Бид үүнийг л хүссэн биш үү
2019 оны 5 сарын 29
Бид үүнийг л хүссэн биш үү
“Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан” гэж үг бий. Монголчууд бид чинь сүүлийн үед юмыг таамаглана, тэрэндээ итгээд талцаж ирээд хэрэлдэнэ, таалагдахгүй байгаа зүйлээ зүгээр л гүтгэнэ, тараагаарай цааш нь гээд бүүр сүйтгэж байж санаа амарна. Бүүр нэг ч хараагүй зүйлээ шүү. Гэтэл бид эртнээсээ “Нүд үнэнч, чих худалч” гэж ярьдаг ард түмэн биш билүү. Тиймээс л мянга сонсохоор нэг үзэхийн тулд Эрдэнэс-Тавантолгойн уурхайтай танилцаад ирлээ. 
Ингэхэд бид уул, уурхайгааас юу хүсдэг билээ?

Эх орондоо сайхан амьдарч, ажиллаж, өндөр цалин авах

Эх орноо хөгжүүлж, хөдөлмөрлөж байх ёстой ид сайхан залуус маань харьд хар ажил хийж байна, энд үлдсэн хэд нь олигтой цалин ч үгүй болохоор архинд ороод дууслаа хэмээн халгалцгаадаг. 
ЭТТ-н “Цанхи хотхон” бидний хүсч байдгийг бүтээж билээ. Дөрвөн улиралд амьдрахад тохирох автомат халаалтын системтэй гэрт дөрвөөрөө амьдрана. Гэр бүр халуун ус, нойлын асуудлаа шийдсэн. Өдрийн гурван халуун хоолтой (баргийн ресторанааас илүү санагдсан шүү) цайны газарт хооллодог, угаах зүйлсээ ч угаалгын цэгрүү л өгчихдөг. Өдөрт 12 цаг ажиллаад, 12 цагт нь амрана. Амралтын өрөө нь номын сан, биллиард, дартс, массажны сандал, ширээний хөл бөмбөг тэр байтугай PS тоглоом ч байсан. 
Хотхон 24 цагийн харуул, хамгаалалттай, дотор архи, согтууруулах ундаа хориотой, тамхийг зөвхөн нэг цэгт л очиж татна. Тэд энэ журмаа ягштал мөрддөг юм билээ. 
Хамгийн гол нь энэ уурхай Монголд анх удаа 14/14 гэдэг ажлын хуваарийг бий болгосон нь нийт ажилчдад маш их таалагддаг. 14 хоног ажиллаад, 14 хоног амарна. Нэг шооч уурхайчин “Өмнө нь хэцүү хуваарьтай байхад гэр бүл салалт ихсэж байсан бол одоо гэр бүл нийлэлт ихсэж байгаа” гэж хошигнож байсан. Тиймээ тэд ийм орчинд, ийм нөхцөлтэйгээр ажиллаад хүссэн цалингаа авдаг тул уурхайдаа хайртай, сэтгэл хангалуун ажиллаж байна. 
Бид үүнийг л хүссэн биздээ...

Эх орныхоо баялагийн эзэн байх

“Тавантолгойн ордын нөөц 7,2 тэрбум тонн орчим бөгөөд одоогийн хүчин чадлаараа ашиглахад 300 гаруй жил ашиглагдах боломжтой. Өндөр чанарын коксжих нүүрснээс гадна, эрчим хүчний нүүрсний нөөц ч ихтэй тул цаашид уурхайг түшгэлсэн цахилгаан станц баригдана” гэж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлсэн. 
Энэ бол зүгээр нэг уурхай бус ”үндэстний баялаг” юм. Тийм ч учраас олон бизнесийн акулуудын хараанд өртөж, улс төрчдийн хэрүүлийн бай болж байдаг. Харин тэгэхдээ өнөөдөр энэ уурхай 100% Монголын өмч бөгөөд 2,5 сая гаруй монголчууд хувьцааг нь эзэмшдэг. Уурхайг дан Монгол инженерүүд удирдахаас гадна туслан гүйцэтгэгчидтэйгээ нийлээд 2000 гаруй Монголчууд ажиллаж байна. 
Бид үүнийг л хүссэн биш гэж үү...

Дэлхийн жишигт хүрсэн уул, уурхайг хөгжүүлэх

Коксжих нүүрсний нөөцөөрөө Дэлхийн топ тавд бичигдэж байгаа уг уурхайд өнөөдөр хөрс хуулалтаас эхлээд, нүүрс олборлох хүртэлх бүх технологи дэлхийн түвшинд хийгдэж байгаа бөгөөд олон улсын экспертүүдийн шалгалтаар цаашид амжилттай үргэлжлэх боломжтой гэсэн үнэлгээ авсан байна. “Хамгийн сүүлийн үеийн, өндөр бүтээмжтэй техникүүдийг ашиглаж байгаагаас гадна ISO 45001, байгаль орчны 14001, чанарын 9001 гэсэн стандартуудыг мөрдөн ажилладаг” хэмээн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн менежер н.Бат-Орших ярьлаа. 
Цаашид цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, зөөврийн туузан дамжуулга, нөхөн сэргээлтийн бүс байгуулахаар төлөвлөөд байна. 
Бидний хүсч байгаа мөн биздээ...
Уул, уурхай дагасан хөгжлийн төвүүдтэй болох
“Уурхайг түшиглэсэн 100,000 гаруй хүн амтай хот бий болохоор тооцоо гарч байгаа тул үүнийг даган хүн төвтэй хөгжлийг бий болгоно. Түүнээс гадна энэ жил Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замын ажил эхэллээ. Өмнө хийгдэж байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа ч гүйцээн барина. Мэдээж хүн амын төвлөрөл дэд бүтцээ даган бусад туслах үйлдвэрлэл, бизнесүүд хөгжинө гэж найдаж байна” гэж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярив. 
Бидний хүсдэг хөгжлийн төвийн нэг нь Тавантолгойд бий болж байна...

Хариуцлагатай, экологид ээлтэй, нээлттэй уул,уурхайтай болох

“Манай сумын газар нутагт гурван уурхай үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг дагаад хүн амын тоо нэмэгдэж, хөгжил ирж байна. Өмнө нь 2000 орчим хүн амтай байсан суурин маань одоо хөдөлгөөнт хүн амтайгаа нийлсэн 20,000 орчим хүн төвлөрсөн 2 арван жилийн сургуульдаа хүүхдүүд багтахгүй байгаа тул гуравдахь сургуулиа барьж байна. Мөн үүнийг дагаад малчдын бэлчээр хумигдах, тоосжилт ихсэх, усны нөөц багасах гэх мэт сөрөг асуудлууд ч үүсч байна” хэмээн Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч ярьсан.
Энэ талаар ЭТТ-н уурхайн ашиглалтын инженер н.Энхбаяртай ярилцахад “Манай уурхай есөн жил болж байгаа харьцангуй залуу уурхай. Бүх зүйлээ тэгээс эхэлсэн тул мэдээж зарим зүйлүүд маань хийгдэж амжаагүй байна. Тээвэрлэлтийн асуудлыг төмөр замаар шийдэх, усны нөөцийг томоохон төсөл болгон нэмэгдүүлэх, дэвшилтэт, экологид ээлтэй технологиудыг нэвтрүүлэх, нутгийн иргэдийг шинэ бизнес эхлүүлэхэд нь дэмжих гэх мэтээр хичээж байна. 
Нөхөн сэргээлт хийж эхлэх болоогүй боловч шимт болон шимэрхэг хөрснүүдийг тусд нь авч шимт байдлыг алдагдуулахгүйн тулд усалгаа хийх, ургамалжуулах ажлыг хийж байгаа” хэмээн өгүүлэв. 
Уурхай нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагтайгаа гэрээ байгуулан ажилладаг бөгөөд хамтарсан төлөвлөгөө гаргаж чадсан байна. Мөн шилэн дансыг хөтлөж, хэвлэл мэдээллийнхэн болон бусад байгууллага, хувь хүмүүст нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж ажилладаг. 
Зарим уурхайнууд хүссэн ч нээлттэй байдаггүй...

Баялагаасаа хувь хүртэх

ЭТТ компани хувьцааны 14 орчим хувийг нийт 2,5 сая монголчууд эзэмшиж байна. Нэг үгээр бид энэ уурхайн хөгжих, эс хөгжихтэй холбоотой гэсэн үг. Энэ жилийн хувьд хувьцааны 85 хувийг эзэмшигч ЗГ дэд бүтцэд хөрөнгө оруулахаар шийдсэн байна. Мөн "Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан ногдол ашиг тараах нь зөв, эсэхийг тандсан судалгаа цахим хуудсаар дамжуулан явуулахад 27 мянган иргэн оролцсоноос 40 хувь нь төмөр замаа тавь, 38 хувь нь сургууль, цэцэрлэг гэх мэт нийгэмд дутагдаж буй зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруул гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 орчим хувь нь "Ногдол ашиг тараах хэрэггүй. Хөрөнгө оруулалт хий” гэсэн байр суурьтай байж. 
Цаашид дэд бүтцүүд тавигдан, нүүрсний үнэ тогтвортой байх аваас 1072 хувьцаатай иргэд нэгж хувьцаандаа жилд 1240 төргөг орчим ногдол ашиг авах боломж бүрдэнэ гэж тооцоолсон байдаг. Энэхүү хувьцаа нь өвлүүлж болдог үнэт цаас бөгөөд дээр дурьдсанчлан 300 жилийн баялаг юм.
Ер нь төмөр зам, авто зам тавигдах нь ч тодорхой иргэдийн орлого, ашгийг нэмэгдүүлж, ажлын байрууд шинээр бий болох үндэс. 
Бидний хүссэн ирээдүйн баталгаа энэ мөнүү...

Тэдний ажилд бүү саад бол

Уурхайн удирдлага солигдсоноос хойш 28 доллараар зарагдаж байсан нүүрс одоо 71 доллар гарсан үнээр борлогдож байна. Тэд өнгөрсөн онд 807,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж “төр сайн менежер биш” гэсэн үг тийм ч оновчтой биш гэдгийг харууллаа. Монголчууд уул, уурхайгаа удирдаж, улс хоорондын гэрээн дээр ашигтай байр суурь бий болгож, дэлхийн стандартыг нутагшуулж чаддагийг харууллаа. 
“Төрийн өмчит байхын давуу тал их бий. Тэгэхдээ сул тал ч ихтэй шүү дээ. Шийдвэр гарах гэж удна, улс төрийн нөлөө орох гэж зовооно, төлөвлөсөн ажлуудын дараалал солигдох ч тохиолдлууд байна. Нээлттэй байх нь зөв боловч нэг нөхөр баахан сэтгүүлчидтэй хүрч ирээд бизнесийн нууц, байгууллагын дотоод асуудалтай холбоотой асуудлыг нэхэж, ор үндэсгүйгээр гүтгээд, ард түмний ойлголтгүй байдлаар бамбай хийн турхираад байх нь хэцүү юмаа” гэж ярих уурхайн удирдлагуудын яриа юуг хэлнэ вэ? Чадаж байгаа, зүтгэж байгаа залуучуудад саад болохгүй ажлыг нь хийлгэхийг хүсэе!
Монголчуудын хүсдэг ирээдүйн баталгаа болсон уул, уурхайн хүчирхэг компани өмнийн говьд Эрдэнэс-Тавантолгой нэртэйгээр босч байгаад итгэлээ. 

Анжигай.Г 2019.05.29
Эх сурвалж http://www.info.mn
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Бид үүнийг л хүссэн биш үү
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ