“Рапид Архитектур Констракшн” компанид хэн хариуцлага тооцох вэ
2019 оны 6 сарын 11
“Рапид Архитектур Констракшн” компанид хэн хариуцлага тооцох вэ
Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг,  Хангай хотхоны хойно   “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй  Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж  хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэр, өмгөөлөгчийн хамт  олон нийтэд хандлаа.

Осол  өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш 20 гаруй хонож байна.  Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөө хүртэл хохирогчоос болон  ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй. Гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Осол, гэмт хэрэг гарсан даруй  Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс  сэрэмжлүүлэг хийдэг. Тэгвэл энэ хэрэг дээр мэдээлэл  хийгээгүй,  мөн тухайн компани нь  Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй. Дээр нь компанийн  зүгээс гомдол, шүүмжлэл тавибал эмчилгээний зардал өгөхгүй хэмээн ёс зүйгүй авирлаж байгаа. Үүнээс харахад   хэргийг бүрхэгдүүлж, дарагдуулж байж болзошгүй гэж тэд үзэж байна.   
Иргэн Г.Хүрэлсүх  нурууны нугалам  яс бяцарсан, нугасны хальс  гурван см задарсан, бөөр няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн  оноштой хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош мэдрэл саажсан байдалтай байна.  Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг НД-аас төлсөн бол үлдсэн 25 хувь  болох багахан зардлыг  компанийн зүгээс  төлжээ. Хүү маань  хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна хэмээн түүний аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярилаа.  

Иргэдийг хямд өртгөөр ажиллах хүч болгож, аюулгүй байдлаа хангалгүй бэртээж гэмтээж буй “Рапид Архитектур Констракшн” компани  хэний компани гэдэг нь тодорхойгүй байна. Төсвөөс санхүүжилттэй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийг авсан байхыг бодоход ард нь нөлөө бүхий эрхмүүд байгаа нь лавтай. Эхнээсээ хариуцлага хүлээхгүй байхаар дүр зураг харагдаад эхэлсэн иргэдэд  “Эрлэг” болсон энэ компанид хэн хариуцлага тооцох вэ?

Эх сурвалж http://www.info.mn
“Рапид Архитектур Констракшн” компанид хэн хариуцлага тооцох вэ
“Рапид Архитектур Констракшн” компанид хэн хариуцлага тооцох вэ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ