Хос мэргэжилтэй хөгжимчин
2019 оны 6 сарын 12
Хос мэргэжилтэй хөгжимчин
Хийлч, төгөлдөр хуурч О.Урангоо энэ сарын 14-ний 18:00 цагт Монгол Улсын Консерваторийн концертын “Б” танхимд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. 

Тэрбээр энэ онд СУИС-ийг хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Харин 2015 онд ХБК-ийг мөн хос мэргэжлээр дүүргэсэн дайчин хөгжимчин юм. Төгөлдөр хуурын багш нь Ардын жүжигчин Т.Цолмон, харин хийлийн багш нь Консерватори, СУИС-ийн багш, МУСТА Ж.Энхтуяа юм. Сонгодог хөгжмийн амаргүй хоёр төрлөөр давхар суралцсаар хос мэргэжил эзэмшсэн тэрбээр 15 жилийн турш хийл, төгөлдөр хуураар дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын ямар ямар бүтээл тоглов, шат шатны шалгалтыг хэрхэн давж, өмнөө тавьсан давхар давхар зорилтуудаа хэрхэн биелүүлж, хос мэргэжилтэй хөгжимчин байхын сайхныг, баяр, жаргалыг мэдэрч байв. Энэ сарын 14-нд болох тоглолтыг нь үзэх, түүнийг сонсох хүн бүр үүнд өөр өөрийнхөөрөө хариу олох болов уу. 
Хөгжимчин О.Урангоо “Би 2005 онд ХБК-д хийл болон төгөлдөр хуурын мэргэжлийн ангид давхар элсэн суралцаад, 2015 онд ХБК-оо багш, хийлч Ж.Энхтуяагийн удирдлага дор , төгөлдөр хуурын ангийг багш Д.Нарантунгалагийн удирдлага дор тус тус төгссөн. Ингэснээр сонгодог хөгжмийн хос мэргэжлээр амжилттай төгссөн анхны төгсөгч болсон. 
2015 онд СУИС-д төгөлдөр хуур болон утсан хөгжмийн бакалаврын ангид элсэн орсон. 2019 онд төгөлдөр хуурын ангийг АЖ Т.Цолмон , утсан хөгжмийн ангийг багш, хийлч Ж.Энхтуяагийн удирдлага дор тус тус дүүргэлээ. 2018 онд уран бүтээлийн. тайлангаа Монгол Улсын филармонийн концертын танхимд амжилттай тавьсан. Тоглолт хийл хөгжимд зориулсан, урьд өмнө нь Монголд тоглож байгаагүй зохиолуудаас бүрдсэн байснаар онцлог. Тухайлбал Францын нэрт хөгжмийн зохиолч М.Равелийн 1924 онд хийл хөгжимд зориулан бичсэн рапсоди хэлбэрийн "Tzigane" зохиолыг Монголд анх удаа тоглосон юм. Мөн тайлан концертын II хэсэгт Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "хийл болон найрал хөгжимд зориулсан ре мажорын концерт"-ийг бүтэн ангиар нь хөгжимдсөн. Энэ удаа болох гэж буй тайлан тоглолт зөвхөн хийл биш, төгөлдөр хуурын зохиолуудтайгаар онцлог болох юм. Концертын эхний хэсэгт төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд, харин II хэсэгт хийл хөгжимд зориулсан бүтээлүүд тоглоно” хэмээн ярилаа.
О.Урангоо ХБК-д суралцах хугацаандаа гаргасан амжилтуудаас дурдъя. 2010 онд болсон Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсварийн хөгжимчдийн уралдааны B ангилалд 2-р байр, Чех улсын Усти над Орлици хотод болсон олон улсын уралдаан, 2014 онд ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон “Найдал-2014” уралдааны насанд хүрэгчдийн ангиллын 2-р байр, мөн Франц улсын Парис хотноо зохиогдсон “Flame-2014” олон улсын уралдааны A ангилалд 3-р байрыг тус тус эзэлжээ. 
Хүслээ биелүүлж, хос мэргэжилдээ эзэн болж яваа, хичээнгүй, дайчин хөгжимчин О.Урангоогийн уран бүтээлийн тоглолтыг үзэх, хэрхэн хөгжимдөхийг нь сонсох хүн бүрийн өмнө концертын танхимын үүд нээлттэй.

Р.Оюунжаргал
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ