол хүүхэд Япон улсын Ибараки мужийн аварга болсон мэдээ хэд хоногийн өмнө дуулдаж, бахархах сэтгэл төрж суулаа. Оюуны спорт болгон хөгжүүлж буй соробаны гарал үүсэл Японоос эхлэлтэй. Уг спортын үндэс суурийг нь тавьсан газар, тэр дундаа соробанаар идэвхтэй хичээллэдэг мужийнхнаас авьяас чадвараараа илүүрхээд ирсэн хүүхдүүдийн талаар болон бусад сэдвээр Монгол соробаны холбооны дэргэдэх сургалтын төвийн захирал Д.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.
 
-Зургаан настай монгол хүүхэд соробанаар өрсөлдөж, Японы Ибараки мужийн аварга болоод ирснийг сонсоод тантай ярилцахаар ирлээ. Бид зургаан настай хүүхэд гэхээр юугаа ч мэдэхгүй балчир хэмээн боддог. Гэтэл энэ тийм биш гэдгийг танай сургалтын төвийн бяцхан сурагчид харуулжээ. Тиймээс тэдний амжилтын талаар асууж, ярилцлагаа эхлүүлье?
 
-Япон улсын Ибараки мужид болсон соробан сампингийн тэмцээнд манай төвийн 22 хүүхэд дөрвөн багшийн хамт яваад ирлээ. Сурагчдаас зургаан настай Д.Үйлстөгөлдөр аварга болсон. Зургаан настай хүүхэд өрсөлдөж байгаа гээд тэмцээний шалгуур өөр байдаггүй. Соробанаар олон жил хичээллэсэн хүүхдүүдтэй өрсөлдөж байгаа учир хүүхэд маш их ачаалал авдаг. Өөрөөр хэлбэл, наснаас үл хамааран тэмцээний бодлого хүнд байдаг юм.
 
Соробан тэмцээний чансааг хүүхдүүдийн бодож байгаа бодлогоор нь хэмждэг. Түүнээс биш уг тэмцээнд хэчнээн орон, цом медаль хүртсэнээр нь тодорхойлж, оролцож байгаа хүний тоогоор нь хэмждэггүй.
 
Хэдэн оронтой тоог хэдэн секундэд бодож буйгаар нь үнэлдэг ёстой. Томоохон чансаатай тэмцээнд өрсөлдөж байгаа хүүхдийн ур чадвар маш их ахидаг. Энэ спортоор хичээллэснээр хүүхдийн ой тогтоолт сайжирч, анхаарлаа төвлөрүүлж сурдаг. Дээр нь олон оронтой тоо бодох үед соробан дээр ажиллахад хүүхдээс асар их ур чадвар шаардана. Үүнээс дүгнэж хэлэхэд соробанаар хичээллэсэн хүүхэд бүх талаараа зэрэг хөгждөг. Японы Ибаракийг “Эрдэмтдийн муж” гэж нэрлэдэг. Соробанаар өргөн дэлгэр хичээллэдэг оюунлаг муж юм. Энэ тэмцээнд Японы хотуудын аваргууд ирж оюунаараа өрсөлддөг. Монголын соробан сампингийн сургалтын төвийн сурагчид бүх Японы аварга болон Ибараки мужид зохион байгуулж буй тэмцээнд оролцдог уламжлалт тогтоод байна. Учир нь, бид сурагчдадаа соробаныг япон стандартаар зааж сургадаг, мэргэжлийн багштай сургалтын төв юм. Бид багш нараа Япон улсад бэлтгэсэн. Үүний давуу тал нь манай сургалтын төвд хамрагдаж байгаа хүүхэд Японд очиход яг адилхан стандартаар хичээллэнэ гэсэн үг. Япончуудын соробан заах арга нэлээд онцлогтой.
  
-Ибараки мужид болсон тэмцээний үеэр хүүхдүүд хэчнээн оронтой тоогоор олон үйлдэл хийж өрсөлдөв?
 
-Сая тэмцээний аварга болсон Д.Үйлстөгөлдөр хоёрдугаар зэрэгтэй. Ийм зэрэгтэй хүүхэд хэдэн арван саятаар нь тоог нэмж, хасч үржүүлж хуваадаг. Тиймээс ч бид хүүхдүүдээ аль болох томоохон тэмцээнд оролцуулахыг хичээдэг юм. Олон улсын чанартай тэмцээнд өрсөлдүүлэх гэж эрмэлздэггүй. Учир нь, олон улсын тэмцээний ихэнх нь сүлжээ байдаг. Гэхдээ хүүхдүүдээ хөгжүүлье гэвэл Японд зохион байгуулж буй тэмцээнд оролцуулах нь ач холбогдолтой. Ийм тэмцээнээс хүүхэд маш олон зүйл сурна. Монголын соробаны холбоо, Японы Элчин сайдын яамтай хамтран томоохон тэмцээнийг намар зохион байгуулдаг. Энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Тэмцээнд соробанаар хичээллэдэг ямар ч хүүхэд оролцоход нээлттэй.
 
-Одоо танай сурагчдыг бүх Японы аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Тэмцээнд Ибаракийн тэмцээнд оролцсон бүрэлдэхүүнээрээ явах уу. Эсвэл багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?
 
-Сая аварга болсон хүүхдүүдээс гадна өмнөх жил тэмцээнд амжилттай оролцсон сурагчид бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Төлбөр мөнгөнөөс шалтгаалж, багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох магадлалтай. Уг нь хүүхдүүд ийм томоохон тэмцээнд оролцвол амжилт нь нэмэгдэнэ.
 
-Зардал мөнгөнөөс шалтгаалж соробанаар хичээллэхээ завсарлуулсан хүүхдэд ямар үр дагавартай вэ?
 
-Өнгөрсөн жил Японд болсон тэмцээнд аваргалсан хүүхэд зардал мөнгөнөөс шалтгаалж соробанаар хичээллэхээ зогсоочихдог. Үүнтэй зэрэгцэн тухайн хүүхдийн чадвар ахихгүй. Ер нь бол бүх Японы аваргыг хэн дуртай нь очоод авдаггүйг ойлгох хэрэгтэй. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн Ибараки мужийнхаас хэд дахин илүү өрсөлдөөнтэй болдог.
 
-Соробаны тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийг харахад насны хувьд их ялгаатай харагддаг. Тэмцээнийг насны ямар ангилалд зохион явуулдаг юм бэ?
 
-Хамгийн сонирхолтой нь насны хоёрхон ангилалтай. Бүх Японы аваргад 6-12 насныхан хоорондоо өрсөлддөг бол 13-тай хүүхэд насанд хүрэгчидтэй ур чадвараа сорьдог. Тиймээс хамгийн гол нь соробанаар тууштай хичээллэх хэрэгтэй.
    
СОРОБАНЫ ТҮҮХЭЭС...
 
Соробан нь монголчуудын хэлж заншсан сампин бөгөөд бөөрөнхий эрхийг нь нааш цааш болгон тоо боддог хэрэгсэл билээ. Таван зуу орчим жилийн түүхийнхээ явцад Японы соробан нь тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, тооны мэдрэмжийг сайжруулах гэх мэтээр хүний оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх “тооцоолон бодох соёл” болтлоо хөгжин өөрчлөгдөж иржээ. Монголчууд бидний хэлж заншаад байгаа сампин гэдэг нэр нь хятад хэлний суаньпан (тоо бодох хавтан гэсэн утгатай) гэдэг нэр бөгөөд япон хэлэнд ч энэхүү нэр нь сунжран дуудагдсаар соробан болжээ. Өөрөөр хэлбэл, соробан болон сампин гэдэг нь суаньпан хэмээх хятад нэрний бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар, сампин нь Хятадаас Японд таван зуугаад жилийн өмнө буюу XVI зууны эхнээс нэвтрэн орж ирсэн юм. Хятад сампин нь нэг талдаа таван эрхитэй, нөгөө талдаа хоёр эрхитэй байдаг бол япончууд энэхүү суаньпанг боловсронгуй болгон нэг талдаа дөрөв, нөгөө талдаа нэг эрхитэй болгбн өөрчилж өнөөгийн боловсронгуй соробаныг бий болгосон байна. Орчин үед тооны машин, компьютер зэргийг ашигладаг болсноор хүмүүс ямар нэгэн хэмжээгээр буруу хариугаас бултах, сэтгэн бодох үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох, хүн гэдэг сэтгэдэг “амьд организм”-ын өөрөө бодож шийдэх үндсэн чадвар алдагдах зэргээр хүний уураг тархины үйл ажиллагаа сульдан доройтох болсон байна. Ийм учраас Японд соробан сампингийн хичээлийг сургуулиудад сэргээн оруулах болжээ. Хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон цээжлэх, цээжээр бодох, анхаарал төвлөрүүлэх, уужуу тайвуу сэтгэх, тэвчээртэй байх зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад соробан асар их нөлөө үзүүлдэг.
Монголд 5-15 насны хүүхдэд соробаныг заах нь зохимжтой гэж үзэж байна. Насанд хүрэгсэд ч, ялангуяа 50-аас дээш насныхан соробан сампингаар хичээллэвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай. Япончуудын хэрэглэдэг уламжлалт соробаны овор хэмжээ нь боломжийн доод хязгаарт тулгасан жижиг байдаг, эрхи нь ч жижигхэн. Соробан сампингийн жижиг эрхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөн тоо бодох нь уураг тархинд сайнаар нөлөөлж, хуруу гарын мэдрэмжээр дамжуулан уураг тархины эд эсийн үйл ажиллагаа сульдах, ой ухаан доройтон муудахаас сэргийлдэг байна.
 
-Соробан олон улсад хэр дэлгэрсэн оюуны спорт вэ. Манай улсын тамирчид чансаагаараа хаана явна?
 
-Олон улсын рейтинг сул. Манай сургалтын төвд хичээллээд удаагүй хүүхэд ч тэдний дайтай амжилт үзүүлж чадна. Ерөнхийдөө анхан болон дунд шатны хүүхдийн бодлогыг боддог. Гэтэл манайхан олон улсын тэмцээн гэхээр шилдгүүд оролцдог гэж ойлгодог. Япон стандарттай соробан олон улсад хараахан хөгжөөгүй. Олон улсад хөгжүүлж буй нь нэг талаараа бизнесийн хэлбэртэй байна. Соробаны уламжлалгүй оронд хөнгөн хэлбэрээр зааж байгааг манайхан олон улсынг рейтинг гэж андуурдаг тал бий. Тиймээс үүнийг ялгаж салгаж ойлгох нь чухал. Хүний оюун гэдэг тийм амархан хөгждөг зүйл биш. Тоон аргад суурилсан хүний оюуныг хөгжүүлэх дасгал бол соробан юм.
 
-Соробан хятад сампингаас юугаараа ялгаатай вэ?
 
-Сампин данс тооцоо бодоход ашигладаг хэрэгсэл байсан. Энэ аргаар тоо бодож байгаа хүмүүс гойд хөгжиж байгааг зарим нь ажигласан байгаа юм. Соробаныг япончууд сампингаас хэд дахин хөгжүүлсэн. Тэд эрхиний бүтцийг нь өөрчилжээ. Хятад сампинг XVI зуунд хэрэглэхдээ эрхиний бүтцийг нь жижиг, дээр нь хамгийн хурдтай бодох боломжтой болгосон. Тэгж байж тархины холбогч эсийг хөгжүүлдэг сонирхолтой дасгал болсон юм. Тиймээс ч соробанаар хичээллэсэн хүнийг зөнөдөггүй гэдэг.
 
-Соробан япон стандарт гэж юуг хэлээд байна вэ?
 
-Япон стандартын гол зүйл нь хүнээр хүн хийх юм. Мөн эрхий, долоовор хуруугаараа бодож байгаа аргачлалыг энэ стандартад мөрддөг. Олон улсын соробан ингэж ажиллахыг хүний баруун тархийг хөгжүүлдэггүй гэдэг. Гэтэл соробан хүний баруун тархийг хамгийн сайн хөгжүүлдгийг шинжлэх ухаанаар баталсан. Соробанаар хичээллэж байгаа хүний ой тогтоолт хурдацтай хөгжиж, маш хурдан сэтгэн бодох чадвартай болдог. Дээр нь анхаарлаа төвлөрүүлж сурдгаараа давуу талтай.
 
-Соробанаар хичээллэж байгаа хүүхдэд сурах орчин чухал нөлөөтэй юү?
 
-Ер нь байгаа орчноосоо илүү урьдаас бэлтгөсэн сургалтын төвд хичээллэвэл илүү үр дүнтэй. Хүмүүс “Цэцэрлэг, сургууль дээр ирж соробан заагаач” гэдэг. Гэтэл гэр орон шиг нь болчихсон газар соробан заахад төдийлөн үр дүн гардаггүй. Тиймээс бид аль болох хүүхдүүдээ сургалтын төвд хичээллүүлэхийг зорьдог.
 
-Энэхүү оюуны спортоор хичээллэж байгаа хүүхдийн суралцах дундаж насыг та тав гэсэн. Ийм насанд хүүхдийн сэтгэн бодох чадвар илүү хөгждөг гэсэн үг үү?
 
-Бага наснаас нь соробанаар хичээллүүлбэл илүү төрмөл маягтай болдог.
 
-Соробанаар хичээллэж байгаа хүүхдүүдийг ажиглахад ямар нэг онцлог байна уу. Тухайлбал, арай хурдан ойлгох, хүлээж авах гэдэг ч юм уу?
 
-Монгол хүн бусдаас илүү оюунлаг, япончууд тааруу гэсэн ойлголт байхгүй. Хүн бүрт ямар нэг хэмжээгээр өгөгдөл бий. Түүнийгээ хөдөлмөрөөрөө хөгжүүлж, байгаад соробанаар хичээллүүлэх эсэхээ шийддэг. Өөрөөр хэлбэл, бусдаасаа илүү сайн сэтгэн бодох чадвар авьяастайг нь япончууд соробанаар хичээллүүлдэг. Гэтэл манайхан хичээлээсээ хоцорсон, сууж сураагүй хүүхдээ манайд дагуулж ирэх нь элбэг. Хамгийн гоо нь хүүхдээ оюунлаг болгохоор зорьсон бол соробанаар хичээллүүлэх нь зөв сонголт юм.
 
-Хүүхэд соробанаар хэдэн сар хичээллэж байж тодорхой үр дүн гарах вэ?
 
-Хүүхэд хичээллэсэн цагаасаа бага багаар хөгжиж байдаг. Түүнээс нэг өдөр л гэнэт мундаг болчихдоггүй. Мөн хүүхэд бодож сэтгээд ирэхээрээ залхуурч эхэлдэг. Тэр үедээ гэр бүлийнхэндээ соробан сурах дургүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэсэг хугацааны дараа хүүхэд аргаа олоод ирэхээр соробанаар хичээллэх дуртай болдог. Энэ мэт янз янзын төөрөгдөлд ордог талтай. Ямар ч хүүхэд хөгждөгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.
  
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ