Сэтгэлийн хорыг танихуй
2019 оны 6 сарын 18
Сэтгэлийн хорыг танихуй
Шунал дотор шулам бий 
Шулуухан хэлэхэд мөхөл бий
Шүлхий галзуу сэтгэл бий 
Шүүх тэнгэрийн нэхэл бий! Хорихтун!
Мунхаг дотор төөрөгдөл бий 
Мууг дагуулах тэрслэл бий 
Муйхар мугуйд зан бий
Мухардаж зовох гачлан бий! Сэрэхтүн!
Атаан дотор атгаг бий
Айхтар сөрөг эрчим бий
Амьтнаас дутах айдас бий
Амиа тавих тэнэглэл бий! Баясахтун!
Ууран дотор учир бий
Уудалж гаргах нууц бий
Уйтгар гуниг гомдол бий
Устгаж мөхөөх хүч бий! Бясалгахтун!
Омог дотор осол бий
Огцом унах хясал бий
Ойворгон дөвчин авир бий
Ойд төөрөх аюул бий! Тэвчихтүн!
Хилэн дотор шаналан бий
Хийрхэж тарчлах өвчин бий
Хийсвэр, бодит айдас бий
Хийморь доройтох нүгэл бий! Хүлцэгтүн!
Үзэн ядалтанд өширхөл бий
Үнэнээс зугтсан гомдол бий 
Үл эвлэх дайсагнал бий
Үргэлж ялагдах гачлан бий! Уучлагтун!
Ташаа бодолд худал бий 
Тааж зүтгэх мунхрал бий 
Таарч нийцэхгүй хорлон бий 
Таниж ухахгүй хоосрол бий! Мэдрэгтүн!
Эргэлзээн дотор эмгэг бий
Эгшиг хөггүй зүрх бий
Эргэцэж үл итгэх сэжиг бий
Эрэмшиж бардамнах би үзэл бий! Итгэгтүн!
Өмчлөл дотор шорон бий
Өрөөсгөл буруу санаа бий
Өөрийгөө хамгаалах ов бий
Өрөөлийг хүлэх ховс бий! Чөлөөтөгтүн!

2019.2.16
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ