Чайковскийн уралдааны шилдэг концертмейстер
2019 оны 6 сарын 26
Чайковскийн уралдааны шилдэг концертмейстер
Төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторийн багш Б.Бат-Эрдэнэ суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны гоцлол дууны төрлийн шилдэг концертмейстер боллоо. Тэрбээр уг уралдааны оролцогч гоцлол дуучин Э.Анхбаяртай хамсран хөгжимдөж байгаа билээ.

Дуучин, төгөлдөр хуурч хоёрын хамтын хөдөлмөрийн үр дүнг хаа хол суугаа бид ч хүртэж л байна. Дуучин дуулж, хөгжимчин хөгжимдсөн, Чайковскийн “Ночь” романсаас авхуулаад монгол ардын дуу “Самрын гурван толгой”, Х.Билэгжаргалын “Ламбугуайн нулимс” дуурийн алдарт ари зэрэг гайхамшигт бүтээлүүдийг сонслоо. 
Гоцлол дуучин Э.Анхбаяр өдгөө шийдвэрлэх III шатанд, симфони найрал хөгжимтэй дуулахаар бэлтгэж байгаа энэ үед хоёр ч өндөр давааг хамтдаа давсан уран бүтээлийн анд, хамтран зүтгэгчид нь П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны гоцлол дууны төрлийн шилдэг концертмейстер болсонд нь халуун баяр хүргэе. 
Монгол Улсын Консерваторийн багш, хөгжим судлаач, хөгжим судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын хөгжмийн индэр” төрийн бус байгууллагын тэргүүн С.Энхбулаг “Бат-Эрдэнэ багш Монголын хөгжимчдийн хувьд, ялангуяа төгөлдөр хуурчдын тухайд түүхэн амжилт гаргалаа. Г.Эрдэнэчимэг, Т.Цолмон, П.Доржпагма багш нар олон жил гоцолж тоглосон. Тэмдэглэх хэрэгтэй. Одоо үед төгөлдөр хуурч С.Саянцэцэг багш идэвхтэй тоглож байгаа. Өнөөдөр Б.Бат-Эрдэнийн нэрийг бахархалтайгаар дурдмаар байна. Дэлхийн тайзнаас монгол төгөлдөр хуурч шилдэг хөгжимчний шагнал хүртлээ шүү дээ. Баярлаж байна. Баяр хүргэе” гэсэн юм. 
СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Бат-Эрдэнэдээ том баяр хүргэе. Монголын болон гадаадын ямар ч зохиолыг гайхалтай тоглодог. Ноднин миний төгөлдөр хуурын концертыг маш сайхан хөгжимдсөн дөө” гэжээ.
Монгол Улсын хөгжмийн ууган сургууль Хөгжим бүжгийн коллежийн төгсөгч, Итали улсад Консерватори төгсөж ирээд төрөлх сургуульдаа ажиллаж буй, төгөлдөр хуурчдын олон улсын уралдаануудын шагналт Б.Бат-Эрдэнэд нийт сонгодог хөгжим сонирхогчдын өмнөөс, Virtuoso Gala Concert-ын үзэгчдийн өмнөөс дахин баяр хүргэж, уран бүтээлийн арвин их амжилт хүсэн ерөөе.

Virtuoso academi
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ