Т.Энхбаатар: Онцгой байдлын алба бол тайван цагт ч өдөр бүр тулалдаанд орж, өдөр бүр дайсантайгаа тулдаг
2019 оны 6 сарын 19
Т.Энхбаатар: Онцгой байдлын алба бол тайван цагт ч өдөр бүр тулалдаанд орж, өдөр бүр дайсантайгаа тулдаг
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатартай ярилцлаа. 

- Гал ус, салхи шуурга гээд гэнэтийн аюул, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өөдөөс хамгийн түрүүнд сөрдөг хүмүүс бол Онцгой байдлын салбарынхан. Төвөгтэй, хэцүү гэмээр энэ салбарт ажиллах болсны шалтгаан юу вэ? 
- Амьдрал санаснаар болдоггүй гэдгийг тод жишээ юм даа. Би зураач болох сонирхолтой хүүхэд байлаа. Хэнтий аймагт 8 дугаар ангидаа ДУДС-д шалгалт өгөөд тэнцсэн ч нэг бүтэн өнчин хүүхдэд хуваарийг өгүүлээд, 10 дугаар ангидаа дахин шалгалт өгөөд орчих гэж тэр хүүхдийн ах нь ирсэн хүмүүстэй яриад, надаас гуйсан. Тэгээд л сургуулиа өгсөн. 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд, гадаадын их сургуульд явах оноо хүрсэн ч би яваагүй. Мөн тэр жил үеийнхэнтэйгээ цэрэгт явах гэтэл нас хүрэхгүй гээд мөн л үлдсэн. Ингээд л аймагтаа гал сөнөөгчөөр үлдсэн юм.1984 онд ээлжийн ахлагч болоод, 1990 он хүртэл ажиллаж байгаад Москвагийн Галын инженерийн дээд сургуульд шалгалт өгтөл тэнцээд, явах гэтэл нийгэм өөрчлөгдөөд Орос руу сурах хуваариуд бүгд хаагдчихсан. Тэгээд л тухайн үеийн Цагдаагийн дээд сургуулийн Галын техникийн ангид элсэж, хоёр жил хагас суралцаж төгссөн. 

- Гал сөнөөгчөөр 8 жил ажилласан хүн сургуульд очоод Шилдэг оюутан нь байсан уу?
- Сайн гал сөнөөгч байсан. Тухайн үедээ аймгаас авдаг бүх шагналуудыг авчихсан байлаа. Сургуульд очиход ордог ерөнхий эрдмийн хичээлүүд жаахан ярвигтай санагдаж байсан. Мэргэжлийн  хичээлүүддээ байнга онц дүн авдаг байлаа. /Инээв/ 1993 онд төгсөөд Хэнтий аймгийнхаа Гал түймэртэй тэмцэх албанд Боловсон хүчнээр  томилогдсон. Жил гаруйн дараа Галын байцаагч, 1997 онд Гал түймэртэй тэмцэх албаны дарга болсон. Түүнээс хойш энэ салбарын удирдах албан тушаалыг хашиж байна.

- Өвөрхангай аймагт 10 жил ажиллахдаа 3 түймэр дээр ажилласан гэж сонссон.  Гэтэл одоо тал хээрийн түймрийн гаралт жил бүр дунджаар 50 удаа гардаг нутагт ажиллаж байна. Сүхбаатарт аймагт ирээд 7 хоноод Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт орж  ирсэн томоохон түймрийн дуудлага авсан гэсэн?
- Өвөрхангай аймаг хойд  талаараа хангайн бүс, урд талаараа говь, тал, хээрийн нутаг. Гурван хангайн нутаг гэж нэрлэдэг. Хангайн бүс нутгийн хүмүүс хяналт ихтэй учраас түймэр бараг гарахгүй.Говийн бүс нутаг нь түймэр гарах боломжгүй онцлогтой ургамлуудтай. Тэнд ажиллаж байхдаа 3 удаагийн түймэр унтраасан байдаг юм. Хамгийн том нь 5х10 километр орчим хэмжээтэй. 
Хэнтий аймагт байхдаа олон удаа ой хээрийн түймэр дээр ажиллаж байлаа.Нэг томоохон түймэрт тухайн үеийн Засаг дарга н.Эрдэнэбилэг Онцгой комиссоо хуралдуулаад 100 цэрэг, 10 цагдаа, 2 их эмч, бүх бүрэлдэхүүн 300 хүнтэй, хоол хүнс, бүх зүйлээр хангагдсан. Түймэрт 10 хоног ажиллаж унтрааж байсан туршлагатай. Хээрийн түймэр унтраах тактик мэддэг болсон байсан учраас томоохон түймэрт барьц алдах нь бага.
2014 онд Түмэнцогт суманд гарсан түймэр маш том түймэр. Унтрааж байгаа хүмүүс гал, шороогоо ялгахгүй нөхцөл байдал үүсэж, маш их хэмжээний газар нутаг хамарсан, аймгийн төвд 30-аад километр ойртож ирсэн.Түймрийг унтраахад аймгийн зүгээс маш сайн зохион байгуулж, хүн  хүч, хэрэгсэл гаргаж өгсөн.
Түүнээс хойш олон том түймэр дээр ажиллаж байна.
Сүхбаатар, Дорнод аймагт гардаг түймрийн тоо улсын хэмжээний  нийт түймрийн 3/2-ийг эзэлдэг. Ийм онцлогтой бүс нутагт амьдарч байгаа учраас зүүн аймгийн Онцгой байдлын газрын удирдагч нар, аврагчид түймрийг унтраахад гаршиж байгаа гэж хэлж болно. Олон удаагийн түймэр дээр ажилладаг учраас суралцаж, дадлагашаад, арга техникүүдээ ч сайн эзэмшиж байгаа. Сүхбаатар аймагт ойн түймэр байдаггүй учраас манай аврагчдад ойн түймрийндадлага л дутагддаг.
Саяхан Хэнтий аймгийн хойд хилээр ОХУ-аас маш том түймэр орж ирлээ. Энэ түймэрт манайхаас 12 хүнтэй бүлэг очиж ажиллаж байгаа.
Урьдчилан сэргийлэх ажил сайн хийвэл түймэр гарахгүй байж болно. Аймгийн Онцгой байдлын газраас энэ чиглэлийн ажлууд нэлээд хийж байна. Сумдад ажиллаад ирлээ. Айл өрх, иргэдэд мөн урьдчилан сэргийлэх ажлууд хийж байгаа. Хууль эрх зүйн мэдээллүүд багтаасан гарын авлагыг өрх бүрд тарааж байна.
Эрдэнэцагаан суманд ихэнх түймэр гардаг. Тиймээс тус суманд Гал унтраах анги байгуулаад гурван жил болж байна. Ингэснээр тэнд гарсан түймрийг газар авхуулахгүй, цаашлаад хил давуулахгүй унтраах боломж бий болсон. Мөн нутгийн иргэдийн түймэр унтраах хүсэл эрмэлзэл ч нэмэгдэж байгаа.
Сүхбаатарчууд нэг том онцлогтой. Түймэр гарлаа... гэхэд иргэд нь явах ёстой юм шиг яваад, ажиллах ёстой юм шиг ажилладаг нь үнэхээр сайхан санагдаж байлаа. Түймрээс учирч болох хор хохирлыг аль хэдийн  мэддэг юм байна гэж ойлгосон.Гол нь урьдчилан сэргийлэх тал дээр одоо хүртэл хариуцлагатай байж чадахгүй байна.
Аялал жуулчлалын бүс нутаг учраас хүн, техникийн  хөдөлгөөн ихсэж , дутуу унтраасан тамхи, бүрэн унтраагаагүй үнс нурам зэргээс үүдэж гал түймэр гарах нөхцөл бүрдүүлж байгаа учраас энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй.

-Түймэр унтраах арга туршлагын хувьд манайд хэрэглэгдэж байгаа арга хэр дүнтэй байдаг вэ?
- Байнга түймэр дээр ажилладаг учраас миний хувьд түймрээр бараг мэргэшиж байна. Дээр нь энд  ирээд дадлага, туршлагатай болж байна. Аврагчдын амь нас хамгийн чухал. Түймэр унтрааж байгаа аврагчид болон иргэдээ яаж хамгаалах вэ гэдэг дээр анхаарч байгаа Хэнтий аймагт байхад түймэрт манай газрын 3-4 залуу түлэгдээд, амь насаа алдаж байсан. Үнэхээр харамсалтай зүйлүүд тохиолддог. Хэдхэн секундийн дотор хүн ямар аймшигтай болдог гэдгийг биеэрээ мэдэрсэн.Хээрийн түймрийн хувьд ойн түймрийг бодвол аюул  ихтэй. Салхины хурд секундэд 20 метр байхад түймрийн шатахуйн хурд 20-30 м/с-ын хурдтай явдаг. Замдаа таарсан бүгдийг хуйхална. Ийм аюултай. 
Манайх Оросын ой хээрийн түймэр унтраах онолоор явж байна.Түймэр унтраах арга нь ойн түймэртээ илүү анхаараад, хээрийн түймрийг унтраана гэсэн арга зүйтэй болохоос хээрийн түймрийг ингэж унтраана гэсэн ном товхимол, заавар зөвлөгөө байдаггүй. Тал хээрийн бүс онцлогтой нутаг. Манай хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны Шилийн гол, Хөлөнбуйр аймгийн нутаг манайхтай адилхан тал хээр зонхилсон. Манайхтай 1000 гаруй километр хиллэдгийн 570 орчим түймэр гарах эрсдэлтэй бүс. Шилийн гол аймгийн Авга, Зүүн үзэмчин хошууны салхин дээд талд нь Сүхбаатар аймаг оршдог учраас түймэр нэвтрэх хамгийн өндөр магадлалтай. Тиймээс бид дээрх хоёр хошуутай түймэр унтраах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцаж, гэрээ хэлцэл хийсэн. Урд хөршийнхөн эдийн засаг сайтай учраас түймэрт ажиллах хүн  хүч, багаж, зэвсэглэмж хамаагүй илүү байна. Наад захын жишээ гэхэд, түймэрт манай талаас 12 хүнтэй нэг бүлэг гаргаж байхад тэдний талаас  нэг гарахад 100-200 хүнтэй бүлэг гаргадаг. Гал унтраах арга техник нь ч өөр 
Монголоос наад талын хошууд руу түймэр орж ирэхээс сэргийлж, Шилийн гол аймгийн Онцгой байдлын албаас Эрдэнэцагаан суман дахь Гал унтраах ангид багаж хэрэгсэл, машин техник өгье гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн  хугацаанд 95 үлээгч аппарат тусламжаар өгсөн.Бид тэдгээр хэрэгслүүдийг ашиглахаас гадна, хилийн цэргүүддээ өгдөг.Эрдэнэцагааны 8 застав, Онгон сумын хоёр заставд үлээгч аппарат өгсөн. Түймэр гарахад хамгийн түрүүнд цэргүүд дайчлагддаг. Бид цэргүүдэд багаж хэрхэн ашиглах болон урьдчилан сэргийлэх сургалтууд хийсэн.
Хөлөнбуйр аймаг Дорнодтой хиллэдэг учраас тус аймагтай энэ мэт хамтын ажиллагааны гэрээтэй.

- Хамгийн хэцүү бэрхшээлийг давж, хүний амь нас эд хөрөнгийг авран  хамгаалдаг учраас Онцгой байдлын албаны аврагчид хамгийн хэцүү мэргэжлийн тоонд ордог. Ажил мэргэжлийн онцлогийг яриач?
- Энэ алба бол хүчний байгууллагууд дотроос тайван цагт ч өдөр бүр тулалдаанд орж, өдөр бүр дайсантайгаа тулдаг хүнд алба. Дэлхийн хамгийн хүнд гурван мэргэжлийн  нэгд багтдаг. Галын албаны инженер 5 инженерийн мэдлэгтэй байдаг гэж бидэнд заасан. Аврагчид ч мөн адил олон төрлийн мэргэжил эзэмшсэн байх ёстой.Манай албанд бие бялдрын өв тэгш хөгжилтэй, суурь өвчингүй, эрүүл саруул, дээрээс нь энэ албанд ажиллая гэсэн чин сэтгэлтэй залуус ордог.Аврагчдаа бид дөрвөн сарын хугацаанд Улаанбаатар хотод ДХИС-д бэлтгэдэг. Курс төгсөөд ирсэн залуус онолын талын мэдлэгтэй л болж ирдэг.  Түймрийн цурам манаж хоноод, даарч, өлсөж, цангаад, ядарч зүдэрсний дараа өөр болно. Хэний төлөө, юуны төлөө явж байгаагаа ойлгочихдог. Хэрсүү болно гэсэн үг. Хэсэгхэн галыг алдахгүй байж чадвал дараагийн учрах хор уршгаас сэргийлж болдог гэдгийг ойлгож, мэдэрдэг учраас эх оронч үзэлтэй, хүмүүжил төлөвшлийн тал дээр ч эерэг нөлөөтэй.. Итгэлтэй, хариуцлагатай, төлөвшсөн байдаг учраас манай албанд ажиллаж байсан хүмүүсийг бусад газрууд авах дуртай байдаг.
Манай залуус сайн аврагчид төдийгүй, сайн эр хүн, сайн аав, ээжүүд болдог гэж боддог. Бүсгүйчүүд маань хэр баргийн зүйлд гоншигноод гүйгээд байхгүй шүү. 

- Онцгой байдалд ажиллах хүрэлцэхүйц хэмжээний техник хэрэгслээр хэр хангагдсан бэ?
- Машин техник, багаж хэрэгслээр биднийг ОБЕГ-аас тодорхой хэмжээгээр хангаж байгаа.Урд хөршийн ашигладаг түймэрт ажиллах боломжтой жижиг оврын машин техник хэрэгтэй байдаг ч хангагдах боломж бага. Тийм машинаа хятад улс гаргадаггүй.Бид байгаа хэрэгслээ ашиглаж сурах, өөрсдийн амь насаа авран  хамгаалах тал дээр мэргэжлийн байх ёстой. Саяхан аврагч нараа галын нөмрөгтэй болгосон. Нэг бүрийн үнэ 800 мянган төгрөг. Харьцангуй өндөр өртөгтэй мэт боловч хүний амь нас түүнээс илүү үнэ цэнтэй. Галын нөмрөгийг хамгийн  хурдан  хугацаанд нөмрөх дадлага сургуулилтыг хийж байгаа.

- Амь дүйсэн мөчид хүний чанар танигддаг гэдэг. Аварч, хамгаалж явахад хүмүүсийн жинхэнэ төрхийг мэдэж болдог гэдэг?
- Хэнтий хойд талын сумдын ой хөвч нь шатчихвал жимс ургамал, мод чулуу нь байхгүй болно. Үүнийг ухамсарласан иргэд нь маш их сэтгэл гаргаж тусалдаг. Ойн түймэр хурдан хугацаанд газар авдаггүй болохоор олон хоног ажиллах шаардлага гарна.  Тийм үед эмэгтэйчүүд нь талхаа бариад ирнэ, зарим үед хоол цай хийгээд хэд хоногоор ч ажиллана. Зарим нөхөд эвгүй авир гаргадаг тал бий.
Сүхбаатар аймгийн хувьд бас тийм тохиолдлууд бий. Өөрийгөө хамгаалуулчхаад огт танихгүй хүн  шиг байгаад байдаг. Гэтэл аварсан хүмүүс нь 2-3 хоног хоолгүй явж байхад огт тоохгүй тохиолдол байна. Зарим хүний хувьд тэнд байгаа бүх хүнийг боломжийн хэрээр хооллож ундлаад тусалж, дэмждэг.Манай аврагчдад аранзандаа гурав хоногийн хүнс авч явна.Эхний гурав хоногт хүний гар харахгүй хооллочихно.
Түймэр гарсан үед сум орон нутаг хүнсээр хангах үүрэгтэй. Хангалт хийсний дараа Онцгой комиссоос зардлаа гаргуулж авахыг хуульчилсан байдаг.
Тухайн хүний хандлагаас их зүйл шалтгаална. Дэмжиж тусалъя гэсэн чин  сэтгэлтэй нэгэн байхад зарим нь зөвхөн өөрийнхийгөө л хамгаалуулах гээд улайрч дайраад байдаг хүмүүс байдаг.  Зовсон зүдэрсэн, ядарсан, бачимдсан үед хүний мөн чанар шууд танигддаг.

- Аврагч нар энэ тал дээр нэлээд бэлтгэгдсэн “тусгай” сэтгэл зүйтэй хүмүүс байдаг байх тийм үү?
- Аврагч нарт гал түймэр унтраах сэтгэл зүй, онолын хичээлүүд орсон байна. Олон нийт яахаа мэдэхгүй сандралдаж байхад, иргэдийг аврах аюулгүй газарт аваачих дадал чадвар суусан байдаг. Аврах гарц, зам зай дэргэд байгааг иргэд харахгүй айж сандралдаж байхад аврагчид тэрийг аль хэдийн олоод харчихсан, аварч байдгаараа л онцлогтой.
Миний хувьд олон удаагийн гал түймэр дээр ажиллаж байсан дадал ч юм уу, тэр бүр сандардаггүй. Ямар ч онцгой нөхцөлд Онцгой байдлын газрын дарга сандарч болохгүй. Хэрвээ Онцгой байдлын газрын дарга сандарвал бүгд сандарна. Гарц байхгүй болно. Аймгийн Засаг дарга сандарч болно. Онцгой байдлын газрын дарга сандарч болохгүй. Яагаад гэвэл аймгийн даргадаа ийм үед ямар шийдвэр гаргах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг. Онцгой байдлын алба хаагчид ч мөн адил. Ямар ч үед тайван байж, маш олон гарцыг олж хардгаараа мэргэшсэн, дадлагашсан байх ёстой.Үүгээрээ л жирийн иргэдээс онцлогтой.

- Онцгой албанд зүтгэж байгаа хүн завгүй байдаг байх. Гэхдээ багын мөрөөдөл тань хэвээр байгаа болов уу. Зураг зурах цаг гарч байна уу? 
- Аав маань зураач хүн. Монгол зураг зурах сонирхолтой. Өвөрхангайд байхдаа олон зураг зурсан. Тэнд цаг зав харьцангуй их гардаг байлаа. Энд ирээд зурах зав бага. Дурнаас цаашгүй л байна. Сүхбаатар аймагт ажлын ачаалал ихтэй.
Хоёр жилийн өмнө манай нэг аврагч ОБЕГ-ын Хөдөлмөрийн Аварга болсон. Тэр хүн жилийн нийт хоногийн 190-ийг түймэр дээр өнгөрөөсөн байдаг.
Ачаалал багатай аймгууд бий.Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймаг байна. Энэ аймгуудын аврагчид өдөр нь ажлаа хийгээд гэртээ хоноод явж байгаа. Харин зүүн аймгуудын аврагчид ой хээрийн түймэр дээр байнга ажилладаг. 
Тиймээс зүүн гурван аймгийн аврагч нарын цалингийн шатлалыг бусад бүсийнхээс нэмэгдэлтэй байлгахаар дээд газрын дарга хөөцөлдөж байгаа.

-Маргааш таныгэмчилгээнд явна гэж сонслоо. Удахгүй буцаж ирээд ажлаа үргэлжлүүлэх байх. Эзгүй байх үедээ ч албаа хаана биз?
- БНХАУ-ын Бээжин хот руу эмчилгээнд явахаар болсон. ОБЕГ-ын дарга миний биеийн байдлыг харгалзан үзээд цалинтай чөлөө өгсөн.Удахгүй эмчилгээ дуусаад ирнэ. Намайг манай газрын дэд дарга Д.Бат-Эрдэнэ орлож үлдэнэ. Олон жил ажилласан туршлагатай болохоор санаа зовохгүй байна. Албан тушаал амарч болно. Албан тушаалтан амарч болохгүй гэж үг байдаг. Хаана ч явсан албан ажилтайгаа байнга холбоотой байдаг маань миний зуршил. Бээжингээс ч холбоотой байна. Гурван аймагт удирдах ажлыг хийж байна.Хүн удирдахын хамгийн том ухаан бол хайрлах гэж ойлгодог. Хайрлуулсан  хүнээс буцаад тийм л хариу ирдэг.Дарга гэхээр загнасан, тушаасан байж болохгүй.  Загнах, зэмлэх, арга хэмжээ авах зүйл байлгүй л яахав. Аль болохоор алба хаагчдаа ойлгож харьцахыг хичээдэг болохоор эзгүйд үүргээ сайн гүйцэтгээд байж байна гэж бодож байна.
Намайг иртэл Сүхбаатар аймаг маань тайван амгалан хүлээж байна байх гэж итгэж байгаа.

Онцгой байдлын албаныхан зөвхөн хээрийн түймэр дээр ажилладаг гэвэл өрөөсгөл. Гал усны гамшиг, халдварт өвчин, байгалийн бүхий давагдашгүй хүчин зүйлийн өмнөөс сөрдөг хүнд хэр нь бахархам үүрэгтнүүд. 
Сүхбаатар аймгийн Онцгой комиссынхон цаг үеийн нөхцөл байдлын үед маш сайн ойлголцож хамтарч ажилладаг гэдгийг Т.Энхбаатар хурандаа ярианыхаа төгсгөлд онцолсон юм.

Д.Улаанаа
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ