Ганц бие эмчийн яриа
2019 оны 5 сарын 24
Ганц бие эмчийн яриа
\Өгүүллэг\

Зуслангийн орой. Айл бүрийн гадаа хүүхдүүд шуугилдан тоглоно. Манай зуслангийн хамгийн баруун захын шовгор оройт муурын байшингийн эзэн ганц бие, ахимаг насны эмэгтэй гаднаа сууж байснаа намайг даллан дуудав. 
Үр хүүхэдгүй, нөхөр нь залуу бүсгүй даган одсон гэх энэ эмэгтэйг Юмнэрэн гэнэ. Хэдийнээ жар дөхөж, цагтаа зээрийн шилбэ шиг гоолигхон явсан хөл нь үл ялиг майжийн, сайн ажиглавал нуруу нь бага зэрэг бөгтийж буй ч, Юмнэрэн гуай буржгар химитэй үсээ тас хараар будаж, хийц сайтай тас хар костюм, дэгжин даашинз сэлгэж өмсөнө. Бас урт гонзгой хэлбэртэй час улаан чулуун шигтгээтэй алтан ээмэг бэлзэгтэй нь хосоор нь зүүж, гартаа хар торон бээлий хийн, нүүрэндээ зузаан энгэсэг түрхэж, уруулаа тод хүрэн улаанаар будах тул хэзээ ч хөгшин харагддаггүй байлаа. Ихэнхдээ л солонгорсон нарны шил зүүх тул ээмэгнийх нь шигтгээнээс ойх гэрэл нүдний шилнийхтэй нь хоршин нүд гялбуулж явдаг нь цаанаа л нэг дэгжин. Ер нь л Юмнэрэн гуай тэр үедээ л тун ч ганган, эрхэмсэг эмэгтэй байлаа. 
Гэхдээ тэр хийц сайтай хар костюм, тас хар буржгар үс, гэрэл туяа ойлгон гялалзах гоёмсог ээмэг, нарны шил, үр хүүхэдгүй ганц бие амьдрал, бусдаас тусгаарлагдмал зожиг зан нь хүмүүст битүүхэн зэвүүцэл, бас айдас төрүүлэх мэт зуслангийнхан бүгд л түүнтэй мэндийн зөрөөнөөс цаашгүй хөндий харьцана. Айлын жаахан хүүхдүүд гэрийнх нь гадаа шуугилдах юм бол тэр гарч ирэн “Дуугаа аяд! Хол очиж тоглоцгоо! Би амарч байна” хэмээн зандарна. Бас, гэрийнхээ гадаа тарьсан өнгийн цэцэгсийг нь гишгэчлээ хэмээн хавийн үхэр малыг чулуу шидэн хөөнө. Гэхдээ бусад үед бол манай ээж болон зуслангийн эзэгтэй нар шиг шиг байнга гэрийн ажилтай зууралдахгүй болохоор хэзээ ч үглэж яншина гэж үгүй, хүүхэдтэйгээ хашгичин хэрэлдэхгүй, хашгичих хүүхэд ч байх биш дээ. Цаг ямагт Цасан хатан мэт эрхэмсэг төрхтэй явдаг нь надад харин ч таалагддаг байлаа. 
Тэдний бяцхан “муурын байшин” бусад айлаас нэлээд зайдуу торойх агаад, гадуураа цав цагаан хайстай. Тагтных нь будаг ямагт халцраагүй шив шинээрээ байх нь цаанаа л нэг сондгой. Бас айлууд шиг зөөврийн ус авахгүй , тээр хол байдаг цэнгэг уст булгаас зөөж авчирдагт нь хүртэл хүмүүс зэвүүцэн “Айлуудтай адилхан зөөврийн ус л ууна биз дээ. Хүн хүнээс илүү амьтан юм шиг. Доороосоо нойтон сормуустай юм унагаагүй болохоор л ингэж ямбалдаг юм байх даа” гэцгээнэ. 
Би тэр зун наймдугаар ангид орох гэж байлаа. Ном унших , бас хүнтэй яриа дэлгэн, настанд тус дэм болох дуртай нь эмээгийн дэргэд өссөнийх байх. Хэд хоногийн өмнө Юмнэрэн гуайг ганцаараа доод булгийн тэндээс арвын бидонтой ус авч явахыг нь харж өрөвдсөндөө усыг нь авчирч өгснөөс хойш бид хоёрын хооронд нэлээд нөхөрсөг харилцаа тогтох гэж буй нь энэ.
Би уншиж байсан “Элс цас” номоо тагтан дээрээ орхиод Юмнэрэн гуай руу гүйн очлоо. Юмнэрэн гуайн царай өмссөн торгон бүслүүртэй гоёмсог сийрсэн бүрх малгайндаа сүүдэртэн улам ч залуужсан мэт тун толиотой харагдав. Тэр хүзүүгээ наранд түлэгдэхээс сэргийлэн нимгэн торгомсог алчуураар ороосон байв. Намайг гүйн очиход тэрээр торон бээлийгээ тайлахад, гар нь яагаад ч юм царайнаасаа илүү үрчийж, үнгэгдсэн самбарын алчуур мэт харагдав. Намайг мэндлэхэд Юмнэрэн гуай үрчгэр гараараа суларсан хацраа илснээ:
-Эгч нь цуйван хийсэн. Ганцаараа хооллох заримдаа их тусгүй юм. Миний хүү надтай хамт хооллооч гэлээ.
Би саяхан гэртээ гурилтай шөл идсэн ч урилгаас нь татгалзаж чадсангүй. Ганцаардмал хөгшин эмэгтэйг өрөвдөх, басхүү зуслангийнхны хэнд ч үүдээ нээдэггүй энэ айлын нууцлаг амьдралд нэвтрэх сониучхан хүсэлтэй минь нэгдэж, тэднийх рүү дуртай нь аргагүй орсон юм.
-Юмнэрэн залуудаа олон эрийг гомдоосны үйлийн үрээр одоо ганц бие байгаа нь энэ!
-Үгүй ээ. Үр хүүхэд заяадаггүй хар өвөртэй эм байхгүй юу. Өргөмөл охиноо загнаж зандарч харгисласаар байгаад тэр нь төрсөн эх рүүгээ гүйчихсэн юм. Ноднин хүний жаахан хүү өргөж авсан нь нас барчихсан. Аягүй бол Юмнэрэн зодсоор байгаад нялх амьтан гарын аяыг нь даагаагүй биз. 
-Өөрөөсөө олон дүү нөхөртэй байсан нь хаяад залуу хүүхэнтэй суугаад явчихсан юм гэнэ лээ...
-Аргагүй шүү дээ. Хэн ч үр үндсээ үлдээе гэж саналгүй яадаг юм.
-Дороосоо нойтон сормуустай амьтан унагаж үзээгүй авгай.
Энэ хүний тухай зуслангийнхан нэг иймэрхүү амтай. Би эхэндээ тийм яриа сонсонгуут, час улаанаар уруулаа будсан, тас хар буржгар үстэй Юмнэрэн гуай салаа гэзэгтэй жижигхэн охиныг үсдэж зодон чарлуулж байгаагаар нүдэндээ төсөөлөхөд тэр надад нэгэн үлгэрийн кинонд гардаг хорон санаат шулам хойд эх мэт санагддаг байлаа. Тэр үлгэрт шулам эм нэгэн хааны хатан болонгуутаа, арван хоёр хан хөвгүүнийг нь харааж хун болгон хувиргаад, бяцхан гүнжийг нь хэлгүй болгон харанхуй ойд цөлчихдөг дөө. Хөөрхий тэр гүнж шулам хойд эхийнхээ хар домыг тайлахын тулд өргөст маалинга өвсөнд гараа хатгуулан байж, арван хоёр ахдаа цамц нэхэж чадвал тэд нь хүн болон хувирах ёстой болдог. Гэхдээ цамцаа нэхэж дуусах хүртлээ гүнж ганц ч үг ганхийх ёсгүй байлаа... 
Ийнхүү түүний тухай элдвийн ярианд автан айж эмээхтэй зэрэгцэн бас бусдаас онцгой ганган дэгжин, эрхэмсэг төрх нь надад таалагдаад байхыг хэлэх үү. Ер нь манайх энэ зусланд дөнгөж ганц жил зусч буй тул түүний амьдралын жинхэнэ үнэн, нарийн ширийнийг нь би хэрхэн мэдэх билээ. Харин ээж минь хов живэнд дургүй тул энэ яриаг үл тоон надад нэг удаа “Ганц бие настай эмэгтэй хүнд тусалж ус, түлээг нь дөхүүлж өгч бай. Хүнд тусалснаар чиний хойч ирээдүйд л хэрэгтэй. Хөөрхий үр хүүхэдгүй эмэгтэй хүн гар хөлийн үзүүрт зарах хүнгүй хэцүү л байдаг биз. Олон хүний аминд орсон ачтай эмч хүн юм гэнэ билээ” гэснээс хойш би түүнийг үлгэрт гардаг шулам хойд эх болгон төсөөлөхөө больсон юм.
Наяад оны дундуур айлууд олон хүүхэдтэй байсныг ч хэлэх үү. Манай гурван дүү намайг ус түлээнд бараг хүргэхгүй л дээ. Би том эгч учраас тэднийг захираад гэртээ л жанжин гэсэн үг. 
Манай зуслангийн хүүхдүүд орой зургаа хагаст ажилчдын автобусаар ирдэг ээж, аавыгаа заавал тосно. Томчууд нь дүү нараа хөтлөхийг нь хөтөлж, тэврэхийг нь тэврээд л автобус тосоцгооход, нялхас нь ээж ааваа хараад инээх нь инээж, уйлах нь уйлалдан, ах эгч нар эцэг эхийнхээ авчирсан хүнс, цүнх савыг нь авч, бөөн инээд хөөр, яриа хөөрөө өрнөнө. “Манай ээж компот авчирсан”, “Аав аа, бид будаатай хуурга хийсээн”, “Энэ чинь шалаа угаа гээд байхад гол руу явчихсан шүү” гэхчлэн үхэр тугал нийлэх шиг шуугицгаан, айл гэр, эх үрийн аз жаргал цалгилж байдаг асан зуслангийн орой ажилчдын автобус ирэх цаг үнэхээр сайхан. 
Тэгтэл... Юмнэрэн гуайг хэн ч тийн тосож гүйхгүй, авчирсан юмнаас нь дамжлалцахгүй тул тэрээр “ Abba” хамтлагийн зурагтай час улаан гялгар ууттай хүнс бариад бүхнээс сүүлдэн, гав ганцаараа автобуснаас бууж явааг нь харах бүрдээ би түүнийг улам ч их өрөвдөх болсон сон. 
...Би тэднийд ийнхүү анх удаа хөл тавилаа. Ганц бие хүний гэр гэдэг бүртийх ч хоггүй дэндүү цэмцгэр, зуслан дээр гэхэд ядаж ялаа нисэх ч дуулдахгүй нам гүм ажээ. Тэднийх жижигхэн хүрэн сэтгүүлийн ширээ, намхан буйдан, цонх хаалгандаа татсан цасан цагаан торон хөшиг, зуухны хажууд тавьсан түшлэгтэй сийрсэн сандал, том ваартай таримал цэцэг бүхий, гайхмаар гоё, цэмцгэр айл байлаа. Манай зусланд тэднийхээс өөр тийм догь сийрсэн сандалтай айл байхгүй нь мэдээж. За, манайд бол дүү нарын энд тэндгүй үйрүүлж хаясан боорцог, элсэн чихрийн хогон дээгүүр ялаа шавчихсан, шалаар нэг тоглоом, бидний гутлууд хөглөрсөн байх агаад ээжийн зандарч хашгичих дуу тасарна гэж үгүй, ширээн дээгүүр эмтэрхий аяга хөглөрсөн, сэмэрсэн бүтээлгээр хучаастай зургаан хүний модон наар шавааралдсан замбараагүй айлыг хэлэх үү.
Юмнэрэн эгч зөндөө цуйван хийжээ. Гав ганцаархнаа мөртөө хайруулын таваг дүүрэн цуйван хийснийг нь би гайхан харахад тэр инээвхийлэн надад пял тавганд хоол хийж өгөхдөө:
-Би ганцаараа ч гэсэн бага хоол хийж чаддаггүй. Нөхөр минь хүрээд ирж магадгүй. Аа, бас хааяа дүү нарын хүүхдүүд ч ирнэ. Монгол хүн хоолондоо гар татдаггүй юм гэж ижий минь хэлдэг байсан юм гээд надад шилтэй алаг салад дөхүүлж өгөв.
Хоол нь тийм ч амттай бус, тэгээд ч гэртээ олуулаа шуугилдан хооллож сурсан надад ядаж ялаа ч нисэхгүй шахуу нам гүм ийм айлд настай хүнтэй ярих ч юм ховор, цаг өнгөрч өгөхгүй, пял таваг дүүрэн тосгүй лагалдсан цуйван хорж дундрахгүй зовж суутал гэрийн эзэгтэй ярьж эхлэв. Ядахад тэдний цаг нь хүртэл манайх шиг механик биш, гэрэл анивчуулсан цахим эд тул цагны чаг чаг хийх дуу ч үл сонсогдоно. Тэгтэл тэр хачин эвгүй нам гүмийг эвдэн Юмнэрэн гуай:
-Эгч нь өнөөдөр гадаадад явах оюутнуудад үзлэг хийсээр байгаад ирсэн чинь нуруу тасрах нь. Залуудаа ч тоодоггүй байж. Өнөөдөр зуун хорин хүнд үзлэг хийсэн байна. Жигтэйхэн их ядарчээ гэлээ. “Энэ цахим цагны гэрэлт тоонууд шөнийн харанхуйд ногооноор л асдаг байх даа” гэсхийн шал хэрэггүй юм бодож суусан миний сониуч зан хөдөлж:
-Та нээрээ юуны эмч билээ? хэмээн асуулаа.
-Эмэгтэйчүүдийн эмч шүү дээ.
-Пөөх... Би өөрийн эрхгүй ийнхүү дуу алдчихав.
“Энэ эгч эмэгтэйчүүдийн эмч юм чинь үзлэг хийж байна гэж өдөржин хүний салтаа руу шагайсаар байгаад иржээ гэсэн үг. Мөн хэцүү ажил аа. За, би л лав хэзээ ч эмэгтэйчүүдийн эмч, ер нь эмч болохгүй дэг” хэмээн би хоромхон зуур бодож амжив. 
-Миний хүү охидын үзлэгт орох дургүй л биз дээ?
-Ёстой дургүй. 
-Яагаад тэр вэ?
-Ичмээр шүү дээ. Дотуур өмдөө тайлаад танихгүй эмчийн өмнө...Манай ангийн бүх охид дургүй. Охидын үзлэг ирнэ гэхээр бүгдээрээ л чөлөө авах гээд гүйлдчихдэг юм. Та тэгээд яаж зуун хорин хүнд үзлэг хийвээ?
-Хийнэ дээ, миний ажил юм чинь. Тонгойсоор байгаад нуруу тэнийхээ больчихоод гарч ирэх юм. Одоо чи чинь том болсон охин. Охидын үзлэгээс ичих хэрэггүй. Бүдүүлгээ харуулж байгаа юм. Эмэгтэй хүн эрүүл мэндээ үргэлж анхаарч, эмчид үзүүлж байх хэрэгтэй. Эмч нар хүний төлөө л ажилладаг юм шүү дээ гэж тэр сургамжилснаа намайг хоолоо идэж дууссаныг хараад:
-Тэр арвын бидонтой уснаас хайруулын таваг руу хийчих, миний хүү. Хатчихвал угааж болохгүй болчихно гэснээ тэр яагаад ч юм гараад явчихав.
Би арвын бидонтой уснаас хайруулын таваг руу нь жаахныг хийгээд гарвал Юмнэрэн гуай байшингийнхаа гадаа тарьсан цэцгүүдээ арчлан явган сууж байлаа.
-Хөгшин хүнд хань болдог жигтэйхэн сайн охин шүү,баярлалаа миний хүү гээд тэр гараасаа салгадаггүй торон бээлийгээ тайлан, явган сандал дээр суусаар хоцорлоо. 
Тэр оройноос хойш би аажмаар түүнд дасч, бараг орой бүр гэрт нь ордог боллоо. 
Долдугаар сарын сүүлчээр нэг орой гадаа усан бороо шаагин, бусдаас зайдуу байдаг Юмнэрэн гуайн байшин усан манан дунд нэг л өрөвдөлтэйгээр ганцаархнаа бөртийн, яндангаас нь ч утаа гарахгүй байгааг ажиглаад би тэднийд оров. Гэрт гадаагүй чийг хургасан зэврүүн өдөр байдаг даа. Уг нь тийм бүрхэг сэрүүн өдөр зуслан дээр гал өрдчихөөд мөчир шад падхийн шатах зугаатай чимээг чагнан, будаатай цай ууж шуугилдаж байх нь бас л айл гэрийн аз жаргалын нэг сэн.
Тэднийх галгүй, Юмнэрэн эгч ноосон бүтээлэг нөмрөн буйдан дээрээ хэвтэж байлаа...

Үргэлжлэл бий

#СувданДаруулга номоос

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ