Танил юм бүхнийг чинь эргэж цуглуулна аа, ААВ МИНЬ
2019 оны 6 сарын 27
Танил юм бүхнийг чинь эргэж цуглуулна аа, ААВ МИНЬ
Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хүү Э.Цагаан-Уулын аавдаа зориулсан шүлгийг хүргэж байна.

Таныг үгүйд орчлон өөр болж эргэсэн
Танил юм бүхэн танигдахаа больж эхэлсэн,

"Талын бүргэд"-ийн жигүүр цуцаад
Тал нутгийхаа дээгүүр дахин нисэхээ больж
Толгодын дээр амсхийн сууж алсыг ажаад
Таныг үгүйлэн гансраа мэт харагдсан

Үймсэн их талд чинь үелзсэн их зэрэглээ татаж 
Өөдөөс минь хараад уйлж буй мэт санагдсан
Уужуу их сэтгэлийн чинь голоос эх авсан
Урт холын гол горхиуд чинь хүртэл ширгээд эхэлсэн

Таныг үгүйд орчлон өөр болж эргэсэн
Танил юм бүхэн танигдахаа больж эхэлсэн ААВ МИНЬ

Нутаг руу тань би сая оччихоод ирсэн
Надаас юмс бүхэн таныг нэхээд байх шиг санагдсан
Өмнийн тал, говь нутгийн чинь сүрлэг уулс хүртэл
Өнчин ишиг шиг харцаа нууж мэлмэрсэн

Өнгийн солонго өдөр бүр татахаа байж 
"Өөрийнхөө сэтгэл шиг тал дээр" эх чинь сэтгэлээ урж эхэлсэн
Хайдаг ингэний хөх чинэрч буйлах дуу нь тэнгэрт хадаад
Хачин ихээр эхийн сэтгэл үймэрч суугаа харагдсан

Таныг үгүйд орчлон өөр болж эргэсэн
Танил юм бүхэн танигдахаа больж эхэлсэн ААВ МИНЬ...

Суль өвс гортиг татаж нар буруу эргээд
Санан битгэрсэндээ орчлонг буруу эргүүлж харагдсан
Санаж сэрэхийн гэгээн зүүднээс бусдыг хайж 
Салхины чигийг өөрчилж бусдыг нөмөрлөж эхэлсэн

Уужуу сэтгэлийн чинь голноос ундаалсан адуун сүрэг чинь
Усандаа ирэхээн больж хүний нутгаадаа гүйсэн
Үлгэрийн юм шиг зүүдний амьдралаас минь харин
Үнэнчээр дэргэд минь байх нэгэн хүртэл урвасан

Таныг үгүйд юм бүхэн өөрчлөгдөж
Танил юм бүхэн дэргэдээс минь урваж эхэлсэн

Орчлон дотор багтах орчлонг эргэцүүлэн түүчээлж
Одоо хүү чинь бүхнийг таньж эхэлсэн 
Таны цуглуулсан хорвоогийн гэгээн замыг олоод
Танил юм бүхнийг чинь эргэж цуглуулна аа, ААВ МИНЬ... 

/Э.Ц/ 06.24.2019



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ